МоАХ-ны ээлжит 4 дүгээр Их хурал Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 18-нд болсон юм. Тус хуралд УИХ-ын гишүүн МоАХ-ны дарга Х.Баттулгын тавьсан илтгэлийг товчлон хүргэж байна.


Журмын нөхдөө, Ардчилагчдаа!

Монгол оронд эрх чөлөө, ардчиллын салхийг авчрагч ардчиллын анхдагчид, партизанууд аа,

Ардчиллаар амьсгалж өссөн, залгуулж хөгжүүлэх, ардчиллыг үнэт зүйл, итгэл үнэмшлээ болгосон МоАХ-ны шинэ үе, залуучуудаа,

Монголчууд аа!

Өнөөдөр хуралдаж байгаа МоАХ-ны ээлжит 4-р Их Хурал 2006 онд хуралдсан 3-р Их хурлаас хойш хийж амжуулсан болон хийж амжаагүй ажлаа дүгнэн, хэрэгжүүлэх үзэл санааныхаа талаар ярилцаж, улс орны өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж цэгнэн, ардчиллыг бэхжүүлэх, үнэт зүйлсийг нь хамгаалж, хөгжүүлэхийн төлөөх цаашдын зорилго, тэмцлийн чиг хандлага, стратеги тактикаа тодорхойлох гэж байна.

Ардчилсан хувьсгалын 20 жилээс хойшхи Монголын нийгэм, улс төрийн нөхцөл

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн үеэр ойрын жилүүдэд МоАХ-ны гишүүд, удирдлагууд энэ цаг үед юуг зорьж, юуг төлөвлөхөө тодорхойлсон. Энэ нь улс орны нөхцөл байдал, ирээдүйн хандлага, МоАХ-ны анх бий болохдоо тавьж байсан зорилтуудтай шууд холбоотой байсан юм. 1990 оноос хойш бидэнд хийж амжаагүй зүйлс хийснээс минь дутахгүй байгааг 20 жилийнхээ ойгоор өөрсөддөө болон монголын олон нийтэд сануулж, “Ардчиллаа эдийн засгийн ололтоор батжуулж, бэхжүүлж чадаагүй” явааг цохон тэмдэглэж, тодорхой зорилтууд дэвшүүлсэн юм.

Эдийн засагжаагүй ардчилал хэврэг, эмзэг байна гэдгийг тэр үед МоАХ анхааруулж байлаа. Өнөөдөр тэр анхааруулга бодит биеллээ олж “Уудам азийн цээжинд ардчиллын од болон гялалздаг” маань бүдгэрчээ. Ардчиллын гол үзүүлэлтүүд тогтмол буурч байгаагийн улмаас “Дэлхийн улс орнуудын Ардчиллын индекс” -т Монгол улс 2011 онд 69 дүгээрт бичигдлээ. 2006 онд 56, 2008 онд 58, 2010 онд 64 дүгээрт бичигдэж байснаас харвал манай улс жил ирэх тутам ардчиллаа алдсаар байна. Ардчиллын индексийг гаргахдаа сонгууль, Засгийн газрын үйл ажиллагаа, иргэдийн улстөрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр дүгнэдэг, 60 асуулт бүхий судалгаагаар тодруулдаг. Сонгууль булхайгүй, шударга явагддаг эсэх, өгсөн саналын нууцлал, хөндлөнгийн нөлөө ямар байгаа, Засгийн газарт нь гадны нөлөөлөл байдаг эсэх, төрийн бодлого, үйл ажиллагаа иргэдэд хүртээмжтэй эсэх гэсэн асуултуудад Монгол хамгийн бага оноог авчээ.

Хэрвээ бид сэрж, сэхэхгүй бол, ардчилагчдын ууган байгууллага МоАХ түүхэн зөн билгээ сэрээж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ ахин гүйцэтгэхгүй юм бол тун удахгүй Монгол дарангуйлагч улсуудын жагсаалтад багтах ч магадгүй болоод байна. Ардчиллын индексээр 90-лүү ухрахад л дарангуйлал тогтно. 1992 онд 54-р байранд бичигдэж байгаад ухарсаар байгаад 69-д ирсэн хурдаараа тооцвол дарангуйлал ойрхон байна.

