Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр шүүхээс ял сонсон, "Ганц худаг" дахь урьдчилан хорих төвд саатуулагдаад хоёр сар болж байна. Тэрбээр анх удаа манай сонинд ярилцлага өглөө.
Ингээд "Ярилцъя" булан олон нийтийн дунд хамгийн их шуугиан тарьсан үйл явдлын баатар, олны танил "Оюуны Ундраа"-гийн хэмээх овогтой, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын ярилцлагаар та бүхэнтэй уулзаж байна. Хатуу чанд харгалзагчийн нүдийг хариулж, хулгайн замаар нэвтэрч, түүнд хийж байгаа дуслыг дуусахаас өмнө амжиж цөөн минут үг сольсон учраас зарим зүйлийг дутуу асуусан, орхигдуулсан байвал уншигч авхай та намайг уучлана биз ээ. Мөн миний энэ ярилцлага түүнд ямар нэгэн хүндрэл бүү учруулаасай гэж би чин сэтгэлээсэй хүсч байна. Хэвлэл мэдээллийн салбар өөрийн өрсөлдөөний өвөрмөц хатуу хуультай. Тэр хуулийн дор нэг нэгнээсээ өрсөх, үйл явдлын дунд байгаа баатруудтай нүүр тулсан ярилцлага авахаар уйгагүй хөөцөлдөх эрэл хайгуулаар дүүрэн байдаг. Мэргэжлийн энэ шунал маань С.Отгонбаярт болон түүнийг харгалзаж байгаа хяналтынханд, гэр бүл ойр дотныхонд нь таагүй сэтгэгдэл үлдээсэн бол уучлаарай. Ингээд түүний ярианд анхаарлыг тань хандуулъя.

-Таны эрүүл мэндийг тааруу байгаа гэж дуулсан. Гэхдээ нарийн шинжилгээнүүд хийлгэх боломж олгож байна уу?

-Миний биеийн байдал нэлээн ноцтой, муу гэж хэлж болохоор байдалд орчихоод байж байгаа. Зайлшгүй шаардлага гарсан учраас нарийн шинжилгээнүүдийг өгөөд хариугаа хүлээж байна. Ходоод, гэдэс дотор, элэг зэрэг нарийн эрхтнүүдэд өөрчлөлт орсон. Сахрын өвчин маань сэдэрсэн, тэр нь биеийн эрхтнүүдэд нөлөөлөөд хүндэвтэр байна. Шүүхээс намайг хилсээр ялласантай холбоотойгоор миний эрүүл мэндэд ноцтой үр дагаварууд илэрсэн. Ийм л байдалтай хэвтэж байна даа.

-Яаж яваад ийм байдалд орчихов оо гэсэн асуулт хэтэрхий хайнга санагдах байх. Гэвч юу болоод байгаа нь нэг л ойлгомжгүй байна. Шүүхийн тогтоолтой танилцаж байхад 13 сая төгрөгийн хохирол улсад учруулсан гэсэн зүйл байдаг. Нотлох баримтууд нь юу байна гээд үзэхээр сайд С.Отгонбаярын гарын үсэгтэй нэг ч тушаал, шийдвэр байхгүй. Гэрчүүд гэж байгаа нөхдүүд нь илт шахалтаар аман мэдүүлэг өгсөн нь харагддаг?

-Энэ асуудлыг нэг бүрчлэн яривал түүхчилсэн, их урт яриа болно л доо. Анх Онцгой байдлын сайдаар томилогдож очоод байгууллагын дотоод дэг журам, өмч хөрөнгийн шамшигдуулалт, дур зоргоороо авирлацгааж байгаа байдлыг таслан зогсоох тал дээр түлхүү анхаарч ажилласан л даа. Би ажил хийе л гэж очсон. Ингээд ажиллаад эхэлтэл улсын нөөцийн газрын өмч хөрөнгийг хэсэг бүлэг нөхдүүд бол эрээ цээргүй шамшигдуулж байсан ноцтой байдал илэрсэн л дээ. Тэр бүлэглэлийн үйл ажиллагаанд тээг болж, таслан зогсоож эхлэсэнтэй холбогдуулж миний эсрэг янз бүрийн хүмүүс хөдөлж эхэлсэн.

