Баянхонгор аймгийн МАН-ын дарга Мягмарсүрэнгийн Баярмагнай манай зочноор уригдлаа. Бидний яриа та бүхний таалалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна. 

-Баярмагнай гэдэг Хөдөө аж  ахуйн яамны газрын дарга, яралзсан сэхээтэн залуутай нэгэн ургац хураалтын үеэр танилцаж байсан. Хэд хоногийн өмнө уулзах санаатай сураглалаа. Та алга. Сэтгүүлч бидний хувьд мэргэшсэн яам гэдэг бол мэдээлэл авах хамгийн найдвартай эх сурвалж. Тэгээд асууж сураглалаа, ажлаа өгсөн гэх товчхон хариу авав. Ингэхэд хаашаа явчихсан бэ. Ажил төрөл тань юу болсон бэ?
-Сонгуулийн дараа ер нь л уур амьсгал өөрчлөгддөг шүү дээ. Бид ч яахав ажлаа хийгээд байж байсан. Угаасаа төрийн албаныхан хийдгээ хийгээд л байж байдаг. Тэгж байтал нэг өдөр л шинэ сайд томилогдож ирдэг. Дараа нь Төрийн нарийн томилогдож ирдэг. Иймэрхүү өөрчлөлтүүдийн үеэр ер нь нийт ажил төрөл зогсонги байдалд байдаг л даа. Бүх яамд адилхан. Тэгээд яахав, энэ ямар шинэ зүйл юм биш. Шинэ сайд томилогдтол ажлаа хийгээд л явж байлаа.

-Намайг яах бол гэсэн бодолтой л явцгааж  байх уу?
-Би бол тэгж бодоогүй.

-Яамдуудын алба хаагчид нэлэнхүйдээ л тийм байр байдалтай байх юм байна?
-Нэг өдөр Төрийн нарийн дуудсан. Чиний ажлыг авах хүн ирсэн байна. Ойлгож байгаа биз дээ.  Доошоо буугаад ажлаа хүлээлгээд өгчих л гэсэн. Би тэгье л гэсэн. Ийм л юм болсон.

-Ямар ч хариуцлага алдаагүй, ажлаас чөлөөлөгдөх үндэслэлгүй ийм тохиолдолд газрын даргаас чөлөөлж байгаа болохоор оронд нь өөр ажил ядаж санал болгоно биз дээ?
-Чөлөөлж байгаа газрын дарга нарт мэргэжилтэн хийх үү гэдэг юм билээ. Энэ мэдээж асуух ёстой зүйл байх л даа. Уучлаарай, би мэргэжилтнээр ажиллахгүй л гэсэн.

-Та яг аль газрынх нь  дарга байлаа?
-Би хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга байсан. Найман салбарыг хариуцдаг. Тухайлбал, арьс шир, ноос ноолуур, оёдол, ой мод, хоршоо, ахуй үйлчилгээ зэрэг салбарыг хариуцахын зэрэгцээ 100 гаруй мянган хүнийг ажлын байраар хангадаг. Түүхий эд, мал аж ахуй суурилсан буюу барилгын салбараас бусад нь манайд харьяалагддаг гэхэд болно.

-Таны оронд очсон хүн урьд нь ядаж яамандаа ажиллаж байсан хүн биз дээ?

-Үгүй. Өмнө нь төрийн бус байгууллагад судалгаа шинжилгээний ажил хийдэг байсан хүн. Өөрөө надад тэгж хэлнэ лээ.

-Төрийн алба гэдэг зүйл ер нь юу болж хувираад байна вэ. Өөрөө бол ажлаас чөлөөлөгдсөндөө нэг их эмзэглэхгүй байгаа юм байна. Ер нь хөндөгдсөн газар болгонд эмзэглэл цуглаж байдаг. Одоогийн байдлаар төрийн алба хаа сайгүй бужигнаж байна. Уг нь төрийн албыг намын харьяаллаас салгах том шинэчлэлийн суурь тавигдсан. Гэвч төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага маань өөрөө улс төрөөс салангид тусгаар тогтнож чадсангүй гэж хувьдаа би хардаг. Маш олон хүн ажил төрөлгүй болж байна. Ард нь хүмүүсийн амьдрал хөндөгдөж байна. Манай энэ ганхаа савлагаа хэзээ арилах юм бол?

