Архинд хордох, шартах гэдэг айхтар өвчин зовлонгоос хүн ардаа гэтэлгээд өгөх юм бол ёстой нэг буян болохоор байна даа. Гурван эр хүний нэг нь архинаас хамааралтай болж шартахын зовлонд тарчилж явна.  Үхтлээ шартана, шараа тайлж 100 граммаас эхлэн татчихаад л  дахиад ууна. Шараа  архиар тайлахгүй бол бас үхлээ л гэсэн үг.  Манай нэг архаг архичин нэрт зохиолч “Би амьдралдаа архийг ганцхан удаа л уусан, бусдад нь шараа тайлсан” гэж билээ. Шартах бол нээрээ шархдах мэт их зовлон. Тэгэхээр  архи уугчийн хань, үр хүүхэд нь  ажлын газрын дарга, хамт олон нь хэн нь ч гэсэн  шартсан хүнийг эх орныхоо төлөө тулалдаад шархадсан цэрэг лугаа хайрлах л хэрэгтэй л дээ гэсэн асуудал хөндөж байна. Архичин шартлаа гэхэд даанч нэр хүндгүй. Авгай нь загнана, эрүүлчүүд бүгд ад үзнэ.  Ингээд л хүнийг бүүр цааш нь түлхчихэж байгаа юм. Архи ууна гэдэг бол нэг утгаараа дотоодын үйлдвэрээ дэмжих, цэрэгт явж их тулалдаанд орлоо л гэсэн үг. Архи ууна гэдэг бол эрхэм гишүүдийнхээ хувийн үйлдвэрийн төлөө амь насаараа дэнчин тавин гэр орон руугаа террорист халдлага явууллаа л гэсэн үг. Монголд архины үйлдвэрлэлээс улсын төсөвт орох орлого уул уурхайн дараа орж байна. Насанд хүрсэн хүний нэг элэг 45 литр этилийн спиртыг жилд шүүж чадан  дэлхийн рекорд тогтоож байна. Ийм баатарлаг гавьяа байгуулан шартаж, шархдаж ядаж яваа амьтдыг битгий ад үз дээ. Харин архинд дурласан нэгийгээ магтан  шартсанаа шархдагсдын дайтай  хайрлахын тухай сэтгэгч яруу найрагчдын мөрүүдийг би санаж байна.

Архинд шартсан нэгнийгээ хайрла хүмүүс ээ.
Аяа тэр аав чинь ч байж мэднэ.
Ээж чинь , хүү чинь, охин чинь ч
Эхнэр чинь ч байж мэднэ.
Архинд шартсан нэгийгээ хайрла хүмүүс ээ.
Арав, таван төгрөгөө битгий харамла гэсэн суут найрагчийн бүтээлийг та нар нар бүү мартаарай.

Бас
Мухомед биднийг залилах гэж хуулиар архийг хорилоо.

Архинаас яруу найрагч, залуу нас, хайр дурлал буцаагүй. Цаазлуулахаар явахдаа балгаад гардаг гэж гадаадын нэг яруу найрагч гэрээслэжээ.

Архи уудаг бүхэн агуу их эх орончид байдаг юм.