-Улсын нөөцийн газар гэж хэсэг нөхдийн дур зоргоороо тонгочиж байдаг нарантуул маягийн газар болчихсон байсан гэдгийг бол тухайн үед хэн хэнгүй л шивэр авир ярилцдаг байсан л даа?

-Төрийн тусгай алба биш. Тав зургаан дарга нарын тусгай хангамжийн газар л болчихсон байсан. Хувийн компани ч юм шиг. Хэн дуртай нь л өмч хөрөнгийг нь захиран зарцуулж, ашиглаж байдаг газар байсан. Үүр шөнийн заагаар, эсвэл шөнө дунд ирээд Засгийн газрын тогтоолоор ордог 03 дугаар ангийн тусгай нөөцийн скаладыг нээлгэж, ажилтнуудыг нь ангийн даргыг нь дарамталж байгаад 10443 метр брезинт, 7700 ширхэг радяторыг өөрийн хувьдаа барьж байгаа зочид буудлынхаа зардалд хэрэглэхээр ачаад гарсан, шууд хулгай хийгээд аваад явчихсан ноцтой хэрэг хүртэл гарсан. Энэ бол зөвхөн нэг л жишээ. Энэ мэтээр хэт замбараагүй байдал газар авчихсан байсан. Энийг таслан зогсоох гэж ажилласан. Түрүүчээс нь арга хэмжээ авахыг нь авч, ажлаас халахыг нь халж хариуцлага тооцож эхэлсэн л дээ. Миний өнөөдрийн орчихоод байж байгаа энэ байр байдал энэ үеэс эхтэй явдал л даа.

-Би бол ажлаа хийж яваа сэтүүлч хүн. Тантай уулзах гэж олон янзын арга чарга эрж хайсан. Танд би нэг зүйлийг анхааруулах ёстой. Хэдийгээр ардчилсан нийгэмд хүн үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх, өөрийгөө өмгөөлөх эрхээр бүрэн хангагдах ёстой ч манайд байдал эсрэгээрээ байна. Энэ уулзалтаас болж танд ямар нэгэн дарамт ирэхгүй байгаа?

-Мэдэхгүй юм. Ер нь бол байдал ямар хүнд хэцүү байгааг та өөрөө нүдээрээ харж байна. Байнгын харгалзагчтай, бүх юм хатуу хараа хяналтын дор. Өөрийг тань ингээд олоод ороод ирнэ гэж бодсон ч үгүй.

-"Ганц худаг"-аас хүмүүс захидал бичиж, сэтгүүлчийн явуулсан асуултуудад хариулж, эсвэл эргэлтийн цагаар товлож уулзаад ярилцлага өгч болдог. Хүний байр сууриа илэрхийлэх, өөртөө учирсан ноцтой байдлыг нийтэд мэдээлэх, нийгмийн анхааралд хандуулах тэр эрхийг цоожилж болохгүй. Танд яагаад энэ эрхийг чинь олгохгүй байгаа юм бэ?

-Уг нь бол өөрт тулгасан энэ хэргийн талаар үнэн зөв мэдээллийг өгөх шаардлага надад байна. Та ойлгож байгаа байх. Хүмүүс гайхаж байгаа шүү дээ. Би энэ бүхэн надад ямар ч холбогдолгүй, би ямар ч хууль журмыг зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдгээ мэдэгдэхийг хичнээн хүсч байвч, хуулийн байгууллага бас үнэн мөнөөр нь гаргаад ирэх байлгүй дээ гэсэн итгэл найдварыыг тээж, тэдний ажил төрлийг хүндэтгэж байсан. Гэтэл нөхцөл байдал бү эсрэгээрээ эргэлээ.

-Тэгэх шиг боллоо. Ялангуяа өчигдрийн нийслэлийн давж заалдах шатны шүүхэд та нэлээн найдлага тавьж байсан байх?

