Монгол мазаалай
2008 оны найман сард Бээжингийн олимпийг сурвалжлах сайхан боломж надад тохиосон. Сэтгүүлч бидэнд ховорхон олдох энэ боломжоо хойш нь тавиад мазаалай гэдэг амьтныг нүдээр үзэхээр Алтайн цаадах говийг зорьж билээ. Уг хоёр томилолт цаг хугацаа нь давхацсан болохоос хоёулаа л дахиж олдоод байхааргүй ховор завшаан байсан юм.
Ийнхүү мазаалай хэмээх гайхамшигт амьтны араас огт хүн амьдардаггүй ээрэм говьд сар шахам аялснаас хойш таван он өнгөрчээ. Монгол-Герман нийлсэн биологийн ухааны дөрвөн эрдэмтэн, говийн их дархан газрын хамгаалалтын ажилтнуудаас бүрдсэн цомхон баг хоёр фургон машин хөлслөн Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтайн урд талын цөлд эрдэм шинжилгээний ажил хийхэд нь байлцсан юм. Хоёр фургоны нэгд нь зөвхөн уух усаа тээж явсан гэхээр тийм ч зугаатай аялал биш. Монголын говийг Германы нөхдөд нүдээр харуулж тэнд амьдардаг биологийн шүхэр зүйл гэх амьтдын аж байдлыг судлуулж улмаар Дэлхийн байгаль хамгаалах байгууллагаас тусламж төсөл хүртэх зорилготой явцгаасан. Энэ тухай хожим Европод маш сонирхолтой баримтат кино гарлаа гэж сонссон.
Явах замд нүд хужирлах зүйл гэвэл байсгээд тааралдах янз бүрийн ан амьтан л байлаа. Гэвч бүх л араатан, жигүүртэн, хөхтөн амьтад хүн, машинаас сүнсээ зайлтал айцгаан дахиж эндээ буцаж ирдэг байгаа даа гэж эргэлзмээр тоос татуулан одно. Хавтгай хэмээх зэрлэг тэмээ гэхэд л хүн ирэх далим хүлээж байсан аятай тэр чигтээ жонжуулаад хил даваад арилах жишээтэй. Хүн малтай хангай нутгийн үнэг чоно гүвээ даваад л хөөгдөж байснаа таг мартаад шогшиж явдаг бол энд үгүй.
Судалгааны багийнхан хэдэн зуун километр явж явж шинэ орчлон ертөнц нээчихээ алдан маш нууцлаг газар ирэхэд тэнд аль хэдийнэ жийп унасан эвгүй гарын бололтой нөхдүүд тухалчихсан алт ухаад зогсож байдагсан. "Говийн их дархан" гэгдэх асар уудам нутаг дэвсгэрийг хүн малаас чөлөөлсөн ба угаасаа амьдрах ч нөхцөлгүй энд хурдан унаа буугаар зэвсэглэсэн "нинжа" нар ёстой дураараа дургидаг бөгөөд одоо ч хэвээрээ дуулдана. Орон нутгийг дархлах нь муу улсад харин ч завшаантай явдал болдог байх. Монголоос биш газрын дархан газарт буй амьтан хүнээс айхаа мэдэхгүй ирж чихээ маажуултлаа ээнэгшин дасдаг.
