Машиныг магадлавал яасан юм

УИХ-ын ээлжит сонгууль явагдаж дууслаа. Урьдийн адил бөөн маапаан дагуулсаар. Хамгийн их будлианыг санал тооллогын машинтай  холбон хүмүүс бухимдаж байна. Тойргийн хороод дээр ажилласан албан ёсны ажиглагчид ч өөрсдийн илрүүлсэн хуудуутай баримтуудыг хаа сайгүй ярьцгааж байгаа болохоор энэхүү шинэхэн машиныг тойрсон сэрдлэгийг өөрийн эрхгүй хөгжөөж байна. Автоматаар тоологдсон саналын дүн ажиглагчдад өгсөн дискний дүн зөрүүтэй гарсан баримт олон гарсан ч СЕХ төдийлөн авч хэлэлцэхгүй байгаа. Тухайлбал, 20 дугаар тойрог дээр гарсан будлианыг иш татъя. Сонгуулийн дүнгээр хоёр  мандаттай тус тойргийн сонгуульд О.Содбилэг, Л.Цог нар олонхийн санал авчээ. Гэвч хяналтын журмаар дахин тоолсон хэсгийн хороодын ажиглагч нарын мэдээлснээр автомат машинаар тоолсон нь бодит байдлаас зөрүүтэй байсан байх юм. Тухайлбал, 20 дугаар тойргийн 21 дүгээр хэсгийн хорооных зөрүүтэй гарсан талаар ажиглагчид нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Ардчилсан намын ажиглагчийн мэдээлж байгаагаар бол Орхон аймагт ажиллаж байгаа 38 хэсгийн хорооны саналын хайрцагаас зөвхөн хоёрхоныг нь санамсаргүй байдлаар шодож, саналын хуудсыг гараар тоолж, автомат машины дүнтэй тулгахад нэг автомат машин дээр гэхэд л найман ширхэг хүчингүйд тооцох саналын хуудсыг хүчинтэй гэж автомат машин уншсан байна. Энэ арай дэндсэн баримт байгаа биз дээ. Тэгэхээр бусад 36 хэсгийн хорооны автомат машины дүнг, дахин гараар тоолж тулгахад зөрчил гарахгүй гэсэн баталгаа байхгүй байж таарна. Ямар ч эрүүл саруул хүн энэ шаардлагыг тавина биз дээ. Тэгээд арга буюу зөрчил гарсан “Согоот” багийн 21-р хэсгийн хороонд болсон үйл явдлыг  протоколдож,  ажиглагчид болон хэсгийн хорооны ажилтнууд нь үнэн болохыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурцгаажээ. Ийм баримт байсаар байтал тус хэсгийн хороо санал хураалтын дүнг автомат машинаар уншсан сонгогчдын саналын дүнгээр эцсийн байдлаар мэдээлж, хэсгийн хорооны тогтоолоо гаргасан нь  сонгох сонгогдох эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэж Ардчилсан намын ажиглагчид үзэж байгаа юм байна. Улаан цайм юм гэж энийг хэлэхгүй юуг хэлэх юм бэ.

Иймд УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт санал тоолох ажиллагааг хяналтын журмаар гараар дахин тоолуулахаар намууд, нэр дэвшигчид хүсэлт гаргажээ. Харин Сонгуулийн тойргийн хороо нь Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийг дагана гэсэн бол Сонгуулийн Ерөнхий Хороо нь хуульд автомат машинаар тоолно гэсэн учир гараар тоолох хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн хариу өгчээ. Автомат машин нь 99 хувийн баталгаатай гэж нийлүүлэгч байгууллага нь мэдээлсэн тухай СЕХ-ны дарга Н.Лувсанжав мэдээлсэн. Тэгвэл тус тойрогт хоёрдугаарт  бичигдсэн нэр дэвшигч Логийн Цог нь 28,12 хувийн санал авсан байгаа. Хяналтын журмаар дахин тоолоход зөрүү гарч байгаа тухай ажиглагч нар мэдээлсэнийг дээр дурдсан. Энэ мэт зөрүү гарах магадлал өндөр байгаа бөгөөд хэрэв 0,12 хувийн зөрүү гарвал УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 48.4-т зааснаар “тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт явуулах” боломжтой байна. Учир нь автомат машины үйлдвэрлэгч нь 1 хувийн алдаа гарч болзошгүй тухай мэдээлж, түүнийг нь СЕХ хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл 0,12 хувийн зөрүү нь 1,00 хувиас бага байгаа тул 20 дугаар тойргийн саналыг дахин тоолох зайлшгүй шаардлага бий болсон юм шиг. Гэвч бас л “No” гэх юм болов уу. 

Энэ мэт үй түмэн алдаа завхрал гарчээ. Гэвч бүгдийг нь үл хэрэгсээд явбал сонгууль энэ удаагийнхаар дуусахгүй учраас дараагийн удаа яах вэ. Эсвэл өнөөдрийн хэрэг болж байвал маргаашийнх хамаагүй юу. 

