Хүн шиг харилцахыг хүснэм
Орос Монголын ах дүүгийн ган бат найрамдал зөвхөн өнгөний паалан байв уу яав. Мөр мөрөө хөөсөн сүүлийн хорь гаруй жилд нэг л явж өгсөнгүй. Гэм буруу бидэнд байна уу, орос ахад байна уу? Манай хүн амын дийлэнх орос ахдаа дэндүү юм чинь орос ахыгаа муу хэлсэн хүнийг яаж ч мэднэ. Энэ талаар монгол хүнтэй болгоомжтой харьцахгүй бол осолтой.
Харилцааг бодит үр ашгаар авч үзэхийг хичээдэг гэгээлэг хэсэг манай харанхуй массын дунд ялгарах болжээ. Орос шатахуунаа бусад улсад өгдөг тогтсон жишгээсээ манайд 200-300 долларын илүү үнээр нийлүүлж эхлэв. Бидэнд бусдаас муу юм аа гэж гомдмоор. Худалдаа, хөрөнгө оруулалтад дорвитой ахиц гарахгүй байгааг зөвхөн манай ардчилагч болчимгүй улс төрчдөөс боллоо гэж манай нэг сонин бурууг орос ахдаа бус өөрсдөө өгсөн байна лээ. Сонины энэ үг манай хүн амын олонхын үг. Цусаар, тусламжаар гагнагдсан ах дүүгийн найрамдлыг бишрэн мөргөгчдийн үг. Орос ахын дээрэнгүй бодлогоос зарим талаар шалтгаалж байна гэж хэлээд үз. Нөгөө гэнэн цайлган хөдөлмөрчин олон чинь орос ахыгаа өмөөрөөд туйлж гарна. Тархи руугаа коммунист үзэл суртлын тариа шахуулчихсан хөөрхий бидний ардууд.
Шатахуунаа бусад улсад зардаг жишгээрээ өгөөч. Энэ бол дэлхийн худалдааны байгууллагын өмнө танай хүлээсэн үүрэг шүү дээ гэж манай тал зүрхлэн хушуу цөрвийлөгдөг болсон юм гэнэ. Далайн тээврийн олон улсын конвенцийн дагуу байгуулагдах учиртай транзит тээврийн гэрээ байгуулъя гэж хэдэн жил гуйсан авч ах нар хариу өдий хүртэл өгсөнгүй. Худалдааны 90 гаруй хувь Оросынх, 10 хүрэхгүй хувь Монголынх. Оросын манайд тавьдаг татвар дэлхийд байхгүй чанга. Татвараа буулгавал ахиухан арьс шир, ноос ноолууран бүтээгдхүүн нийлүүлье гэсэн саналдаа өнөөдрийг хүртэл хариу авч чадсангүй. Төмөр замыг 25 жил ашиглаад шинэчлэх ёстой. Гэтэл хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” 60 жил шинэчлэгдсэнгүй. Гэмтэл гарвал тээвэр зогслоо. Саяхнаас бага багаар шинэчилж эхэлсэн авч энэ янзаараа мөлхвөл 20 гаруй жилийн дараа бүрэн шинэчлэгдэх бөгөөд тэр үедээ одоо шинэчилж буй замын нас дуусаад жагсаалаас гарах гэнэ.
Агуу их хөршийн элчин сайд ноён Самойленко Блүүмбергт өгсөн ярилцлагадаа “Бид Монголтой 1990-ээд оноос найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх гэж оролдож байна” гэжээ. “Оролдож” буй тэр найрсаг харилцаа юун дээр илрэв ээ? Манай талаас шинэ хуучин намынхан маань төр засаг ээлжлэн барихдаа найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх гэж “оролдох” нь байтугай орос ахынхаа өмнө сахалтай хушуугаа дэвсэж, сайртай өвдөгөө сөхөрч явсан байх юм. Орос манай малыг өвчтэй гэж сэжиглээд авахаа больсон. Уг нь оросууд манай мал сүргийг 70 жил суурь сууриар нь авч идэж асан түүх саяхных. Манай өвчтэй малын маханд хордож үхсэн орос ах өнгөрсөн зуунд дуулдаагүй. Гэхдээ манай малыг өвчтэй гээд авахаа больж буй гүрний өөрийнх нь эрх тул бидэнд гоншигнох цээртэй. Манай тал малаа яагаад ч юм Хятад руу улс төржөөд гаргадаггүй, сурсан зангаараа Оросод зах зээлийн ханшаас доогуур ч атугай өгөх дуртай.
Орос ах нар минь та нар бусад улс гүрэнтэй харилцдаг шигээ бидэнтэй хэзээ тэгж харилцах юм бэ? Хүн биднийг хүн гэвэл бид хүн шиг байж чадна шүү. Хөл дээрээ өндийх гэсэн бяцхан хөршөө татаж унагахын оронд түшихийг урьтал болгомоор. Монгол хөгжвөл хөршдөө лай болохгүй дэм болно гэх найрсаг айлсалтын уужуу ухаан гаргана буй зээ. Төр засгийн өмнөөс ярьсангүй. Иргэн миний хувьд ийм байна.
ЦЦЦ
ALTAN ORD
Зочин
Зочин
Иван Иванович Иванов
Уншигч
Могол
VIRUS
Зочин
Зочин
666
Nomadicman
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зориг
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
mongol zaluu
Zochin
Зочин
russia
цагийн юм цагтаа
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
orosd