-Тавилгүй яах юм бэ. Би анхан шатны шүүхээр орохдоо хүртэл надад хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй, хууль бус аргаар улсын эд хөрөнгийг шамшигдуулсан явдал байхгүй учраас асар итгэлтэй байсан. Намайг чинь бараг тэрбум төгрөг аваад идчихсэн гээд шуугиад байсан биз дээ.

-Тэгсэн. Гэтэл генерал П.Даш 700 гаруй сая төгрөг шамшигдуулсан нь нотлогдож, сайд С.Отгонбаяр 13 сая төгрөгийн хэрэгт ороогдчихоод байж байна. Үнэхээр инээдтэй хэрэг тохож дөрвөн жилийн ял оноолоо. Цаана нь яг юу байгаа юм бэ?

-Юу хэлэхээ мэдэхгүй юм даа. Анх хэрэг үүсэхдээ над дээр үүссэн хэрэг биш юм ш дээ. Энэ нөхдүүдийн улсын өмч хөрөнгө идэж уугаад байна гэдгийг тухайн үеийн төр засгийн өндөрлөгүүдэд танилцуулаад, тэд хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлага тооцуул гэсэн чиглэл өгсний үндсэн дээр би холбогдох газар шалгуулах хүсэлт гаргаж, энэ хүмүүс дээр эрүүгийн хэрэг үүссэн юм. Эрүүгийн хэрэг үүсээд П.Даш, Даваасүрэн, Алтангэрэл гээд хэсэг нөхдүүд шалгагдаад явж байгаад гэнэтхэн нэг өдөр намайг сэжигтнээр татнаа гээд орж ирсэн л дээ. Тэр үед би УИХ-ын гишүүн байсан. Би өмч шамшигдуулсан хүмүүсийг шалгуулах гэж өргөдөл өгтөл эргээд намайг сэжигтнээр татнаа гээд ороод ирэхээр гайхна биз дээ. Би гэмт хэрэг үйлдээд байгаа хүмүүсийг шалгуулах хүсэлт гаргасан хүн нь байна шүү дээ, яагаад ийм юм болов оо гээд асуухаар ерөөсөө хариулт байхгүй байсан.

-Мөрдөн байцаагч ядаж нэг үг хэлээ байлгүй дээ?

-Дээрээс таныг тат гээд байнаа л гэсэн.

-Дээрээс ?

-Тийм ээ, дээрээс л гэсэн. Та бүхэнд ямар нотлох барит байна вэ, би ямар гэмт хэрэг хийчихсэн юм бэ гэж би мөрдөн байцаагчаас асуугаад байдаг. Өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх надад хуулиар олгогдоогүй, би тендер явуулдаггүй, би гэрээнд гарын үсэг зурдаггүй. Мөнгөний нэгдүгээр гарын үсгийг би зурдаггүй. Би төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд зөв зүйтэй захиран зарцуулж байна уу, үгүй юу гэдэгт нь л хяналт тавьдаг үүрэгтэй.

-Агетлагийн дарга П.Дашийн үйл ажиллагааг хянах үүрэгтэй л гэсэн үг биз дээ?

-Энгийн утгаар бол тийм. Гэтэл тэр өмч хөрөнгө захиран зарцуулдаг хүний үйлдсэн хэргийг над дээр хамсаатуулж эрүүгийн хэрэг үүсгэн оруулж ирж байгаа нь өөрөө ойлгомжгүй хэрэг.

-Хувьсгалт намын гишүүн, дээр нь тэнд олон жил оршиж өөрийн дархлааг бий болгосон, генерал П.Дашаар оролдоод унахаар МАХН гэдэг том бар уурлачихсан юм болов уу?

-Би тэрийг мэдэхгүй байна.

-Тусгай ангийн даргыг нь номхон зогсоож байгаад долоон машин бараа шөнөөр ачаад гарч байгаа тухай мэдээлэл тэр дороо л ирж байсан. Үнэхээр хэт даварсан үйлдэл л дээ. Гэхдээ л танд бас зориг дутаад байсан юм биш үү. Тэр нөхрийг шууд хөөн зайлуулахгүй яасан юм бэ?