Үзэл суртлын луйвар хавтгай явжээ

Тухайлбал, Баянхонгор, Өвөрхангай, Архангай зэрэг олон газруудад сонгуулийн хууль зөрчсөн явдлууд гарсан байна. Өвөрхангайд Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг унана гэж ёстой ямар ч бөө зүүдлээгүй. Тэднийг унагах хорыг гэхдээ өрөөлийнхөн биш өөрсдийнхөн нь хийжээ. Ёстой аймшигтай бодлого явсан гэж улс төрийн шинжээчид ярьцгааж байна. Нэг муу нялх Сэнгүм бөөрнөөс нь ноцож байгаад унагачихсан мэтээр зарим нь ярина. Үнэн хэрэгтээ тэр жаалхүү бол зүгээр л өнгөн дээрээ золигт гарган чулуудаж байгаа өгөөш юм. Г.Батхүүг унагах гэсэн хор Улаанбаатараас эртнээс төлөвлөгдөн байж хэрэгжсэн хор юмсанж. Ёстой бузар гэж хэлэхэд багадах хорлон ажиллагаа явагдаж байж энэ хоёр хүнийг “зайлуулжээ”.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарыг ялж явна гэсэн мэдээллүүд, ялна гэж тооцож байсан ажиглагчдын дүнг бараг л баталгаажуулчихаад байв. Гэвч тэрний “ялалт” хэдхэн хормын дотор хийсчихсэн. Ёстой сонин. Түүнийг унагахын тулд бас л багагүй хөлс хүч урсчээ. Жишээ нь аман ухуулга явуулга бол гаарсан гэж байгаа. “Монгол улсад БНХАУ-ын иргэдийг их хэмжээгээр нэвтрүүлж, Монгол улсыг Хятаджуулах бодлого баримталдаг. Цөмийн хаягдлыг Монгол улсад булшлах гэрээ хэлэлцээрийг байгуулсан, энэ талаар гадаад улсуудын эрх бүхий этгээдүүдтэй  тохиролцсон. Банкнаас их хэмжээний мөнгө луйвардсаны улмаас цагдаа болон АТГ –аас шалгаад баривчилсан учраас сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн жагсаалтаас хассан. Баянхонгор аймгийн “Заг” суманд малчдад өөрийн зурагтай плакатыг 10,000 төгрөгтэй хамт тарааж байгаад баригдсаны улмаас сонгуулийн хорооноос нэрийг нь татсан шүү” гээд л хөвөрч өгсөн талаар Баянхонгорынхон ярьж байна.Хятадуудыг оруулдаг нь тэр ч биш л дээ. Бүгд л мэдэж байгаа. Ойрхон зуурын суртал ухуулга гэдэг зүйл үнэхээр аюултай эд юмсанжээ. Сонгуулийн санал авах өдөр автомашинтай иргэдэд мөнгө өгөн зохион байгуулалттайгаар сонгогчдыг ачиж санал авах байранд хүргэх явцдаа, аман ухуулга хийх барих бол гаргуундаа гарсан гэнэ. Архангайд бол зарим газар үүр цайтал санал авсан гэх мэдээ ч байна.



Энэ олон бохир явдлуудаа яаж эцэслэх вэ. Хэвээр нь хаяад дараагийн сонгуулдаа орох уу. Дахиад л улаан хэрүүл, хар хэл ам босохгүй гэж үү.Энэ талаар даруй шийдвэр аргах хэрэгтэй санагдана.