 -Үүн дээр үнэхээр их санаа зовдог. Нэг нам нь төрийн эрх авлаа, улс төрийн энэ өөрчлөлтийг дагаад яам агентлагуудад бодлого тодорхойлох зарим нэг хүн ирдэг. Сайд, төрийн нарийн, дэд сайд гээд. Байдаг л үзэгдэл, байх ч ёстой. За больё, газрын даргын хэмжээнд ярья л даа. Ирлээ, явлаа гэж бодъё. Ийм юм байж болох байх. Миний ганц санаа зовдог юм бол одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийг л аль аль улс төрийн хүчин нь мөрдөх ёстой. Төрийн алба гэдгийг тойрч бид алдаа оноогоо 15 жил ярьлаа. Үзсээр байгаад төрийн мэргэшсэн алба байх ёстой юм байна, нам бус байх юм байна, хэнээс ч үл хамааралтай оршин тогтнох учиртай юм байна, тогтвор суурьшилтай бай ёстой юм байна гэдэг нэгдсэн шийдэлд хүрсэн. Энэ нь төрхөө олж, тогтворжиж ч амжаагүй байхдаа ингээд эвдэрчих гээд байгаад л миний санаа зовж байна. Нөгөө нэг асуудал нь ийм халаа сэлгээ аль ч үед явлаа шүү дээ. Энэ нь өөрөө ямар их муу үр дагавар дагуулдаг вэ гэдгийг бид мэднэ. Миний хувьд, залуу хүний хувьд бодоход залуу хүн төрийн албанд ажилд ордог. Өргөдлөө өгөөд, шалгалтаа өгөөд, улс орныхоо төлөө зүтгэнэ дээ гэсэн гэрэл гэгээтэй бодол тээж, юу ч мэдэхгүй нөхдүүд орж ирдэг. Гэтэл туршлагажаад ажиллаад явж байтал нь засаг солигддог. Аль засгийн үед ажилд орсноос нь хамаараад дараагийн засагт гарсан хүмүүс харьяаллыг нь тамгалчихдаг. Энэ тэр үед орсон, тэрний л хүн байх гээд шууд хувь заяаг нь шийддэг. Ингэхээр залуу үе үзэл бодлоороо биш, халагдах солигдох тэр жижигхэн асуудлаас болоод нэг намын дэмжигч болж хувирдаг. Хамгийн инээдтэй нь энэ. Магадгүй залуус зүв зүгээр төрдөө алба хашч яваа гэсэн тэр ариун итгэл үнэмшлээ тасдуулж, мөрөөдлөө гишгүүлсэнээсээ болоод л үзэл бодол нэгдэхгүй намыг дэмжих шаардлагатай болдог. Энэ бол нууц биш. Ийм жишээ дүүрэн байна. Залуус ярьдаг. Энэ нь надад их эмгэнэлтэй санагдаад байгаа юм. Ингээд нэг төлөвших гээд шат шатаар ахиж, төрдөө зүтгэх гэж ядаж явахад нь намын тамга тэмдэг дараад хаячихдаг. Хүн л болсон хойно эд нар л намайг халсан юм чинь би нөгөө талд ажиллахаас аргагүй юм байна гэж ойлгодог. Төрийн алба тогтох гэж ядан явах замд алдаа оноо гаралгүй яах вэ. Арай нэг зүгшрүүлээд явах зүг чигийг хамтдаа гаргачихаад буцаад устгачихаар харамсалтай л байна даа. Тэгэхээр одоо хэн ч ажилд орно, авна гэдэг асуудлыг танил тал гэж ойлгохоос яахав. Нөгөө талаас төрийн албан дээр сайжруулах юм зөндөө л байгаа. Үүн дээр ажиллах ёстой. Яаж сайжруулах вэ. Халдашгүй төрийн алба, халдашгүй эрх гэж ярьдаг даа. Олон дотор алдаа оноотой хүн байна, сайн ч хүн байна, муу ч хүн байна. Төрийн албыг бас мөнхийн сууц, мөнхийн албан тушаал юм шиг боддог албан тушаалтан зөндөө бий. Тэгэхээр энэ бүхэнтэй хаана яаж хариуцлага тооцож байх юм. Төр нь өөрөө дархлаа тогтоох, сургалт семинар юу хийдэг юм, тэрийг хийх хэрэгтэй. Нөгөө талаас сурч чаддаггүй, цааш нь өөрийгөө хөгжүүлж явж чаддаггүй хүн бол албыг зогсонги л  байлгаад байдаг. Тэгэхээр тогтолцоогоо өөрийг нь ил тод байлгах хэрэгтэй. Залуу үеийг оруулж ирэх хэрэгтэй. Жишээлбэл, тэдэн жил төрийн алба хашсан байх ёстой гэх мэт босго чинь өөрөө залуу хүмүүст хаалт болж байна. Дөнгөж сургууль төгссөн, залуу хүмүүс олон газар ажилласан хүмүүсийг бодоход ажлын туршлага мэдээж бага байгаа. Тэгээд тэднийг яах юм бэ. Татаад явах татаасгүй бол босгоны цаанаас буцаад л байх уу. Гэх мэтчилэн төрийн албыг дотор нь сайжруулах юм байна уу гэхээс байхгүй болгоно гэдэг бол өөрөө их амархан шийдэл. Ийм л байдалд л би санаа зовдог юм.

-Хөдөө аж ахуйн яам хэдэн газартай вэ. Газрын дарга нар нь бүгд одоо халагдсан уу?
 -Нэг газрын даргаас бусад нь ажлаа өгч байна.

 -Өнгөрсөн зун бид ээлжит улс төрийн сонголтоо хийлээ. Эрх барьж байсан МАН-ын хийж хэрэгжүүлсэн ажлуудаас хамгийн өндөр ретингтэй салбар Хөдөө аж ахуйн салбар байсан. Сонгуульд орохдоо зүүн гартаа атгасан нэг том туг нь энэ салбарын амжилт ололт байсан байх. Ургац хэр хэмжээтэй авав, мал аж ахуй ямар амжилтад хүрэв. Бүгд л алга ташиж байсан ?
-Санал нэг байна.

