МАН бодохдоо Ардчилсан намын рейтинг өөрсдийнхөөс нь доогуур байгаа гэнэ. МАН бодохдоо өөрсдийгөө ялна  гэв. МАН бодохдоо Ардчилсан нам хагаралтай гэв. МАН бодохдоо бид  өө сэвгүй гэнэ. МАН бодохдоо сонгуулийг ямар ч аргаар хамаагүй өөрсдийн ялалтаар дуусгана. МАН бодохдоо ард түмнийг яаж ч хамаагүй мунхруулна. МАН бодохдоо ард түмэндээ яаж ийгээд сонгууль хүртэл мөнгө өгөөд ам таглана. МАН бодохдоо долдугаар сарын нэгнээс өөрсдийнхөө лидерүүдийг мулталж хамааралгүй болгоно. МАН бодохдоо Ардчилсан намынхныг долдугаар сарын нэгний хэрэгт нэр холбоно. МАН бодохдоо  зургаан хувийн хүүтэй орон сууцаар ард түмнийг молигодно. МАН бодохдоо авлигыг улам их дэлгэрүүлнэ. МАН-ын Ц.Нямдорж бодохдоо Монгол Улсын их сургуулийг ТМС гэнэ.



Ард түмэн бодохдоо Ардын намынхан авлигачаар дүүрсэн гэв. МАН-аар овоглосон арваад засаг дарга Авлигатай тэмцэх газарт шалгагдаж ихэнхийнх нь булхай  тогтоогдоод байгаа нь үүнийг нотолно гэв. Ардын намын засаг дарга нь ийм байгаа юм чинь тэднээс  том дарга нар нь бүр их идэж уудаг байж таараа гэнэ. Ард түмэн бодохдоо уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд, авдар авдар мөнгөөр ард түмнээ зарсан  дарга нарыг Монгол төрөөс зайлаасай гэв.

Ард түмэн бодохдоо Ц.Нямдорж  хүний оюун ухааныг биеийнх нь том, жижгээр ялгадаг, МУИС-ийг Оросын сургуулиас муу гэж боддог  юм байна гэв. Түүн шиг тансаг хаусанд үнэ  төлөхгүй  түрээсэлж  суух юмсан гэв.  Ард түмэн  бодохдоо зургаан хувийн хүүтэй оронц сууцыг хүсч байвч бүтэхгүй гэв. Ард түмэн бодохдоо долдугаар сарын нэгнийг давтахгүйн тулд МАН-ыг дэмжихгүй гэв. Тиймээс ч АН-ын санал судалгаагаар МАН-аас 4,5 функтээр  илүү гарсан байна. Харин Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар  өөрийнхөөрөө эсрэгээр тайлбарлаж “Судалгаагаар Ардын нам тэргүүлж байгаа” гэв. “Ичсэн хүн, хүн ална” гэгчээр  ингэтлээ юунд  сандрана вэ.      

Ардчилсан нам цөөн функтээр илүү яваа ч өнөөдрийг хүртэл илүү байгаагаа хадгалж, олон юм ярихгүй байна. Өөрсдөдөө итгэлтэйгээр судалгааны дүнг хадгалж ирлээ. Үүнийг мэдээд МАН сандарч эхлэв.  Генерал хурандаа нарын аяг дан,  Ц.Нямдоржийн  эрээгүй дайралт, дээр нь засаг дарга нарын авлигын хэрэг МАН-ынхны  ямрыг нь яруу тод харуулсан учраас судалгаагаар тэд доогуур рейтингтэй гарсаар байгаа. Дээр дурдсан жишээнүүд зөвхөн сүүлийн нэг сард болсон үйл явдал юм шүү.  Өмнөх олон булхайг нь дурдвал  замбараагүй их юм болно.  МАН иймээсээ болж түүхэндээ байгаагүйгээр нэр хүнд нь уналаа. Олон нийт энэ бүхэнд дургүйцэж байна. Тийм атал ямар судалгааныхаа дүнгээр МАН-ын нэр өсдөг байнаа. Магадгүй үнэнч хэдэн гишүүнийхээ дунд явуулсан судалгаа байж болох юм л даа. Гэхдээ үнэнд гүйцэгдэнэ гэж бий. Элдэв арга чинь тус болохгүй.

