Даанч дээ…
Бүх юм хэрээс хэтэрчээ. Ерөөсөө бүх юмыг хэрээс нь хэтрүүлж, хэм хэмжээнээс нь халиаж байдгаасаа болж бид өөдөлж дэвждэггүй байж мэдэх юм.
Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрыг уг нь бид хар ангиллын PR-чдаар газарчлуулалтгүй мэднэ дээ. Тэр бүү хэл сонгуулийн гараан дээр сонгогчдын цөөнгүй хувь “Энэ хоёр хөдөө гадаа баахан жийп унаж, амьтан хуйлруулж тэнээд хэрэггүй дээ. Зүгээр бодлогоо л зурагтаар ээлжлээд яриад байгаасай. Өөр илүү юм хэрэггүй. Бид тэртээ тэргүй мэдэх юм чинь” гэсэн байр суурьтай байсан. Гэвч өнөө айхтар PR -чид нь сонгогчдын тэр аядуу, дулаахан угталтыг үгүй хийж, мэдрэлийн ядаргаанд ортол нь дарамталж, сүүлдээ жигшээж орхив. Уг нь монгол хүний сэтгэл зүйг яг таг нарийн ширийн мэддэггүй юм гэхэд ядаж бага сага гадарладаг улсууд ийм ажлаар оролдож байгаа баймаар. Гэвч тийм шинж огтхон ч алга.
Нэр дэвшигчээ морь унуулж монголжуу харагдуулах гэж бодсон юм бол ядаж нүдний шилээ авахыг тэд маань зөвлөж мэдсэнгүй. Унь өлгүүлэх гэж оромдуулж байхаар хана ягштал үдэж байгаа яггүй монгол эрийн дүрийг сэтгэлд ороод иртэл сийлээд өгч болноо доо…Өөрийн эрхгүй голов. Эвлэж уулзах таван ханыг эр бор сураар ян тан үдэж буй Элбэгээ хүмүүст яасан их таалагдах байсан бол. Үгээ өндөрлөхдөө “Шударга байя” л даа гэж дуугаа өндөрсгөн хүч оруулж төгсгөхийг заасан атлаа тэнгэрт хандсан тэнэг харцыг нь өөлөөд өгч мэдсэнгүй. Хаашаа ч янзын харь сэтгэхүйтэй PR-чид юм бэ дээ.
Энэ мэт ч дүүрчээ. Сүүлдээ хоёр нэр дэвшигчийн эхнэр хүүхэд, хадам харьт руу нь ороод явчихлаа.
Н.Энхбаяр Бээжин нисч эмнэлэгт байгаа эхнэрийнхээ ээжийг эргээд иртэл бөөн дайрлага хөврөв. Аргаа бараад өчигдөр тайлбар хийлээ. Тэр хүн чинь миний хүүхдүүдийн эмээ, миний ханийн ээж, миний хадам ээж хүн шүү дээ. Онош нь тодрохгүй хүнд байдалтай байхад нь би хүүгийн хувь эргээд ирж болохгүй гэж үү гэсэн түүний хариултаас амьдралын жам ёсны халуун үнэр ханх тавиад ирж байна. Хүмүүс дор бүрнээ тэгэлгүй яахав. Тэр юу нь буруу байгаа юм гэлцэв. Ахиад л PR-чид алдаж орхисон нь энэ.
Интерполоор эрэн сурвалжлаад хэдэн жил болж байгаа Д.Сүрэнхор гэгч нөхөр гэнэт тэргүүн хатагтайн гадаадын банкин дахь хадгаламжийг илчилсэн гэх бас нэг хүн үнэмших аргагүй шуугиан дэгдээв. Эрэн сурвалжлагдаад амь наана, там цаана харийн оронд толгой хоргодож яваа тэр хүн яалаа гэж улс төрийн улайссан ийм шуурга руу өөрөө гүйгээд ороод ирэв гэж дээ. Тэнэг хүн ч үнэмшихэд бэрх ийм шалиг палиг юмаар оролдох хэр ашигтай PR юм бол.
PR-чдын хийж буй энэхүү заваарлын хажуугаар ардчиллын эхэн үед зүтгэж явсан гэх хэдэн партизан, бас сэтгүүлч нэр зүүсэн сэтгүүлч гэхэд бэрхтэй ганц хоёр хүүхэд тоглоом болоод дуусав. Тэдний сонгодог жишээ Б.Цогтгэрэл гэх жаал юм. Том хүнтэй ноцолдож байгаад тодорчихдог танил аргачлал хаа сайгүй таардаг байдаг л нэг ойворгон зантай очкитой пацааныг “од” болгож орхив. Баабартай ноцолдож байж олонд нүүрээ таниулж чадсан цөөнгүй “од” сүүлийн 20 жилд төрсөн. Энэнтэй л агаар нэгэн зүйл болж байна. Түүнд миний дүү муухай харагдаж байна шүү гэх нөхөрсөг зөвөлгөөг аягүй бол хэн ч хэлээгүй байгаа даа.