-Надад бүрэн эрх нь байсан л даа. Ажлаас чөлөөлөх санал оруулах эрх нь надад байсан. Гэхдээ төрийн энэ тусгай албыг бужигнуулах бодол байгаагүй. Тэр тусмаа хэн нэгнийг ажил албанаас нь салгаж, хүний мууг үзэх бодол байгаагүй. Хүнийхээ хувьд ч би тийм хүн биш. Хэдэн жил ажил аваад яваад ирсэн улсуудад ажлын туршлага, дадлага гэж юм бас байгаа, тэрийг нь ашиглаад цааш нь энэ айлыг аваад явъя л гэсэн бодол байсан. Тэр битгий хэл ЭЦГ-ын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байхад нь байгууллагын дотоод асуудал юм байнаа гээд өрөвч сэтгэл гарган албан бичиг өгөөд татаж авч байсан. Татаж аваад дахиж ийм юм хийж болохгүй шүү нөхдүүд ээ гэж хатуу анхааруулж байсан.

-Та П.Дашийг шалгуулаад эхэлыытэл урдаас тань "Энэ яасан даварсан жаал вэ, үзүүлээд өгнөө" гээд босоод ирсэн юм биш үү. Би их энгийнээр тайлбарлаж байна л даа?

-Тэгсэн л юм шиг байгаа юм. Би Хувьсгалт нам гэдэг том хүчний нөмрөгөн дор явдаг, алтан мөрдөстэй генералд тээг болон зогсч зэвүүцлийг нь төрүүлсэн гэдгээ бол ойлгосон.

-П.Даш та хоёр бол хоёр өөр нийгмийн хүмүүс. Нас, зүсээр ч ялгаатай. Гэтэл өнөөдөр захын хүн "Отгонбаяр, Даш гэж хоёр тэнэг амьтан. Нэг нэгнийхээ урд нүх ухаж байгаад хоёулаа зэрэг ойчлоо" гэж ярих болж. Ийм төвшинд хүртэл яригдаж байна гэдэг асар том уналт биз дээ?

-Тийм ээ. Уналт байлгүй яахав дээ.

-Эр улсууд байж учраа ололцчихож болоогүй юм уу?

-Би тэр хүнд маш олон удаа анхааруулж, маш олон удаа сануулж байсан. Энэ үйлдлээ таслан зогсоогоочээ. Энэ бүлэглэн үйлддэг гэмт хэргээ болиоч ээ. Болохгүй байгаа хүмүүс байвал арга хэмжээ аваач ээ гэж мөн ч олон удаа хэлж байсан. Би өөрөө жижиг намын төлөөлөл болж Засгийн газарт орж ирсэн сайд болохоор миний энэ шаардлага тэр хүмүүст нэг их ач холбогдолтой үг санагддагүй байсан юм шиг байна лээ.

-Том намын халхавчин дор байдаг халаасны хулгайчид нь хүртэл том шүү дээ?

-Тэр үнэн. Би яс махандаа шингэтэл ойлгосон.

-Танай Засгийн газар эв нэгдлийн гэсэн гоё нэртэй ч гадна дотнын дарамтан дунд мөн ч хүнд нөхцөлд ажилласан шүү. Хэцүү байсан биз дээ?

-Үнэхээр хүнд нөхцөлд хоёр жил ажилласан. Гай зовлон ч их гарсан. Гамшиг осол ч тасраагүй. Нэгэнт надад итгэл хүлээгэж байгаа юм чинь би тэр итгэлийг нь хөсөрдүүлэхгүй л гэж зүтгэсэн. Хаана л гамшиг осол гарна би тэнд өөрийн биеэр хүрч очиж ажилладаг байсан. Тус салбарт олон ч шинэ ажлуудыг хийсэн.

-Сайд нар нь мэдэлгүй. Л.Гүндалай гэхэд хэдэн эмнэлгийн дарга огцруулах гэж үзээд л адаг сүүлд нь хүчрэлгүй өөрөө огцорч байсан. Та мөн адил. Нэг өвгөн генералтай учраа олж чадахгүй байж байгаад өөрөө ийм байдалд орчихлоо. Өөрийг тань боддог юм. Та бол бизнест амжилттай л явж байсан хүн. Харин тэр бүх амжилтаа улс төрд булаалгачихлаа гэж. Мэдээж та харамсдаг байх?

