Орос, Польшийн нэрт зохиолч А, Ф Оссендовскийн “ЛЕНИН” гэдэг баримтат  тууж  Ж.Нэргүйн орчуулгаар    уншигчдад  хүрсэн нь Лениний тухай эерэг ойлголттой явсан олны дунд чухам л “дэлхий сүйрэх” анзааны сенсаац дэгдээгэд байна. Монголын  байтугай дэлхийн коммунист хувьсгалын гол онолч, бас гүйцэтгэгч , удирдагч энэ хүнийг яргачин, алуурчин  гэж бичсэн ийм ном байдаг тухай би урьд нь сонсож байсан юм. Бас Оросууд 1930-аад онд энэ номыг хуу хурааж шатаасан, ялангуяа коммунист системийн орнуудад бол нэгийг ч оруулахгүй байх тухай ЗХУ-ын коммунист намын тогтоол гарч, дотоод яаманд нь тусгай тасаг ажилладаг гэнэ гэсэн  яриаг би дуулж байсан. Нэргүйгээс өөр хэн ч эл бүтээлийг өдий хүртэл зориглон барьж орчуулаагүй. Бүүр нэг өдөр албан ажлаа хаян байж “ЛЕНИН” г  уншлаа. Ленин гэдэг Орос хүнийг \ Монгол, татар цустай  юм байна\ манай ард түмний сэтгэлд  МАХН-ын үзэл сурталчид  чухам л бурхан гэж ойлгуулж ирсэн юм.

Хорвоо ертөнцийн өнгө тодрох гайхамшиг хотлыг гийсэн нарны илчээ хө
Хоймор залхад хийморь болж айл гэр тэтгэх Ленин багш минь
Хосгүй энхийн суут их нараа хө хө

 Манай нийтийн дуучид өнөөг хүртэл ийн уянгалуулан  дуулахаас  эхлээд  хөшөө дурсгал, кино, жүжиг, ном тоймгүй олон.  Монголын  түүхийн 100-аад жилд түүнийг бурханчилж залан эрхэм  сургаальгүйгээр Монголын улс төр амьдарч амьсгалж чадахаа больсон. Ядаж зургийг нь өлгөөгүй нэг ч  байгууллага сургууль цэцэрлэг айл гэр хүртэл байхгүй байсан нь тун саяхан.

  Гэтэл нөгөө Лениний чинь үнэн дүр үйл хэрэг нь ард түмнийг бөөн бөөнөөр нь  алаад бай, устгаад бай гэдэг түүнийгээ ч нүдээрээ харж байгаад гүйцэтгүүлдэг дэлхийн хамгийн харгис алуурчин яргачин байж дээ. Түүний гайгаар Орос орон цусанд бялтжээ. Түүний гайгаар Орос орны их хаадын удам, хөрөнгөтөн, дээдсүүд толгой дараалан хядуулжээ. Түүний гайгаар бараг дэлхийн тал цусанд живжээ. Хаа хол Монголын тал нутагт ч  алаан хядаан болж  Чингэсийн алтан ургийхныг үлдээлгүй үгүй хийжээ. Лениний коммунист нам, түүний дүү манай МАХН, МАН-ын аллага хядлага төгссөн л дөө. Гэхдээ л Лениний  хөшөө дурсгал хэвээрээ. Монголын нийслэл хотын төв талбайд байдаг түүний хөшөөг саяхан зайлуулахад бөөн юм боллоо. Лениний коммунист намын онолыг Монголд хэрэгжүүлсэн улс төрийн хүчин  МАХН нэртэй байсан одоогийн МАН-ынхан. Тэд Ленинийхээ хөшөөг зайлууллаа гэж Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл руу хэвлэл мэдээллээрээ дайрахын муухайгаар дайрч довтлов доо. Лениний хөшөөг буулгалаа одоо бүгдээрээ амиа хорлоё гэсэн сүрэг хүмүүс гарч ирсэн шүү. Монгол Зөвлөлтийн найрамдалд сэв суулаа гэж ирээд л сүржигнэсэн. Гэвч Лениний хөшөөг авч зайлуулахад ашгүй хэн ч үхсэнгүй. Хэн ч  амиа хорлосонгүй, МАХН засгаас гарна гэдэг шиг худлаа юм болоод өнгөрлөө. Хамгийн сүүлд Оросын холбооны улсаас Монголд суугаа элчин сайд “Лениний хөшөөг буулгадаг нь манай хоёр орны уламжлалт харилцаанд  таагүй зүйл болно” гэсэн зориг муутай бодлоо илчилсэн мэдэгдэл шиг юм хийв. Уг нь Элчин сайд хүн бодол хэлдэггүй бодлого хэлдэг юм. Уг нь тусгаар Монгол Улс хэнийхээ хөшөөг буулгаж хэнийхээ хөшөөг босгохоо өөрсдөө л мэдмээр. Энэ  Оросын элчинд юуны хамаа байна. Ер нь Оросууд ийм л дээрэлхүү. Оросод нь хүртэл Лениний хөшөө дурсгалыг нь буулгах байтугай түүний хаягтай хот тосгоны нэрийг нь өөрчилсөн гэдгийг биднийг мэдээгүй гэж бодож байгаа байхгүй юу. Хэрвээ хуучин Оросын колони байсан соц орнуудад ч юмуу, уулынханд, багуудад ийм үг хэлсэн дипломат байсан бол “тэр Ленинийхээ хөшөөг тэврээд зайлаарай” гэж хөөгдөх байсан юм.  Лениний коммунист дэглэм ард түмний сэтгэл зүрхэнд ноёрхсон хэвээрээ үлдсэн  улс  бол манайх юм даа. Октябрийн хувьсгалын төрсөн дүү ардын хувьсгал манайд ялснаар Монголын ХХ зууны бүх түүхийг Лениний намынхан зохиож бичиж өгсөн байдаг. Түүний тухай ном зохиол гэхэд л хэдэн зуун вагон ном байгаа. Зохиолч орчуулагч Ж.Нэргүйн энэ ном   цөөхөн хувь хэвлэгдсэн байна. Ер нь Ж.Нэргүй бол номыг олж орчуулдаг, дээр нь Нэргүйн орчуулгыг уншихад зүгээр л сайн өгүүллэг уншиж байгаа юм шиг гулгаад л орчихдог ер бусын авъяастай нэгэн. Англи, Франц, Орос хэлээр нь ном уншиж чаддаггүй мань мэт бол Нэргүй байхад, Нэргүй шиг мэдрэмжтэй, монгол хэллэгтэй, чадварлаг орчуулагч хэд төрөх юм бол элдэв гадаад хэл мэлээр ч яах вэ дээ гэж боддог юм.  Ленин бол миний багш, бидний багш, орчлонгийн хамгийн ухаантай ганц хүн гэж багаасаа заалгасан юм. Тэгсэн ч Оссендовскиг уншсаны дараа мань эр чинь дэлхийн хамгийн том яргачин, тэгсэн мөртлөө монгол цусны нөхөр байж шүү дээ гэдгийг нот ойлгосон юм.  Лениний хөшөөг нураасан. Гэвч сүнс нь МАН-ын байраар эргэсээр.....Лениний номлолд итгэдэг хэн ч гэсэн энэ номыг нэг уншаадах даа. Аягүй бол лоом бариад хөшөөг нь буулгамаар санагдах болно.