Алтайн цаад говьд амьдарч буй нийт амьтдаас хамгийн арчаагүй нь мазаалай гэдэг пони баавгай байлаа. Судлаачид үдэш түүдгийн дэргэд хүүрнэлдэхдээ голдуу түүний тухай л яриа өрнөнө. Баавгай атлаа говьд юугаа хийж ирсэн, араатан мөртлөө яагаад амьтан барьж чаддаггүй, тэгээд хамгийн хачирхалтай нь мөхөж усталгүй өнөөдрийг хүргэсэн явдал. Монголын Алтай, Шинжааны Тэнгэр уул хоёрын хоорондох цөлд үсрээд л гуч орчим мазаалай байх шиг байна гэсэн яриа хэдэн зуун жил үргэлжилж буй юм билээ. Тэгэхээр саяхнаас савар, доньт нь үнэ ороод хядчихсан юм биш. Арьс махыг нь хэрэглэсэн тохиолдол сонсогдоогүй. Ядахдаа панда, ойн хүрэн энэ тэр шиг "хөөрхөн" биш нүдэнд хүйтэн золиг л доо. Шөнө яг сарьсан багваахай шиг харагдана. Хэдэн үе дамжсан популяци явагдахад хоорондоо цус ойртохын туйл болсон нь ойлгомжтой. Тэгсэн атлаа тэнэг балай царайлчихаад байгаад л байна. Мазаалайг зэрвэс харахад золбин нохойтой эндүүрмээр. Мөн түүнээс гадна айлууд, хилийн цэргүүд замдаа хаячихсан нохойнууд ч зэрлэгшин баянбүрд бараадан мэр сэр яваа харагддаг. Дархан газрынхан зөвхөн мазаалайд зориулж хоол хүнс бэлдэх төсөвтэй. Тэр нь зүгээр л малд өгдөг хорголжин тэжээл. Хорголжин тэжээлийг трактороор ачиж баянбүрдэд байрлуулсан төмөр чингэлгэнд хийнэ. Чингэлэг ёроолдоо тэжээл гоожих цорго, идүүртэй. Тэрнийг нь баавгай шөнө амьтны хөл татарсан хойно гарч ирээд нүдэж балбахаар тэжээл урсан гарч ирнэ. Уг тэжээлээс идчихээд бусдыгаа ийш нь ирүүлэхгүйн тулд хаяглаж элдэв тэмдэглэгээ тавьдаг аж. Ойр орчмынхоо газарт сариж, төмөр сав өөд авиран хумсаараа зураас татчихлаар тэнэж яваа бусад нь ирж үзээд тэндээс бушуухан зайлна. Эр ч бай, эм ч бай, үр зулзага гээд өөрийн гэсэн садан төрлийн хэнтэй ч таарч тохирдоггүй ёстой хачин амьтан. Хэрэв тааралдах юм бол орилж чарлалдаад аль хүчтэй нь хүчгүйгээ бариад идчихнэ. Тийм учраас шинэ баянбүрдэд зочилсон мазаалай эндхийн эзэнг аль хэр бяртайг нь танддаг. Нөгөө төмөр сав өөд цоройж хумсаараа маажсан зураас руу нь дуурайж үсэрнэ. Хүрэхгүй арай доохнуур зураас татаж байвал бяр муутайгаа мэдэж авдаг. Гэх мэтчилэнгээр ядарсан баавгай энд тэндхийн төмөр сав хэсүүчлэн өөрийгөө сорин хий юмнаас айж, хоолондоо хүрч чадалгүй өлбөрдөг. Баян Тооройн хамгаалалтын газрынхан мазаалайд шинэ сав бэлдэн тэжээл тавьчихаад яваад өгсөн хойгуур нь Сэгс цагаан Богд ууланд байдаг хилийн цэргийнхэн машинтай давхиж ирээд нөгөөдөхийг нь ачаад явчихсан байсан. Тэд хэдэн гахай тэжээж байсан юм билээ. Мазаалайд тун эмгэнэлтэй явдал болохоос говьд бол байдаг л өчүүхэн хулгай.
