Д.Сугар японд байрны түлхүүрээ авч байгаа нь

Үндсэн Хуулийн Цэцийн гишүүд Цэцийн гишүүн Д.Сугарыг МИАТ-ийн хэрэгт холбоогүй хэмээн үзэж, түүнийг Цэцийн гишүүнээс түдгэлзүүлэхээс татгалзсан. Д.Сугар өөрөө ч буруугүй гэдэгтэй нэн итгэлтэй байгаа бололтой. Харин уг хэрэгт хяналт тавьж байгаа прокурор эсрэг байр суурьтай байна. Тиймээс түүнийг Цэцийн гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлтээ энэ долоо хоногт дахин тавьсан байна. Гэхдээ энэ удаад Үндсэн хуулийн Цэц болоод хяналтын прокурор ямар байр суурьтай байх нь хамаагүй. Харин Д.Сугар гэдэг хүн энэ хэрэгт холбоотой эсэхийг баримтаар тодруулах гээд үзье. Ингэхийн тулд мэдээж үйл явдлыг эхнээс нь хөөх хэрэгтэй.

2002 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын Манхеттан дүүрэгт худалдааны төвийн хоёр өндөр террористуудын халдлагад өртөж, олон мянган хүн амиа алдсан. Тэр үеэс том компаниудын дунд “Дайны эрсдэл” гэх ойлголт яригдаж эхэлсэн байдаг. Гэхдээ энэ төрлийн даатгал одоо ч манайд байдаггүй. Өөрөөр хэлбэл, хуульчилсан зүйл байхгүй.

Харин МИАТ-ийн захирал Б.Эрдэнэбилэг 2006 оноос “Дайны эрсдлийн даатгал” хэмээх зүйлийг МИАТ-т бий болгосон байна. Яг энэ үед Ташимо Сато гэх япон эр Хонконгод Best Wealth Aviation Insurance Group хэмээх компанийг байгуулж, МИАТ компанийн Эрсдлийн сангийн мөнгийг энэ компанийн данс гүйлгэж эхэлсэн байна. Эрсдлийн санг зорчигч нэг бүрийн худалдаж авсан тийзнээс тус бүр таван ам.доллар татах замаар бүрдүүлдэг бөгөөд энэ мөнгө уг нь МИАТ-ийн өөрийнх нь дансанд байж байх ёстой. Харин даатгалын хувьд бол МИАТ компанийг угаасаа Бодь, МИГ даатгалуудад давхар даатгуулчихсан, даатгалд жил бүр тэрбумаар нь мөнгө төлдөг юм байна. Тиймээс “Дайны эрсдлийн даатгал”-ын гэх мөнгө МИАТ-ын удирдлагуудын халаас руу орох болсон байна.

2007 оноос хойш нийт 15 удаагийн гүйлгээгээр зургаан сая 928 мянган ам.доллар Best Wealth Aviation Insuranse Group-ын дансанд оржээ. Түүнээс Монгол руу эргэж орж ирсэн 4,7 сая ам.долларын эзэн холбогдогчийг цагдаагийнхан одоогоор тогтоогоод байгаа юм байна. Үүнээс 3.654.067 ам.доллар нь МИАТ компанийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Хоролсүрэнгийн хамаатан Очиржанцангийн Тамирын хувийн данс болон ерөнхий нягтлан Н.Гантөмөр, Ч.Хоролсүрэн нарын байгуулсан “Транс Трейд” ББСБ-ын данс руу орсон байна. Нийт зургаан удаагийн гүйлгээгээр.

Хачирхалтай нь, өнөөдөр өөрийгөө “өндөг шиг өөгүй” хэмээн тодорхойлоод байгаа Төрийн өмчийн хорооны дарга асан, одоогийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар Хонконгийн HSBC банкнаас доод тал нь хоёр удаагийн гүйлгээ хийж, О.Тамирын банкин дахь хувийн данс руу дээрх мөнгөнөөс шилжүүлсэн байдаг юм. 2007 оны долдугаар сарын 16-нд 199.941 ам.доллар, мөн оны наймдугаар сарын 10-нд 116.956 ам.доллар. Хэрвээ уг хэрэгт холбогдогчдын нэг нь гэнэдэж, Хонконгийн банкнаас бэлнээр 50 мянган ам.доллар гаргуулж аваагүй бол энэ хэрэг илрэхгүй ч байсан юм билүү, хэн мэдлээ. Түүгээр ч барахгүй ТӨХ-ны дарга Д.Сугар тэр үед МИАТ компанийн Токио дахь төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч /Ч.Хоролсүрэн/-ийн зөвлөхийн ажлыг давхар хашиж, МИАТ компаниас сард 3000 ам.долларын цалин авч байсан байна. Энэ тухай Д.Эрдэнэбилэг захирлын 2008 оны зургадугаар сарын 3-ны өдрийн тушаал болон Ерөнхий төлөөлөгч Ч.Хоролсүрэнгийн мөн оны зургадугаар сарын 20-нд Японы цагаачлалын албанаас ажлын виз хүссэн албан бичгээс харж болно. Японы Цагаачлалын албанд явуулсан уг бичигт Д.Сугарыг “МИАТ компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг” хэмээн бичсэн байгаа. Хуулиараа ТӨХ-ны дарга нь төрийн өмчит компанийнхаа ТУЗ-д ордог.

