Урт наслах тусам гудамжинд бужигнах олон дотор таньдаг хүн харагдахгүй цөөрчих юм. Үеийнхэн хорогдоод л буй хэрэг. Гудманд зөрөх таягтай хөгшид намайг бас их ажиглах болжээ. Би ч тэднийг гөлөрч өгнө дөө. “За ашгүй энэ чинь миний хургийн хөгшин байна. Таньдаг хүн биш байгаа. Таньдаг хүн байвал хэдэн үг солиод авъя” гээд би тэднийг дальдардаг хүн дальдармаар ширтэнэ. Ингэж хүний нүүр лүү удаан гөлөрч буйгаа би мэдэхээ байсан зөнөг. Гудманд зөрсөн хоёр хөгшин бие биеэ хажуугийн улс гайхтал удаан цоо ширтэх нь хөгшчүүлийн нийтлэг өтлөлт болтой. Гэвч голдуу танихгүй хүмүүс байдаг тул тэгсгээд урамгүйхэн цааш зам замаа хөөнө.  

Саявтар би хуучин муухан таних
өвгөнтэй байрныхаа хажууд таарч олзуурхав. Тэр хэзээний их хувьсгалч. Том халцархай цүнх барчихаад хороо хориноор ухуулга хийж гүйдэг бөгөөд айлын зуудаг нохойд хонгодуулсан эх оронч зүтгэлээр нь би түүнийг таньдаг болсон юм. Яриа таарахгүй бол амыг нь дагуулаад жаахан хуучлаад авъя гэж би хорхойсов. Тэр нэлээд турсан авч нүдний нь харц жигтэйхэн догшин аймаар мөртлөө хоосон, яриа нь нэг л биш ээ. Тэр бээр ийш тийш хялалзаж, уур хилэн нь дотроо багтаж цөхөөд буй аятай, харсан бүхэнтэйгээ хэрэлдэх гээд ч байгаа юм шиг, сэтгэл санаа нь тайван бус, тогтворгүй, нэг үгээр хэлэхэд битүү их шаналж яваа нь андашгүй ажээ.

Тэр ш
үдээ сүрхий зууж бухимдсанаа өвдгөө ууртай дэлсээд,

-Ардчиллынхан намайг солиорсон коммунист
өвгөн гэж хочилдог болсон. Улаан коммунист, болъщевик шизотой гэж доромжлохыг яана. Би солиороогүй. Харин ардчиллынхан өөрсдөө солиорсон улс. Би эв эрүүл өвгөн. Солиорсон хүмүүсийн нүдэнд солиорсон хүн эрүүл харагдаад, эрүүл хүн солиотой харагддаг хууль бий. Энэ хуулийн үйлчлэлээр би ардчиллынханд солиотой хүн мэт үзэгдэж байгаа нь бас ч аргагүй гэж би эв эрүүл ухаанаараа дүгнэдэг. Нүүрс зэсийн ордууд заавал Хятадын хилд ойрхон илэрдэг нь миний уурыг бүр барж гүйцлээ. Үүнээс болж бухимдсандаа би ядаргаанд орох нь орсон. Эмч нар тэгж оншилдог нь үнэн. Ардчиллын солиотууд ах нарын дургүйг хүргэчихээгүй сэн бол Орос ах нартаа хэлээд тэр муусайн ордуудыг хойд хил рүү шилжүүлчих байсан юм гээд галзуу хүнийх шиг харцаар өөдөөс ширтэхэд нь би түүнээс ялимгүй холдож суув. Тэр цааш нь,