Улаан арми Сталин, спирт гурав эх орны аугаа их дайнд ялалт байгуулсан. Одоо Улаанбаатар минь ер нь улс даяараа найган ганхана биш үү. Шартагсад шиг эх орончид хаа байна. “Хэрвээ чи шартахгүй юм бол, хэрвээ би шартахгүй юм бол энэ Монголын чинь төсвийг хэн бүрдүүлэх юм бэ. Хэрвээ чи бид нар шартахгүй юм бол энэ улсыг чинь хэн хөгжүүлэх юм бэ” гэж нэгэн зоригт сэтгүүлч дуу алджээ. Тэгээд л шартагсдын тухай дуу, шүлэг, цэц мэргэн үгс олноор төрөх нь тэр. Нэрт жүжигчид, зохиолчид архины рекламанд тоглож байна. Архийг авдар авдраар нь сөгнөхийг мөрөөдүүлэн уянгалуулан дуулна, уриална. Дуу хууранд дуртай зохиолч,  жүжигчдэдээ хайртай монголчууд тэд нартайгаа хамт  хаана л бол хаана ганхана даа, гунхана даа хөө. Хорио цээр гэж алга. Тамхи татаж болох газар гэж байхгүй бол архи ууж болохгүй газар гэж байхгүй. Түүхээс үзвэл, Орос Монголыг колони улсаа болгохдоо нэг зэвсэг хэрэглэсэн юм. Сталин тэр зэвсгийг 1935 оноос өөрсдийнхөө ард түмэн дээр туршсан. Амжилттай болсон. Дараа нь монголчууд дээр туршсан. Товч түүх нь гэвэл 1945 онд анхны төмөр зам нээхэд галт тэрэгний урд их удирдагч Сталины зургийг наасан хоёр ёомкс этилийн спирт орж ирсэн юм билээ.  Дараа нь Зүүнхараагийн спиртийн үйлдвэр ЗХУ-ын өгөөмөр тусламжаар байгуулсан. Одоо спиртийн 30-аад үйлдвэр өдөр, шөнөгүй ажиллаж ард түмнийхээ хэрэглээг дөнгөн данган хангаж байна. Спиртийг хүйтэн  устай холин архи гэдэг химийн зэвсэг гаргана.  Архиа ерөөл магтаал, дуу шүлгээрээ чимж байгаад том, багагүй явуулж хаяна.  Халуун аргаар үйлдвэрлэсэн архи шартаадаггүй хүний биед шингэж байдаг. Үүнд монгол архи, японы Сакэ, солонгосын Сөжү, Хятадын хар архинууд ордог гэнэ. Харин цагаан архи гэдэг хүйтэн аргаар үйлдвэрлэсэн этилийн спирт гэдэг хор.  Шууд л хүний тархинд сум шиг тусч  элгийг нь гэмтээж шархлуулдаг нь шинжлэх ухаанаар тогтоогджээ. Тийм учраас л шартагсдыг шархадсантай адилд тооцон бүгдээрээ шархдагсдадаа сэтгэл тавин эмчлэх хэрэгтэй байна даа.  Манай эрхэм гишүүд эхлээд архины хуулиа чангалаад өгөх хэрэгтэй байсан юм. Чадахгүй л дээ. Архины үйлдвэрийн эзэд парламентад луухайж, шартагсдаас, шахдагсдаас орсон орлого гол мөрөн шиг урсч байхад түүнийг хэн хааж зогсоож чадах вэ. Тэгээд л архины хууль гаргаж чадахгүй болохоороо муу тамхийг элэг барьж нэг их чанга хууль хийсэн нь энэ. Болж байна. Ресторануудад тамхи татахгүй болж. Албан газрын өрөө тасалгааны үнэр цэвэрхэн сайхан болж байна. Одоо архийг чангалаад өгөх хэрэгтэй юм. Тамхи татаад шартдаггүй, тамхи татаад зодоон нүдээн хийж гэмт хэрэг тарьдаггүй. Тэгвэл архи уухад адгийн наад зах нь л шартана. Цаашлаад хордоно. Үнэхээр манай баатарлаг архичид шартан, хордон байж их гавьяа байгуулж явна. Тэглээ ч энэ их архийг ялж чадахгүй ялагдал хүлээн цагаан тугаа өргөхөд хүрэв. Уг нь 40, 50,60 кг-аас дээш жинтэй хүн гэдэг махбодь нэг муу 250 грамм спиртийг л дийлэхгүй ядаж л шартаад байх юм. Тэгээд шараа тайлна, хороо тайлна.  Улс даяараа л нэг их шартсан улс. Ийм болчихоод байхад хэн нь ч ямар ч арга хэмжээ авахгүй юм. Харин  “Шартсан эрсийгээ шархадсан цэргүүд шигээ хайрла” хүмүүс ээ гэж Пээдгэр Мардай алдарт үгээ бичжээ.