Ийм байхад ноён Д.Сугар өнөөдөр “Дайны эрсдлийн даатгалын мөнгө хаашаа орж байсныг би мэдээгүй, төлөх ёстой даатгал л юм байх гэж бодсон” хэмээн мэлзэх нь утгагүй бөгөөд үр ашиггүй зүйл болж байна. Одоо Д.Сугарын Ч.Хоролсүрэн нартай холбогдсон хоёр дахь баримтыг авч үзье.

Ч.Хоролсүрэн 2008 оны тавдугаар сарын 22-нд Токиогийн Adachi дүүргийн Shinden буюу баячуудын хороололд байр худалдаж авсан байна. Д.Сугарыг МИАТ-ийн Төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгчийн зөвлөхөөр томилогдохоос өмнө, харин “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгө Хонконг руу гарч, бас нөхдүүдийн халаасанд эргэж орж ирсний дараа. Байрны үнэд зориулж Ч.Хоролсүрэн хувийнхаа данснаас 48 сая иенийг уг барилгыг барьсан Towa Real Estate Development компанийн дансанд шилжүүлсэн байна. Монгол төгрөгөөр бол 500 гаруй сая төгрөг. Гэхдээ байрны үнийн хувьд одоогоос таван жилийн өмнө буюу 2008 оны ханш гэдгийг санах хэрэгтэй. Үүний дараа Д.Сугар эхнэрийн хамт очиж, барилгын компаниас шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авчээ.

“Дайны эрсдлийн даатгал” нэрээр Хонконг руу гарсан 6.928.000 ам.доллараас одоогоор 4,7 сая ам.доллар Монголд эргэж орж ирээд байгаа тухай өмнө хэлсэн. Тэр бүх мөнгө одоо гэмт хэрэгт холбогдогчдын нэр дээр үл хөдлөх хөрөнгө болон байршсан байна. Тиймээс цагдаагийн байгууллага МИАТ-ийн хэрэгт шалгагдаж буй Ц.Орхон болон энэ хэрэгт шалгагдаж буй бусад холбогдогчдын нэр дээрх 13,9 тэрбум төгрөг, хоёр сая ам.долларыг банкинд нь битүүмжилж, Ч.Суурьтогтох /Ч.Хоролсүрэнгийн дүү/, Ч.Хоролсүрэн, Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, С.Батхишиг, Ү.Цэцэгмаа /Ц.Орхоны эхнэр/ болон түүний охин, Н.Гантөмөр, Б.Мандахбаяр нарын нэр дээрх 40 гаруй байр болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд байгаа юм байна. Тэдний худалдаж авсан Зайсан дахь таунхаус болон пентхаусууд метр.кв нь дор хаяж 2.5 мянган ам.доллараар үнэлэгддэг, 200 м.кв-аас дээш талбайтай гээд бодоод үзэхээр ерөнхий дүнг нь багцаалж болно. Хулгайлсан мөнгөөр хүмүүс ингэж л тансагладаг юм байна.

Гэвч Үндсэн хуулийн Цэцийн гишүүнтэй холбоотой ийм мэдээлэл дэлгэгдсэний дараа Цэцийн гишүүд ямар шийдвэр гаргахыг таахад бэрх. Учир нь, Цэцийн есөн гишүүний зургаа нь МАН буюу Д.Сугартай нэг намын угшилтай хүмүүс. Хэрвээ энэ удаа ч гэсэн Цэцийн гишүүд өмнөх шигээ олонхиороо хамгаалаад үлдэх юм бол хуулийнхан Д.Сугарт гар хүрч чадахгүй. Харин түүний хэргийг бусдаас нь тусгаарлаж, таван жилийн дараа түүний Цэцийн гишүүний халдашгүй байдал нь цуцлагдсаны дараа шүүхээр оруулах хэрэгтэй болно. Тэгэхээр хулгай хийсэн улстөрчийг Цэцийн гишүүнээр дэвшүүлэн хамгаалалтад авдаг Ардын намынхны арга зөв ч юм уу.

Байрны түлхүүрээ "гардсан"-ы дараа.


Токиод худалдаж авсан байр.