-Ах нарт чадахг
үй юм гэж байх биш ганцхан кноп дараад л Хятадын хилд ойрхон тэр муусайн ордуудыг хойд хилд тулгаад байршуулчихна. Ингээд ах нартайгаа дэлхий дахины нүднээс далд алт зэс нүүрсээрээ сайхан найрлахгүй юу. Тэнгэр газар шиг тэр их баялгийг ах нартайгаа хоёулхнаа хувааж идсэн бол өдийд Оюу толгой, Таван толгой гэх ямар ч хэрүүл маргаан гараагүй. Миний эв эрүүл ухаан эндээс чамд мэдэгдэж байгаа биз. Мэдэгдэж байна уу, үгүй юү? гээд над руу довтлов. Би шалавхан “тийм ээ мэдэгдэж байна” гэж толгой дохиод, түүнээс эртхэн холдохоор өндөлзлөө. Тэр миний ханцуйнаас доош дарж намайг суулгасан авч ханцуйг минь тавьсангүй, улам чанга атгаад, хэлсэн үг болгоноо надаар зөвшөөрүүлэх гэж ханцуйнаас дугтчив. Хэлсэн үгийг нь зөвшөөрөөгүй өчүүхэн төдий шинж гаргавал тэр яаж ч мэдэхээр царайллаа. Би айж эхлэв. Бас айснаа мэдэгдвэл тэр намайг баллах шинжтэй. Тэр миний ханцуйнаас хүчтэй дугтраад, 

-Манай энэ муусайн ардчиллын тэнэг
үүд, мань мэтийн эрүүл саруулаар сэтгэдэг хөгшчүүлийн үгэнд ороод, ашигт малтмалынхаа ордуудыг орос ах нараар кнопдуулахыг огт хүсэхгүй, Хятад Япон Солонгос Канад Америк Герман энэ тэр гэж сээхэлзээд ах нарыг гомдоогоод байгаа юм. Улааныг үзэж урвана, шарыг үзэж шарвана гэдэг чинь энэ дээ. Би бол социализмын үед юу ухуулж явлаа түүнийгээ л ярьж яваа хөгшин. Тийм байгаа биз? гээд аймаар нүдээрээ намайг цоо ширтэв. “Тийм байна аа” гэж дэмжвэл тэр миний ханцуйнаас өөр лүүгээ сүрхий татаж нүүрээ миний нүүрэнд ойртуулсан боловч багахан зөөлөрч гүнзгий санаа алдсанаа,

-Ахмадын тууштай ухамсар гэж нэг юм байна аа х
өө. Үүнийг ардчиллын муусайн гөлөгнүүд үнэгүйдүүлж дууслаа гэснээ нэгийг санав болтой царай нь гэнэт хувираад, -Хятадууд яагаад манайх руу довтолж чадахгүй байгаа шалтгааныг чи мэдэх үү? гээд намайг зодмоор ууралснаа (ер нь түүний царай огцом огцом гэнэт гэнэт хувирч байв) -Манайд нарийн төмөр зам байхгүй учраас довтолж чадахгүй байгаа юм. Үүнийг нь ах нар урьдчилж мэдээд Монголд өргөн төмөр зам тавьсан байхгүй юу. Ах нар Хятадыг мөн гоё дөнгөсөн байгаа биз. Ха-ха! Үүний гол учрыг ерөнхий сайд байсан Содном хүртэл ухаарахгүй, Таван толгой-Гашуун сухайтын 267 км, Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн 46-хан кмт нарийн төмөр зам тавья гэж сонин дээр тэнэгтсэн байна лээ. Хэрэв нарийн төмөр зам тавчихвал хятадууд пар гээд л бидний дээрээс үүл мэт нөмрөөд, өндийх аргагүй дарчихна биз дээ. Орос ах нарын тавьж өгсөн өргөн төмөр зам гэдэг чинь биднийг Хятадын аюулаас аварч байгаа манайдаа пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем. Содном хулгайчийн зөнөснийг эхо аппарат шиг оншилж чадаж байгаа миний ухааныг ардчилагчид  солиорсон гэж улс төржиж байна. Намайг толгой дээрээ гарчихвал эрүүл ухаан нь дийлдэхгүй гэж айж байхгүй юу. Содном цааш нь юу гэсэн гээч? Хятадын хил рүү нарийн царигтай төмөр зам тавьчихвал байгаль экологио сүйтгэхгүй болно гэж унгас алдсан байна лээ. Муу байгаль экологи юу юм бэ. Юу ч биш шүү дээ. Сая таван  зуун мянган хавтгай дөрвөлжин км газар шороог сүйтгэж яаж барах юм бэ. Хэлтлэх ч үгүй. Орос ахын цэргийн баазуудын хэдэн түмэн танк хуягтууд Монголд 1966 оноос 1992 оныг дуустал 26 жил хөндлөн гулд туучихдаа манай экологийг бүрэн сүйтгэж бараагүй л юм даа. Дөнгөж 188-хан нутгийг л улаанаар нь эргүүлж, усны нь ундаргыг сохолсон  байх. Огт шалиагүй.

