Айсуй
Тэр айсуй...Дийлдэшгүй санагдсан, нуршгүй бодогдсон бүгдийг хага яран юу цухалзнам билээ? Нэг л өглөө сэрэхэд наашлан айсуй баяр жаргалын совин татна. Аль эртийн мартагдсан мөрөөдөл өнгөрсөн шинэ биелээд босгон цаана гэрэвшин зогсох шиг. Аль эсвэл хэзээ ч ирэхгүйдээ гэж бодсон нэгэн үүдийг минь тогшин алдан зүрхшээх ч шиг. Тэр айсуй. Энэ бол хавар.
Дэлгэр зуны халуун гарыг атгуулаад буцсныхаа маргаашаас л тэр наашаа явсан. Өнгөрөгч хаврын нэрээр улиран үлдсэн мөчөөсөө л тэр ирэх жилийн хавар болон наашилж эхэлсэн. Зуны цэцгэн дундуур, намрын навчис дундуур, өвлийн мөсөн дундуур тувт наашаа л явсан юм.
Тэгш төгс улирлын сайханд түүнийг бид мартсан. Мартсан байлаа ч гэсэн тэр наашаа л явж байсан. Намрын шаргал найран дунд ч бид хаврыг мартсан. Мартагдлаа гээд буцаагүй, хавар наашилж л байсан. Хайрах жавар, будан манан дотроос хавраа бид хааяа санасан. Санагдлаа гээд яараагүй, ирдгээрээ л ирж явсан.
Харин айсуй хаврын зөнг сэрэн мэдрэхийн цагт түүнийг зусангаа, намаржингаа, өвөлжингөө үгүйлэн, мөрөөссөн гэдгээ мэдэрнэ. Адган хүлээж, шалавхан золгохыг хүснэ. Хүлээгдэж байгаа хавар, хүлээснээ мэдэрсэн хавар. Хүүхдэд ганц долоолгоод далд хийчихсэн чихэр мэт, хөвүүнд ганц үнсүүлээд гүйчихсэн охин мэт. Улам улам учран золгох зүүдэн мөрөөдлийн зөн, айсуй бүхний совин. Айсуй.
Тэр айсуй. Бодсон шиг сайхан эхлэхгүй ч байж болно. Сайхан эхэлсэн юмнаас илүү сайхан төгссөн юмс гайхамшиг.
Салхи шуурга дэгдэнэ хэмээн хавраас юунд түвэгшээнэ. Салхи дэгдэхгүй л бол ертөнц хувьсахгүй шүү дээ.
Улаан шороо босно хэмээн хаврыг юунд уцаарлана. Улаан шороог босгохгүйгээр хөөх арга гэж юусан билээ.
Хог шороо хийсдэг хэмээн юунд хаврыг тээршаана. Хийсэхгүй л бол муу муухай бүхэн арилахгүй бус уу.
Ертөнцийг дахин эхлүүлэхийн тулд юутай хээтэй нь нураах мэт догшин хавар. Ерөөсөө хялгасыг ч болов хөндөлгүй амирлуулах мэт аргадангуй хавар. Таньж ядаад байхад бараадан дагаж, нүдээрээ учирлан харцаа дагуулах мэт гэрэвшингүй хавар. Тал өгч найр тавиад ч нүүр өгөхгүй тас ширвэх мэт зэнзийрхүү хавар. Ааш болгон нь гайхамшиг, аяа хавар.
Хайртай залгуулаад одсон хайр мэт, дурлалтай уулзуулаад буцсан дурлал мэт. Зунтай учруулаад одох хавар.
Амилсан цэцэгс, асгарсан хур, арилшгүй цэнгэлийн дунд хаврыг бид мартах билээ. Мартагдахын тулд тэр ирэх бөлөөг.
Анир бүхэн буцан одож, авиа болгон дуугаа хураах намрын чимээгүй дунд, аль эсвэл хацар нүүрийг хорстол үнсэх жавар дундуур хааяа хааяа хавраа бид дурснам билээ. Санагдахын тулд тэр буцах бөлөөг.
Хаврыг танихын тулд ертөнцийг тань хэмээнэ. Хаврыг танихын цагт хорвоо нээгдэнэ хэмээнэ.
Тэр айсуй. Орхин одохын тулд, ахин ирэхийн тулд тэр айсуй билээ...
baaska
baaska
моли
Зочин
Зочин
Зочин
Горький
M
M
tuvshuu
Зочин
Зочин
Зочин
Зочин
Болдоо
Зочин
tulgaa
tas
tas
bayaraa
sainaa
Зочин
Жу
Зочин
Зочин
зочин
XABTXACAP
zochin
Ulzii
Зочин
amar
Зочин
Зочин
saruul
ёстой үнэн
Зочин
RABVDAN
Зочин
Зочин
mongol zaluu
Зочин
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Монгол
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Tamir
Зочин
Зочин
Зочин
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.