МАХН хэмээх шинэхэн намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажил­лах болсон хатагтай Н.Удвал сонин уншигчдыг жинхэнэ алмайруул­лаа. Ер нь алмайруулж, ангайлгасан үйлдлийг тэрээр нэг биш удаа хийж байсан л даа. Гэхдээ энэ удаагийнх  арай л дэн­дүү хошин юм.  Хэвийн хүлээж авах аргагүй энэхүү хэвийн бус захидлаа тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хаяглажээ. Манай хошин хатагтайн юу бичсэнийг сонирхуулъя.

Ноён Ерөнхийлөгч өө ! (Уг нь ма­най улсын Ерөнхийлөгч биш юмсан)

2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд монгол Улсын Ерөнхийлөгч асан ноён Н.Энхбаярыг баривчилсныг олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр зарласан билээ.

Ноён Н.Энхбаяр нь улс төрийн хоригдол яг мөн боло­хыг “Уоллстрийт жоур­нал”, “Файнансл-таймс”, “Эко­но­мист” зэрэг хэвлэлүүд нэгэнт мэ­дээд бай­гаа билээ. Монгол улс нь эрдэс болон энергийн гол эх сурвалж болон сүү­лийн хэдэн жил ихэд хөгжиж бай­гааг дэлхий мэднэ. Монгол бол газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд хоёрт орж байгаа ба Төв Азидаа Хятад, Орос хоёрыг заагласан бай­га­лийн жийргэвч бүс гэдгийг ч дэлхий мэднэ. АНУ-ыг дандаа дэмжиж явдаг ноён Н.Энхбая­рыг баривчлаад байхад АНУ-ын засаг захиргаа чимээгүй суу­гаад байгаад Монголын ард түмэн маш их эгдүүцэж байна.



Улс орныхоо тус­гаар тогт­нол, эрх чөлөөний төлөө тэм­цэж байгаа тэмц­лийг АНУ огт тоох­гүй байгаад манай ард түмэн гутаж байна. Өнөөгийн АНУ-ын бод­лого нь алаан хядлага, цусан дарангуйллаар эрх мэд­лээ нэмэгдүүлж байгаа хүчний гарт Монгол орныг хаяж өгч байна. Гэтэл манайхан эрх чөлөө ардчиллын зэрэглэлээрээ Америкийн хэмжээнд хүрч шударга ёс, эрх чөлөөг дахиж тогтоохын төлөө байгаа шүү дээ. Мон­гол Ардын Хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал.

Амьд явахад их юм үзнэ гэж үнэн үг юм аа. Амьдралдаа үүнээс хошин за­хиа үзсэнгүй. Өглөөнөөс хойш хү­мүүс энд тэнд пис пис хийтэл инээл­дэв. Ёстой элэгний эм болов, энэ захиа. Н.Энхбаярыг улс төрийн хоригдол мөнөөс мөн болохыг гаднын хоёр сэт­гүүл мэдээд байгаа гэнэ ээ.

Тийм бай­тал гайхал Обама мэдэж өгөхгүй хатаг­тайн уурыг хүргэчихэж. Зүгээр л нэг дотоо­дын улс төрд ашиг хонжоо хай­сан тоглоом гэж үзэх гэхээр дотор­хи эргүү эргүү үгүүд нь хөөрхий хатаг­тайн хөндүүр зовиурыг нуух хаах юмгүй илтгээд байх юм. Манай улсад их баялаг бий шүү гэж алс холын Обамаг алтаар ч даллах гэж үзээд, хоёр хөршийнхөө завсар жийргэвч маягаар оршдог орон болохоор стра­те­гийн хувьд танайд сонирхолтой байр­лал биш үү гэж арилжаалж най­маа­лах гэж нэг үзээд тамаа цайжээ. Гэх­дээ доторхи үг өгүүлбэр, уялдаа хол­боосууд нь учир зүй муу­тай энэ­хүү зүүлэг захиа­наас юу ч хийж, улс эх орноо яаж ч зольж чадах аймшгийн үнэр ханхалж бай­гааг хүмүүс мэдэр­сэн байх. Эмэгтэй хүнийхээ хувьд үр­гэлж хамт байгаа болохоор Н.Энх­баярт ээнэгшин дасч, өрөвдөн хайр­лаж, өмнөөс нь харсан болгондоо өш­рөн бухимдаж, түүнээсээ болоод ухаа­наа ч алдаж болно л доо. Гэхдээ ийм ч юм хийж явах гэж. Хайр үнэхээр хүчтэй юм аа. 