Энэ төрд тэд байгаасай

Ард түмэн энэ удаа аль ч намыг олонх болгосонгүй. Одоо яалтай билээ. Тэд бол Хаан шүү дээ. Хамтарч засгаа барь гэх “шийдвэр”-ийг гаргасан байна. Харин авсан саналаараа арай жаахан илүүрхэж, дуугаа өндөрсгөж байгаа Ардчилсан нам хэнтэйгээ хөтлөлцөх юм бол. Энэ бол улс төр сонирхогчдын дунд сүүлийн хэдэн өдрийн турш асч байгаа гал шиг халуун сэдэв. Бүгд л энэ сэдвийг тойрон хэлэлцэж байна. Тэгтэл энэ үеэр тус намын нөлөө бүхий хоёр лидер ярилцлага өгчээ. Нэг нь сонгуулийн үр дүнг Ванга шиг угтан зөгнөж хэлээд намынхандаа “хараалч, хар амласан золиг” гэж ил далд зүхүүлж байгаа нэрт нийтлэлч Баабар. Нөгөө нь Э.Бат-Үүл. Тэдний нисгэсэн гол мессеж нь МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулахаас өөр аргагүй гэсэн санаа. Хувь заяа тэднийг ингэж ч тохуурхах гэж. Үнэхээр өмнөөс нь гол харламаар тохуурхалтай ахин учирчээ. Ардчилсан нам бол хэн ч юу ч гэж үгүйсгээд, хувааж эзэмших гэж хажуу хавирганаас нь бүлтрээд нэмэргүй Монгол дахь Ардчиллын гал голомт, тулгын чулуу нь юм. Ийм хүчин өөр манайд байхгүй. Бусад нь ардчилагдаж яваа л хүчнүүд. Гэсэн ч тэдэнд ард түмэн нэг л гүйцэд итгэж өгөхгүй юм. Энэ ямар учиртай юм бол. 1996-2000 онд дангаар засаглахдаа дөрвөн Засгийн газраараа сор залж, төрийг тогтворгүйжүүлсэн, өмч хувьчлалыг хийхдээ өөрсдөө л авцгаасан, хамаг улсын үйлдвэрүүдийн хаалгыг хааж, модыг нь бариулсан гэх улигт шалтгааныг  тэдэнд зүүсээр байдагтаа тэр гэж үү. Тийм бол дөрөв байтугай Засгийн газрын “маань”-ийг уншсан гол эзэн Н.Энхбаяр биз дээ. Авилгын хамгийн том Хаан, хэмжээлшгүй эрхэт түүнийг өнөөдөр  дайснууд нь хүртэл тэнгэрт тулган үнэ оруулж байхыг үздэг байжээ. Одоо бүр МАХН-МҮАН-ын эвслээс парламентад орж ирж байгаа хэдийн ихэнх нь АН-ын хүнд өргүүлчихсэн хүүхдүүд нь байгаа тухай өөрсдөө ярьж эхлэдэг байна шүү. Ийм ч хачирхалтай юм үзэх гэж. Тус эвслийн толгойд зогсч байгаа хоёр хүнийг гэхэд АН-ынхан өөрсдөө нэг нь л нэг улс төрийн хүчинтэй тэнцэхүйц хэмжээний хар хүчтэй, аймшгийн дайснууд гэж зарладаггүй байл уу. Юм эргэх гэж үнэхээр байдаг ажээ. За, энэ ч яахав. Гоё парламентын тухай мөн ч ихийг мөрөөддөг юмсан. Үнэхээр мөрөөдөл шиг дэмий зүйл байдаггүй ажээ.

Да.Ганболд, Баабар, Дэлгэрмаа нар парламентад байсан бол...Гэвч энийг хүсэлтгүй болжээ. Ерөөс Ардчилсан намын сонгодог элитүүдийн үе дуусч байгаа юм байна. Энд тэнд мөр мөрөө хөөж яваа хэдээс нь хайгаад ч М.Энхсайхан, Х.Хулан гэх мэт мундагууд нь энэ тогоо руу ирэхгүй юм байна. Одоо ардчиллын буяныг тэс өөр ертөнцийнхөн эдлэж, эрх мэдлийг атгалцаж, энэ төрд юу дуртайгаа хийж явах цаг нь ирсэн юм шиг байна.

МАН-ыг өнөөдөр төлбөрт нийтлэлүүдээр баахан баалж байна. Унаж яваад морио гэдэг дээ. Улам л увайгүй болоод байх шиг ээ, бид. Тэднийг энэ удаа парламентад төлөөлж орж байгаа багийг гэхдээ би хувьдаа чамлаж байна. С.Баяр, Д.Цогтбаатар, Д.Зоригт, Г.Мөнхбаяр, Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Х.Наранхүү, Ч.Ганхуяг нар ороод ирсэн бол гаажтай хүчирхэг баг байх байлаа. Н.Номтойбаяр гэдэг элдвийн шоу тарьж явдаг “хунтайж”-аас Д.Одбаярыг жишээ нь би байх ёстой хүн гэж үзнэ. С.Одонтуяа гэдэг сүүлийн хэдэн жил давшингуйгаар нүүрээ таниулж байгаа бүсгүйн оронд Ц.Мөнх-Оргилийг сонгоно. Аль ч утгаараа ийм болчимгүй, хэт ханарсан сонголтыг манай иргэд хийж болохгүй гэж би жишээ нь хэлнэ. Г.Тэнгэр гэдэг залуухан сэхээтнийг жишээ нь эмийн сангийн эзэн хүүхнээс илүү үнэлж байсан. Гэвч санасанаар болсонгүй. Логийн Цогоос илүү Д.Дамба-Очирыг ялсан бол баярлах байсан. Гэвч тэгсэнгүй. Түүний улс төрд илүү буурь суурьтай, илүү мэдлэг чадвартай,урваж шарваж яваагүй шулуун дардан намтрыг нь илүүд үзэх байсан. Б.Жаргалсайханыг ч парламентад байгаасай гэж хүснэ. Гэвч тэр бас л алга. 

Үнэхээр хардлага төрмөөр хариу харин тэр тойрогт гарсан байна. Сонгогчдын боловсрол гэдэг ганган нэр томъёо руу бид анхаарах цаг иржээ. Энэ агуулга хэн нэгэн ашиг хонжоо хайсан хүний өмсөж явдаг малгай биш Монголын малгай баймаар байна. Тэгж байж манай төрийн эрх барих дээд байгууллага мэргэшиж, чанаржиж, нуруужих юм шүү дээ.