“461”-ийн үүдэнд бардам уулзалт баримт нь энэ байв уу?
“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд буюу түүний томоохон хувьцааг худалдан авсан Хятадын ICBC банкинд эд хөрөнгөө битүүмжлүүлнэ гэдэг бол улс төрийн шоглоом гэхээсээ эдийн засгийн хувьд том “шарх” болоод байна. Хэнийг онилсон сум хаанахын хэнийг “шархдуулаад” байна вэ гэдгээс асуудлыг эхлэх нь зүйтэй боловч өнөөдрийн байдлаар эхний ээлжинд зээлийн хүү, хугацааг зогсооё гэдэг дээр Засгийн газар холбогдох албаныханд тодорхой үүрэг өгөөд ажиллаж байгаа нь ил болсон. Харин иргэд, татвар төлөгчдийн хувьд төсвийн хөрөнгөөс “Эрдэнэт үйлдвэр”-ээс хэн нэгний /тэр нь эзэн нь тодорхой/ өрийг төлөх өчүүхэн ч хүсэлгүй байгаа нь үнэн билээ.
Олон нийтийн зүгээс хамгийн ихээр онилон зэвүүцэж байгаа “бай” нь “Жаст”-ын Ш.Батхүү. Гэвч “сэжигтнийг сэжиглэх, ялтныг яллах” хуульгүйгээс хойш сэтгэл ханамж тиймэрхүү. Угаас тэр нөхрийг “Яг одоо ял шийтгэлийг нь түдгэлзүүлье. Бизнесээ хий. Өрөө төл” гэсэн ч нэгэнт барагдахааргүй өр үүсч, улсынхаа нэрийг, төрийн албанд ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийн нэр төрийг хэдийн шаварт хутгачихаад байна.
Дараагийн “бай” нь тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар. Тэр нөхөр “Стандарт” банкинд баталгаа гаргасан уу, гарын үсэг нь үнэн үү, худал уу гээд бөөн асуудал болж байгаа биз. Гэтэл Д.Сугар яагаад тайван байна. Тэр тусмаа ганцхан удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө яагаад “Эрдэнэтийг барьцаалсан аливаа гэрээнд би гарын үсэг зураагүй. Хэрэв буруутай нь тогтоогдвол, тэр гарын үсэг минийх мөн бол Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээсээ шууд татгалзаад хорих 461 дүгээр анги дээр өөрөө яваад очъё” гэж бардам мэдэгдэх болов.
Уг нь цаадах чинь гарын үсэг нь үнэн бол өөрөө хүлээн зөвшөөрч чадах толгой. Тэгж байсан удаатай гэх үү дээ. Ийм нэг жишээ дурдъя. 2011 оны наймдугаар сар. АТГ-аас түүнийг мөн л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “зарлаж” байгаад шалгаж эхэлсэн. Үндэслэл нь 2008 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр Хонконгийн “Стандарт Металлз Лимитед” компанитай байгуулсан гэрээнд баталгаа гаргасан асуудлаар.
Тэр үед Д.Сугар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр Хонконгийн “Стандарт Металлз Лимитед” компанитай байгуулсан гэрээнд би баталгаа гаргасан нь үнэн. Яагаад гэвэл энэ гэрээний дагуу бөмбөлөг үйлдвэрлэх бэлдцийг тухайн үеийн зах зээлийн үнээр нийлүүлэхээр болсон. Яагаад гэвэл “Тухайн үед буюу 2008 оны дөрөвдүгээр улиралд Дарханы төмөрлөгийн үйлдвэр орлогогүй, цалингаа тавьж чадахгүйд хүрээд үйлдвэрээ зогсоох гэж байсан. Үүнийг ТУЗ-ийн хурлаар хэлэлцээд үйлдвэрээ зогсоох гэж бүү яар. Түүний оронд агуулахад бай¬гаа бүтээгдэхүүнээ зарах арга хэм¬жээ ав гэсэн даалгавар өгсөн юм. Яагаад гэвэл хямрал болоод барилга барих нь ховордож, арматур ч зараг-дахаа больсон байлаа. Тиймээс бүтээг¬дэхүүнээ өөрийн өртгөөс нь бууруу¬лахгүйгээр, тодорхой хэмжээгээр хямдруулаад зар гэсэн. Тухайн үед бүтээг¬дэхүүний өөрийн өртөг нэг тонн нь 540 мянган төгрөг байсан. Гэтэл Хонконгийн “Стандарт Металлз Лимитед” компанид нэг тон¬ныг нь 550 ам.доллараар зарахаар боллоо гэж үйлдвэрийнхэн хэлсэн. Мөн Хонконгийн компанийнхан энэ өмчийг мэдэх, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч ир гэж байна гэ¬сэн. Бүтээгдэхүүний өөрийн өртөг тонн нь 540 мянган төгрөг байхад тонн тутмыг 550 ам.доллараар худалдах нь хэвийн үнэ мөн. Компани болон төр хохирохгүй юм байна гэсэн үүднээс зөвшөөрсөн. Энэ талаар өнгөрсөн Баасан гаригаас эхлэн АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. Ер нь ТӨХ-ны хариуцдаг 80 гаруй компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор намайг байнга шалгаж байдаг. Би ч шалгуулах нь зөв гэж боддог. Буруу хэрэг хийгээгүйгээс хойш шалгуулахаас юунд нь айх вэ дээ” гэж ярьж байсан. Энэ ярилцлагыг миний бие хийж яг энэ сайтад нийтлүүлж байсан удаатай.