-Гэтэл тэр салбарын яамны бүх газрын дарга нарыг ажлаас нь халж байх юм. Энэ их ойлгомжгүй байна л даа. Т.Бадамжунай сайд, Төрийн нарийн Т.Гантулга хоёрыг үнэхээр сайн дуэт гэж харсан. Энэ хүмүүсийн удирдлаганд ажиллахад ямар байв аа?  
-Би ажлын үр дүнгээс нь эхлээд яръя. Манай ард түмэн атрын гуравдугаар аян хэр амжилттай хэрэгжсэнийг санаж байгаа байх.  Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдлын баталгаанд тулгуур болж өгсөн нэг том ажил. Хүнсний хэрэгцээгээ дотооддоо бэлдэж хангана гэдэг өөрөө маш том асуудал. Хүнсний ногоо, газар тариалан, мал аж ахуйн талбарт үнэхээр үсрэнгүй ахиц гарсан. Тусгаар тогтносон улс бол хүнсний аюулгүй байдлаа хамгийн нэдүгээрт хангах хэрэгтэй байдаг. Энэ ажлыг өнгөрсөн засгийн газар хийсэн чадсан. Монгол улс 50 сая малтай боллоо. Бүгдийн нүдэн дээр бүлтийж байгаа бодит ололт мөн үү мөн.

- 50 сая чинь социализмын үеийн рейтингийг эвдсэн тоо гэсэн үү?
-Эвдсэн. Түүхэнд байгаагүй тоо. Ургацыг дотооддоо 100 хувь хангаж, энэ жилээс экспортлох асуудал яригдаж байгаа. Өнгөрсөн жил энэ асуудлыг хэлэлцэж, амжилттай гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн.

-Урд хөршөөс вагон вагоноор хүнсний ногоогоо зөөдөг байсан. Саяхан би нэг гаалийн байцаагчаас энэ талаар лавлахад, тэр урсгалд маш том  өөрчлөлт гарсан  гэж ярьж байсан. Энэ үнэн үү?
-Үнэн. Энэ бол бодитой зүйл. Цаасан дээр ч тэр, амьдрал дээр ч тэр харагдаж байгаа байх аа. Өнгөрсөн дөрвөн жилийн ХАА-н слбарын ололт амжилт энэ хоёр хүнтэй маш их холбоотой. Хамт ажиллахад амар хүмүүс байсан. Залуучууд, газрын дарга, бодлого тодорхойлогчид, доод албан тушаалтан, мэргэжлийн төрийн албан хаагчидтайгаа нэг баг болж ажиллаж чаддаг. Мэдээллийг маш сайн боловсруулж, хурдтай, зөв шийдвэр гаргахын хажуугаар  хамгийн гол нь ажилчиддаа итгэдэг байсан .

-Хардаж сэрдээд байвал ажил явахгүй байх шүү?
-Тийм зүйл огт байдаггүй. Маш зангарагтай хүмүүс. Бодлогын асуудлаа маш хурдтай шийддэг байсан. Манай яаманд голцуу залуучууд ажилладаг. Би өмнө нь банкны системд ажиллаж байхдаа жижиг дунд үйлдвэрлэл, ЖДҮ-ийн ажлын байр зэрэг асуудлуудыг хариуцаж ажиллаж байсан учраас тодорхой туршлагатай байсан. Тэгээд тэр туршлага дээрээ суурилаад жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн захиралаар гурван жил ажиллаж, сүүлийн жил хөнгөн үйлдвэрлэлд ажилласан. Өнгөрсөн засгийн үед  Т.Бадамжунай сайдын бодлогын хэмжээнд ярьж байсан олон зүйл байгаа. Одоо шинэ засгийн газар уламжлал болгоод явж байна. Үйлдвэрийн түүхийн эд, үйлдвэрлэл хоёрыг салгаж боломгүй байсан юм. Хуучин Үйлдвэр Худалдааны Яамнаас  гадна Хөдөө Аж Ахуй Яам тусдаа байлаа. Малын тоо түүхий эд нь нэг газар, нөгөө талаас түүхий эд малын тоогоос хамаарсан үйлдвэрлэл нэг газар байсан. Үйлдвэрийн бодлогоо хамгаалах яам нь нөгөө яамтайгаа одоо зөрчилдөж байгаа юм. Махны үнэ өсөхөөр үйлдвэрлэлүүд гомдолж, түүхий эд нь өсөхөөр малчид баярлаж байсан. Түүхийн эд өсч тогтворгүй байснаар үйлдвэрлэл уналтанд орж бодлого хоорондоо зөрчилдөж байсан юм.  Малаас гаргаж байгаа бүтээгдэхүүн бол эцсийн бүтээгдэхүүн хэмжээгээрээ нэг цикл. Тэгэхээр нэг яамд эцсийн бүтээгдэхүүн хүртэл хэмжээ нь нэг цикл болгож, бодлогын хэмжээнд болгохоор Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам болгосон нь их зөв байсан.



