Төвийн нэгэн хэвлэлд орооцолдсон урт нэртэй хятад хүн төлбөртэй нийтлэл хэвлүүлжээ. Агуулга нь манайхан л болохгүй бүтэхгүй, уур унтууг нь хүргээд байгаа тухай өгүүлсэн байсан. Тэрхүү мэдэглийг харсан зарим нэг гярхай уншигч “Энэ юу болж байнаа, бүр амар болоо шив дээ” гэж туйлын зэвүүцэнгүй өнгөөр дуу алдаж байна лээ. Өмнө нь гадаадын элчин сайдуудын мэндчилгээ, ярилцлага, зарим нэг тохиолдолд байр сууриа илэрхийлсэн тайлбар л манай төвийн хэвлэлүүдэд тавигддаг байсан. Одоо энэхүү дипломат хэм хэмжээ алдагдаж, манай улсын цээжний цаадах дотоод бодлого гэдэг юм байна уу гэж асуумаар хачирхалтай байдал ажиглагддаг болжээ. Нийгэм маань агуу их эрх чөлөөний нийгэм. Зах хязгааргүй мэдээллийн зуун. Гэхдээ гадаад оронд боолын хөдөлмөр эрхэлж яваад эрх нь зөрчигдсөн, эндэж осолдсон иргэдийг маань гэхэд тэд яаж үздэг билээ. Шулуухан хэлэхэд нохой шиг л үздэг шүү дээ. Манай иргэд харийн оронд хэвлэл мэдээллийнх нь хэрэгслээр тэднийг “загнаж”, тэдэнд “тунирхан гомдоллож” чаддаг гэж үү. Тэгвэл өнөөдөр манай оронд хятадууд юу дуртайгаа хийж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй холбоо тогтоож, хэдэн халтар төгрөг өгөөд хэн нэгнийг маань гүжирдэж, доромжилж, нэр төрд нь, бизнест нь халдаж чадаад зогсохгүй, шүүх хяналтынхныг хүртэл “худалдан авч” ашигтай шийдвэр гаргуулж чадаж байна. Хэдийгээр олон улсын гэрээ концепци, хүний эрхийн тухай олон улсын стандартын баримт бичгүүд байдаг ч Монгол шиг их гадныхныг эрхлүүлдэг орон байхгүй гэдгийг бас бодох цаг иржээ. Гадны хөрөнгө оруулагчдыг хуулиараа хөхиүлэн дэмжиж, тэдний бизнесийг татвараас чөлөөлж, тэдний эрхийг ямагт дээрээ тавьж ирсэн гэнэн цагаан биднийг хатуухан хэлэхэд тэд элэг барих болсон байна. Мэдээж тэд бүгдээрээ тийм биш. Гэхдээ л ийм даварсан мэдрэмж хамар цоргитол ханхлаад байх боллоо. Урьд нь aсүүлийн үеийн улс төр,эдийн засгийн орчинд өрнөж буй асуудлуудаас харж байгаа байх. Улс орны маань газар нутаг дээр, улс орны маань зах зээл дээр, улс орны маань тэдэнд олгосон давуу эрхийн дор гэдсээ хагартал баяжиж авсан гадны хөрөнгө оруулалттай компаниудын зарим хямралын энэ хүнд хэцүү үед тараа таниулаад л байгаа. Жишээ нь, Мобиком. Хүний хүү хүрэн бөөртэй гэдгийг хангалттай харуулж байна. Банкууд сандарч, төрийн түвшинд эдийн засгийн хямралаас үүдэн түргэн авч байх үед маань 50 сая доллараа гадагш нь гаргачихаж байх жишээтэй. Энэ тухайд УИХ-ын Эдийн засгийн байнгийн хорооны хуралдаан дээр зарим гишүүд тун бухимдалтай мэдэгдсэн. Ийм эх оронч биш, хүрэн бөөртэй айлуудыг анхаараач гэж тэд уурласан. Тэгэхээс ч өөр яах билээ. Байдал нэг иймэрхүү явж байна.

Жишээ нь шүүх дээр уул уурхайн лиценз тойрсон маргаантай нэг биш асуудал байдаг юм байна. Тэдний ард хэн нь мэдэгдэхгүй нэг хятад компани байдаг. Тодруулбал, том нэртэй, урт гартай луухаан компани. Тэдний дуу хаа сайгүй өндөрсчээ. Монголын нөлөө бүхий сонинуудад “хөгжим” захиалдаг болсон байна гээд бод л доо.    

