Хэдхэн сарын өмнө байхаа,  хоёр ч сонин яриа чих дэлсээд өнгөрсөн юм. Эхнийх нь юу вэ гэхээр “монголд барууны нөлөө, хөрөнгө оруулалтыг хамжиж хязгаарлая, тэгээд дундаа ваакуумд оруулж авъя. Ингэснээр биднээс өөр харах хандах улс оронгүй болно. Харин тэр цагт олзоо хуваахад юу байхав дээ” гэсэн тохироог Орос, Хятад хоёр сэмхнээр хийсэн тухай байв. Нөгөөх нь ойрноос орос хятадын төлөөлөгч нар “та нарт далайн цаана байгаа америк хань болохгүй ээ. Нэг л өдөр та нарыг наймаална. Тэнд мөнгө ба ашиг сонирхол бүхнийг шийддэг шүү дээ. Эндээс нүүхгүйгээс хойш бидэнтэйгээ учраа ололцож байвал цаашдаа өлзийтэй” хэмээн албан болон албан бус байдлаар сануулаад байх болсон гэх.

Монголчуудын өнөөдрийн араншин төрх ямар байна гэхээр оросуудаас их болгоомжилж айдаг. Хятадад дургүй байхыг нэр төрийн хэрэг гэж үздэг. Оросууд болохоор эд нар биднээс айж байгаа нь сайхан хэмээн хөөрдөг байж магад. Үнэн хэрэгтээ хүн айдаг юмнаасаа салах эрмэлзлээр дүүрэн байдаг болохоор ихээхэн сөрөг үзэгдэл юм.

Харин захын монгол хүн өөрийгээ хятадаас хамаагүй дээр, хүчирхэг гэж үзэн дээрэнгүй ханддаг нь хятад хүний хувьд муухай санагдавч үнэн хэрэгтээ тэдэнд эерэг үзүүлэлт болно. Өнөөдөр хятадын эсрэг үзэлтэй албан ёсны нам, улс төрч ил цагаан байж болдог, сонгуульддаг. Хятадыг муулах, доромжлоход монголын төр ч хятадын төрч тодорхой реакци үзүүлдэггүй. Тэр ч бүү хэл хятадуудын байдлыг мөрдөх, бараг шийтгэх эрхтэй иргэний байгууллага ч байж болж байна. Үүгээр монголчууд их бахаддаг байж болох ч үр дүн нь өөрсөнд нь сөрөг юм. Хятадуудаас бид хамаагүй илүү, дуртай цагтаа дээрэлхэж, хөөж болдог юм чинь яав л гэж гэж тайвшралыг нийгэмд үүсгэж байна. Болохгүй бол тэднийг зодож болно, тэгээд хүсснээрээ хөөж болно гээд тэдний оролцоо, олшролд тоомсоргүй хандах үүдийг нээж байгаагаараа осолтой хэрэг. Үүнийг сайн мэддэг хятадууд олон юманд хүлээцтэй, тэвчээртэй хандсаар ирсэн юм.

Харин америк болон барууны ертөнц бол монголчуудын сүүлийн зуун жилийн мөрөөдөл. Далайн цаана нэгэн хүчирхэг гүрэн, шударга ёсны өмгөөлөл байна хэмээн бүүр 1911 онд Халхын ихэс дээдэс харж байлаа. Даанч дуу нь хүрээгүй. Тэд дэндүү хол байлаа.



1990 оны ардчилагчид ч гэсэн өвөг дээдсийн гар сунгаж хүрээгүй тэр л газар луу итгэл найдварын алгаа тоссон. Азаар хөгжлийн шинэ шатанд гарсан хүн төрөлхтөн  газар зүйн хүчин зүйлээс хамааралгүйгээр бие биедээ ойртсон цаг үе байв.

Өнөөдөр монголчууд америкийг шинэ “ах”-аа болгосондоо бахдаж, түүнээ гурав дахь хөршийн бодлого хэмээн албан ёсоор тунхаглаж, хамтдаа энхийг сахиулж байна. ХХ зууны зөвлөлт ахыг өнөөгийн Сэм авга бүрнээ орлож эхэлж байна. Дээр үед Зөвлөлт монголын ард түмэн “дайн үед нэг окоопонд, энхийн цагт нэг бригадад” гэсэн албан ёсны зүйр үг хүртэл байсан юм. Өнөөдөр америк канадын хөрөнгө оруулагчидтэй Оюу толгойд нэг бригадад ажиллаж, Афгани, Сеарра Лионд нэг окопонд энхийг сахиулж байна.