Удаах жишээ “Зиндаа” сонинд ажиллаж байсан Ариунаа гэх хүүхэн болж байна. Чөлөөт хэвлэлийн тогоонд болох болохгүй өдий төдий муу муухай юм хийж явснаараа цуутай тэр бүсгүй эдүгээ Ц.Мянганбаярт ажилладаг. Алтны магнатын тогоо гологдсон уу, ахиад л бохир шалбаагт хутгалдаж эхлэв. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн удам судрыг мөшгиж хорвоод хосгүй эрэн сурвалжлах ажил хийчихлээ хэмээн хөөрцөглөх бүсгүйн хөмсгөн дээр харин “Захиалгат нэвтрүүлэг” гэх бичиг дурайж байх юм.
Хорин хэдэн жилийн өмнө хорвоог орхисон Цахиа гуайн ясыг өндөлзүүлж, насан өндөр болсон Хонинхүү гуайн голыг гогодсон ийм муухай ажлыг эмэгтэй хүн улаан гараараа хийж байгаа нь ой гутах ч багадам бузар жишээний тоог нэгээр нэмлээ. Бидний дунд ийм хүн толгой хоргодож явсан гэхэд итгэмгүй. Сэтгүүл зүйн байгууллагууд ийм сэтгүүлчдийн ёс зүйг хатуу авч хэлэлцэж, эгнээнээсээ шахан гаргах ажлыг хийх цаг болжээ.
Хүний муугаар л хамгийн муухай ажлыг хийлгэдэг юм шүү дээ, өөрийгөө бодооч гэх үгийг түүнд өнөөдөр хэн ч хэлэхгүй байгаа байх.
Би хувьдаа Бүдханд гуай, Хонинхүү гуай нарыг монголын төрд ийм хөвгүүд төрүүлж өгснөөр үргэлж бахархдаг. Монголын төлөө зүтгэх сод хөвгүүдийг алтан хэвлийдээ тээж төрүүлсэн буурал эхчүүдээр ингэж оролдож, насны нь бөгсөнд сэтгэлийг нь сэвтээж байгаа явдлаа зогсоогооч гэж гуймаар байна. Би өөрөө наян настай ээжтэй хүн. Энэ нас хичнээн эмзэг, хичнээн өндөр, хичнээн хүндэтгэмээр нас болохыг мэднэ. Ээжийгээ би элээний сүүдэр дайрчих вий гэх нь халаг өмөлзөж хайрладаг. Халуун энгэртээ тэвэрч өсгөсөн ээжийг минь хэн нэг гоочилбол тэсч чадах эсэхээ мэдэхгүй байна. Сэтгүүлч хүн ийм жишээн дээр дандаа эргэцэж, бусдад ямар тусахыг бодож явах ёстой. Хүний ээжийг зэвээр харвабал, өөрийнхөө эхийн элгийг харлуулна. Эхчүүдээ ингэж болох уу даа, таминь.
Ц.Элбэгдоржийг баахан эрлийз хурлийзаар нь дуудаж байна. Ямар муухай харагддаг юм бэ. Тэрэндээ тулбал ингэж элдвээр хашгирч байгаа улсууд өөрсдөө жинхэнэ эрлийзүүд байгаа шүү. Аягүй бол орон нутгийн цус шинжээчдэд хамгийн их адлагддаг нөхдүүд аргаа бараад өөр хэн нэгнийг хятад гэж хашгирч өгч байж өөрөө мултрах гэж зовж яваа. Аягүй бол тав арван төгрөг авчихаад нүүрээ ширлүүлэн зүдэрч яваа. Ойлгож болох явдал. Харин XXI зууны сэтгүүлч хүн, эх хүн, эмэгтэй хүн ийм юмаар оролдож, ингэж түмний өмнө шившгээ барж яваа нь өөрөө гутамшиг. Амьдрал бол цаглашгүй баян далай юм. Ийм гайхамшигт амьдралыг хүн шиг сэтгэлтэй, хүн шиг мөртэй, хүн шиг нэртэй туулах гоё шүү дээ. Сайн бодоосой.
Сонгуулийн давалгаа монголын хөгшдийг жамаар нь ч өтлүүлж өгөхгүй зовоож байна. Юм л бол таягаа гозолзуулаад жагсаж, хөглөж байдаг, камер л харвал донгосч байдаг зөнөг залгуулж, дулаан гэртээ намбайж байх насны нь жаргалыг булааж байна. Энэ удаагийн сонгууль баахан хөгшчүүлээр тоглож хаялаа. Хотын хамгийн элит хүрээний хөгшчүүлээс авахуулаад хаа байсан баруун хягаарын Мөс хэмээх жижигхэн тосгоны өвгөдийг хүртэл хамруулж, хөлдөө чирч, хүүхдүүдийг нь ичээж орхив.
