Монгол бол дэлхийн хоёр том гүрний дунд орших гурван сая хүний эх орон. Газар нутгийн хэмжээ нь Франц, Герман, Англи, Итали, Португал, Голланд болон Швейцарийг нэгтгэсэнтэй тэнцэнэ. Төр нь ардчилсан, нэг танхимтай парламентын бүтэцтэй.

Энэ орны иргэн бүр сайн сайхан, баян чинээлэг амьдарч болох байгалийн асар их нөөцтэй, бас 40 гаруй сая малтай. Гэтэл хүн амын гуравны нэг нь ядуу амьдралтай, баялаг болоод хөрөнгө мөнгө нь цөөхөн хүний гарт төвлөрчихөөд байгаа улс.

Монголчууд сүүлийн үед уул уурхайгаас бараг бүрэн хамааралтай болсон эдийн засгаа өөрчилж, олон салбараар төрөлжүүлэн солонгоруулах, өрсөлдөх чадвартай болгох, тодорхой бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгох тухай ярих боллоо.

Энэ өдрүүдэд болж буй “Монголын эдийн засгийн форум 2013” тодорхой салбар дэлхийн зах зээлд хэрхэн гарах тухай нарийвчлан ярилцаж байна. Үнэхээр ч олон улсын зах зээлд нэмүү үнэ цэнэ шингээсэн бүтээгдэхүүн гаргаж байж л улс орнууд хөгжиж ирсэн тул Монгол Улс уул уурхайн орлогоосоо тодорхой салбарт хөрөнгө оруулан, дэд бүтцээ хөгжүүлж, хүнийхээ мэдлэг боловсрол, мэргэжил чадварыг дээшлүүлэх тухай эрчимтэй хэлэлцэж байна.

Монголын хөгжилд цэнхэр стратеги (энэ тухай “Цэнхэр далайн стратеги” гэж ном бий) баримтлах буюу бизнес байгаа зах зээлд өрсөлдөж, булаацалдах биш (улаан стратеги), цоо шинэ зах зээл, шинэ хэрэгцээ шаардлагыг бий болгох, өрсөлдөөнийг утга агуулгагүй болгох арга замыг сонгох боломж байгаа юм.

Монгол хүний зарим бүтээл олон улсын зах зээлд хэдийнэ гараад байна. Машины болон хувцасны дизайн, санхүүгийн үйлчилгээ, компьютерийн программ, эмчилгээ судалгаа болон хөрөнгө оруулалтын банкуудад чадварлаг монгол залуус ажиллаж, дэлхийн хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа.

Дотоодын зах зээл нь харьцангуй жижиг тул зөвхөн олон улсын зах зээл рүү гарч байж л “масштабын эдийн засаг”-т хүрэх боломжтой. Байж болох, дэлхийн түвшинд өрсөлдөж чадах Монголын салбарууд бол ноос, ноолуур, мах, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон ашигт малтмалын ложистик болох тухай Харвардын их сургуулийн судалгааны багийн тайланд дурджээ.

Энэ салбар бүрт монголчууд дэлхийн брэнд буюу сор бүтээгдэхүүн гаргах зорилтыг Н.Алтанхуягийн Засгийн газар тавьж, дөрөв дэх удаагаа болж буй Монголын эдийн засгийн чуулга уулзалтын гол сэдэв болгон хэлэлцүүлэв.

Сор бүтээгдэхүүн бий болох нь тухайн салбарт олон компани өрсөлдөж, дундаа нэгдсэн мэдээллийн болон боловсон хүчний сан бүрдүүлэх, шинэ техник технологи уралдан нэвтрүүлж “үнэ цэнийн хэлхээ холбооны” хэсэг бүрт өртөг зардал, бүтээгдэхүүний онцлогоороо ялгарч чадах эсэхээс хамаарна. Төр засгаас оролцох шаардлагатай бол салбарыг хамарсан глобал судалгаа хийх, хувьцаат компани байгуулж, дараа нь дийлэнх хувийг нь олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан борлуулж, амжилтад хүрсэн Чилийн туршлагыг хэрэгжүүлж болох юм.