Ардчиллын хамгийн гол үзүүлэлт болсон хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо тунхаглах эрхийг хангаж байгаа үзүүлэлт мөн ухарч дэлхийн улсууд дунд 100 дугаарт бичигдэв. 2010 онд Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 76 дугаар байрт байжээ. Ганцхан жилийн дотор даруй 24 байр ухрав. Үсрэнгүй ухралт гэж энийг л хэлэх байх.

Авилгатай тэмцэх газрыг тусгайлан байгуулсаар байтал жил ирэх тусам авилгын үзүүлэлт хойшлоод л байна. 183 улсыг жагсаахад Монгол Улс 124-р байранд явна. Манай авлигын индекс 2,7 болж “авлигад идэгдсэн” гэх ангилалд тун дөхлөө. Хойтон гэхэд бид “авлигад идэгдсэн” улсуудын авдаг 3 оноог авахад бэлэн байна.

Хамгийн ичмээр зүйл нь дарангуйлалтай улс гэж албан ёсоор тооцогддог өмнөд хөрш маань авлигын үзүүлэлтээр Монголоос 45 байрын өмнө, 75-д байгаа юм. АТГ анх байгуулагдахад авлигын индексээр 106-р байрт байснаасаа гурав, дөрөвхөн жилийн дотор124 лүү ухарч байгааг харахаар тайван суух арга байна уу?

Өвгөдөөс үлдээсэн асар их баялаг монгол хүн бүрийг хангалуун амьдруулахад хүрэлцэхүйц байхад өнөөдөр “хүн амын 40 хувь нь ядууралд нэрвэгдлээ” гэсэн статистик үзүүлэлттэй, баялгийн тэгш бус хуваарилалт чинээндээ тулж, 0,40 гэсэн хямралт цэг дээр тулж ирсэн байдалтай сууж байна.

1990 онд МоАХ нийгмээ өөрчлөхийг хүсэхдээ ийм баян ядуугийн туйл руу шахагдаагүй, чинээлэг дундаж иргэд зонхилсон амьдралыг л хүссэн билээ. Гэвч ардчиллын өрнөл хөгжил та бидний хүсч, зорьж байсан шиг явагдсангүй. Баян хоосны ялгаа жил ирэх тусам өссөөр байгааг жини коэффицент 2003 онд - 0,33, 2006 онд- 0,36, 2011 онд 0,39-д хүрснээс тод харж болно. Хэдийгээр эрх баригчдын зүгээс баян хоосны ялгаа хямралын 0,40 үзүүлэлтэд хараахан хүрээгүй гэж мэдэгдэж байгаа ч гадны шинжээчид жини коэффицент монголд аль хэдийн 0,44 хүрсэн гэж мэдэгдэж байна. Үүнийг Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын (OECD) гаргасан “Орлогын тэгш бус байдал” судалгаанаас харж болно. Энэ судлагааны дүнгээс харахад монголын орлого багатай хэсгийнхний болон уул уурхайн эздийн орлогын хоорондох зөрөө 250 дахин их байна. Нийгмийн баялгийг харьцангуй тэгш хуваарилдаг гэх Скандинавын орнуудад энэ зөрөө 9 дахин гэдэг тооноос хэтрэх ёсгүй ажээ.

“Эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрсэн” гэх онгиргон үзүүлэлт жирийн хүмүүсийн амьдралыг дээшлүүлэхгүй, өөрчлөхгүй байхад  “хөгжиж байна” гэж хөөрөх эрх бидэнд байна уу?

Улс төрийн том намын дарга нь “Эдийн засгийн хувьсгалыг” ахин дахин зарлаад, гоё сайхан илтгэлүүд ээлж дараалан тавигдсаар байхад эдийн засгийн эрх чөлөөний индекс маань ахиж өгөхгүй байна. Бизнес эрхлэх эрх чөлөөгөөрөө Монгол Улс 2008 онд 62-т, 2010 онд 88-д бичигдэж байснаа, харин эдийн засаг нь 20 хувь өсч, голлох том намуудын нэгнийх нь дарга “Эдийн засгийн хувьсгалыг” давтан зарласан 2011 онд Монгол улс бизнес эрхлэх эрх чөлөөгөөрөө 93 дугаар байр луу ухарч Африкийн Марокко, Гана улсуудтай зэрэгцэж, Бутаны өмнөхөн гэлдэрч явна.

