Хорлоо цайны цаг дуусжуу гүй юу гэж жаахан зовниод цагаа харахаар тонгойтол нүднийх нь буланд нэг юм хөдлөж харагдав. “Гөлөг үү дээ” гээд лавшруулан хартал гэдэс нь түхэлзэн амьсгалсан нэг хүүхэд цус нөжөө гоожуулан нүдээ аниад хэвтэж байх нь тэр. Хорлоо хамраа дараад бушуухан хажуугаар нь зөрөв.

“Юун хүүхэд вэ энэ чинь. Ээж аав нь яачихдаг байнаа. Хм, бүр аймар болчихсон байшд. Ингэж байгаад үхвэл яана...”. Хорлоо цүнхээ нөгөө мөрөндөө авч зүүгээд чилсэн гарынхаа чилээг гаргаюу гэтэл нүдэнд нь өөрийнх нь хоёр хүүхэд харагдаад явчихлаа. “Ээ чааваас, энэ хүүхэд ингэж байгаад нээрээ үхчихвэл яанаа, хүн амьтан ирдгүйн байх даа” гээд Хорлоо эргэн тойрноо хартал хэн ч байсангүйд хүүхэд рүү гүйн очлоо.

-Хүүе миний дөө, хүүе!
Хүүхэд ухаантай ухаангүйн хооронд хэвтэнэ. Хорлоо утсаа гарган эмнэлэг, цагдаа руу ярьлаа. Хүүхдийг түшин өндийлгөж авч явсан ундаанаасаа аманд нь балгуулгав. Өчигдөр дэлгүүрээс авсан шинэ цамц, Луи Витон цүнх мүнх будаа будаа. Нэл цус, шороо. 
-Эгчээ... авраарай...
Хүү ухаан алдлаа. Түүнийг хэн нэгэн ингэтэл нь зоджээ. Эмнэлгийн машин ирэхгүй таг болж, ашгүй удаж удаж ганц цагдаа ирлээ.
-За амрыг эрий, юу болоод байна?
-Энд нэг хүүхэд.. ингээд ухаангүй.
-За та биеийн байцаалтаа гаргаад ир.
-Над биеийн байцаалт байхгүй, гэртээ үлдээчихсэн.
-Айн? Таныг хэн гэдгийг чинь яаж мэдэх болж байна? Гэрээсээ биеийн байцаалтаа авчир.
-Миний хэн байх нь ямар хамаатай юм бэ, энэ хүүхэд үхэх гээд байна шүү дээ.
-Би мэдэж байна! За хаана ажилдгав?

Цагдаа тэмдэглэлийн дэвтэр харандаа гаргаж ирэв. Хорлоо цагдаа хоёр хагас цаг маргаж хэрэлдлээ. Хорлоо хүүхдийг тэврээд такси барихаар шийдэж байтал ашгүй нэг том хар машин ирж зогслоо. Дотроос нь зангиатай, нүдэнд дулаахан хүн гараад ирэв.

-Тэр хүүхэд хаана байна? Өө алий энэ үү? Алий нааш нь...
Зангиат эр Хорлоогоос хүүхдийг аван тэврээд, “за алий эхлээрэй!” гэхтэй нь зэрэг хоёр гурван зурагчингууд, камер барьсан нөхөд бүчин ирж зургийг нь авч эхлэв.

-За энэ хүүхэд энд ингээд тун хэцүү байдалтай байхад оллоо л доо. Миний ард түмэн өр зөөлөн, ухаантай улс билээ. Би ч мөн эгэл түмнийхээ л нэг учир ийнхүү энэ хүүхдэд санаа тавьж амийг нь аварч байна. Ер нь миний хувьд бол хүүхдэд хайртай хүн. Манай жаргалант ирээдүй шүү дээ тэд чинь. Надад итгэл хүлээлгэн сонгосон манай тойргийнхон ч бас миний энэ талыг чухалчлан харсан байхаа гэдэгт итгэдэг...

