Сүхбаатар аймгийн Наран суманд амарч явахдаа нэгэн хүүтэй танилцсан юм.  Намайг гадаа нарлаж суутал нэгэн жаахан бор жаал уурга унан дуулангаа тоглох аж. Хүүгийн нэрийг З.Анандсугар гэнэ. Хэвлүүхэн тэр жаал бид хоёр түүний дуулж байсан дууны үгнээс  үүдэлтэй яриа өрнүүлсэн юм.

“Түмэн чиг олон ялааны  дундаасаа
Түнтгэр гэдэстэй ногоон батгана түрүүлээд нисэв ээ хө
 Асгаруулан мэлмэрүүлэн алаад яах вэ хө
Аргал түүгээд утаа тавьчихвал нисчихнэ шүү дээ хө”


Хүүг ингэж дуулахыг сонсоод би асуулаа.

-Энэ дууг хэн ингээд өөрчилчихсөн юм. Чи өөрчлөөд зохиочихсон юм уу?
-Мэдэхгүй.

Би түүнд соруултай ундаа өгтөл “баярлалаа” гэж хэлээд ууж байтал  соруул нь дотогшоо орчихов.

-Ээ золиг, шланк нь дотогшоо орчихдог юм байна ш дээ, энэ чинь.

-Наадахыг чинь соруул  гэдэг юм.
-Аан. Шланк шиг л юм байна.

-Чи ийм ундаа ууж үзсэн биз дээ?
-Тийм.

-Тэгвэл яагаад соруулыг нь шланк гээд байгаа юм?

-Шланк болохоор нь л ...

-Чи хэдэн настай вэ?
-Тав

-Том болоод ямар хүн болох вэ?
-Цэргийн дарга.

-Гоё юмаа. Чи ч мундаг дарга болох байх аа.
-Харж л байя. Би том болоод эхнэр авахгүй ээ.

-Яагаад?
-Ээж байгаа юм чинь.

-Ээж нь чиний  эхнэр болохгүй  шүү дээ. Хүн болгон л том болоод эхнэр авдаг.
-Би авахгүй ээ. Манай ээж гоё хоол хийдэг. Миний хувцсыг угаадаг.  Ээж хоёрхон савандаад л ямар ч хирийг арилгаж чадна. Ээжээсээ өөр эхнэртэй болчихвол хэрэлдээд хэцүү.

-Эхнэр болгон хэрэлддэг биш ээ.
-Мэдэхгүй ээ.

-Чи их гоё нэртэй юмаа.
-Мэдэхгүй ээ. Аав, ээж хоёр Андага гэж дууддаг. Зарим хүмүүс намайг Обама л гээд байдгийн.

-Яагаад. Чи Обаматай адилхан биш л юм байна шүү дээ.
 -Зунжингаа гадаа тоглоод хав хар болчихсон.

-Ингэхэд чи Обамаг мэдэх юм уу?

-Мэднэ. Америкийн Ерөнхийлөгч.

-Хэн чамд тэгэж хэлж  өгсөн юм?
-Зурагтнаас хараад мэдсэн.

-Монголын Ерөнхийлөгчийг мэдэх үү?
-Алийг нь?

-Алийг нь гэдэг нь юу гэсэн үг билээ. Ганцхан л ерөнхийлөгч байгаа шүү дээ.
-.....

-Чи их хэвлүүхэн ярих юм аа./Тэрээр дуугарсангүй. Мөрөө хавчив/. Чи дараа жил сургуульд орох юм байна..
-Тийм. Онц сурна.

-Сайн байна. Цэргийн дарга болох хүн чинь онц сурах хэрэгтэй шүү. Ингэхэд чи ямар цолтой болох бол?

-Том таван хошуутай

-Аан. Танай аав, ээж юу хийдэг юм?
-Аав заставт жа хийдэг. Зоригоо гэдэг.

-Тэр нь юу гэсэн үг юм?
-Жагсаалын дарга.

-Тэгвэл ээж нь...
-Зүгээр л дарга.

-Юуны дарга гэж..
-.....

-Та дахиж манай энд ирэх үү?

-Ирнэ ээ.

-Тэгвэл шланктай ундаа авчирч өгөөрэй
-Тэгнэ ээ.

-Чамд ах, эгч, дүү бий юу?
-Байгаа. Ах, дүү хоёр байгаа

-Дүү нь хэдэн настай юм.
-Нас хүрээгүй ээ. Бүр жаахан. Би тэрэнд заримдаа дургүй байдаг.

-Яагаад дүүдээ дургүй гэж?
-Хүмүүс надад бэлэг өгөхөө байчихсан. Тэрэнд л өгдөг. Заримдаа дүүдээ хайртай болчихдог.

-Яагаад заримдаа хайртай болчихдог юм?
-Том болохоор нь их хөмсөгтэй болгоно гээд ээж хар бэх түрхчихээр тэр мэдэхгүй инээгээд л байдаг. Орой гадагшаа авч гарахаар нь духан дээр нь зулын бадам юм уу, тогооны хөө түрхчихдэг. /дүүгээ төсөөлөн баахан инээв/

-Яагаад духан дээр нь хөө түрхдэг юм бэ?
-Мангас тэрийг авчихна гэж ээж бодоод байдгийн.

-Мангас байдаг юм уу?
-Байдаг. Та хараагүй юм уу?

-Үгүй ээ. Чи харсан юм уу?
-Харсан.

-Ямар юм тэгээд?
-Хадны цаана амьдардаг юм.  Өвөө тэр мангасыг Хадны мангаа гэж нэрлэдэг. Аймаар том биетэй, хар өнгөтэй, том амтай байдаг байхгүй юу. Орой болохоор гараад ирдэг юм. Сахилгагүй хүүхдийг бүтнээр нь залгичихдаг.

-Чи сайн хүүхэд юм чинь чамайг мангас идэхгүй байхаа...
-Үгүй ээ, та яаж мэдэхэв дээ. Би хааяа сахилгагүйтдэг ш дээ. Тэгээд  орой гэрийн гадаа ганцаараа гарч шээхээсээ айгаад байдгийн.  Тэр мангас намайг бас идэх санаатай байж мэднэ.

-Би тэгэж бодохгүй байна. Чи их сайн хүүхэд байна.

.....

-Ах нь юу хийдэг юм?
-Сургуульд сурдаг.

-Ахтайгаа эвтэй байдаг уу?
-Заримдаа уурлахаараа намайг зоддог.

-Чи уурыг нь хүргэхгүй бол чамайг зодохгүй байхаа.
-Та дүүгээ зоддог уу?

-Үгүй ээ.
-Би ч гэсэн том болоод дүүгээ зодохгүй ээ. Зодохоор өвдөөд байдгийн.  

-Чи их ухаантай юмаа.
-Мэднээ, ээж, аав, эмээ, өвөө бүгдээрээ намайг ухаантай гэдэг юм чинь.