Сүүлийн жилүүдэд амны уншлага шахуу болсон “Баялгийн хараал” бидэнд аль хэдийнээ тусч, “Африк шиг болох вий” гэх айдас маань бодит байдал болчихжээ. Бид “Азийн цээжин дэх Африк” болчихсон байгааг дэлхий нийт анхааруулж байна.

Монголын эдийн засгийн өрсөлдөх чадвар ч жилээс жилд буурсаар байгаа юм. Тухайлбал, 2006 онд 89-д, 2007 онд 101-т бичигдэж байснаа 2010 онд 117-д жагсчээ. Дөрвөн жилийн дотор өрсөлдөх чадвараараа хойшоо 28 байраар үсрэнгүй ухрахад уул уурхайн баялгийг төртэй нийлэн цөлмөж буй олигархиудын үүрэг багагүй байсан байх аа.

Монгол хүн ядуу дорой, Монгол улс эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсоогүй байгаа учраас 20 жилийн ойгоороо бид МоАХ-ны анхны дарга, Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн тунхагласан “Ардчилсан хувьсгалын хоёр дахь шатыг үйлдвэржүүлэлт болгох” уриалгыг ажил хэрэг болгох, Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой амгалан амьдралтай байх үндсэн нөхцлийг хангахын тулд “Үйлдвэржилтийн төлөө тэмцэхээр” зорьсон.

Үйлдвэржилтийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд Сайншандад Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах үзэл санааг тунхаглаж, эхний судалгаа, техник эдийн засгийн төсөөллийг гарган Засгийн газарт санал болгосноор энэ ажил бодит биеллээ олох алхмуудыг хийсэн. Техник Эдийн Засгийн үндэслэлийг боловсруулж, ямар үйлдвэрүүдийг ямар дарааллаар хэдий хугацаанд барьж босгох төлөвлөгөө, санхүүжилтийн хуваарийг ч гаргасан.

Бид уул уурхайн ордуудаас гарч байгаа ашигт малтмалыг тогтвортой, урт хугацаанд үр ашигтай борлуулах, нэмүү өртөг шингээх, баялгийн үр шим монголчуудад илүү ихээр хүртэгдэх гэсэн зорилтуудыг ханган биелүүлэхэд дэд бүтэц, ялангуяа төмөр зам стратегийн ач холбогдолтой гэж үзэн Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулж, шинэ төмөр замыг Үндэсний аюулгүй байдалд нийцсэн стандартаар тавьж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгуулсан. Энэ ажил эхлэж Техник, эдийн засгийн үндэслэл, трасс батлагдсан. Чиглэлийн дагуух байр зүй, геологийн ажил дууссан. Гэвч УИХ-аас эрх олгож, үүрэг өгсөөр байхад энэ ажлыг санаатай, санамсаргүй байдлаар уяж, санхүүжилт бүрдүүлэх, хөрөнгө олох тал дээр эрх бүхий хүмүүс санаачлага гаргахгүй, эс үйлдэл хийсээр гацаалаа. Улс орны хөгжлийн төлөө шинэ төмөр замын ажлыг урагшлуулахын тулд хэдий санхүүжилт олгогдоогүй ч улс үндсээ гэсэн сэтгэлтэй компаниудын дэмжлэгээр газар шорооны ажлыг хийж амжсан билээ.

Өнөөдөр Монгол улсыг үндэсний эрх ашиг бус Үндэстэн дамнасан корпорациудын шунал залж байна. Африк, Латин Америкийн орнууд дээр туршсан баялгийг нь сорох, цөлмөх технологи монголд яг ёсоороо давтагдаж, хэрэгжиж эхэллээ.  Баялгийн хараал гээд байгаа зүйлийг маш энгийнээр тайлбарлавал ийм л юм.

Тийм учраас гадаадын сонирхолд найр тавин үйлчилж байгаа этгээдүүд, тэднийг илтэд дэмжиж буй улс төрчдөд хандаж хэлэхэд МоАХ ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө чадах бүхнээ хийж ирсэн. Шаардлагатай цаг ирвэл бид амиа өгч байгаад ч хамаагүй үндэстнийхээ тусгаар тогтнолыг батлагаажуулах, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалах хүмүүс гэдгийг хатуу сануулахыг хүсч байна.

