-фельетон-

Гудамж дүүрэн “Зугтахгүй” гэсэн рекламыг МАН-ынхан хаджээ. Зүйтэй. Зугтаахаа болихгүй бол үнэхээр хэрээс хэтэрлээ.

Үнэхээр зугтаадаг нам л даа. Ажлыг нь авах гэхээр тамга аа аваад зугтаах, шүүх дуудахаар оймсоо зүүгээд зугтаах, ажилчдынхаа цалингаар тоглочихоод гадаадад  зугтаах бүгд л эндээс угшилтай. Гүтгэлээ гэхгүй биз дээ?

Юу л бол юу аваад зугтаана. Барилга обьектоос эхлээд хайрцагтай санал, сонгуулийн дүн, санал хураах байранд байсан лааны хугархай хүртэл аваад зугтаана...Өмнөх дарга нь намынхаа хагасыг аваад зугтаачихсан гэж байгаа, хэ хэ.

Хэдхэн хоноод нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгоно. Гэтэл МАН-аас сонгогдсон  НИТХ-ын дарга Билигт байдаггүй. Яасан, Америк руу зугтаачихсан...ийм л байна даа. Даргын эзгүйд дараагийн даргыг сонгох болж байна. Тамга нь байдаг л байгаа даа.

Зугтаж чадахгүй юм гэж үгүй. Өнгөрсөн үеэс хүртэл зугтаана. Их хэлмэгдүүлэлтийн үед нарийн яривал бид байгаагаагүй гэж гүрийнэ.

Зүгээр нэг зугтаахгүй, үнэмшихийн аргагүй зугтаана. Хэдэн жилийн өмнө Хамбын овооноос  1930-аад онд алагдсан лам нарын яс гарав даа. Эхэндээ “амиа хорлосон болтой юм” гэсэн ойлголт өгч байснаа удалгүй “Барон Унгерн алсан юм билээ” гэж тайлбарлав. Сайхан зугтаана шүү. 1921 онд үхсэн Барон Унгерн арваад жилийн дараа босч ирээд хүн алсан байх нь ээ.

Тэд алдаанаасаа зугтаана. Алдаа гаргахаас зугтаадаг юм биш. Алдаагаа хүлээхээс зугтаана. Лам нарыг хядсан, мал хөрөнгийг булаасан болохоор бултаад “Зөвлөлтүүдийн хийсэн ажил” гэнэ.

Ер нь бол “зөвхөн МАН-ын гишүүд гадаад руу зугтаасан юм биш”гэж харуулахын тулд хилийн чанадад байгаа бүх хүнийг “зугтаагч” гэж нэрлэн эрүү үүсгэх гэж байгаа гэлцэнэ. Ингээд харахаар 150.000 -аад иргэн “хавтаст хэрэг”-ээ эсвэл тамгаа аваад хил даван зугтаасан болж харагдах юм байна.  Улсын хүн амын бараг 10 хувь нь ижил төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд нийтээр нь өршөөдөг гэж дуулдлаа. Ингээд гадаадад байгаа монголчуудыг авчран шүүхээр оруулаад дараа нь өршөөлд хамруулах ба энэ дотор МАН-ын зугтаагч нар хамрагдан цагаадаад эргэж ажил албандоо орох юмдаг уу?

Саяхан гадаадад байгаа монголчуудын саналыг авах ажил муухай дампуурсан нь ийм учиртай бололтой. 100 гаруй мянган монголын 4000 гаруйхан нь саналаа өгөхөөр бүртгүүлээд, бүртгүүлэгсдийн дөнгөж хагас нь сонгуульд оролцсон шүү дээ.  Санал авах нэрээр оршин суугаа газрыг нь бүртгэж авчихаад бөөнөөр нь барих  ч юм билүү?  Ямар хүнийг хулгайлаад аваад ирж чадахгүйн зовлон байх биш.

МАН-ын сурталчилгаанд бас “Үгүйсгэхээ” болихыг шаардсан байна лээ. Зөв өө, тэднийг дандаа юмнаас зугтаадаг мэтээр бичвэл ёстой “үгүйсгэлийн үгүйсгэл” гээч болно.  Зугтаадаггүй юм бишгүй. Тэд маань эрх мэдлээс зугтааж  үзээгүй тоорой. Зугтаах бүү хэл эрх мэдэл солигдож болдог гэдэгт итгэж өгдөггүй улс.  Эднийхээс сонгогдож гарсан нэг нөхрийг ерөнхийлөгч байхаа больсон гэж итгүүлэх гэж гурван жил ухуулаад одоо болтол бардаггүй ээ.

“Идлээ уулаа” гэвэл үгүйсгэдэг болохоос идэх уух явдлыг бол ер  үгүйсгэхгүй.
Хэдийгээр  тэд 1930-аад онд 30.000 хүн нухсан явдлыг оросууд дээр тохдог муу талтай боловч Зөвлөлтийн байгуулж өгсөн социалист бүтээн байгуулалтыг  “Бид хийсэн юм байгаа юм” гэж хүлээдэг сайн талыг дурьдахгүй бол үгүйсгэл болно.