Ocean Park Hong Kong – Таны өмнө нээлттэй байна
Монгол 4 хүүхэд маллаад бүтэн өдөр паркаар зугаацуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг надад ногдлоо.
Монгол 4 хүүхэд маллаад бүтэн өдөр паркаар зугаацуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг надад ногдлоо. Миний хүү, найз Я.Ариунболдын хоёр хүүхэд, дүү нь, тэгээд бид тав Хонконгийн алдарт “Далайн парк” гэдгээр зугааллаа. Тийшээ аяллаар очсон манайхан андуурч цаг заваа алддаг юм билээ. Дисней Лэнд гэж нэг газар тэнд бий, тэр нь энд үзүүлэх паркийн дэргэд бол гайхам эд биш. Нэрэнд нь болоод манайхан тийшээ хушуураад байдаг бол тэр нь Лос Анжелес, Токио, Парисынх шиг лут биш юм билээ. Зүйрлэвээс бага насны хүүхдийн тоглоомын газар юм уу даа, харин энэ Ocean Park гээд байгаа нь чухам дээрхи хотуудынх шиг, мэдээж бараадахгүй ч бидэндээ бол зугаацах газар яах аргагүй мөн.
Паркийн гол асарын өмнө бид өглөөгүүр очлоо. Тэнгэр бүрхэг, бага зэрэг бороо шивэрсэн, гэхдээ халуунгүй, сайхан өдөр таарлаа. Анхлан 1977 онд нээгдэхдээ Хонконгийн Хөзрийн клубын зардлаар тэр үеийнхээр бол HK$150 сая доллараар, Засгийн газраасаа газар олгуулж байж боссон аж. “Хөзрийн клуб” гэхлээр дасаагүй чихэнд нэг тиймхэн. Тэр клуб 1982-1984 онд дахин HK$240 саяыг оруулж байж өнөөгийнх нь дүр төрхийг бий болгосон гэж байна. 1987 онд дахин HK$200 саяар сан нэмж бүрдүүлээд улам гоё болгожээ. Одоо бол клубын мэдлээс гарч, “Ocean Park Corporation” гэх нэртэй өөрийгөө санхүүжүүлдэг, ашгийн бус байгууллага болжээ.
Хүү маань дүүжин кабин гэх энэ бөөрөнхий машинд амташчихаад бид тааллаар нь уул давж аялахаар суулаа. Нийт 1.5 километр агаарын замтай гэж байна. Тэр хэрийн уртыг бид тэнгэр дээр дэнжигнэж өнгөрөөх болжээ. Зарим газраараа бол их өндөрт явах аж. Хичнээн ч кабин зөрж байгаа юм, хичнээн нь сул явж байгааг төсөөлөх юм биш. Ерөөсөө л үлгэрийн ертөнцөөр аялаж яваа юм шиг. Тээр цаана ганц нэг арал, битүү ой, цайран гэрэл ойх тэнгисийн их ус, уулс үүл, алсад хот янзтай харагдана. Хэд ч нааш цааш зорчсон уйдах юм биш.
Миний харж хамгаалж яваа монгол хүүхдүүд. Энэ лут парк Хонконг арлынхаа өмнөд дүүрэгт арлын эрэг, уул дагууд байрласан, гол гол тоглоом руугаа хүрье гэхэд нэг бол уул нүхлэсэн туннелиэр галт тэргээр, эсвэл агаарын тэр дүүжин кабинаар явна. Нийт 35 том тоглоомтой, мөн усан цирк-театр, далайн амьтны зоо парк бүхий үзвэр үйлчилгээний томхон цогцолборт бид иржээ.
Хүүхэд хөгшид, хэн хүнгүй үзэж зугаацах, ёстой нэг алжаал тайлах газар нь бид хүрлээ. Энэ бол нөгөө усан цирк-театр нь. Хоёр төрлийн далайн амьтан тоглуулж байна. Бас латин америкийн бололтой гадаадын дагшаа хөгжмийн нэг хамтлаг тоглож үзэгчдийг зугаацуулж байлаа. Улаан тэнгист бидний араас нь элдэхээс өөрөөр харьцаж үзээгүй усан гахай дельфинүүд энд ёстой нэг ид хаваа гайхуулж байх юм.
Хэмжээ далайцаараа бол дэлхий дээр 7 дугаарт ордог том паркад бид иржээ. Форбс сэтгүүлийн гаргасан рейтингийн судалгаагаар бол, аялал жуулчлалын хамгийн их зочилсон газрын жагсаалтад 33 дугаарт бичигджээ. 2010-2011 онд 5.9 зочныг хүлээн авчээ.
Нийт 870 000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий, хоёр тусдаа хэсгээс бүрдэх, 11 төрлийн ан амьтан тэжээн тоглуулдаг, түүний дотор ховордсон хулсны баавгай, 2000 төрлийн загас жараахай бүхий аквариумтай гэхчлэн танилцуулаад байвал барагдахгүй их тоо баримт байх аж.
Ийнхүү нэг өдрийг бид тун идэвхтэй, үр бүтээлтэй өнгөрөөлөө. Би ч хэдэн хүүхэд дагаж баясаад ядрах бус, харин бүр залуужчих шиг боллоо. Стрессээ ёстой нэг тайлах шиг боллоо. Манай аялал жуулчлалын компаниуд Хонконг руу аялуулж байгаа юм билээ. Долоо хоногтоо 3-4 удаа шууд нислэгтэй тул тийшээ аялаж яваа монголчууд зөндөө болсон байх. Гэхдээ би л лав өмнөх тэр аварга том Будда, энэ далайн паркад өөрсдөөсөө өөр ганц ч монгол хүнтэй тааралдсангүй нь нэг тиймхэн. Хаагуур аялуулж, юу үзүүлж явдаг юм, бүү мэд. Аяллын маршрут нь дэлгүүр, зах голлоод байвал ямар аялсан болох билээ дээ, тийм үү?