Гадаадынхны дэмжлэг, баялгаас хулгайлсан мөнгөндөө цатгалдаж, жирийн хүний амьдралын зовлонг анзаарахаа ч больсон олигархи бүлэглэл “талх 300 төгрөгийн үнэтэй байгаа, тайван бай!”, “эдийн засаг 20 хувь хүрч, улс орон үсрэнгүй хөгжиж байхад хөгжөөгүй гэж муу ёрлохоо больцгоо!”, “монгол ойрын жилүүдэд нүүрсний Саудын Араб болж, хүн бүхэн баян болно, зүгээр л тэвчээд, хүлээж бай” гэх мэтийн суртал ухуулга явуулж байна. Эрх баригчид амьдралыг цонхоор харснаараа л төсөөлсөөр байна. Өмнө нь ч гэсэн цонхоор хараад л “бид коммунизмд хүрэх тун дөхөж байна” гэж сурталддаг байсан тэр араншингаа сэргээж, улам бүр баяжуулах маягтай болж ирлээ.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор дэвшүүлж байсан монгол хүний сайн сайхан амьдралын төлөөх зорилтуудыг ханган биелүүлэхийн төлөө Шинэ Улаанбаатар хөтөлбөрийг дэвшүүлсэн маань Шинэ бүтээн байгуулалт болон нэрээ өөрчлөөд хэрэгжих шатандаа гацаж дуншлаа. Ард түмэн эрүүл мэндээрээ, ирээдүйгээрээ хохирч байхад эрх баригчид утаанаас зайдуу газар тансаг хороололд амьдрангаа утаагаар мөнгө цөлмөх элдэв төслүүдийг бодон олж, уралдан хэрэгжүүлсээр байна. Тэдэнд утаа багасгах сонирхол үнэндээ алга. Утааг орон сууцжуулах замаар л алга болгохоос бус утаагүй түлш, утаагүй зуух, дулаан бүрээс, пин гэх мэт төслүүд нь баян нь улам баяжих хэрэгсэлд л ашиглагдахаас бус утааг 1 хувь ч багасгасангүй. Сүүлдээ Ерөнхий сайд нь “утаа багасаагүй ч утааны доторхи хор нь арай бага болсон” хэмээн доромжлоод байгаа ч юм шиг, тохуурхаад байгаа ч юм шиг мэдэгдэл хийж суух боллоо.

Гэх мэтээр тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх бүрэн боломж байсан ч хамтарсан Засгийн газарт эдгээрийг хэрэгжүүлэх улс төрийн зориг, эрмэлзлэл дутлаа. Шалтгаан нь улс төр, шийдвэр гаргах төвшинд шургалсан гадны эрх ашиг, сонирхлыг хамгаалагч, нам дамнасан бүлгийнхний хориг, эс үйлдэл, ил далд эсэргүүцэл юм. Хамтарсан Засгийн газар өөрсдийг нь сонгосон нийт ард түмний эрх ашгийн төлөө бус өөрсдийг нь тэжээж тэтгэдэг Үндэстэн дамнасан корпорациуд, тэдний төлөөлөгч болсон ганц, хоёр аж ахуйн нэгжийн эрх ашгийг бүхнээс түрүүнд тавьж ирснээс болоод Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажил хойшиллоо. Төмөр зам, үйлдвэрийн паркийн ажлууд ч улс төрийн шалтгаанаар гацлаа.

Хамгийн харамсалтай нь ийм бусармаг үйл ажиллагаанд МоАХ-ны санаачлагаар үүсгэн байгуулагдаж, МоАХ үйл ажиллагаанд нь байнга, идэвхтэй оролцдог Ардчилсан намын удирдлага хутгалдаж, ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэж, ард түмний эрх ашгийг хөсөр хаялаа. Ардчилал бүх үзүүлэлтээрээ ухарч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байхад Ардчиллын тулгуур багана болж, ардчиллыг арчилж, тордож, ард түмнийхээ эрх чөлөө, сайн сайхан амьдралын манаанд зогсож байх учиртай Ардчилсан намын удирдлага олигархи бүлэглэлийн хяналтанд бүрэн орж, “Мъянмар, Киргизэд ардчиллын хичээл заах” хоосон мөрөөдөлд л умбажээ.