Хорлоогийн дотор уужран цүнхээ үүрээд цагаа харав. Ажил хэдийнэ эхэлчихэж. Тэр яаравчлан алхаж эхэлтэл ардаас нь дуудлаа. Эргээд хартал зангиат эрхэм.
-Хөөе эмэгтэй, хүлээж байхгүй юу.
-айн яасан?
-Би ингээд явы даа, чухал ажилтай хүн. Чи эмнэлэгт хүргээд өгчөөрэй за юу?
Хорлоо гайхан хартал гишүүний цаана мөнөөх цагдаа хэдийнэ машинд нь ороод суучихаж.
-Хүүе цагдаа, чи бас явчихаж байгаам уу?  
-Зүгээрээ, би ажилтай болчлоо. Одоо манайхан ирнэ. Ахлах дэслэгч Гүрдорж ирээд явсан гээрэй.
Хар машин хариу хэлэхийн завдалгүй сүнгэнэн одов. Хорлоо утсаа гарган ярьлаа.
-Байна уу, түргэн үү? Түрүүн нэг дуудлага өгсөн юм сан. ... Сүхбаатрын талбайн урд сааданд.... Тийн... Хэзээ гарсан юм бол доо байдгүй....цагийн өмнө үү заза.

Хорлоо хүүхдийн аманд жүүснээсээ балгуулаад эргэн тойрноо хартал ашгүй өөр нэг машин ирж яваа харагдлаа. Хорлоо эмнэлгийн машин гэж бодон баярлан хүлээж байтал дотроос нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн бууж, ардаас нь камер, зургийн аппарат барьсан нэжгээд хүн дагалдлаа. Хорлоо хөмсөг зангидан гайхширна.

Эмэгтэй:
-Эхлээд би авахуулчий.
Эрэгтэй:
-За тэг дээ би жэнтэльмэн хүн учир лэйди фөрст шүү дээ. Уг нь улстөрч хүн тохирооноосоо буцах муухай л байдийн.
Эмэгтэй:
-За чи одоо юун сүртэй юм. Үхлээ юу.
Эрэгтэй:
-Зазазаза өөр намых ч гэсэн нэг бүлгийнхэн чинь ийм жоохон юмнаас болж мууддаггүй юм шүү дээ.  Та эхэл.

Эрэгтэй ялдам инээмсэглэн  эмэгтэйд найр тавив. Тэд түрүүний зангиат эрийн адилаар хүүхдийг ээлжлэн тэвэрч, ард түмнээ энэ хүүхэд шиг хайрладаг тухайгаа тус бүр хориод минут ярьсныхаа дараа Хорлоод хандан:
-За чи энэ хүүхдийг хариуцаж үлдлээ шүү. Яахаа мэдэж байгаа биз дээ гээд алга болж өглөө.

Хорлоо хүүхэд хоёр аанай л хоюулаа үлдэв. Хорлоо арга тасран хүүхдийг тэврээд алхлаа. Гэтэл машины дуу гарав. Эргээд хартал аанай л нэг лексус. Хорлоо зугтаалаа. Машин ч араас нь элдэв. Хорлоог байшингийн булан тойртол урдаас нь өөр нэг ланд 200 амдав. Хорлоо чиглэлээ 90 граадас өөрчлөн булттал гурав дахь ламбожини гарч ирээд мөргөөд унагаачихлаа.

Зурагтаар мэдээ гарна: Өнөөдөр өдрийн 15 цагийн үед манай УИХ-н гишүүн Энэрэл, Сайнзүрх болон бусад хэдэн гишүүд маань явж байгаад хүүхдээ тэврээд газар унасан эмэгтэйг олжээ. Гишүүд хүүд газар дээр нь бүгд ээлжлэн хиймэл амьсгаа хийсний үр дүнд амийг нь аварчээ.  Харамсалтай нь эхийг нь аварч чадсангүй, яагаад гэвэл нас бараад хэтэрхий удчихсан байж. Эмэгтэйн ар гэрт гишүүд хандив цуглуулан нэг сая төгрөг өгөх ёслолын ажиллагаа яг одоо болж байгааг та харж байнаа...  Манай үндэсний ухамсартай зарим улстөрчид ийнхүү нэгэн ядарсан айлд сайн санааныхаа гарыг сунгалаа.

Зурагтаар эмэгтэйн ар гэрт мөнгө гардуулж гар бариад ихэд сэтгэл зовсон байдалтай ламборжинид сууж байгаа гишүүнийг татаж харуулав.