-Бид нэг удаа Сэлэнгэд томилтоор явж байхдаа махны гайхалтай гоё үйлдвэр үзэж байсан. Малын сэвсийг боловсруулж бордоо хийдэг, эврийг нь хүртэл эмийн үйлдвэрт шилжүүлдэг орчин үеийн махны үйлдвэр байсан. Тэр үйлдвэр одоо хөл дээрээ боссон уу?
-Энэ үйлдэр хөл дээрээ боссон. Малын дайвар бүтээгдэхүүнийг бүгдийг нь дахин боловсруулж, малаас хаях юм ганц ч гаргахгүйгээр эцсийн бүтээгдэхүүн болгож, дотооддоо хэрэглэхийг нь хэрэглэж гадагшаа экспортлох хэмжээнд бэлддэг болсон.

-Жижиг дунд төвшний олон сонирхолтой үйлдвэр байгуулагдсан байна лээ. Одоо тэр тоо нэлээн нэмэгдсэн биз дээ?

-Шинээр 1000 гаруй жижиг дунд үйлдвэр байгуулагдсан байгаа. Үйлдвэр гэхээр хүмүүс махны үйлдвэрийг хайдаг. Бүгд махных биш. Орон нутагт нэг сүүний цех байгуулагдаж байна гэхэд энэ нь жижиг үйлдвэрлэл бий болж , хүмүүс ажлын байртай болж байна л гэсэн үг л дээ.

-Би зочноо уншигчиддаа таницуулмаар байна. Хаана төрж өссөн бэ, хаана сурч боловсрол эзэмшив. Ингэхэд  өөрийнхөө тухай ямар ч мэдээлэл өгсөнгүй?
-Би их товчхон намтартай хүн. Баянхонгор аймгийн төвд төрсөн. 1990 онд Баянхонгорын нэгдүгээр арван жилийн сургуулийг  төсч, МУИС-ийн дэргэдэх Герман хэлний инженерийн бэлтгэлд элссэн. Дараа нь шалгалтаа өгөөд Зүүн Германд боловсрол эзэмшихээр явахаар болсон. Яагаад ч юм би долдугаар ангиасаа л Германы инженерийн бэлтгэлд орно гэж мөрөөдсөн юм. Тэгээд элсэж орсон. Харин харамсалтай нь 1990 онд хоёр Герман нэгдэж гадаад асуудлаа зогсоож, дотоод асуудлаа зохицуулна гээд нөгөө явж байсан үйл явцыг хаасан. Тэгээд л явж чадаагүй. Германы инженерийн бэлтгэлд суралцаж байсан дүнгээрээ дотоодынхоо сургуульд орсон. Тэгээд хэрэглээний математикийн ангид орж сурсан. Өөрөө ч математикт суурьтай байсан. Нэг сар гаруй сурч байтал гадагшаа сурах боломж олдсон.

-Хашаа?
-Румын руу явсан. Бухарестын Эдийн засгийн академид элслээ. Их сайн сургуульд орсон.

-Инженер болохыг мөрөөддөг  байж байгаад эдийн засаг руу явчихаж ?

-Харин тэгсэн. Хувь тавилангаар гэх юм уу даа.

-Таны үеийг одоотой харьцуулахад мэдээлэл хомс байлаа шүү дээ. Ер нь аймгийн төвийн хүүхэд Германы инженерийн бэлтгэлийг мөрөөдөх болсон анхны шалтаан юу байв?
-Би байнга л инженер болно гэж мөрөөдөөд байдаггүй байсан л даа. Дөрөвдүгээр ангид байхдаа математикийн багш болно гэж боддог байлаа. Манай ангид математик зааж байсан багш маш ойлгомжтой заадаг байсан юм. Одоо бурхан болсон. Ойдов гэдэг багш байсан. Надад математикийн хичээлийн суурийг тавьж өгсөн хүн. Энэ багш хүүхдүүдэд математикийн хичээлийг гайхалтай ойлгомжтой заадаг. Тооны даалгавар өгчихөөд ганц л зүйл асуудаг байсан. Юу гэхээр хэн түрүүлж бодох вэ л гэдэг байсан. Яагаад гэхээр бүх хүүхэд бодож чаддаг байсан хэрэг л дээ. Энэ хүнийг хараад л математикийн багш болно гэж зургаадугаар анги хүртлээ мөрөөддөг байлаа.  Долдугаар ангиасаа математикийн олон олимпиадад орж, сайхан амжилтуудыг үзүүлсэн. Энэ бүгд ч нөлөөлж байсан байх. Баянхонгор чинь жижигхэн хөдөө газар шүү дээ.  Дээд, доод ангийнхаа хүүхдүүдийг их таньдаг байсан. Дээд ангийн ах, эгч нар тэр үед гадаадад, ялангуяа Орос руу явж их суралцдаг байсан. Бид ч гадагшаа явна л гэж ярьдаг байсан. Тэр үед Оросд сурч байгаа оюутнууд амралтаараа ирж олон сонирхолтой зүйлийг ярьж өгнө. Энэ үеэс л энэ ах эгч нар шиг болох юмсан гэж бодогдож эхэлсэн. Германы инженерийн бэлтгэлд суралцаж байгаа оюутнууд Оросын оюутнуудаас арай өөр харагдана. Гадаад байдал, стиль имиж, өөрийгөө авч яваа байдал нь их анхаарал татна. Тэгээд л тийшээ явж сурахыг мөрөөдөж эхлэсэн. Германы инженерийн бэлтгэлд орж, хэлийг нь сурч эхэлсэн . Гэвч хувь заяа өөр тийш нь эргүүлчисэн. 