Яг ийм нөхцөлд монгол үндэстний санаа бодлыг Америкаас хөндийрүүлнэ гэдэг амаргүй. Ард түмнээ дагаад төр засаг нь ердөө хоёр талт, хоёрхон хөршт бодлого явуулах аргагүй.

Хоёр хөршийн хүсэлтийг биелүүлэхийн тулд монголчууд ардчиллаасаа татгалзахгүй юмаа гэхэд Америкийг үзэн ядах болсон байх учиртай. Америк бидэнд туслахгүй юм байна гэдгийг ухаарсан, энэ хоёртойгоо л сайн байхгүй бол явцгүй гэдгийг яс махаараа мэдэрсэн байгууштай. Гэхдээ ямар ч хүчирхийлэл албадлагагүйгээр. Оросоос айсандаа, хятадаас сүрдсэндээ тэгж огт болохгүй. Зөвхөн тэр хоёртойгоо явалдахыг өөрөө бүр үнэнээсээ хүссэн байх учиртай.  Санахын гарз баймаар зүйл санж, уул нь.

Гэтэл сүүлийн үеийн зарим үйл явдлууд яг л манай хоёр хөршийн тооцоо судалгаан дээр үндэслэсэн мэт өрнөж байна. Түүгээр ч барахгүй хойд өмнөд ах дүүс маань юутай үнэн үг хэлээ гэмээр. Монголын ард түмэн бээр Орос, Хятад хоёрын хүсээд байгаа зүйлийг өөрснөө санаачлахнуу гэмээр нөхцөл байдал бий боллоо.

Энэ нь монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг авилгын хэргээр шалгаад эхэлсэнтэй холбогдуулан үүссэн хэрэг явдал. Уул нь болоод өнгөрвөл болоод өнгөрөх л хэрэг. Юу л боллоо гэж монголын төр өөрийгээ тэргүүлж байсан хүнийг шоронд хатаагаад шонд өлгөөд хаячихав гэж. Тэрэндээ тулбал ард түмэн ч өмгөөлөөд л босно. Нөгөө талаар мань хүн нэрээ цэвэрлээд, дээр нь ардын баатар болоод гарах боломж ч байж мэднэ.

Гэтэл монголчуудад авилгатайгаа тэмцэхийг сүүлийн 20 тасралтгүй зөвлөсөн семинарласан Америкчууд тун хачин авир гаргав. Тэд “Авилгатай тэмцдэг л юм байгаа биз, харин Энхбаярыг барьж огт болохгүй” гэсэн хачин шаардлага тавив. Төрийн департмэнтээс бичиг ирүүлж хүртэл сүрдүүлэв. Сүрдүүлсээр байгаад хорихоос гаргуулав. Ардчиллын өлгий Америкчууд монголын ардчиллын хараацай С.Зоригийг алуулахад харамсаагүйгээрээ гашуудав. Араас нь түүний хамтрагч Э.Бат-үүлийг шоронд хийхэд гомдоогүйгээрээ гомдов.

Өө, чааваас, хаана ч ялгаагүй,  яаж олсноосоо үл хамаараад их мөнгөтэй нь хүчтэй юм байна хэмээн олон түмэн гутрах болов. Монголын ард түмэн авилгатай тэмцээд америк ах нартаа магтуулах юм санасан. Гэтэл яав. Монголчуудын урам хугарлаа. Зуун дамжсан их итгэл, үе дамжсан найдвар ганхаж эхлэв.  Авилгатай тэмцэх, шударга ёс тогтоох нийтийн урам зориг мохож байгаа нь үнэхээр гашуун.

Үүнийг дагаад монголчуудын тусгаар тогтносон шиг тогнох, хоёр хөршөө даван гурав дахь хөрштэй болоод бусадтай эн тэгш амьдрах мөрөөс хайлан нурж эхэлсэн нь бүр ч гашуун. Олон нийтийн дунд америктай холбогдсон бүхэнд дургуйцэх уур амьсгал гарч эхэллээ. Ялангуяа энхийг сахиулах үйлст үр хүүхдийнхээ амь насыг эрсдүүлэн явуулаад үр дүн алга. Гарзандаа гарсан амь нас байх биш, тэднийг татах нь зүйтэй гэсэн санаа дуулдаж ч байх шиг.