Нөгөө талаар эрх баригч МАН ирэх сонгуулиар суудлаа хадгалж үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй ааш үзүүлж эхэллээ. Сонгуулиас өмнө оноо авах гэж цалин, тэтгэлэгийг нэмэгдүүлэх, бэлэн мөнгө тараах амлалтуудыг нэмж урсган, нэг ёсны гоё сайхан амлалт өгөх уралдааныг зарлалаа. Тэд уламжлалт коммунист араншингаараа үл бүтэх, гэрэлт үлгэрүүд зохион, саяхан батлагдсан сонгуулийн хуулийг зүйл бүрээр нь зөрчин бэлэн мөнгөний амлалтуудыг урсгаж байна. “Нэг хүнд ногдох ДНБ-ийг 60 мянган ам.долларт хүргэнэ”, “Олон хүүхэдтэй айл бүрт орон сууц олгоно” гэх мэтийн үлгэрийн амлалтууд нь одоо биелүүлж чадахгүй байгаа, биелүүлэх гэж улайрахдаа монгол улсыг хямралын ангал руу түлхэж байгаа “Нэг сая таван зуун мянган төгрөг бэлнээр нь олгох” амлалтаас нь агуулгаараа огт ялгаагүй хийрхэл юм.

Тэдний үлгэрийг ганц нэгхэн тооцоо баримт л нурааж байна. МАН “2031 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 60 мянган ам.долларт хүргэх” хөтөлбөрөө олон улсад мөрддөг загварчлалаар боловсруулсан гэж сурталчилсан нь илт худал байна. millennuim-institute.org сайт дээр тэр загварыг ашиглах эрхийг авч, нутагшуулсан улсуудын жагсаалт, тооцоонуудыг ил тод байршуулдаг. Гэтэл Монгол улс, МАН-тай холбоотой ямар ч мэдээлэл алга. Тэгэхээр  МАН олон улсад дагаж мөрддөг загварчлалаар хөтөлбөрөө боловсруулсан гэдэг нь батлагдсангүй. Уг загварчлалыг тусгай зөвшөөрлөөр л олгодог болохоор дурын хүн тооцоолох аргачлалыг, мэдэх ашиглах ямар ч боломж байхгүй. Эндээс МАН уламжлал ёсоороо ард түмнээ хууран мэхлэж, мэхлэлтэндээ олон улсын нэр хүндтэй байгууллагын нэрийг ашиглаж байна гэсэн хялбархан дүгнэлт хийж болно.  

Нөгөө талаар МАН-ын дэвшүүлж байгаа зорилт - “биелэгдэшгүй хоосон мөрөөдөл” гэдгийг дэлхийн санхүүгийн нэртэй байгууллагуудын гаргасан тооцоо нотлож байна. “Сити групп”-ын  шинжээчдийн тооцооллоор “ирэх 20 жилд  Монголын эдийн засаг жилд дунджаар 8.7 хувь өснө” гэжээ. Энэ прогноз 2011 оны эхээр гарсан. Улс төржиж, үзэл сурталжаагүй цэвэр эдийн засгийн тооцоогоор бол 2031 он гэхэд Монгол улсын ДНБ 72.7 тэрбум төгрөг болж өсөхөөр байгаа юм. Тэр цагт манай хүн ам өсөөд 3.5 сая хүн хүрчихсэн байна гэсэн мөрөөдлөөр тооцоход нэг хүнд 21 сая орчим төгрөг болно. Долларын ханш чангарсаар 2000 төгрөг болно гэж тооцвол нэг хүнд ногдох ДНБ 10 000 ам.доллараас хэтрэхгүй байх тооцоо гарч байна. Гэтэл МАН бодит тооцоог 6 дахин өсгөж, амлах замаар иргэдийн нүд, сэтгэлийг гялбуулан илбэдэх гэж чармайх боллоо.