Ямар ч байсан тэд олон нийтийн тархийг угаана гэж найдаж, ийм мэдээлэл түгээсэн ч бид итгэхгүй. МАН бодохдоо л судалгаагаа өндөр гарсан гэлээ. Гэвч тэд айж байна. Ялагдахаасаа айж байна. Ялагдаад ард түмэн жагсахаас айж байна. Сонгууль бүрийн өмнө санал луйвардахдаа тэд айдаг. Гэсэн ч үүнийгээ хийдэг. Нэг үгээр хэлбэл МАН-ынхан айхдаа луйвар хийдэг.

Тэд одоо Ардчилсан намын нэр хүндийг унагахын тулд улиг болсон аргуудаа хэрэглэж хэвлэлээр тархи угаалтаа явуулж эхэллээ.

Энэ байтугай юмыг Ардчилсан нам туулж гарч ирдэг болохоор энэ пиар төдий л сайн явж чадахгүй болов уу.

Одоо харин МАН-ынхан Ерөнхийлөгчийг,  Дээд шүүхийг даргатай нь, Ардчилсан намыг З.Энхболд, Х.Баттулгатай нь баруун солгойгүй гөвөхөөр баахан төлөвлөгөө гаргаж байгаа гэнэ. Долдугаар сарын нэгний хэрэгт өөр хүмүүсийг буруутай болгох гэнэ.

Тэгвэл Ардчилсан намынхан жижиг намуудтай ойлголцож эхэлж байгаа гэнэ. М.Энхсайхантай харьцаа нь сайжирч, Н.Энхбаяртай стратегийн түншлэл бий болгож байгаа тухай сонсогдож эхлэв.

МАН хөдөө орон нутагт  боловсон хүчингүй гэж АН-ыг баалж суухад, хөдөө орон нутагт явцгүй болсныг нь задарсан Засаг дарга нарынх нь авлигын хэрэг хэлээд өглөө.   МАН-ын Засаг дарга нар  бүгд авлигачин, идээчин, уугаачин, зодоончин, нүдээнчнийг нь зохих байгууллагууд нь шалгаад хорихыг нь хорьж цагдахыг нь цагдав, шалгахыг нь шалгав.

МАН сонгуулийн пиар хийлгэхээр Монголын хөрсөнд буухааргүй гадны аргыг сонгож гадаадаас  баахан хүн авчирч гэнэ. “Би бодохдоо....” гэсэн залуучуудынх нь явуулж буй бодлого нь аажимдаа “Бид бодохдоо...“ болж эхэллээ. Тэгээд цааш нь төлөвлөгөө ёсоор “Харийн бодлого Монголд орж ирлээ. Бид бодохдоо Монголынхоо төлөө ..”  гэж ирээд л монголчуудынхаа үндсэрхэг үзэл дээр тоглох гэнэ. Учир нь  Хятадын эрлийз гэж өрсөлдөгчөө муулах, би л гарч ирвэл бүгдийг бүтээнэ гэсэн сонгуулийн үеийн амлалтууд нь нэгэнт явц муутай болсон учир ийм арга сонгож. Одоо ямар ч арга хэрэглээд нэмэргүй. Ард түмэн тэнэг биш.

Харин МАН-ынхан  тэгэж боддог бол бид ингэж боддог. Бид бодохдоо МАН дахин луйвраар битгий ялаасай. Ардчилал Монголд жинхэнэ утгаараа ялаасай. Долдугаар сарын нэгэн дахин бүү давтагдаасай. Төр нь ард түмэн рүүгээ буу битгий шагайгаасай. Уул уурхайн баялаг хэдхэн өрхийг биш Монголын ард түмнийг тэжээгээсэй. Энэ сонгууль шударга болоосой.  Сайн цаг ирнэ гэж итгэж байна. Эцэст нь хэлэхэд Ардын намынхны юу бодох нь, юу гэж шоудах нь тэдний хэрэг. Гэхдээ ард түмэн та нарын арга залийг мэдэж байгаа шүү.