-Герман хэлтэй юу?
-Герман хэлтэй. Нэг жил сурсан хэрнээ сайн сурсан шүү. Германы инженерийн бэлтгэлийн ангид аймаг, хотын  онц сурлагатан  буюу алттай медальтай төгссөн мундаг хүүхдүүд цугласан байсан. Тэр дунд өрсөлдөөн явагддаг байсан. Тэр өрсөлдөөн л хэл сайн сурахад нөлөөлсөн байх.

-Алттай медальтай төгсөнө гэдэг анхны хамгийн том нэр төрийн баталгаа биз дээ?
-Хүүхэд байхад мөн чанарыг нь сайн ойлгодоггүй байж. Алтан медальтай төгсөх юм сан гэж  л боддог байсан. Арван жил, бүх улирлын турш онц сурсан сурагчдад өгдөг байсан л даа.  Харин дараа аравдугаар ангиа төгсчихөөд би их зүйл бодсон. Би их хариуцлагатай байж, үргэлж дээшээ тэмүүлж байх ёстой юм байна гэж ойлгосон. Учир нь намайг алттай төгсгөсөн  багш нар, нутаг орон, анги хамт олныхоо өмнө хариуцлагтай байх хэрэгтэй гэж ухаарсан хэрэг.  

-Танай сургууль их мундаг сургууль байсан юм шиг байна. Зохиолч Г. Аюурзана, Н .Дэмбэрэл эд нарын ангийнхан гэхэд үнэхээр мундаг анги байсан гэсэн?
-Г.Аюурзана зохиолч маань хоёрдугаар арван жилийг төгссөн. Баянхонгорт тэр үед хоёр арван жилийн сургууль байдаг байсан. Энэ хоёр сургууль бүх зүйлээрээ өрсөлдөнө. Багш нараараа, хүүхдүүд нь хичээлээрээ спорт, урлагаар өрсөлдөнө. Өрсөлдөөнийг дагаж хүүхдүүд нь их хөгждөг байсан. Анги дотроо өөрийгөө хамгаалж онц сурна, цаашаа сургуулиа хамгаалах хүсэл тэмүүлэл үргэлжилнэ. Аюурзана Дэмбээ нарын үед ч яг ийм л зүйл болдог байсан байх. Надаас хоёр ангийн дээр төгссөн. Үйлдвэрчний эвлэлийн Ганбаатар тэд нар нэг үеийнхэн. Ганбаатартай математикийн олон тэмцээн уралдаанд бэлдэж, волейбол цуг тоглодог байсан. Ганбаатар гишүүний төрсөн дүү нь бас манай ангийн сайн матетатикчдийн нэг байсан. Ганбаатарын аав нь математикч, математик сэтгэлгээтэй хүн байсан. Хүүхдүүд нь ч мөн тийм.  Бид их өрсөлддөг, цуг тоглодог хүүхдүүд байсан.

-Бухарестын Эдийн засгийн академи бол том сургууль. Тэнд төгссөндөө одоо харамсдаггүй биз дээ. Таны үед монголчууд хэр олон сурч байсан бэ?

-Румын улстай манай улс олон жил эдийн засгийн хамтын ажиллагаатай байсан. 1997 оноос хоёр орны бизнесийн харилцаа муудаж зогсонги байдалд орж, хоёр тал элчин сайдын яамдаа хаасан. Элчинг нь одоо өөр газраас хамаарч байгаа. Уг нь жил болгон монголоос 5-6 оюутан Румыны Засгын газрын зардлаар суралцдаг байлаа. Одоогоор 60- 70-аад оноос хойш  төгссөн 100 гаруй хүн байна. Би Румын-Монголын андууд нийгэмлэгийн тэргүүний алба хашч  байна.

-Хэдэн жил сурч төгсөх үү?
- Хэлний бэлтгэлд нэг жил сууна. Мэргэжлээсээ хамаараад 5-8 жил сурдаг. Анагаах бол их удаан сурдаг. Бухарестын Эдийн засгийн академи бол маш том сургууль. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, багш нар нь олон улсаас ирж багшилдаг, эдийн засгийн ганц нэртэй сургууль нь.

-Аль ч ард түмэнд өөр өөрийн онцлог бий. Румынчууд ер нь ямархуу хүмүүс вэ?
-Румынчууд соёлтой, тусархаг хүмүүс. Хамгийн анхны шинж чанар нь ерөөсөө л энэ хоёр. Хүнтэй тийм айхтар ойртоод байхгүй. Ойртвол сайхан ойртоно. Би гадаад оюутны өнцгөөс ярьж байна шүү дээ. Гадаадын хүнд маш соёлтой хандана, их хүндэлнэ. Төгссөнөөсөө хойш гурав, дөрвөн удаа очсон. Ажлаар хоёр удаа, хувиараа нэг очсон. Хүүхэд байхдаа, 18 нас ч хүрээгүй байхдаа очсон болохоор санаад байдаг юм. Тэнд би долоо, найман жил амьдарлаа. Жинхэнэ төлөвших насандаа тэнд байсан, тэнд гэр бүлтэй болсон. Тийм болохоор санаад байх юм. Хоёр дахь эх орон шиг минь л болчихсон. Би Румыны ард түмэнд өртэй гэж өөрийгөө боддог.