Өнөөдөр Тавантолгойн коксжих нүүрсний ордтой холбоотойгоор иргэд, сонгогчдод маш их горьдлого, хүлээлт үүсгэх хууран мэхлэлт газар авч байна. Тавантолгойн орд газрын олборлолтонд хамтарч оролцох талууд тодорхойгүй, ордын эдийн засгийн үнэлгээ, хувьцааны нэрлэсэн үнийг эрх баригч намын үзэмжээр тогтоохыг оролдож байгаа, том Тавантолгойгоос өрсөөд жижиг ордууд бирж дээр худалдагдаж эхлэсэн зэрэг нь энэ ордын эдийн засгийн үнэлэмжийг бууруулж байгаа хүчин зүйл мөн. Засгийн газар, эрх барьж буй нам хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнийг тогтоох гэж оролдон Таван толгойн хувьцааны нэрлэсэн үнийг зарлаж байгаа нь уг ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг бүхэлд нь нурааж мэдэх тун аюултай оролдлого юм. Зах зээл үнийг тогтоодог жамыг эрх барьж байгаа намын суудалдаа тэсч үлдэх хүсэл эвдэх гэж байна.

Хэрвээ гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр ашигт малтмалын томоохон ордуудыг Зүүн Хойд Азийн эдийн засаг, хөгжлийн том төвүүдтэй холбох, монголын эдийн засгийг олон гарцтай болгож интеграцчлах Шинэ төмөр зам хөтөлбөр зогсож, зөвхөн урагш чиглэсэн төмөр зам байгуулах олигарх бүлэглэлийн чармайлт хэрэгжих аваас монголчууд Тавантолгойн ордоос их зүйл хүсэн хүлээх нь бүр ч утга учиргүй зүйл болж хувирна.

Үүнийг ганцхан зүйлээр нотлох боломжтой. Өнөөдөр монголоос экспортлож байгаа нүүрсийг хятадын хилээр нэвтрүүлэхэд Ганц модны боомт дээр угаагаагүй нүүрснээс тонн тутамд 60 юань, угааснаас нь тонн тутамд 120 юаний татвар тогтоож байна. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 300 доллар хүрч байхад хятадууд биднээс дээд тал нь 120 доллараар авч байна. Хэрвээ монгол улс төмөр замын олон гарцтай болбол ийм тулгалтын үнэ хэрэглэдэг байдал үндсээрээ алга болно. Урагш чиглэсэн төмөр замын шугам нь Сайншандын үйлдвэрийн цогцолбор, боловсруулах аж үйлдвэр, ажлын байр, нэмүү өртөг, эдийн засгийн өсөлт, үсрэнгүй хөгжил зэрэг бүх мөрөөдлийг булшилж, нүүрсээ бид одоогийнхоос ч хямдхан өгөхөөс аргагүйд орох нөхцлийг бүрдүүлэх юм.

Тавантолгойгоос түүхий нүүрсийг урагш төмөр замаар зөөх ажлыг зүүн тийш явах төмөр замын шинэ шугамаас өмнө амжуулчихбал хятадын нутаг дээрх нүүрс угаах, боловсруулах үйлдвэрүүдийн хувьцаа 2 дахин өсөх таамаглалыг хятадын мэргэжилтнүүд гаргаад байна. Энэ таамаглалыг бодит ажил болгож чадвал Сайншандад байгуулагдах үйлдвэрлэлийн цогцолборын өрсөлдөх чадвар буурч, тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт саатна гэсэн тооцоо ч бий. Тийм учраас хятадууд өөрсдөд нь нүүрс нийлүүлдэг монгол компаниудыг шахах, даалгавар өгөх маягаар урагшаа чиглэсэн төмөр замыг яаралтай бариулахыг тулгаж чадаж байна. Үүнийгээ зөвтгөхийн тулд “ойрын 10 жилд нүүрс хэрэггүй болно. Хурдхан зөөж дуусгая гэсэн” суртал нэвтрүүлэг, ятгалгын кампанит ажил өрнүүлж байна. Тэд Монгол улсын Ерөнхийлөгчийг Ухаа худагт ажиллах үеэр ч энэ ухуулгаа хийж амжсаныг бүгд харсан, сонссон байх.

Бодит байдал дээр дэлхийн нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ойрын 40-60 жилд нүүрсний хэрэглээ 3 дахин өсч, үнэ нь 4 дахин өсөх магадлалтай гэсэн судлагаа гаргаж байна. Хүн төрөлхтний итгэж найдаж байсан энергийн эх үүсвэрүүд бүгд урам хугалж, аюул сүйтгэл дагуулж, өртөг зардал шаардаж байна. Хамгийн хямд, хүртээмжтэй эрчим хүч - нүүрс хэвээрээ л байна. Тийм ч учраас нүүрсийг “монголын хөгжлийн хурдасгуур” гэж нүүрсний салбарынхан саяхан тунхаглажээ. Гэтэл нүүрс борлуулагч хамгийн том компани нь гадны хатгалгаар “нүүрс удахгүй хэрэггүй болно” гэж яриад яваад утга учрын холбоос огт алга байна.