Улс орны хувьд бас нэг “цэнхэр стратеги” бол Оросын байгалийн нөөцийг Хятадад, Хятадаар дамжуулан Солонгос, Япон, Энэтхэг болон бусад Азийн улсуудад гаргах төмөр замын транзит тээврийн ачааг шилжүүлэн дамжуулах төв буюу дараачийн Панамын “суваг” болох түүхэн алтан боломж юм. (Энэ тухай миний өмнөх нийтлэлийн дэлгэрэнгүйг www.jargaldefacto.com-оор орж уншина уу)

Мөн мэдээллийн технологийн хувьсгалын үр шимийг ашиглан монголчууд бизнесээ өндөр бүтээмжтэй болгож чадна. Зөвхөн ухаалаг гар утсыг ашиглан олон шинэ үйлчилгээ бий болгох, нийтийн засаглалын мэдээлэл авах, бараг бүх үйлчилгээ, төлбөр тооцоог хийж болох юм. Гар утсаар хуулийн, эрүүл мэндийн зэрэг олон төрлийн зөвлөгөө үйлчилгээг барууны орнуудад үнэ төлбөргүй үзүүлж байна. Тухайн салбарын бизнесийнхэн холбогдох мэргэжлийн хүмүүсийг чөлөөт цагаар нь богино хугацаанд ээлжлэн интернэтээр ажиллуулдаг.

Монгол Улс иргэн бүрээ компьютер ашигладаг болгож чадвал ажиллах хүчний нөөцөө, ашиглалтын өгөөжөө үлэмж нэмэгдүүлэх боломжтой аж. Тэтгэврийн насны хэдэн зуун мянган хүнийг идэвхжүүлж гэрээсээ ажиллах боломж өгнө. Нарны зайгаар ажилладаг зөөврийн компьютерийг хөдөөгийн айл бүрт хүргэж чадвал наад зах нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бараа эргэлт хурдан болж, үнийн мэдээллийн тэгш хэм сайжрах юм.

Өргөн хэрэглээний ахуйн болон хүнсний бараа үйлчилгээний түгээлт сайжирч, ашиг орлого нэмэгдэх болно. Аялал жуулчлалыг нүүдэлчний соёлыг ойлгох, шувуу ажиглах, үлэг гүрвэлийн тухай танин мэдэх чиглэлд төвлөрүүлж “Нүүдэлчин болж, Монголыг мэдэр” (Go nomadic, experience Mongolia) гэсэн уриан доор ажиллахаар шинээр бий болсон Соёл, спорт, аялал жуулчлалын сайд бүсгүйн төлөвлөж буй ажлууд сайшаалтай.

Дээр нь нэмж хэлэхэд, Монгол Улс гольф болон уулын цанын баазуудыг хангайн аймгууддаа байгуулан Солонгос, Японы жуулчдыг шууд онгоцоор авчирч чадвал аялал жуулчлалын шинэ урсгал бий болж улирлын хамаарал бага болно. Энэ хоёр спорт хамгийн өндөр хурдаар хөгжиж байгаа бөгөөд Монголын зун, байгалийн цас хоёр бол олон хүний мөрөөдөл юм.

Дээрх бүх санаа, цэнхэр стратеги, Арабын Эмиратын жишээг ухаалаг тусгаж хэрэгжүүлбэл богино хугацаанд өндөр амжилтад хүрэх болно. Энэ орны уугуул иргэд нь дэлхийн хамгийн өндөр амьдралын түвшинтэй бөгөөд дэлхийн аль ч их сургуульд Засгийн газрын мөнгөөр сурах эрхтэй юм.

Байгалийн баялгаа хүний баялагт шилжүүлж, эдийн засгаа “солонгоруулах” хөгжлийн цэнхэр стратегийг хэрэгжүүлэх цаг монголчууд бидний өмнө тулж ирээд байна. Bon voyage!