-Таны ээж, аав тань ямар ажил хийдэг хүмүүс вэ?

 -Ээж аав хоёр маань хоёулаа эмч. Аав чих, хамар, хоолойн их эмч, ээж эмэгтэйчүүдийн их эмч. Аав маань мэргэжлээрээ нэлээд олон жил ажиллаж байгаад сүүлд удирдах ажил хийсэн. Баянхонгор аймгийн цусны станцын эрхлэгч хийж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Аав маань бурхан болсон. Ээж маань бол насаараа эмэгтэйчүүдийн эмч хийсэн. Маш буянтай ажил шүү дээ. Тухайн үед Баянхонгорын бараг л бүх эмэгтэйг хүүхдээ төрүүлэхэд нь эх барьсан тийм л их эмч хүн. Одоо тэтгэвэртээ сууж байна.

-Эмчийн гэр бүлд төрж өссөн хүүхдүүд ихэвчлэн эмч байдаг. Танай гэр бүлд эмч байна уу?

 -Эмч бий. Манайх ам бүл дөрвүүлээ. Миний хамгийн том ах Хосбаяр, Баянхонгор аймагт гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч байгаа. Тус аймгийн “Чандмань” компанид захирал хийдэг. Ганц эгчтэй. Эгчийг маань Дэнсмаа гэдэг. Эгч маань ээжтэй хамт хотод амьдардаг. Түүний удаахь Баярсайхан гэж ах маань АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Би айлын бага л даа.

-Баянхонгор руугаа нэлээн явна биз?

-Боломж л гарвал  явна. Сая төрийн ажил хийж байхад жилдээ нэг, хоёр зайлшгүй явдаг байлаа. Баруун бүсийн, сайн малчны зөвлөгөөн гээд л ажлын шугамаар зайлшгүй явах шаардлага гардаг.

 -Улс төрийн ээлжит нэгэн сонгууль болох гэж байна. Өөрийг тань сонгуульд нэр дэвшихээр шийдсэн гэж сонссон. Энэ шийдвэрийг гаргасан хувийн шалтгаанаа хэлж болох уу?
-Би нэр дэвшихгүй. Хуулиараа 180 хоногийн өмнө оршин суугч маань шилжин суурьшсан байх ёстой. Би Баянхонгор аймгийн МАН-ын даргаар ажиллах болоод удаагүй байна. Нэр дэвшихгүй, харин намаа удирдаж сонгуульд орно. Энэ намыг сонгосон, улс төрд орсон шалтгаан гэвэл цэвэр хувь хүний үзэл бодол. Улс төрийн намуудын нийт төлөвшил үндсэндээ 1990 оноос явагдсан гэж би үздэг. Тйи болохоор миний сонголт энэ нь л илүү туршлагатай, энэ нь л ерэн настай нэр хүндтэй нам гэдэг хүчин зүйл дээр суурилаагүй. Яагаад гэхээр зах зээлийн нийгэмд ороод л шинэ системд өөрөө тандалт хийж эхэлсэн. Яаж оршин тогтнох юм, олон ургальч үзэл гэж чухам юу юм гээд өөр өөрсдийн эрлийг хийсэн жилүүд байсан. Энэ замдаа ард түмэн нь ч, нам хүчнүүд нь ч төлөвшөөд явсан. Би эдийн засгийн хүн болоод ч тэр үү, Монгол Улс эдийн засгийнхаа хувьд яаж хөгжих ёстой юм бэ гэдгийг л бодож явдаг. Би өөрөө зүүн төвийн үзэлтэй хүн. Бид дундаж давхаргаа хөгжүүлж байж л дээшээ хөгжих ёстой юм байна. Гэхдээ ардчилал, зах зээлийн нийгмийн өөрийнх нь зайлшгүй барьж явах ёстой зарчим гэж байна. 90 онд бидний олж авсан үнэт зүйлс гэж байна. Өмчтэй байх, амьд явах, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх энэ бүх эрх чөлөө бидний баялаг. Одоо харин яаж хөгжих вэ  гэдэг дээр л тойрч суух, ухаан бодлоо уралдуулах, хөгжлийн төлөөх бодлогоороо өрсөлдөх цаг. Бизнест төрийн ойролцоо хэр байх юм. Адам Стимийн сонгодог эдийн засаг, чөлөөт эдийн засаг, чөлөөт гар бүхнийг зохиуцуулна битгий оролц гэсэн нэг гарц байна. Аль нь зөв юм бэ гэсэн асуултад хүний ам таглан үнийг зах зээл зохицуулна, дуугүй байж бай гэж зарим нэг хүмүүс ярьдаг.  Тэгэхээр тэнд төр байх хэрэгтэй юм уу, үгүй юу. Төр зөвхөн эрүүл хөрс талбарыг бий болгоно гэж ярьдаг. Төр талбарыг бий болгох нэг асуудал, төр өөрийн зүгээс ямар хэмжээнд оролцож энэ зохицуулалтыг хийх ёстой юм гэдэг илүү чухал. Хэмжээг нь л ярьж байгаа юм. Монгол шиг жижиг улс орны хувьд бүх зүйл хараат байх нь асар аюултай. Ийм нөхцөлд монопол тоглогчид их гарч ирдэг. Зах зээлийн ийм нөхцөлд төрийн тодорхой бодлого хэрэгтэй байдаг. Жишээлбэл, газар тариалангийн, махны, ноос ноолуурын, арьс ширний үнийн асуудал дээр төр хэрхэн оролцож, малчдаа яаж дэмжиж, үйлдвэрлэлээ хэрхэн тордох юм. Төр татвараас хөнгөлж,  хөдөө аж ахуйн салбар руу ирэх татаасыг нэмэгдүүлэхэд эдийн засгийн нүдээр хардаг. Энэ нь МАН-ын барьж байгаа бодлоготой ойрхон учраас би энэ үзэл бодолдоо хатуу зогсдог.

