МАН эхлэл нь, МАХН үргэлжлэл нь, дахиад үргэлжлэл нь МАН. Ардын намын онолчид ингэж томъёолдог юм билээ. Үндэс, үргэлжлэл хоёр залгагдахад цус урсдаг нь сонин. Бодоо Данзан нарын олон эх орончдын цусаар эхний залгаас гагнагдаж, МАХН үүссэн. МАХН-аас эдүгээ МАН ургах залгаасан дээр Н.Энхбаярын амь дэнслэгдэв. Заавал хүний амиар залгагддаг мөн айхтар антигонист “үргэлжлэл”-ээ. Үе болгон нь цусаар наалдан пад болдог нам байх нь.

Төр Засгийн бүх эрх мэдлийг нэг том хүчирхэг олигархи бүлэг эзэгнээд, дураараа дургиж буй гэж эдүгээ захын иргэн болгон хэлнэ. Хувийн шуналаар гагнагдсан юм болохоор энэ бүлэг юунд ч дийлдэхээ больж хүчирхэгжсэн. Ёстой галзуурахад ганц хуруу дутуу гэгчээр туйлж байна. Энэ хүчирхэг бүлгийг хэн ч юу ч цочоохоо больсон нь хүн амыг нийтэд нь сөхрүүлэв. Ард түмэн энэ аюултай бүлэг авилгачдаас салгаад өгөөч гэж шинэ Ерөнхийлөгчөөс гуйж байсан бол одоо бурхан тэнгэртээ мөргөхөөс өөр аргаүйд хүрэв.



Гэтэл ашгүй нөгөө юунд ч дийлдэшгүй ганц хүчирхэг бүлэг чинь дотроо хямраад зад үсэрлээ. Юутай азтай дэлбэрэлт вэ? Голдоо нүхгүй аюултай цул годил хэмхрэхдээ том жижиг хоёр хэсэгт хуваагдав. Том хэсэг нь МАН. Жижиг хэлтэрхий нь МАХН. Хамгийн олзуурхууштай жижиг хэлтэрхий томыгоо аюултай олигархи бүлэг хэмээн төр засгаас буулгая гэж олныг тэмцэлд уриалав. Жижиг хэлтэрхийний энэ тэмцэл ард олны амин чухал эрх ашигтай яв цав нийцлээ. Ард түмний хүсэл авилгачдын бүлгийг орвонгоор нь нураахад оршиж байсан юм чинь юун сайн юм бэ гэж угтах нь зүйн хэрэг. Гэхдээ ядуурч хоосортлоо хаширсан олон нийт том бүлгийн оронд төр засгийн толгойд жижиг  хэлтэрхийг залах санаа өвөрлөөгүй. Зөвхөн олигархи том бүлгийг төр засгаас онхолдуулахад бага хэлтэрхийгээр ивүүр хийх гэснийг ялгах нь чухал. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Н.Энхбаярыг дахин улс төрд оролцлоо, Н.Багабанди шиг тусгай ордондоо гэдсээ илээд налайж суусангүй гэж шүүмжилсэн улс бий. Тэд хаанахын хэн болох нь тодорхой. Улс төрд оролцолгүй налайж өтөлнө гэдэг сайхан үг. Жишээ нь Н.Багабанди 8 жил утаагүй зуух хийнэ гэж ярьсаар түүнийгээ ч хийж чадалгүй буусан. Одоо тэгээд хийгүй Ерөнхийлөгч маань яаж налайж байна? Сарын 40 мянган долларын цалинд пологтоод гадны хөрөнгө оруулагч нэртэй колончлогчдод ам ангайх зүрхгүй, гадагш урсаж буй эх орныхоо баялгийг хурууныхаа салаагаар хараад налайж сууна. Ингэх нь тийм сайхан налайлт мөн гэж үү? Бас болоогүй жинхэнэ монгол налайлт гээд байгаа шүү. Буруу өтөлсөн Н.Энхбаяр урьд нь хутгалдаж явсан гэмээ ичиж нэрэлхэлгүй арилгахаар төр засгийн толгой дахь авилгач нарыг зайлуулах тэмцэл өрнүүлжээ. Хоёр экс Ерөнхийлөгчийнхөө хэний нь зөв, хэний нь бурууг дүгнэж чадашгүй нь. Уншигчид минь тунгаана буй зээ.      