Америкийг дандаа дэмжиж явдаг Н.Энхбаярыг баривчлаад бай­хад АНУ-ын засаг төр дуугүй суугаад бай­гаад Монго­лын ард түмэн маш их эгдүү­цэж байна гэж манай “Элэгний эм” сийхгүй хашгирчээ. Ёстой саваа­саан. “Өнгөт инээд”-ийнхнийг ажилгүй л бол­го­чих шиг боллоо. Ер нь энэ Удвал чинь манай тэргүүн хатагтай “байсан” юм биш үү. Эсвэл одоо сүүдрийн тэр­гүүн хатаг­тайн статусаар ягаан байшинд “амьдраад” байна уу. Ингэтлээ оюун санаагаа алдсаныг бодоход сэт­гэл зүрхний л эмгэг тусчих шиг бол­лоо. 

Хатагтай Н.Удвалын гомд­лыг Монголын ард түмэн даанч анзаа­рах­гүй байх. Анзаарвал бидний нэрийг барьж гадаадын улс орон руу эх орноо эрээ цээ­ргүй санал болгосон, урва­сан, гэмт хэрэгтнийг хаа­цайл­сан, хувийн зорилгодоо Монголыг золиос болгон ашиг­лах гэсэн гэж дээлэндээ багтах­гүй уурсч, нэр төрөө хамгаа­лан шүүх цаг­даад хандаж мэднэ. Энэ удаа тэр арай л дур зоргоороо аашилжээ. Н.Энх­бая­рыгаа  аврах гэж үйлээ үз­сээр яваад оюун санаагаа алдаж эхэлж байгаа юм биш байгаа даа, хөөрхий. Хятад, Орос хоёрын дунд оршдог жийргэвч маягийн жижиг орон атлаа асар их баялагтай, та нар анхаар­лаа­саа гадуур орхиж болно гэж үү гэсэн дайсагнал тээсэн увайгүй үгс, манай Энх­баярыг өмөөрөхгүй байгаад мон­гол­чууд гутаж байна гэсэн тэнэг­лэлээс нь гадна тэсэхгүй пис хийлгэх нэг юм тэр захианд байна аа. Мань Удвал сүүлийн хэдэн жил л улс маань балар­сан гэж бархираад байгаа хүн. Гэтэл Энхбаяраас хойш Монгол хөгжиж байгааг өөрийн эрх­гүй хүлээн зөв­шөөрчээ. Нөгөө тамлан зовоогч, захиалагч, аймшгийн гээд байгаа С.Бат­болдын хийсэн ажил, явуулсан бод­логод сүрхий дүн тавьжээ. Сүү­лийн хэдэн жил хөгжсөн гэж цагаан дээр хараар байгааг та бүхэн харав уу.

Өөр нэг галзуу солиотой үг байна аа. “АНУ-ын бодлого нь Монгол Улсыг айдас хүйдэс, дарангуйллаар засаг­лах хүч­нийхний гарт өгч буй” гэж нө­гөө “Элэгний эм” чинь хө­шөө­жээ. Түү­нийхээр бол Америк л манай улсын хувь заяаг шийдэж ирсэн юм байна. Бид сонголтоо буруу хийснээс бол­лоо гэж бухимдаад байдаг бай­сан. АНУ л хуучны МАХН-д Мон­гол орныг минь дөрөв дөр­вөн жилээр  чулуудаж өгөөд байсан юм байна шүү дээ. Н.Энхбаяр эрхбиш мэдэж байгаа юм байлгүй дээ.

Н.Энхбаяр нэгэнтээ “Улсаасаа баян Ерөнхийлөгч“ гэж дүгнэгдэж явсан хүн. Мөнгө бол юу ч биш биз. Нью-Йорк таймс сонины төлбөртэй юм шид­­дэг буланд Н.Удвалын захиаг нийт­­­лүүлсэн гэнэ. Тээж байгаа тэр огиу­­дас хүрэм үнэр танарыг нь тоо­цохоо больё. Эмэгтэй хүнийг ингэж ашиг­­лахаас ичдэггүй л юм байх даа. Элэг доог болж байна шүү дээ, энэ бүсгүй. 

Хаа байсан АНУ-д эрх мэд­лээ урвуулан ашиглаж, их хэм­жээний хө­рөнгө мөнгө зув­чуул­сан хэрэгт шал­гаг­дан, яллаг­даг­чаар татагдаад байгаа манай нэг иргэний асуудал ямар ха­маа байна аа. АНУ бус­дын дотоодын хэрэгт жаахан хушуу дүрэмтгий л дээ. Гэхдээ ийм стандарт бус хүсэлт, стан­дарт бус захиа занаанд ач хол­богдол өгтлөө доош орохгүй шүү дээ. Улс төрийн хүчний­хэн тоглож болно. Өөрийн на­мын, өөрийнхөө хувийн нэр төрөөр тоглож болно. Тэртээ тэргүй энэ явдал гаарсан. Гэвч эх орныхоо нэр төрөөр бол жаа­хан ухаалаг “наа­даж” баймаар байх юм даа.

Маргааш ямар цочир хачин “Элэг­­ний эм” гарч ирэх бол. Инээлдэх эл­гэнд тустай ч гаднынхан юу гэж байг­аа бол гэхээс ичиж үхмээр болох нь хэцүү юм даа.