-Намын дарга орон нутагтаа очиж амьдрах ёстой юу?
-Орон нутагтаа ажиллаж амьдрах ёстой.

-Та тэгээд нүүх гэж байна уу?
-Би нүүнэ.

-Гэр бүл тань зөвшөөрнө гэж үү?
-Мэдээж санал солилцоно. Өөрийнхөө хүсэл зорилгын төлөө хийж буй сонголт болохоор би гэр бүлийнхэндээ ойлгуулж ярилцсан. Хүүхдүүдээ яах уу, эхнэр маань ажлаа яах уу гэж бид олон зүйлийг ярилцаж, эцэст нь нүүхээр болсон. Би орон нутгийн сонгуульд намаа удирдаж орно. Олон хүний итгэлийг хүлээж, намыг шинэчлье, та нарын түүчээ болье гэж шийдэж уриалж байна. Тиймээс энэ алхам, энэ шийдвэрийн маань дэргэд нүүх нүүхгүй мэт нь гол асуудал биш юм л даа.

-Таныг Баянхонгорын намын дарга болсонтой зэрэг шахуу 500 сая төгрөг шамшигдуулсан асуудалд шалгагдаж байгаа гэж хэвлэлээр гараад эхэлсэн?
-Сонгууль дөхөхөөр л яриад эхэлдэг юм шиг байна лээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө намайг дуудаж тайлбар авсан. Би хамаагүй гэдгээ тайлбарлаж ойлгуулсан. “Аа, тийм байнаа. Уучлаарай” гэсэн. Тэгэхэд би ажлаа өгөөгүй байсан л даа. Маш товчоор хэлэхэд, УИХ-ын гишүүний гэгддэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шалгаруулалт, зарцуулалтын тухай юм. Би тэр тендерийн хороонд нь ороогүй, шалгаруулаагүй, мөнгийг нь тоолж өгөөгүй. Ашигласан, шамшигдуулсан юм надад юу ч байхгүй. Намайг улс төрийн зорилгоор гүтгэчихлээ, хэлмэгдүүлээ, хилсдүүллээ, яанаа ийнээ гээд ийш тийш дуугаа өндөрсгөөд явахгүй ээ, би. Одоо манай аймгаар намайг орон шорон руу явчихсан гэж хүртэл яриад эхэлсэн гэсэн. Нэгэнт би хамаагүй болохоор олны өмнө нүүр бардам байна. Инээдтэй л дээ. Энэ янзаараа бол УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулдаг мөнгөний асуудлаар жил бүрийн 76 тэрбумынх нь хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр шалгаруулалтад нь оролцсон бүхий л яамны сайд, газрын дарга нар, гишүүд өөрсдөө шалгагдаад, шийтгэгдээд явах юм байна л даа.

-МАН-ыг өнгөрсөн сонгуульд  ялна л гэж хүмүүс ярьцгааж байсан. Гэтэл их сонин дүн гарсан. Танай намын залуучуудтай ярилцаж байхад манай нам ялагдлаа. Гэхдээ одоо энэ тоос шорооноосоо босч ирмээр байна. Шок-ын байдал удаан үргэлжилж байна гэж ярих юм. Хөдөө орон нутгийн гишүүд ямархуу сэтгэл зүйтэй байна даа?
-Мэдээж олон жил засгийн эрх барьсан хүмүүст энэ удаагийн ялагдал хүндээр нөлөөлсөн. Гэхдээ бид чинь ардчилсан тогтолцоотой нийгэмд амьдарч байгаа хүмүүс биз дээ. Ялж ялагдах зүйл байх л ёстой. Бид асуудлыг тэгж л харж байгаа. Харин яаж ялагдсан гэдгээ дүгнэж, цаашид юу хийхээ бодох ёстой. Дүгнэлтээ богино хийж, цаашид яахаа томоор харах нь зүйтэй . Энэ бол энгийн зүйл шүү дээ.