Түүнчлэн Оюу толгой, Таван толгой зэрэг их уурхайгаа руугаа хаа хамаагүй, бас монголын төр хууль цааз руу хошуу дүрэх санаатай америк, барууны хөрөнгө оруулагчдийг оруулах хэрэг байна уу? Хоёр хөршөө шалихгүй юмнаас гомдоовол дэмий бус уу, америкчууд биднийг хамгаалах ч гэж дээ.. хээцэс...гм гм.

Орос хятад хоёртойгоо л байсан нь дээр юм байна гэсэн бодол яг л Орос, Хятад хоёрын төлөвлөж байснаар соёлж буй нь маш хачин.

Нийгмийн олонхи нь хувь тавилан бидэнд зүгээр л бодит үнэнийг ойлгуулж байна хэмээн харж байгаа. Харин тодорхой хэсэг нь үүний ард том сценари, чадварлаг зохион байгуулалт үнэртэж буйг мэдэрч байх шиг.

Үнэн хэрэгтээ үйл явдлыг америкийн ард түмэн яг ингэж үзэж, төр нь ч тэгж ойлгож байгаа гэж итгэхэд бэрх.

Нэг хэсэг нь ийм тайлбар хийж байна. Америкчууд сонин араншинтай. Өрөөсөн чихтэй юм шиг улс. Бидэн шиг худал хуурмаг нийгэмд амьдарч үзээгүй болохоор хүнийг худлаа хэлнэ гэж огт боддоггүй. Хамгийн түрүүнд уулзсан хүнийхээ үгэнд үнэмшээд дараа, дараагийн хүний тайлбарыг сонсдоггүй улс. Болсон үйл явдлыг мань хүний төлөөлөгч хамгийн түрүүнд очиж тайлбарлаж чадсан, тэгээд л тэр гэх ч хүн байна.

Бас нөгөө нь америкийн төрд хэдхэн том олигархи нөлөөтэй. Манай мань хүн холын хараатай, алсын бодолтой хүн болохоороо хожмын маргааш хэрэг болно хэмээн хэд хэдэн хүнтэй олзоо хуваасан. Тэд нар нь хамтын хөрөнгөө хамгаалж, өөрийн нэр нөлөөгөөрөө америкийн төрд нөлөөлсөн хэрэг гэж таамаглаж ч байна.
 
Нөгөө хэсэг нь монголын улс төр бизнэсийн бүлэглэлтэй олз ашгийн холбоотой болсон орос хятадын мафийн зохион байгуулсан чадварлаг Пиар хэмээн хардаж байна. Тэдний санхүүжилтээр америкийн нөлөө бүхий бүлэглэлүүд монголд өрнөсөн үйл явцыг буруу ойлгуулах операцийг амжилттай зохион байгууллаа. Орос хятадын засгийн газрын ашиг сонирхол, гадаад бодлогыг төлөөлсөн бүлэглэлүүд чадварлаг ажилласны үр дүнд Америкийн ардчилалд, америкийн тусламжинд итгэх монголчуудын итгэлийг зохих ёсоор буурууллаа гэж хардаж байгаа юм.

Одоо нэг зүйл ойлгомжтой байна. Америкчуудын зөв чих онгойх хүртэл мань хүний, магадгүй орос-хятадын “төлөөлөгч” нар буруу орчуулгаа шивнэсээр байх болно. Эл өгүүллийг ч гэсэн “Үер” киноны Молом1 зангийн адил “Он очень сильно оскорбляет вас” хэмээн хөрвүүлж өгөх биз ээ

Янз бүрийн үзэл бодолтнууд америкийн төр, ард түмэн бодит байдлыг заавал ойлгоно, гагцхүү цаг хугацааны л асуудал гэсэн итгэлээ алдахыг хүсэхгүй байна. Тийм ч болов уу? Харин хэдий хэрийн хугацаа ордог бол? Тэр хугацаанд нь юу болоод өнгөрдөг бол? Америкчуудын нэр төр, монголчуудын хувь заяа чухам энэ хэмжээ нь үл мэдэгдэх “цаг хугацаа”-наас хамаарах болоод байна.

1Монголын уран сайхны “Үер” киноны баатар Молом зангид хорссон Болд өвгөн “Молом оо чи үхвэл таарна” гэж хэлдэг. Цагаантны офицер “энэ юу ярив” хэмээн орос хэлтэй Моломоос асууна. Харин Молом “энэ хүн таныг айхавтар доромжилж байна” хэмээн буруу тайлбарлаж өгдөг.