Тэмцэл эхлээд Н.Энхбаяр Ц.Нямдорж хоёрын хэрүүлээр өрнөсөн. Н.Энхбаяр Ц.Нямдоржийг сайдынхаа албыг өгчих. Тэгээд хоёулаа адилхан иргэний хувиар шалгуулъя гэсэн. УИХ-ын гишүүн Ч.Улаан морьтой явган хоёр хүн уралдаж таарахгүй гэж уяач хүний хувьд зөвлөж байсан. УИХ-ын гишүүн Х.Баттулга Ц.Нямдоржийн авилгын хэргийг шалгуулах нэхэмжлэлийг АТГ-т өгсөн. АТГ Ц.Нямдоржийг шалгах саналаа нийслэлийн прокурорт тавьсан боловч Ц.Нямдоржийн нутгийн, нийслэлийн нэгэн прокурор Ц.Нямдоржийг шалгах үндэсгүй цэвэр тунгалаг хүн гэж няцаасан. Эцэст нь Н.Энхбаярыг Ц.Нямдоржийн үл үзэгдэх, хэзээ ч нотлогдохгүй, алсын аман удирдлагаар сүр дуулиантай баривчлав. Авилгад сэжиглэгдсэн хоёр эрхмийн нэгийг нөгөөгийн нууц дохиогоор харгис хэрцгий баривчилсанд сонгуулийн дараа төр засгийг С.Баяр, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нарын авилгачид дангаар эзэрхийлж, арсалдагч Н.Энхбаярыг авилгаар далимдуулан замаасаа цэвэрлээд дураараа дургих нь гэсэн айдас олон хүнд төрсөн. Ноцтой нь Ц.Элбэгдорж Д.Дорлигжав Э.Бат-Үүл гурав Ц.Нямдоржийн нууц түлхэлтээр заваан баривчилгаанд балиартав гэсэн харамсал нийгэмд өнгөрөгч сарын үйл явцаар тэлэв. 20 гаруй жилийн бахархал найдвар болсон ардчилагч нар минь юу л болоод байна даа. Н.Энхбаярын баривчилгааг авилга гэхээсээ илүү түүний сонгуульд оролцох эрхийг хаах гэж зүтгэснээр МАН-д төр засгийн эрх авахад нь шууд тусалсан хэрэг болов. Дотоод гадаадын хэвлэл ч ийм санааг цухуйлгаж байна. Н.Энхбаярыг улс төрийн тавцангаас зайлуулахад МАН алга ташихаас АН-д падлийгүй. Байдал ийм байхад авилгатай тэмцэх ажиллагааг Н.Энхбаяраас эхэлсэн нь оносонгүй. Гагцхүү үл ойлголцлыг сэдрээж, МАХН-ын нөлөөг сонгуулийн өмнө өсгөв. Хамгийн нажидтай нь Н.Энхбаярыг баривчилсан болхи үйлдлийн нүглийг МАХН, МАН хоёрын хэрүүлд огт хүртээлгүй АН сонгуулийн өмнө үүрэх янзтай болоод явчихлаа. Учир нь Н.Энхбаярыг үхлийн ирмэгт хүрмэгц УИХ дахь МАН-ын бүлэг Энхбаярыг минь хэн ингэчихэв ээ гэж нулимсаа асгаруулах шахсан мэдэгдэл өрсөн гаргаж, батлан даалтад гаргаж өгөөч гэж Ерөнхийлөгчийн харъяанд байдаг гэх шүүх прокуророос мөргөн гуйж буй дүрээр нэг сар үргэлжилсэн улс төрийн жүжгийн подтекст тайлагдах тийшээ хандаж байх шиг. Өрөвч сэтгэл цэлэлзүүлсэн МАН-ын бүлгийн хүсэлтийг ёсоор болгох энэрэнгүй жудаг байна уу, үгүй юү гэсэн ацан шалаанд Ерөнхийлөгч, прокурор, шүүх нэг мэдэхнээ хариулах болжээ. Шатрын өрөг Ц.Нямдоржийн мадаар өндөрлөж таарлаа.

Чадуулна чадуулна гэхэд үүнээс илүү яаж чадуулах вэ. Чоно хөгшнөө хуурна гэдэг сэн. Гэтэл 90 настай хөгшин нам нь 20 настай залуу намаа хуурч, ноцтой хэргээс бултаж чадсанд баяр хүргэж, “Муу юманд ухаан нь арай дөнгүүр ажээ” гээд сонгуульд олигархиуддаа л  саналаа өгөх үлдэх шив. Гоё байгаа биз? Н.Энхбаярын баривчилгаа Францаас Д.Энхбатыг хулгайлж, амь насаар нь тоглосонтой ижил эмгэнэл бүү болоосой.        
                                                                                                     2012-05-13