Нэг л баримтаар жишээ татъя. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр дээр нэгэн хятад болон монгол компанийн хооронд лицензээс үүдэлтэй маргаан өрнөөд удаж байна. Давхардуулж лиценз олгосон эрх бүхий байгууллага нь ч юугаа хийж байдаг юм. Зөвхөн энэ асуудал пээр гэхэд манай хэвлэлүүд дандаа нэг талыг барьж, өөрөөр хэлбэл хятадын компанийнх нь талд дуугаа нэгтгэн давшилж иржээ. “Нон Феррос Металл Майнинг” ХХК гэгч сүрхий нэртэй хятад айл бүх захиалгыг өгөн “Эгшиглэнт Хайрхан” компанийн захирал Д.Энхтуулын нэр хүндэд тасралтгүй халдаж,  түүндээ шүүхийнхнийг гар хөлөө болгон ашиглаж, удаа дараа өөрсдийн талд хууль бус шийдвэрийг гаргуулж ирсэн байх юм. Монгол хүний эрх ашиг гэдэг ойлголт энд ийнхүү харийн хүний уланд гишгэгджээ. Судлаад үзэхээр “Нон Феррос Металл Майнинг” ХХК гэх энэхүү Хятад компанийн эзэмшлийнх гэх 5310 х тоот лиценз болон бусад лицензүүд нь (нэгээр зогсохгүй зэргэлдээ бүх лицензүүдийг тэд авчихсан) бүгд хууль бус хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан нь нотлох баримтуудаар тогтоогддог боловч шүүх энийг нь авч хэлэлцдэггүй юм байна.

Яагаад

Ер нь газар эзэмших эрхийг олгодог шударга, найдвартай системгүйгээр уул уурхайн салбар өөрөө эрүүл үйлдвэрлэлийн цөм болж чадахгүй юм байна. Уул уурхайн системийн өөрийнх нь хөгжлийн үндэс хөрс цэвэр байж гэмээ нь бидний хамаг найдвараа тавьж буй энэ үйлдвэрлэл ахиц олох болно. Усынхаа энэ эхэнд л ийм булингар үүсгэчихсэн болохоор харийн дэл сул доншуур наймаачид хотонд маань орж ирчихээд хонь манайх аа гээд даналзаад, монголчуудын өчүүхэн бодолтой, ядруухан амьдралтай нэг хэсгийг худалдаж авчихаад монголчуудтай нь алалцуулах ажилд зараалж, хөл гараа болгон тохуурхаж байх болсны л нэг илрэл дээрх жишээ юм.  

Энэ хэргийн эргэн тойронд худлыг үнэн болгож сурсан, хуулийг гууль болгож гаршсан хэсэг бүлэг нөхөд ажиллаж даджээ.

Би энд БНХАУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай гэх уул уурхай, гадаад дотоод худалдаа эрхэлдэг хэмээн сүржин тодотголтой үнэн хэрэг дээрээ уул уурхайн салбарт байдаг үгүй нь үл мэдэгддэг нэгэн компани болох “Нон Феррос Металл Майнинг” ХХК-ны талаар цөөхөн хэдэн тайлбар өгье.

Тус компанийн захирал, хөрөнгө оруулагч гэх БНХАУ-ын иргэн Далангураван гэгч нь лицензийн наймаанд гаршсан нэгэн бололтой юм. Тэрээр анх Цайрт Минералс ХХК-ны ерөнхий захирал байхдаа уг БНХАУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Нон Феррос Металл Майнинг” ХХК-ыг байгуулж  уг компанийнхаа нэр дээр одоогийн хууль бус гэгдэх таваас зургаан лицензийг усны хайгуул хийх нэрийдлээр сумын засаг даргын хүчин төгөлдөр бус /хууль ёсны бус/ бичгийг ашиглан АМГТРЭГ-ын ГУУКА-наас авсан байна. Яагаад уг тав зургаан лиценз нь хууль бус юм бэ гэсэн асуулт гарч ирэх байх. Уг лицензийн оршин тогтнож буй газар нутаг нь бүхэлдээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тусгай хэрэгцээний газарт хамрагддаг бөгөөд тусгай хэрэгцээнээс чөлөөлөх эрх мэдэл нь хэн нэгэн засаг даргад биш тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн эрхийн асуудал байдагт оршино. Өөрөөр хэлбэл уг талбайг тусгай хэрэгцээнээс нь албан ёсоор чөлөөлөөгүй байж сумын Засаг даргын усны хайгуул хийж болно гэсэн тогтоолоор /хүчин төгөлдөр бус хуулийн дагуу бус/ зөвшөөрөл болох лицензийг усны хайгуулын эрх олгодоггүй ГУУКА-наас авсан нь өөрөө худал хуурмаг, залилангийн шинж чанартай үйлдэл болсон нь харагдаж байна. Ингэхээр уг компанийн эзэмшилд буй лицензүүд нь бүгд хууль ёсны бус.  Гэтэл өөрийгөө уг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж нэрийддэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн А.Хурцаа нь /Улсын бүртгэлийн албаны архиваас шалгахад уг компанид бүртгэлгүй нэгэн болж таарсан/

“Эгшиглэнт Хайрхан” компанийн бизнесийн нэр хүнд, эрх ашигт нь бүдүүлгээр халдан компаний ерөнхий захирал Д.Энхтуулын нэр хүндэд удаа дараа гүтгэн доромжлох, телевиз радио, сонин хэвлэлээр ташаа мэдээлэл өгөх зэргээр халдаж болоод удаж байна. Гаднаас ирчихээд галзуурч байгаа харийнхны энэ үйлдлийг монголчууд бид хэдий болтол дуугүй харж суух болж байна вэ.