Тоо баримт яривал т
үүний ухаанд торох янз алга. “Түй, муусайн ардчиллынхан” гэж газар нулмаад,

үнд даацын машинаар нүүрс зөөж, малын бэлчээрээ баллаа. Нүүрсний тоосонцортой холилдсон элс шороо битүү манарч, говийнхон цөм багтраа өвчтэй боллоо. Алж идсэн малын уушиг нил нүүрс болсон байна гэж говьчууд, зарим сэтгүүлчид сүр бадруулж байна. Тэдний оюун ухаан бас л биш ээ. Нарийн төмөр зам тавьж, хятадуудад эзлэгдсэнээс малын бэлчээргүй болоод багтраа өвчнөөр үхсэн минь нэрэнд цэвэр. Зөнөг Содном бас нэг ноцтой юм олж харахгүй байгаа хүн. Тэрийг нь миний эрүүл саруул ухаан тов тодорхой олж хараад байгаа юм. Юу вэ гэвэл, нарийн төмөр зам тавьчихвал Чойжилсүрэн Нямдорж Загджав гурвын коксжих нүүрс урд хөрш рүү тээвэрлэдэг 180 хүнд даацын аварга самосвалиуд сул зогсоод, тэр гурван эрхмийн бизнес шатаж орхино шүү дээ. Мөн төчнөөн тооны жолооч ажилгүй болно. Ээлжээр ажилладаг бол 360 жолооч хоолноосоо сална. Манайхан овоо олз омогтой яваадаа атаархдаг гажигтай улс юмсан хойно. Тэр гурвыг 150 долларын үнэтэй коксжих нүүрсээ 70-хан доллараар хятадуудад өглөө гэж шүүмжилж байна. Тэд чинь 70-аар өгөөгүй. 100 доллараар өгөөд, улсад татвараа 70-аар өгсөн гэж тушаадаг юм, эргүү малаа гэж намайг цочтол зандраад, -Хүнд байтугай малд ч гэсэн эрүүл өвчтэйн ялгаа их бий. Малаар бол би цоо эрүүл мал. Хятадын хилд ойрхон заяасан, эсэргүү ордуудаа уг нь орос ах нарын шинжлэх ухааны үсрэнгүй ололтыг ашиглан хойд хил рүү сэлгэж байршуулбал нэг мөр хамаг ажил эмхэрч миний санаа амархсан. Газар жаахан чичирч хөдлөнө л биз. Өөр шальтай юм болохгүй. Над шиг эрүүл ухаанаар алсыг хардаг хүн өнөө үед төр засагт маш чухал байна. Ардчиллын шаарнууд социализмыг идэж дуусчаад одоо бүр байтлаа Ленин багшийн хөшөөг зарж идэх гэнэ. Муусайн солиотууд эрүүл ухаанаар сэтгэдэг ганц намайг төр засагт ашиглахын оронд галзуу гээд нийгмээс тусгаарлаад байгаа юм даа. Гайгүй ээ, та нарыг орос ахдаа олиод Москва руу ачуулчихъяа гээд шүдээ хавирав.

Таньдаг
үеийн хөгшидтэйгээ уулзахын мөрөөс болж явдаг би хэнтэйгээ учрах нь энэ вэ гэж айхдаа ханцуйгаа түүний гараас яаж тавиулах вэ, босоод ухас хийвэл араас бариад авахгүй байгаа гэж сандарлаа. Үеийн минь хөгшчүүл янз янзаар л өтлөж явна уу даа. Үзэл суртлын хорлолд оюун ухаан нь гэмтсэн танил минь яасан өрөвдөлтэй вэ. Түүнийг минь эмчилээд өгдөг сэтгэл мэдрэлийн эмч эмнэлэг байна уу? Туслаач! 

2012-09-29