-Би яг энэ цаг мөчид бол харамсаад л хэвтэж байна. Бизнесийн салбарт ажиллаж байгаад улс төрд орсон. Төрд шударга ажиллая гэсэн л хүсэл байсан. Төрийн нэрийн өмнөөс алба хаших үүргээ бас нэр төртэй биелүүлээд гаръя гэж хэн ч бодно. УИХ өөрөө надад итгэл хүлээлгэж монгол улсын сайдаар томилж байсан. Эргээд санахад хэтэрхий шударга зан гаргаж, ажлын төлөө явж байгаад ийм байдалд орчихсондоо харамсч л байна. Нөгөө талдаа өнөөдөр монголд шударга ёс гэж үнэндээ байхгүй болчихсон юм байна гэдгийг л мэдэрч байна даа. Үүнийг надад тохож байгаа энэ хилс хэрэг бодитоор харуулж байна.

-Юун 13 сая төгрөгний машины хэрэг. Цаана чинь бүхэл бүтэн пуужин, онгоц туучихсан "гэмт хэрэгтнүүд" дүүрэн байна шүү дээ. Тэгэхээр цаана нь нэг юм байна. Уг нь та улс төрд дайсангүй баймаар. Таныг хаана, хэн зуучихаад байгаа юм бэ?

-Улс төрийн дайсан надад байдаггүй. Улстөрч гэдэг утгаараа тэр хүрээний хүмүүстэй эв эеийг баримталж ажиллаж явсан. Би өөрөө тийм хүнтэй үсчиж, муудаад, энд тэнд эв эвдээд явдаг хөнгөн авиртай хүн биш л дээ. Тийм болохоор улс төрийн тийм том дайснууд надад байхгүй. Найз нөхдийн хэмжээнд, бие биенээ харилцан ойлголцох төвшинд явцгаасан. Манай энэ хууль хяналтын байгууллагынхны талаар ард иргэдийн дунд яригддаг бүх дүгнэлтүүд оргүй зүйл биш байдаг юм байна гэдгийг мэдэрч байна. Хуулийг хуульчид өөрсдөө завхруулдаг гэсэн дүгнэлт үнэн юм байна.

-Бизнесийн ямар нэгэн дайсан байна уу?

-Бизнес маш хэцүү ертөнц. Мөнхийн хурц ширүүн өрсөлдөөн дунд оршин тогтнодог. Гэвч энэ салбарт ажиллаж явахдаа ямар нэгэн гүнзгий өш хонзон үлдээсэн дайсан гэж үзэхээр хүмүүс надад байс алга. Ганц ч тийм юм байхгүй.

-Танд дөрвөн жилийн ял оноочихоод байж байна. Урт хугацаа шүү дээ. Дээр нь таны эрүүл мэндийн байдал ийм тааруу байж байдаг. Бүх юмаараа та хохирох нь байна шүү дээ?

-Хохирчихоод байна л даа. Өнөөдөр би давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь надад огт хамааралгүй, миний хуулиар олгогдсон эрх үүргийн хэмжээнээс тусгаарлагдсан, өөрөөр хэлбэл өөр хүний эрхэлдэг ажил үүргийн хувиараар гүйцэтгэгдсэн, өөр хүмүүсүүдийн хийчихсэн үйлдэлд хамаатуулж яллаж байгаа хууль бус шийдвэр.

-Дандаа аман мэдүүлгүүд дээр тулгуурлаж ялласан нь анхаарал татаж байгаа?

-Баримт нотолгоогүйгээр, дандаа эсрэг сонирхолтой хүмүүсийн аман мэдүүлгүүдээр намайг яллаж байна л даа.

-Тэр аман мэдүүлгүүдийг баталгаажуулсан, өөрөөр хэлбэл та утсаар ч юм уу, өөрөө дуудаж уулзаад амаараа үүрэг өгч, дарамталж , тушааж байгаад хийлгүүлснийг нотлох ауди бичлэг ч юм уу, тийм баримтууд байдаг юм уу?

