Ерөнхий сайд Бурхан Халдун ууланд төөрч нэг хоносонд дээр дооргүй шуугиж шаагиж байна. Улс орныхоо төлөө амралтгүй, нойр хоолгүй зүтгэж яваа Н.Алтанхуяг дарга маань тиймхэн эндэгдэл гаргалгүй дээ.  Түүнийг шүүмжилж буй  хүмүүс өөрсдийгөө оронд нь тавиад бодоод үз. Та нарыг л тэр ууланд очиж даатгах гэж  яваад төөрчиж.  Оюун ухаант хүн л юм чинь түр зуурын саатал гарч болно шүү дээ. Атомын цахилгаан станц, олон улсын нислэг, галт тэрэг, УИХ-ын чуулган  хүртэл цагаасаа  хоцорч саатдаг л биз дээ.  Тэр бүү хэл зуны дэлгэр цагт нялх тугалтай үнээ хүртэл саамны цагаасаа хоцорч ирэх нь энүүхэнд. Төрөх дөхсөн тулгар эх  хугацаанаасаа хэтэрч илүү тээлттэй төрөх нь ч элбэг. Ийм атал Ерөнхий сайдыг ууланд төөрснийг сүр бадруулан ярьж бичих нь илүүц. Харин ч тэр уул миний, чиний Ерөнхий сайдыг ивээлдээ авч, өвөртөө  хонуулж  Есүхэйн Тэмүүжин лугаа асарч тойглосон байгаа нь сайн хэрэг биш үү.

 Энэ бол Монголын заяа. Энэ бол Их хаан Н.Алтанхуяг сайдыг минь өөрийнхөө дараагийн залгамжлагчаар томилсон тэнгэрийн зарлиг. Энэ бол инфляци буурахын шинж. Энэ бол төмөр замаа барихын дохио. Энэ бол Чингис бонд огт хүүгүй болохын цондон.  Энэ бол эдийн засаг хурдтай өсөхийн тэмдэг. Энэ бол хоёр Солонгос дайтахгүйн илрэл. Энэ бол Ойрхи Дорнодод энх тайван цаг айсуйн шинж.  Энэ бол... юмыг ингэж сайн сайхнаар хүлээж авч сурах хэрэгтэй байна аа. Би сая Вьетнам яваад ирсэн. Тэндээс сурах юм манайханд их байна. Жишээ нь Хо Ши Минээ Катвэ гэдэг жижиг сууринд 30 жилийн өмнө ирээд явсныг нь өнөөг хүртэл жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна. Бид яагаад Н.Алтанхуягийг Бурхан Халдун ууланд  төөрсөн өдрийг баярын өдөр болгон тэмдэглэж болохгүй гэж. Хайрт Ерөнхий сайдынхаа төөрсөн өдрийг түүхэнд мөнхлөх юу нь муухай гэж. .. Хүний аливаа эрх чөлөөг хумих хэцүү байдаг юм. Энэ утгаар нь Ерөнхий сайдыг би сайн ойлгож байна. Миний Ерөнхий сайд бол төөрөх эрхтэй  хүн шүү. Хүний эрх чөлөөг бүү булаа. Төөрөх, төрөх, будилах, буцах, самуурах  эрхийг нь өг. Хүйтэн ууланд хөр цасан дунд хоноод ирсэн Ерөнхий сайд маань биднийг санаа их зовсон байх гэж бодоод твитерт хэдэн үг бичлээ. Сайхан байна. Сайхан ч үг бичлээ.  Үнэн ч үг бичлээ. Шалгалт өгөөд ирж. Биднийгээ даатгаад ирж. Ганц хоёр хүний л хацар хайрагдаж. Төрийн төлөө түмэн хүний хацрыг хайрсан ч хамаа юу... Харин би энд нэг зүйлийг ойлгохгүй байна.  Хамт явсан 60 гаруй хүн төөрсөн гэвэл худлаа шүү. Ерөнхий сайд бол яг төөрсөн. Өнөө хэд нь төөрсөн болж жүжиглэсэн,  мөн үү.  Хаан инээвэл шадрууд нь дагаж инээдэг, хаан уйлбал хамт уйлдаг шиг. Тэгээд ч хаанд “Хаан шалдан байна” гэж хэлж болохгүй нь ойлгомжтой юу. Ерөнхий сайд төөрч будилангуут дагаж  явсан хэд нь төөрөөгүй гэдгээ мэдэгдэж өөрөөс нь ухаанаар илүү харагдахыг хүсээгүй. Бас л төөрчихлөө гээд нүдээ дараад ,чихээ бөглөөд дороо эргэлдээд байсан байх. Яах аргагүй 60 долдой юу тэд. Хэрэв тэд долдой биш юм бол бүгд мансууруулах бодис хэрэглэсэн байж таарна. Эс бөгөөс шал согтуу тасраад уначихсан. Нэг босоод ирсэн чинь өглөө  болчихсон байж мэднэ. Манай муу Ерөнхий сайд шөнөжин тэднийг тойглож хоноо.  Хамт явсан  60 гаруй  өөр өөр тархи нэгэн зэрэг төөрч будилна гэж байхгүй л гэж бодогдоод байх юм даа. Бүүр муугаар бодвол 60 гаруй ёо ёотой хүнийг МАН-ынхан бэлдэж байгаад Ерөнхий сайдыг дагуулаад тавьчихсан хэрэг. Өнөөдүүл нь ууланд гараад эргэж мунгинаад самуураад манай Ерөнхий сайдыг зовоосон байх. Иймэрхүү анзааны юм болсон,мэдэж цөхөөд байх явдалгүй дээ. Харин төөрч будилсан багаас цорын ганц буруугүй  хүн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Алх барьсан хүнд бусад нь хадаас шиг харагддагийн адилаар хаа нэг төөрч самуурах нь хэвийн үзэгдэл. Тэгээд ч шударга ёс ялах ёстой. Шударга ажиллаж буй Ерөнхий сайдыг маань магтах магтаалын үг ховордож байгааг та бүхэнд хатуухан сануулчихъя. Хэн ч Н.Алтанхуяг даргыг маань яаж муулж байгааг төр түмэн нүдээрээ харж суугаа шүү. Тийм ээ, миний Ерөнхий сайд аа...