Арай ч дээ

Өөрсдийн эх оронд минь хятадууд ийнхүү шаахайныхаа  мөрийг хаа сайгүй тамгалан самарч, дур зоргоороо авирлаж байхыг харах аргагүй болоод байна. Энэхүү ээлжит ёс бус авир, хууль бус шийдвэр гаргуулах зэрэгт нь гар хөл болдог монголчууд хэдэн арваараа байгаад ой гутаж, тэр дундаа монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүртэл автаж эхэлснийг хараад хэлэх үг олдохгүй байдалд орж байна.

“Эгшиглэнт Хайрхан” ХХК нь анх 2007 оны арваннэгдүгээр сарын 18-нд тус Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Батсүхэд уг газрыг тусгай хэрэгцээнээс чөлөөлүүлэх саналыг албан ёсоор тавьснаар уг асуудал эхэлжээ. Дараа нь тэд 2007 оны арваннэгдүгээр сарын 28-нд эхний хоёр солбилцлоор тус сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд санал оруулснаар сая Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу албан ёсны анхны шийдвэр гарсан гэж үзэж болно.  Ийнхүү шийдэгдэж 24, 25 дугаар тогтоол гарч, тэд АМГТХЭГ-ын ГУУКА-д хууль ёсны өргөдлөө 2007 оны арванхоёрдугаар сарын 13-нд өгч эхэлсэн байна. Дараа нь тус  компанийн 10/068 тоот хүсэлтээр тус сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 26 тоот тогтоол гарсан байдаг бөгөөд зохих хууль ёсны дагуу өргөдлөө ГУУКА-д өгсөн баримтууд байна. Гэтэл манай монгол компанийн өргөдөл хууль ёсны замаараа шийдэгдэх  явцад тус “Нон Феррос Металл Майнинг” ХХК-ны хууль бусаар авсан лицензүүдтэй давхцаж  эхлэсэн байна. Эндээс бүх хэрэг манджээ. өөрөөр хэлбэл “Эгшиглэнт Хайрхан” компани захиргааны хэргийн шүүхэд уг хууль бус лицензүүдэд гомдол гаргаж эхэлснээр энэхүү айлын жүжиг эхэлсэн гэсэн үг. Анхан шатны шүүхийн процесст явж байх явцад уг БНХАУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Нон Феррос Металл Майнинг” ХХК- ны ерөнхий захирал болох БНХАУ-ын иргэн Далангурван нь мөн ийм хууль бус хоёр лицензээ хууль бусаар сунгуулах гэж ГУУКА /АМГТХЭГ-ын/ нь нэр бүхий албан тушаалтнуудад авлигал их хэмжээгээр өгсөн гэх хэргээр авлигатай тэмцэх албанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан нь тогтоогдож сонин хэвлэлээр ч нэр устайгаа цацагдаж байсныг гярхай уншигчид сайн санаж байгаа байх.

Хоёр компани шүүхийн маргаантай байх явцад уг мань хятадууд байнга гүйцэтгэх захиралаа солих /өмгөөлөгч/ солих зэргээр хуралд нөлөөлөх башир арга хэрэглэсээр ирсэн байх жишээтэй. Зөвхөн энэ үйлдэл нь л тэднийг иймэрхүү луйварт гаршсан, сурцтай ченж компани болохыг  нь илтгээд байна бус уу. Уг “Нон Феррос Металл Майнинг” ХХК-ны гар хөл болж, элэг нэгтнээ муучилж яваа нөхдүүдийн эгнээг монгол Улсын хуулийг уландаа гишгэх болсон төрийн албан хаагч, бүр цаашилбал төрийн хууль сахиулагч, шүүгч нар ч хүртэл тэлж байгаа нь туйлын харамсалтай байна. “Нон Феррос Металл Майнинг” ХХК-ны эрх ашгийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй болсон монголчуудын нэг жишээ нь Сүхбаатар сумын газрын албаны түшмэл Баттулга гэгч аж.

Тэрээр тус компанийн төлөөлөгч гэгдэх ӨМӨЗО-ны иргэн А.Хурцад үнэнчээр үйлчлэх болсоор удаж байгаа тухай нутгийнхан мэдээлж байна. өвөрлөгч иргэн А.Хурцаа нь гүтгэлэг залилангийн хэрэгтээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглахдаа гаршсан нэгэн.