-Юу ч байхгүй. Зөвхөн сайд үүрэг өгсөөн л гэж амаараа гүтгэж мэдүүлдэг. Зөвхөн тэр мэдүүлгүүдээр л намайг яллаж байгаа. Би тендер явуулах эрхгүй. Өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх бас байхгүй. Зөвхөн бодлогын сайд шүү дээ.

-Таны хүү аавдаа Германаас нэг машин авчраад бэлэглэсэн юм аа даа. Тэгээд тэр машиныг нь та уналгүй байж байгаад өөрөө зараад сургуулийнхаа зардалд хэрэглэ гэж. Хүү тань өөр хүмүүст зарж. Худалдаж авсан нөхдүүд хоёр жилийн дараа танайхаас зарласан нэг тендерт оролцоод л нөгөө машин явсаар ОБЕГ-ын өмч болж хувирсан гэж би ойлгосон?

-Нас биед хүрчихсэн хүүхэд болохоор бас өөрөө биеэ дагаад ганц нэг машин оруулж ирж зарчихаад, сургууль номныхоо зардал юмыг шийдээд яваад байдаг юм л даа. Тэгээд тухайн үед тэр оруулж ирсэн машинуудынх нь нэгийг "Наку" гэдэг компанийн Намба гэдэг нэг нөхөр худалдаж аваад бараг хоёр жил хэрэглэснийхээ дараа улсын онцгой комиссоос машин авна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан тендерт орсон юм билээ.

-Тэр нөхөр чинь ер нь машины бизнес хийдэг. Энд тэндээс зарласан тендерүүдэд оролцож дадсан хүн юм биш үү?

-Тийм л юм билээ л дээ. Тэгээд тэр нөхөр тендерт өөрийнхөө нэрээр, өөрөө орсон юм билээ. Тэр чинь худалдагдаад хоёр жил болчихсон машин шүү дээ.

-Тэгээд энд та ямар хамаа байна?

-Тэгээд буруутгаж байгаа асуудал нь бол С.Отгонбаярын хүүгийн хилээр оруулж ирсэн автомашин байнаа гэсэн ийм л үндэслэл гаргадаг юм билээ. Надад үнэндээ ямар ч хамаагүй асуудал. Тендерийг явуулдаг нөхөр нь нөгөө агентлагийн газрын дарга өөрөө.

-П.Даш биз дээ. Энэ урхи байсан юм биш үү. Одоо тэр Намба гэдэг нөхөр хүний хувь заяа ийм байдал руу эргэчихээд байхад бүх учир начрыг тайлбарлах ёстой шүү дээ?

-Тэгмээр л юм. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө явчихаад, тендер энэ тэрд нь оролцчихоод учир начрыг нь тайлж ярих ёстой шүү дээ. Хүн ёсоор бол бас юм бодох ёстой биз дээ.

-Та хоригдоод их удлаа. Яг хэд хонож байна вэ. Энэ хугацаанд хүмүүсийн яс, чанар их танигдаж байна уу?

-хүний мөн чанар үнэхээр танигддаг юм байна. Би өнөөдөр 53 дахь хоног дээрээ цагдан хоригдож байна. Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч байна. Эрх чөлөөгөө хязгаарлуулчихсан байна. Үнэхээр байж боломгүй асуудал дээр хилс хэрэг тулгуулаад хэвтэж байгаа маань хүнд байна. Хууль зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй байхад, хилсээр ингэж яллаж байгаад үнэхээр харамсаж байна.

-Хамт чуулганы танхимд мөр зэрэгцээд сууж байсан "ангийхан" тань таныг эргэж тойрч байна уу?

