Агнистийн гэгээ цуврал

Буддын шашинтан бүрийн ширээний ном. Буддын шашины гүн ухаан судлаач П.Бадралын орчуулсанаар, НЭПКО хэвлэлийн газар Агнистийн гэгээ цувралыг эрхлэн гаргадаг билээ. Төвд, англи хэлээс орчин цагийн монгол хэлнээ яруу тунгалаг орчуулсан эл есөн ном өөр өөрийн онцлогтой. Энэхүү цувралаа Очир огтлогч судар (Ошо багшийн тайлбар)-ыг орчуулан есөн боть болгож уншигч таньд өргөн барьж байгаадаа таатай байна.

Ялгуусан багш өгүүлрүүн: “Субуди, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хэн нэгэн хүн амь биеэ Ганга мөрний элсний тоогоор золиослосноос хэн нэгэн хүн энэхүү судраас нэг бадаг төдийг тогтоох буюу бусдад үзүүлбэл тэрээр тоолшгүй, хэмжээлшгүй олон дахин буяныг үүсгэнэ.”



Зэн уламжлалын зургадугаар тэргүүн, их багш Хүй Нэн Очир огтлогч-ийн дөрвөн мөрийг сонсоод гэгээрсэн гэж ярьдаг. Тэрээр гэгээрлийн тухай бодоо ч үгүй, зүгээр л захаас юм хум цуглуулж явжээ. Тэр үед замын дэргэд нэг хүн Очир огтлогч-ийг уншиж байсан гэнэ. Насан туршдаа уг судрыг амны уншилга болгож ирсэн хүн байж л дээ. Эрдэмтэн, эсвэл тоть шиг давтагч байсан биз. Өглөө хийгээд орой бүр судраа уншдаг заншилтай байж. Тэгэхэд орой болж, зах тарах дөхөж, хүмүүс увж цувж байсан цаг. Хүй Нэн ч харихаар явж байгаад судрын дөрвөн мөрийг сонсчээ. Сонсмогцоо ер бусын хуйлралд орж гэнэ. Судар хэдийнэ төгсөж, зах хоосорч, нөгөө уншигч хүн ч харьж одсон хойно Хүй Нэн байрандаа зогссоор байлаа. Бүхэл шөнийн турш тийнхүү зогсчээ. Өглөө болоход тэрээр тэс ондоо хүн болсон байв. Эргэж гэртээ харилгүй, аглаг уул руу одсон гэдэг. Хорвоо ертөнц түүнд хамаагүй болжээ. Сонссон төдийд ийм юм болж болох уу? Тийм ээ, үнэхээр сонсч чадах юм бол боломжтой. Хүй Нэн маш нээлттэй, цайлган нэгэн байсан нь мэдээж. Тэр үнэхээр гайхалтай хүн.

Будда хэлжээ: “Очирогтлогчийн нэг бадгийг сэхээрсэн хүн хэмжээлшгүй буян хураана. Тэр нь Ганга мөрний элсэн ширхэг тоолон амь биеэ золиосолж буй буянаас ч тоо томшгүй олон дахин их.”

Золиослол тус болохгүй, сэхээрэл л тус болно. Мулгуу хүн золиослохыг эрхэмлэдэг. Мэргэн хүн сэхээрэхийг эрхэмлэдэг. Мулгуу хүн амьдралаас нүүр буруулж, ертөнцөөс оргон зайлах гэж оролддог. Хималайн уул, Төвдийн хийдэд очиж бүгэхийг хүсдэг. Тэд зориг зүрхтэйдээ биш, аймхай хулчгартаал ийм алхам хийдэг. Жинхэнэ шашинд хязгааргүй эр зориг хэрэгтэй. Энэ бол амьдралд бүрэн төгс нээлттэй байхын нэр. Хэрэв нээлттэй зүрхээр сонсох юм бол эдгээр судар чамайг төгс хувиргахуйц ид шидтэй гэж Будда хэлжээ. Ганц үгээс ч хувирлын эрчим цахилж болно.

Би нэг хүний тухай сонсч байсан юм. Тэр Хүй Нэнтэй төстэй нэгэн байж. Гэхдээ дал шахсан настан. Тэр хүн өглөө сэрүүнд алхаж явж л дээ. Зам зуур нэгэн оромжны дэргэдүүр өнгөрөхдөө эмэгтэй хүн жаал хүүгээ сэрээх дууг сонсчээ. “Өглөө болчихсон байна. Босох цаг болж. Сэрээрэй! ”Энэ бол Очирогтлогч–ийн үг биш. Зүгээр л нэг эмэгтэйн хүүдээ хэлж буй үгс: “Чи зөндөө удаан унтлаа. Одоо болоо шүү дээ.Шөнө өнгөрөөд, нар мандчихсан байна.”

Эдгээр үгсийг өөртөө тусгаж авах сэтгэл зүй тэр хүнд бүрдсэн байж. Өглөө эрт шувуу жиргэж, нар ургаж, сэрүүн салхи сэвэлзэж байх агшинд эл үгс түүний зүрхэнд сум адил тусчээ. Настан гэртээ харилгүй, тэр чигээрээ хотоос гарч, нэгэн сүмд бясалгал үйлдэн суужээ. Гэр бүл, садан нөхөд нь эрэл сурал болсоор олж очоод, “Та чинь энд юу хийж байгаа юм бэ?” гэхэд нь тэрээр “Шөнө хэдийнэ өнгөрч, өглөө болсон байна. Би хангалттай удаан унтлаа. Одоо болсон. Намайг ганцааранг минь үлдээж үз. Үхэл дөхөж байна, би сэрэх ёстой” гэж хэлжээ.

Хожим тэрээр мөнөөх оромжийн дэргэдүүр өнгөрөхдөө өвдөг сөгдөн мөргөдөг байв. Өвгөний хувьд тэр оромж сүм бөгөөд үл таних эзэгтэй нь багш байжээ. Жирийн хүний үг ч зөв хөрсөндөө унаж чадвал агуу их хувирлыг авч ирдаг юмсанж. Тэгвэл Буддагийн үг хэрхэн нөлөөлөхийг хэлэх юун.

Очир огтлогч судар (Ошо багшийн тайлбар)-аас.
НЭПКО хэвлэлийн газар