-Орон нутгийн гишүүд ч тань шиг өөдрөг, эрч хүчтэй байна уу?
-Тийм ээ. Манай ард түмэн чинь аливаа зүйлд ухаалаг, их тийм  зөв талаас нь юмыг хардаг хүмүүс шүү дээ. Бид одоо цаашаа зөв л хөдлөх хэрэгтэй. Бас хурдтай байх ёстой. Явсан замаа цагт нь хуваахад хурд гардаг энгийн томъёог бид бүгдээрээ мэднэ. Улаанбаатараас 12 цаг явж ирдэг байсан бол одоо шинэ засмал замаар найм, есөн цаг давхиад Баянхонгор ордог болж байна. Хурдаа нэмэх урьдчилсан боломж нөхцлийг өнгөрсөн хугацаанд төрөлх аймагтаа бид бүрдүүлж чадсан учраас өнөөдөр хөгжлийн дардан замаар хөнгөн сайхан явах тухай ярьж байгаа юм. Хүмүүс юмыг их амархан мартдаг. Энэ бол Архангай эсвэл Баянхонгор, Америк эсвэл Монголд төрснөөс үл хамааран хүн болгонд байдаг зүйл байх. Энхэл донхол зам, лааны гэрэл, хүйтэн эмнэлэг, хүрэлцээгүй сургуулийн тухай бид мартаж эхэлж байна.

Хурдаа нэмье гэж тодорхой нэгж хугацаанд хийх ажлынхаа хэмжээг нэмье л гэсэн үг. Одоо бид 4 жилд тавьдаг байсан замыг 2 жилд, нэг жилд барьдаг байсан байшинг хагас жилд, нэг долоо хонуулж шийддэг асуудлыг нэг цагт шийдвэрлэх хурдын тухай ярьж байна. Сэтгэлгээний хурдаа нэмэхгүйгээр хөгжлийн алхааг хурдасгах тухай ярих боломжгүй. Асуудлыг  хурдан ойлгож, шуурхай томъёолж, шийдвэрлэх оновчтой гарцыг өөр өнцгөөс гярхай ажиглан олж чаддаг чанар бидэнд чухал байна.

-МАХН гэж танай намын хуучин нэрийг авсан шинэ хүчин байгаа. Хамгийн отгон хүчин. Энэ хүчний довтолгоо хөдөө орон нутагт багагүй төөрөгдөл дагуулж байгаа гэх юм ?
-Мэдээж тодорхой хэмжээнд төөрөгдөл байна. Та их зөв тодорхойлж хэллээ. Отгон хүчин гэж. Тийм ээ, энэ бол улс төрийн отгон хүчин бөгөөд шинэ нам гэж би хардаг.  Манай нам шат шатандаа анхан шатны хурал хийж, санал бодлоо солилцож, дараа нь их хурлаа хийж нам уугуул нэрээ сэргээн авах нь зүйтэй гэж үзсэн. Ардчиллын зарчмаар л шийдсэн. Эсэргүүцэж байсан гишүүд мэдээж байсан. Гэхдээ олонхийн саналаараа шийдсэн. Энэ нь зөв байсан. Дургүй байсан хүмүүс намаасаа гарч, энэ шинэ нам байгуулсан.Тэр хүмүүс улс төрийн олон тоглолт хийсэн. Улс төрийн тодорхой будлиан явуулж байгаа нь нууц биш. Гишүүдийн саналыг хоёр хувааж, төөрөгдүүлсэн. Манай намын ялагдалд энэ бүхэн тодорхой нөлөө үзүүлсэн. 

-Нэр солих нь хэзээ нэгэн цагт хийгдэх л байсан зүйл. Харин ард түмний тархинд сайн хоногшуулж, сурталчилж, тайлбарлаж чадаагүй.  Тэр тал дээр алдаа гаргасан гэж бодож байна. Харин та?

-Би яг өөрийнхөө бодлыг хэлье. Миний хувьд нэрээ сольсон нь зөв гэж боддог. 1990 оноос хойш тогтолцоо, үзэл санааны хувьд бүх намууд шинэ нам болсон. Ургальч үзлийн хувьд ч мөн адил. Харин нөгөө Х-гээ эргэж наагаад оноогоо аваад яваад байна гэж тооцож байгаа улсуудын хувьд сонгогчдыг дэндүү басамжилсан хэрэг. Сонгогчдын улс төрийн талаарх мэдлэг дутуу дээр хийж байгаа дулимагхан тоглолтууд их харагдаж байна л даа. энэ бүхэн цаанаа маш олон таагүй үр дагавар дагуулж байдгийг сая харлаа. Нөгөө талаас гэвэл аливаа юм өөрчилж шинэчлэгдэхэд араасаа заавал эрсдэл дагуулдаг. Тэр нь гарсан гэж хэлж болно.

-Батлахаа чулуудчихаад л МАХН руу гүйлдээд байгаа юм нээрээ байна уу. Шилжилт хөдөлгөөн хэр байна л гэх гэсэн юм?
-Баянхонгорт тийм зүйл байхгүй. Хотод бол хоёр гурван хүн нааш цаашаа орж гарах асуудал гарсныг үгүйсэхгүй. Гурван хүнийг  30 хүн болгож телевизээр цацаж, улс төр хийх нь инээдэмтэй зүйл шүү дээ. Бүх зүйлд цаг хугацаа хариу өгнө. Хүмүүс ухаантай шүү дээ.

-Та бүхний хувьд энэ дөрвөн жилийг дотооддоо хийх том өөрчлөлтийн жилүүд болгох боломжтой харагдаж байна?
-Би ч гэсэн тэгж бодож байгаа.

 -Хүчтэй, чадалтай, боловсролтой ийм залуу хөдөө явж байгаа нь сайхан бодол төрүүлж байна. Танд амжилт хүсье?
-Баярлалаа.