Тэгвэл энэ удаа, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага “Стандарт” банктай гэрээ хийсэн үү. Тэр гэрээнд дурайх Д.Сугарын гарын үсэг ямар учиртай вэ гэдэг нь мөн л эргэлзээ төрүүлээд байна.
Анх 2013 онд “Жаст групп” Стандарт банкнаас нийтдээ 109.9 сая ам.доллар зээлсэн асуудал илэрч Ш.Батхүү зээлийн баталгаанд Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар дууриалган зурснаа хүлээн зөвшөөрч байв. Тэрбээр, 2013 оны зургадугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд илгээсэн албан бичигтээ “Стандарт банкинд гаргаж өгсөн Д.Сугар нарын гарын үсэгтэй гэх бүх баримт бичгийг “Жаст” группийн зүгээс үйлдэж явуулж байсан ба “Эрдэнэт” үйлдвэрийн тэр үеийн удирдлага энэ үйлдлийн талаар огт мэдэхгүй байсан болохыг үүгээр тодорхойлов” гэсэн байдаг.
Тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Наранхүүгийн хувь эзэмшигч талуудад илгээсэн албан бичиг
Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар дууриалгаж байснаа нотолсон 2013 онд Ш.Батхүүгийн гаргасан тодорхойлолт
Лондон дахь Олон улсын Арбитрийн шүүх энэ асуудлыг шалгаж хэлэлцэх явцдаа Д.Сугарын гарын үсгийг мөн эсэхийг мэргэжлийн шинжээчээр тогтоолгохоор нэр хүндтэй шинжээч, лабораторид хандсан байдаг. Тодруулбал, 2014 онд Их Британийн “Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн албан ёсны дүгнэлт байна. Энэ дүгнэлтэд дурдсанаар тус лаборатори Д.Сугарын жинхэнэ гарын үсгийг зээлийн гэрээний баталгаа дээрх гарын үсэгтэй харьцуулан шинжлээд “Энэ нь хуурамч, жинхэнэ гарын үсгийг дууриалгах оролдлого мөн” гэсэн дүгнэлт гаргажээ. Энэхүү дүгнэлтийн англи эхийг орчуулгыг зургаас харна уу.
2014 онд Их Британийн “Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн албан ёсны дүгнэлт
2014 онд Их Британийн “Жайлес” /Giles/ баримт бичгийн шинжилгээний лаборатори ХХК”-ны шинжээч доктор Оудрей Жайлес /Audry Giles/-ийн албан ёсны дүгнэлтийн орчуулга
Энэхүү шинжилгээний хариуд доктор Оудрей Жайлес '...Энэхүү Q19, Q30, Q36 гурван бичиг нь ноён Сугарын жинхэнэ гарын үсэг зурсан бичиг баримт биш болох нь хөдөлшгүй баримтаар нотлогдож байна' гээд учир шалтгаан үндэслэлүүдийг нь дурджээ.
Лондонгийн Олон улсын Арбитрийн шүүхийн захиалгаар тухайн гарын үсэг хуурамч эсэхийг шинжилсэн шинжээчид ийм дүгнэлт гаргасан болохоор 2009 оноос хойш гурван удаагийн үйлдлээр “Стандарт” банкнаас авсан зээлд төрийг төлөөлж хэн нэгэн баталгаа гаргаж өгөөгүй нь тодорхой болж байна. Хэрэв үүнийг энэ өнцгөөр ингэж харвал хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хоорондын гэрээ зөвшилцөл бөгөөд асуудлын гол нь зээлдэгч “Жаст” группийн Ерөнхийлөгч Ш.Батхүү залилан мэхлэх замаар дээрх зээлийг авсанд эдүгээ ингэж буух эзэн буцах мөр нь бүдгэрч ээдрээ үүсгээд байгаа юм. Нөгөө талаасаа зээл олгохдоо гоомой хандаж хуурамч гарын үсэг тэмдэгтийг нягтлаагүй “Стандарт” банкны хариуцлагын асуудал ч яригдах учиртай мэт.