-Харгалзагчтай байгаа болохоор ямар ч бололцоо байхгүй юм л даа. Лхагва, пүрэв гаригуудад л шүүхийн зөвшөөрлөөр эргэлт авдаг. Нөхцөл байдал нэгэнт ийм байгаа болохоор тэр болгон ирээд байх бололцоо байхгүй байна л даа. Хэлмэгдүүлчихсэн, хилсээр ял тохогдчихсон ийм хүнд байдалд нэг нөхөр нь орчихсон байгаад нөхөд маань дотроо зовоод л явцгааж байгаа байх л даа. Тэрнээс цаашгүй л байгаа байх. Гэмт хэрэг хийгээд, улсын олон тэрбум төгрөг шамшигдуулчихсан нөхдүүдийг шалгуулах гэж өгснийхөө төлөө эргүүлээд зөрүүлээд мушгиулчихаад байж байгаа ийм байдал манай улс төрд байгаа бусад нөхдүүдэд битгий давтагдаасай гэж би бодож байгаа.

-Аль нэгэн том нам дагаж улс төрд орж ирсэн байсан бол байдал арай өөр байх байсан гэж бодогдож байна уу?

-Авилгатай тэмцэх газрын анхны шалгасан хэрэг дээр надаар үзүүлэн болгож харуулах бодлого бас явчихсан юм болов уу. Албан тушаалтан, ардын хүүхэд хоёрыг ялгаж шийтгэдэггүй юм шүү гэсэн нэг жүжиг тавих гэж ийм зүйл зохион байгуулсан гэж би боддог. Гэхдээ хилсээр намайг ингэж өлгөж харуулж байгаа нь харамсалтай. Төрийн алба, том намын халхавчин дор жинхэнэ хууль бус, жинхэнэ бусармаг юм хийж явдаг улсууд зөндөө байдаг. Би дотор нь байсан хүн мэдэлгүй яахав. Таван хүний аж амьдралыг авч явж үзээгүй, улсад таван төгрөгний татвар төлж үзээгүй тийм хүмүүсийн амьдрал ахуй өнөөдөр ямар байгаад байдаг билээ гэдгийг эргээд тунгаагаад харахад сонин л дүр зураг харагддаг шүү дээ. Улс төрийн томоохон хүчин түшсэн бол би өнөөдөр ялтан болчихоод хэвтэж байхгүй байсан л даа.

-С.Эрдэнийг 45 сая төгрөгний асуудлаар шууд хангалттай нотлох баримтгүйгээр суулгачихлаа. Гэтэл нам нь босч ирээд шударга ёсыг, хууль ёсны шударга зарчмыг сануулж байна. Танд бол ийм ар тал алга. Танай "Эх орон" нам одоо хаана явна вэ. Намын дарга тань монголд байгаа юу?

-Мэдэхгүй.

-"Эх орон" намын дарга Б.Эрдэнэбат танд ямар нэгэн байдлаар хандав уу?

-Хандаагүй. Би тэр намаас ямар нэгэн хамгаалалт хүсээгүй. Надад учирсан энэ хүнд байдлын талаар ямар нэгэн байр сууриа илэрхийлж байна гэж би сонсоогүй. Намын байр суурь нь, намын дарга нь хаана ч байгаа юм бүү мэд.

-Монголд байна лээ. Эмнэлэгт хэвтэж байгаа гэх мэдээлэл байна?

-Тийм үү.

-Хэрвээ та том намын гишүүн байсан бол ядаж хуульчид гаргаж өгөөд шинжээчээр ажиллуулах байсан байх?

-Тэгэх байх. Дор хаяж хуульчид гаргаж өгөөд энэ хүн хэрэг үйлдэж үү, үгүй юу гэдгийг нотлуулахаар ажиллуулж өгөх байх л даа.

-Өмгөөллийн орон зай шүүх засаглалд гайхмаар хомс байгаа талаар сүүлийн үед хуульчид их ярьж байгаа?

-Тэр үнэн. Маш хязгаарлагдмал орчинд үйл ажиллагааг нь явуулдаг юм байна. Бүрэн эрхээр нь хангаж өгөхгүй байна. Шүүх засаглалын хараат бус байдал гэдэг юмны тун үнэхээр алдагдчихсан юм байна гэдэг л яс махнаас мэдрэгдэж байна даа.

-"Оюуны ундраа" гэж том групп байдаг. Энэ компанийн байдал танаас болоод хүндэрч байгаа байх даа?