Ийм тодорхой баримт, мэдээлэл дээр тулгуурлан МоАХ саяхан улс төрийн мэдэгдэл гаргасан. /Мэдэгдлийг өдөр тутмын сонин, цахим хуудсууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасныг үзсэн байх/

Хамтарсан засгийн газар байгуулагдахад 2 намын хийсэн гэрээнд заасан шигээ “ард түмний язгуур эрх ашгаас илүү эрхэм зүйл байхгүй” гэсэн итгэл үнэмшлээрээ ажилласан бол Тавантолгойн орд газар хамгийн түрүүнд ашиглалтанд орчих байлаа.  Ард түмэнд хэрэгтэй, өгөөжтэй байх бүх төслүүдийг гацааж, зогсоох хирнээ өөрсдөд нь бялдуучладаг ганц хоёр компаний ажлыг уралдан гүйцэтгэж, баяр хөөртэйгээр тууз хайчлан, статистик тоон үзүүлэлтээр нь нүд гялбуулж, ухаан сохолдог тийм л дүр зураг тогтлоо.

Эрх ашигт эрэмбэ дараалал байх ёстой. Олонхийн эрх ашигт ямагт эхэнд нь байх ёстой. Бид үүний төлөө хэлж, ярьсан, шаардсан. Эцэст нь адлагдсан. Атаархдаг, жөтөөрхдөг нэр зүүсэн.

Бидэнд монголын уул уурхайгаар хөлжиж байгаа цөөнх бүлэгтэй нэгдээд тэдэнтэй ашиг хуваалцаад явах нь хамгийн амархан зам. Тийм санал тавьж ч байсан. Гэвч бид өөртэйгөө зөрчилдөж амьдармааргүй байна. Нэр төртэй, хийсэн ажилтай үр дүнтэй амьдрах, ажиллахыг хүсэж байна. МоАХ анх байгуулагдсан зорилгоосоо хазайхгүй. Бид зорьсондоо хүрч “Чинээлэг иргэд зонхилсон, эрх чөлөөтэй, баян Монголыг” байгуулах л болно.

МоАХ цаашид юу хийх вэ?

Монголын Ардчилсан Холбоо хаа байна аа? гэж тавлангуй асууж, МоАХ үүргээ гүйцэтгэсэн хэмээн басамжилж байгаа хүмүүст энэ ард түмнийг өмөөрөх, өмгөөлөх, тэдний төлөө бүхнээ зориулах хүчин байгааг ахин мэдрүүлье. Бид 22 жилийнхээ өмнөх шиг жагсаал цуглаан хийж, туг далбаа намируулж, уриа лоозон хашгираахаасаа илүүтэй бодлого хөтөлбөр боловсруулж, олон түмэнд ойлгуулж, тэдний дэмжлэгийг авч тэмцмээр байна. Сонгуулийн арга замаар тэмцмээр байна. Сонгуулиар Ардчилсан хувьсгалаа бэхжүүлж, анх зорьж байсан зүйлдээ хүрмээр байна. Ард түмэн бидэнд итгэнэ ээ.

Монголын Ардчилсан Холбоо ард түмнийхээ итгэлийг дааж үсрэнгүй хөгжилд улсаа хөтлөж чадна. Бид ойрын 4 жилийн дотор монгол морины харайлтаар хөгжингүй ертөнцийг гүйцэж “Монголын гайхамшиг”-ийн тухай шагшин ярихаар эрчимтэй ажиллаж чадна. Бидэнд тийм бололцоо, чадвар монголчуудад бий.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бодож төлөвлөсөн, эхлэсэн болон эхлүүлэхэд бэлэн бүтээн байгуулалтын төслүүдээ бодит ажил болгон хэрэгжүүлье. Ажлын байрыг үй олноор нь бий болгох төслүүдэд хөрөнгө оруулалт олж, хэрэгжүүлье. Гадаадынхны түүхий эдийн хямд бэлтгэн нийлүүлэгч байх аа болъё.

