Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан хувьсгалын партизанууд нэг цуглардаг. Эхлээд С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, дараа нь нэг баярын хурал хийж, бөхийн барилдаан үзэж, үргэлжлээд л зиндаа зиндаагаараа хуваагдан архидаж нэг сайн  баярладаг юм. Партизан гэдэг үг дэлхийд бол тийм ч сайн сайхан үг биш л дээ. Дээрэмчид, босогчид, зэвсэгт бүлэглэл, булаан эзлэгч гэж  ойлгогддог юм. Харин манайд бол хувьсгал хийгчид, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүд гэж үздэг түүхтэй. МАХН 1921 онд Богд хаант засгийг унагасан зэвсэгт бослогын дайчдаа партизанууд гэж анх нэрлэн насан туршид нь том хүндэтгэлийг  үзүүлж нам төр нь байр сав өгч, өргөж үхүүлсэн. Тэгээд л партизанууд гэхээр эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амь хайргүй тэмцэгчид гэж ойлгодог.

Партизанууд маань С.Зоригийнхоо хөшөөний дэргэд уулзангуутаа л нэгнээ үгүйлнэ. “Тэр ирсэн үү, хэн харагдсан уу гэхэд цаадах чинь байхгүй болсон мэдээгүй юм уу” гэх үгс зүрх зүсмээр сонсогдож байлаа. С.Зоригийн хөшөөг цэцэг өргөж байгаа дарга нараа, өнөө муусайн партизануудаа дахин нэг харлаа. 24 жилийн өмнө ид гялалзаж явсан залуус өнөөдөр шал өөр болжээ. Зарим нь хөшөө болж, зарим нь Төрийн тэргүүн болж, зарим нь, Ерөнхий сайд, Хотын дарга, Ерөнхий прокурор болжээ. Зарим нь эрхэм гишүүн, сайд болсноос эхлээд нас тогтсон улс төрийн бяр, албан тушаалтай тэвхэлзэж явна . Бас  зарим нь архичин болж, ихэнх нь ажилгүйчүүд болжээ. Амьдрал нь гундуухан ч гэсэн буурал  партизанууд энэ жил их хөөрч байна. Ардчилсан хувьсгалын үзэл санаа нь 23 жилийн дараа нэг юм ялсанд онгирцгооно. Баярын хурал болов. Монголын Ардчилсан Холбоо 23 партизаныг байраар шагнав. Өнгөрсөн жил 30 партизан тэрний урд жил найм, арван хүнийг байраар шагнасан юм. МоАХ-ны дарга Х.Баттулга  “Одоо 400-гаад байрны өргөдөл байгаа” гэлээ. Хөөрхий дөө, муусайн партизанууд ядарч, зүдэрч яваа доод хэсгээс нь ганц өрөө байраар шагнахад өөрсдөө шагнуулсан юм шиг болж нүдэндээ нулимастай биесээ тэврэнэ. Олон жилийн ялагдал хамгийн хүнд туссан нь хамгийн их туйлдаж ядарсан нь энэ муусайн партизанууд байлаа. 24 жилийн өмнө ардчилсан Монгол Улсыг байгуулна гэж тэмцэж боссон доромжлол, гадуурхалт, үзэн ядалт бүгдийг туулсан нь энэ муусайн партизанууд юм шүү. Гэвч тэд маань цөөрсөөр байна. 50, 60 эргэм нас гэдэг даанч залуу нас.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 10-нд болсон баярын хурал дээр Э.Бат-Үүл баатар, Х.Баттулга дарга, Со гавьяат гурав  тайзнаа гарч ирээд энэ заал яасан дундуур байна аа. Манайхан яачихаав гэхэд үзэгчдийн суудлын дундаас “аяархнаар” чадхийцгээсэн шүү дээ мэдээгүй юм уу гэх нь дуулдсан. Муусайн партизанууд жилээс жилд ингэж өм цөм дундарсаар байна. Төв МоАХ хавиар идэвхитэй эргэдэг сайн л бол 70-80 хүн бий. Аймаг, дүүргүүдийн АН, МоАХ хавиар явдаг 40-50 сонгуульчин жагсагчид байгаа. Партизанууд өөрсдийгөө  сонгуульч, жагсаалч өөр мэргэжилгүй, ажилгүй явсаар нэг насыг барлаа гэдэг. 2000 оноос хойш элдэв төрлийн нам иргэний хөдөлгөөнүүд гарч ирсэн. Түүнээс хойш жагсах шаардлага, барих туг ч олдохоо байсан гэнэ. Партизанууд цөөхөндөө бүүр хөдөө сумдад бол сайндаа 5-10 партизан байгаа байх. 1990 оны хувьсгалын галын тэргүүн шугамд явж бүүр өлсгөлөн суулт, жагсаал цуглаан, ухуулга сурталчилгааг нь хийж явсныг нь оролцуулаад шүү дээ. Партизануудын энэ жилийн ярианы гол сэдэв нь тэтгэврийн нас ойртож байгаа тухай, мөн С.Эрдэнийн хууль байлаа. Нам холбоо, сонгууль, хувьсгал  гэж өвчигнөсөөр яваад тэтгэврийн нас тулаад ирсэн чинь бүүр хог түүдэг дээрээ тулаад байгаа гэнэ. Ашгүй манай муу С.Эрдэнэ зовлон мэдэх юм болохоороо сонгуульдаж, сонгуулийн дараа ялгаварлагдаж ажилгүй явсан он жилүүдийг тооцох  хууль батлуулсанд партизанууд баяртай байна. МАН айхтар юм болохоорооо хувьсгал хийлцсэн партизанууд нь үгүй болохоор, Үндсэн хууль батлуулсан нэгдлийнхээ дарга нарт хүртэл байр өгчихсөн байгаа. Гэтэл 1990 оны хувьсгалын гол төлөөлөгч партизануудыг ганц Х.Баттулга дарга л харж үзэж байна. АН ялсан дээрээ ямаанд өгдөг мөнгөнөөс нь, үхрийн ширэнд өгдөг мөнгөний өчүүхэн хэсгийг өнөө муусайн партизануудад нэг удаагийн байр буюу тэтгэмж болгоод шидчихэд Монгол Улс хотойхгүйгээр барахгүй үгүй гэх улс төрийн хүчин одоо байхгүй. Партизануудын гол нь Ардчилсан нам хавиар эргэлддэг. Гэхдээ Ардын намд ч, МҮАН-д ч, ИЗНН-д ч, МАХН-д хүртэл партизануудын гол сэжүүр яваа. Ардчилсан нам засгийн эрхийг бүрэн авсан дээрээ партизануудад олгох тэтгэмжийн хуулийг санаачлаач гэх гэсэн юм. Муусайн партизанууд минь 24 жилийн турш өөрсдийнхөө төлөө жагсах нь битгий хэл дуугарч үзээгүй баатрууд. Гэхдээ хэсэг партизанууд ийм өгүүлэл бичээч гэж надад даалгавар өгсөн юм.Тэд маань нэрэлхээд л байхаас амьдрал нь үнэхээр гандаж гундсан байна билээ шүү. Колони хараат улс, коммунист, фашист дэглэмтэй улс орон байгаад ардчиллын замыг сонгосон  улс орны хамгийн эрхэм хүмүүс, үнэт зүйл бол тэр хувьсгалын үзэл санааг тээсэн, гардан хийсэн хүмүүс байдаг юм байна билээ. Тэд, тэдний удирдагчид түүхэнд хамгийн их хүндэтгэл хүлээдгийг мартаж болохгүй. Хөөрхий дөө, муусайн партизанууд маань жилээс жилд өм цөм цөөрсөөр...