-Мэдээж тодорхой хэмжээний эрсдлүүд гарч байгаа. Гэхдээ би УИХ-ын гишүүн болсноосоо хойш үйл ажиллагаанд нь оролцоогүй. Явдаг ажлууд нь явж л байгаа байх. Гэхдээ үүсгэн байгуулагчийнх нь нэг би учраас тодорхой хэмжээний эрсдэл учирч л байгаа байх. Эдийн засгийн нөхцөл байдал бас хүндэрчихлээ.

-Өнгөрсөн сонгуульд гайгүй л рейтингтэй өрсөлдөж байх шиг байсан. Яагаад ялагдчихсан бэ?

-Үгүй, одоо сонгууль ямар төвшинд явагдсаныг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Тэр талаар би одоо юу ярих вэ дээ. Монголын нийгэм бүхэлдээ сонгууль гэж юу болоод өнгөрснийг мэдэж байгаа учраас. Хэн хууль сайн зөрчиж чадсан нь хождог нийгэм юм биш үү. Хэн сайн луйвар хийж чадсан нь гарч ирдэг. Энэ миний хувийн дүгнэлт шүү.

-Та ер нь бичдэг үү. Байр сууриа илэрхийлэх эрхийг тань хязгаарлачихсан юм байна. Бичээд байж болно шүү дээ?

-Би бичнээ. Гэхдээ бие маань ийм сул байгаа болохоор үзэг цаас нийлүүлж суух тэнхэл алга байна. Одоо бол би өвчинд дарлагдчихаад байна шүү дээ.

-Шинжилгээний тань хариунууд гараагүй байна уу?

-Гараагүй байна.

-Таны дусал дуусахаас өмнө би амжиж гарах ёстой. Нэмж хэлэх зүйл байна уу?

-Би ямар ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Нэг ч удаа хууль зөрчсөн үйлдэл хийлгүй, төрийн албыг шударгаар хашч ирсэн шүү гэдгээ танай сониноор дамжуулж хэлмээр байна. Хуулийг зувчуулсан, улсын эд хөрөнгийг шамшигдуулсан үйлдэл хийсэн нөхдүүдийг илчилж, илрүүлж гаргаж ирснийхээ төлөө өөрөө эргээд хэрэгтэн болон түлхэгдээд сууж байгаадаа маш их гутарч байна. Ийм байдал бусад хүмүүст битгий тохиолдоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

-Бага нас тань Налайхад өнгөрсөн гэдэг. Танайх ер нь тэндэхийн айл уу?

-Төрөөд, өсч өндийгөөд, дунд сургуульд ороод, дараагийн шатны сургуульд явах хүртлээ Налайхад байсан. Миний хүүхэд ахуйн дурсамж тэр тосгонтой салшгүй холбоотой.

-Олуулаа гэж сонсч байсан?

-Манайхан олуулаа. Эх эцгээс есүүлээ шүү дээ.

-Эцэг эх тань уурхайчид уу?

-Тийм ээ. Уурхайчид. Одоо ээж маань байгаа.

-Та орост төгссөн бил үү?

-Би Москвад төгссөн. Хэвлэлийн дээд сургууль. Дараа нь Москвагийн Эдийн засаг, улс төрийн академи төгссөн. Орос оронд арваад жил сурлаа. Ажил амьдралын гараагаа улсын хэвлэлийн комбинатаас эхэлж байлаа. Тэр үед манай яамны сайд одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр байсан. Дараа нь бизнесийн салбарт ажиллалаа. Олон хүний аж амьдралыг авч явж, улс эх орондоо татвараа төлж, олон юмны анхдагч болж газар хагалж явлаа. Амьдрал амар хялбар байгаагүй. Гэхдээ шударгаар зүтгэсэн түүх маань одоо эргэн санахад сайхан байдаг.

-Ээж тань зовж байгаа байх даа?

-Ямар олиг байхав дээ. Ная шүргэсэн настай эхийгээ дээлтэй нь хатааж байна даа. Хүү нь хууль бус юм хийгээгүй. Хуулийг завхруулж байсан этгээдүүдтэй л тэмцсэн. Энэ хилс хэргийн учир начир зөвөөр тунгаагдах биз дээ гэж ээждээ хэлмээр байна.