Хууль ёсыг бүх хүрээнд чанд мөрдүүлье. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардъя. Энэ тогтоолын дагуу 50 сая тонноос дээш нөөцтэй ордыг стратегийн ордод тооцож, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 50 хүртэлх хувийг төр өөрийн мэдэлд авах ёстой. Гэтэл эрх баригчид “640 сая тоннын нөөцтэй” гэж зарлагдсан ордын төрийн мэдлийн хувийг өнөөдрийг хүртэл авахгүй, авах ч тухай бодохгүй явж байна. Хэрэгжүүлэхгүй юм бол УИХ тогтоол гаргаж яах юм бэ. Ухаа худаг, Хөшөөтийн ордуудын нөөц стратегийн гэх ангилалд хүрэхээр байгаа учраас 50 хүртэлх хувийг төрийн мэдэлд даруй авах ёстой. Энэ бол хууль ёсны шударга шаардлага. Нэгэнт гаргасан хууль, тогтоомжоо биелүүлж төр ард түмний хувийг авах шаардлагатай.

Өнөөдөр монгол улс нэг үзүүлэлтээрээ олон улсад гайхагдах төвшинд хүрсэн байна.

“Азид ардчиллын үлгэр жишээ болно” гэж хөөргөддөг монгол улс 1921 оноос хойш бараг зуун жил шахуу хугацаанд коммунист, посткоммунист удирдлагыг таашааж, сонгож иржээ. Үр дүнд нь хүн амын 40 хувь нь ядуу, ажилгүйдэл хэрээс хэтэрсэн, эдийн засаг нь гадны хяналтанд бүрэн автсан, эрх баригчид нь авлигад идэгдчихсэн “хөгжинө” гэж хоосон мөрөөдөж, хийрхсэн, бодитой хийсэн зүйлгүй ийм л нэг дампуу улс боллоо.

Тийм учраас МоАХ ард түмнээ шинэ, ариун тэмцэлд уриалмаар байна. Сонгуулийн хувьсгалаар Ардчиллаа сэргээн тогтоож, иргэн бүр чинээлэг амьдрах анхныхаа зорилтыг ажил хэрэг болгомоор байна.

Үсрэнгүй хөгжлийг гоё сайхан амлалтаар бус бодит ажлаар л бий болгодог. Тийм учраас гоё сайхан үгээр хуурч, эрх мэдлээ хадгалж үлдэх, ард түмнийг байнгын ядуурал гуйланчлалд барих замаар суудлаа хадгалан үлддэг хуучинсаг, үтэл бэртэгчин улс төрийн хүчин МАН-аас ирэх сонгуулиар монголчууд салах ёстой.

Монголын шинэ үе улс орны авч явах мэдлэг, чадвартай болжээ. МоАХ  шинэ ирээдүйг цогцлоох ажил хэрэгч залуусын нөмөр нөөлөг нь болох цаг болсон. Цагийн жамын дагуу бид залгамж халаагаа бэлдэх, тэдэнд түшиг тулгуур болох учир зүй ч буй.

Бидний хүүхдүүдийн сайн сайхны төлөө, бас тэдний хүүхдүүдийн жаргалант амьдралын төлөө бид үүнийг хийх ёстой. Хийж ч чадна.

Ард түмнээ, ирээдүй хойчоо гадаадынхны дэмжлэгт дулдуйдсан хэдхэн тооны уурхайн эздийн үүрдийн боол зардас болгон хувиргахгүйн тулд, энэ улсын баялаг эзэн болсон монголчууддаа бүгдэд нь ээлээ өгдөг байлгахын тулд МоАХ, түүний гишүүд дэмжигчид бид ахин тэмцэлд босож байна. Сонгуулийн хувьсгалаар бүхнийг жам ёсонд нь оруулахын төлөө тэмцэхээ бид андгайлж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Шинэ үе шинэ нийгмийг шинэ бүтээн байгуулалтаар цогцлоох болтугай!

Монголын ардчилагчид өнийн хүслээ биелүүлж” Иргэн баян бол улс баян” зорилт хэрэгжих болтугай!

Жич: Илтгэлийг бүрэн эхээр нь доор цахим хаягуудаар орж үзэж болно.

1. www.vip76.mn

2. www.news.mn

3. www.shuud.mn