Зуны сүүл, намрын эхэн сарын хэсэгхэн хугацаанд баавгайн аз жаргалтай үе эхэлнэ. Энэ үеэр цөлд хармаг, гоёо, бажууна, түүний үндэс гэх мэтийн исгэлэн жимсэрхүү ургамал сайхан боловсордог агаад түүнийг мань нөхөр маш дуртай түүж иднэ. Халуун наранд нөгөө идсэн жимс нь гэдсэнд нь орж исээд "бараашиг" хүртчихсэн аятай дорхноо согтцордог. Согтохоороо их овилгогүй. Нүүр амаа маажна, их дуугаар орилно. Дараа нь хөөрхөн шартана. Шараа яаж тайлахаа бас мэднэ. Нэг удаа гичий гэдэг билүү юу билээ. Эмэгтэй мазаалай хар халуунд хармагандаа айхтар согтжээ. Тэгээд бүр алингаа алдаж элс цацлан хавьтсан болгон руугаа "агсагнав". Орой нар шингэхийн багцаанд дагуулж явсан хоёр хөөрхөн бамбаруушаа хоёулангийнх нь хоолойг хэрчиж толгойг нь тасалчихсан бархираад гүйж явсан байна. Цаашид мөнхийн согтуу царайлж явсаар намрын сэрүүнтэй золгодог. Өвсний сөл тасарч идэх юм ч олдохоо болиод ирэхлээр хад агуй бараадан ичээндээ ордог. Алтайн өвөр говийн хүйтрэлт хангай нутаг шиг удаан үргэлжлэхгүй тул гурван сар хүрэв үү үгүй юу ичээнээсээ гарахаас өөр аргагүй нойр хүрэхээ байчихна. Тэгээд л хаврын хавсарган дор хад чулуунаас өөр юу ч байхгүй говьд идэх юм хайгаад маахайтал алхаж гарна даа. Энэ үед л нөгөө муу хорголжин тэжээл аминд нь орно. Тэрнийг нь газар сул асгаад хаячихсан ч мазаалайнаас өөр тоож иддэг аргаль, янгир ч байдаггүй юм билээ. Говийн баянбүрдээс баянбүрд хоорондох орчин нь юу ч үгүй хувхай. Тэнгисээр таслагдсан арал шиг. Арай гэж явж явж очих ус үнэртсэн баянбүрд хэмээх хуурай газрын арал дээр нь элдэв дайсан дүүрэн шавчихсан байна. Тэрнээс нь айж дараагийн баянбүрд хүрэх гэж хэдэн зуун километр зүтгэсээр байгаад ихэнх амьтан нь харангаддаг бололтой юм билээ. Хөөрхийлөлтэй энэ бяцхан араатан хоёр баянбүрдийн хооронд хатаж үхээд дуусч байгаа юм гэсэн. Говийн байгаль экологид чухам ямар үүрэг рольтой эсэх нь сайн судлагдаагүй байгаа. Уг нь байгальд хэрэггүй амьтан гэж байдаггүй гэдэг. Уг төрөл зүйлийн амьтан юугаараа алдартай, юу нь сайн юм бүү мэд. Ямартай ч амьдралын төлөөх тэмцэх чадвар сул дорой. Монгол мазаалайн гол онцлог гэвэл огт "ажил хийхгүй", бусдаар тэжээлгэх сонирхолтой, өдөржин шөнөжин бас өвөлжин унтаж байдаг. Идээ будаа элбэг зун, намрын сайхан цагаар байнга "архидан согтуурч, зодоон нүдээн, хулгай дээрэм" хийдэг. Гурав биш бүр хоёр мазаалай хорвоогийн мухарт тааралдлаа бол нэгнийгээ үзэн ядаж үс гэзэгнээсээ зулгаалцана. Яаж ч дасгах гээд хүний нүүр өөд эгцэлж харахгүй. Гөлөн гөлөн хийж байснаа идэх юм шүүрч аваад майжигнаад зугтаачихдаг. Энэ амьтан Монголоос өөр газар бараг байдаггүй юм гэв үү.
Хамт явсан герман нөхөр маань эцэст нь "Үнэхээр ховор амьтан юм. Өөр ч сонирхол татах юм алга" гэж билээ. "Алтайн цаад говиор" аян замын тэмдэглэл. 2008 он.
mongol
Gerelee
Самданням
Самданням
mok
undrah
undrah
Зочин
Зочин
Зочин
Зочин
Hehee
ene gangaa ymar uildriin mal ve
he he
Зочин
үүнийг 39 уншгаарай
тас шүү
таалагдаж байна шүү
таалагдаж байна
zochin
MM
Dajkino
BB
BB
шавь
bidenteegee adil
zochin
Zochin
Зочин
Eghi
Эргэцүүлэл
keke
Зочин
Тулга