Сонгуулийн шуурга монголын залуусыг жамаар нь бадрааж өгөхгүй бас баллаж байх шиг. Юм л бол лекц, лектор болон дэмийрч байдаг, дуран эфир л харвал хашгирч байдаг тэнэг залгуулж, хөгжих, хөдлөх, өсөх дэвжих ирээдүйг нь булааж буртаглаж байна. Ингэж их улс төрждөг залуу үе өөр хаана байдаг бол. Нэг л их нам дагасан жаалууд. Үнэндээ ичих юм аа, дүү нараасаа…
Монголын сонгууль хоёр сая гаруйхан иргэнийхээ бүгдийнх нь цусыг шинжлээд, яс үндсээр нь ялгаварлаад, хардаж гөрдөөд, хувааж талцуулаад дуусгаж орхилоо. Явсаар эрлийзгүй хүн ч гэж алга болов.
Ц.Элбэгдорж монгол газрын шороон дээр монгол эхээс унасан л хүү шүү дээ. Н.Энхбаяр ч ялгаагүй. Буриад муриад, оросыг аялдагч гэж хардах нь илүүц.
Ц.Элбэгдорж ч гэж Элбэгдорж. Захчин гэдэг тэр гоё угсаагаа юунд нь нууж халх энэ тэр болгож өөрчилдөг байна вэ. Спикер Д.Дэмбрэл гуай жишээ нь захчин хүн гэдгээрээ бахархдаг шүү дээ. Хэнээс ч айж ичихгүй би захчин хүн гэж омог бардам хэлж чаддаг. Харин ч захчин гэх омгийнхон чинь язгуураасаа эх оронч, тэнгэрлэг омгийнхон юм биш үү. Энэ тохиолдолд хоёрын хооронд маяг гаргаж явж хөл толгойгүй хэл ам дэгдээж орхисон нь Элбэгээгийн өөрийнх нь буруу болжээ. Энэ ойворгон зангаас нь болж захчин үндэстнүүдийн сэтгэлийг сэвтээсэн яриа хөөрөө монголоор нэг дэглээ. Монгол бол олон үндэстэн ястны өлгий орон. Энэ бүтэц маань бидний бас нэг бахархал. Тиймээс нэг нэгийгээ буриад, дөрвөд, захчин, баядаар нь дуудаж дэлхийн хаана ч байхгүй ичмээр явдлыг гаргаж баймааргүй байна. Дэлхий биднийг монголчууд л гэж хүлээж авдаг шүү дээ. Тэдэнд бидний халх, буриад байх өчүүхэн ч падлийгүй. Цаашид ингэж яс үндсээрээ дуудалцаж баймааргүй байна. Монголыг улам сэвтээх, улам хагалах зүйлийг бага сэдэж байхсан.
Сонгуулийн хар PR явсаар яс үндэс, ардчилалтай ардчилалгүй, авилгач авилгачгүйгээсээ халиад хоёр нэр дэвшигчийн эхнэрүүд рүү ороод явчихлаа. Ерөнхийлөгчийн гэргий О.Цолмон шиг аймаар хүүхэн байхгүй л гэнэ. Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаа шиг шуналтай хүүхэн байхгүй л гэнэ. Гэртээ хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлээд мөрөөрөө сууж байгаа улсуудаар оролдох хэрэг байна уу. Тэргүүн хатагтайн талаар олон мэдээлэл цацдаг. Тэр харин нэг ч удаа гарч ирж олон таван юм ярьж байгаагүй. Х.Болормаа бол хамгийн нууцлагдмал эмэгтэй. Нөхөр нь хорин жил энэ ард түмний нүдэн дээр, галын шугаман дунд ноцож амьдархад эхнэр нь нэг ч удаа олны нүдэнд үзэгдээгүй. О.Цолмонгийн удамтай судартай, хүчтэй, боловсролтой тэргүүн хатагтай гэдэг тэртээ тэргүй ойлгомжтой. Гэхдээ энэ нь эрчүүдийн үхэн хатан тэмцэх, атаархах, үгүйсгэх, хамаг анхаарлаа чиглүүлэх шалтгаан болж буй нь өөрөө утга учир муутай, гунигтай, шулуухан хэлэхэд ядмаг, ичигэвтэр явдал шүү дээ. Энийгээ одоо больцгоомоор байна. Хүмүүс залхаж байна.
Мөн энэ удаагийн сонгууль Ерөнхийлөгчийн гэх өндөр зиндааг байдаг л нэг дундаж, бохир өрсөлдөөн лүү чирч авчирснаараа түүхэнд үлдэхүйц жишээ болон үлдлээ. Эхнэр хүүхэд, өвөг дээдэс, ёс жудаг, мөс чанар, хууль зүйг бүгдийг нь үл хайхарсан, харгис сурталчилгааны оргилыг үзүүлсэн ийм жишээ ахин бүү давтагдаасай. Ёстой даанч дээ гэмээр болж байна шүү. Уг нь бид зүгээр л сонголтоо хийе гэсэн юм сан.
Дагиймаа