А.Хурцаа нь “Эгшиглэнт хайрхан” ХХК-ны талаар гүтгэлгийн чанартай захиалгат нэвтрүүлэг хийлгэхээр Сүхбаатар суманд очиж, Баттулга гэгч төрийн албан хаагч урд хөршийн ахдаа үнэнч гэдгээ харуулах гэж хөгөө дэлгэн ТV-ийн камерийн өмнө үндэснийхээ компанийг гөрдөж зогсохыг хараад өрөвдөх сэтгэл төрж байсныг нуух юун. Үүгээр ч зогсохгүй ӨМӨЗО-ны иргэн А.Хурцааг “Эгшиглэнт хайрхан” ХХК-нд хамааралгүй бичиг баримт авч очин, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн сумын дарга нарыг хууран 26 тоот тогтоолыг /Эгшиглэнт хайрхан ХХК-ны нэр дээр 2007 оны арванхоёрдугаар сарын 10-нд гарсан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн/ хүчингүй болгуулах үйлдэл хийхэд мөн л түшмэл Баттулга гар бие оролцон хуралд дэмжих санал оруулаад сууж байж. Одоо Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэст ар өвөр улс дамнан ах  дүүс болоцсон А.Хурцаа, Баттулга нар нь эрүү үүсгэн шалгагдаж байна. Мөн энэхүү даварсан хятад компанийн хууль бус үйлдлийг сүүлийн үеэс Монгол Улсын захиргааны хэргийн ерөнхий шүүгч цээжээрээ хамгаалах болсон талаар хүмүүс гайхан ярилцаж байна.

Жишээ нь, дээрх Хятад монгол хоёр компанийн шүүхийн маргааны явцын давж заалдах шатны шүүхэд уг “Нон Феррос Металл Майнинг” ХХК нь давж заалдах хуулийн хугацаандаа давж заалдах эрхээ эдлээгүй байдаг юм байна. Гэтэл гэнэт 2008 оны есдүгээр сарын 30-нд Захиргааны хэргийн ерөнхий шүүгч  Д.Дамдиндорж нь өөрийн 984 тоот захирамжаар эрх нь сэргээгдэхээсээ өнгөрсөн “Нон Феррес Металл Майнинг” ХХК-ны давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн байх юм. Сэргээсэн үндэслэл нь хүртэл тун хачирхалтай. Тухайн үед Захиргааны хэргийн шүүгч Хажидмаагийн туслах Хаш-Эрдэнэ гэгч нь хэргийн хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд болох “Нон Феррос Металл Майнинг” ХХК-д очих ёстой шийдвэрийн хувийг хэргийн оролцогч болох өмгөөлөгч О.Алтангэрэл гэгчид гардуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна гэсэн утгатай. Гэтэл шүүгчийн туслах Н.Хаш-Эрдэнэ нь тус компанийг төлөөлөх эрхтэй бөгөөд өмгөөлөх гэрээ бүхий албан ёсны өмгөөлөгч болох О.Алтангэрэлд гардуулсан нь баримтаар нотлогдож байх жишээтэй Ингэснээр байхад уг эрхийг сэргээж өгсөн Ерөнхий шүүгчийн ёс зүйг юу гэж ойлгож болох вэ?

Ингээд давах шатны эрхээ хууль бусаар сэргээгээд Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны хуралд шүүгч Д.Пунцаг даргалж, шүүгч Ц.Сумъяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хуралд “Нон Феррос Металл Майнинг” ХХК оролцох эрхтэй болж. Уг хурал нь ч бас туйлын хачирхалтай гэмээр болж өнгөрчээ.

Илтэд хууль бусаар олгогдсон лицензийг шүүгч хараагүй мэдээгүйдээ бус харахыг ч, мэдэхийг ч хүсээгүй болох нь илт. Шүүгч Пунцаг, Сумъяа, Л.Атарцэцэг нар нь давж заалдах гомдлын эрхийг үндэслэлгүй сэргээснийг харсаар байтал илтэд хятадуудын талд шийдэх нь зөв гэсэн шийдвэр гаргасан нь хачирхалтай. Нэг ёсны хятадууд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа гомдол гаргаж үүндээУлсын Дээд шүүхийн захиргааны хэргийн магадлал гаргаж чадаж байгаа нь “бахархал” юм даа. Үүний хариултыг монголчууд Шүүгчийн ёс зүйн сахилгын хорооноос авах уу, эсвэл Ерөнхийлөгчөөс авах уу.

Жирийн монгол компанийн нэр хүнд Монгол Улсын иргэн хүний ашиг сонирхол хятадуудад доромжлуулан гүтгэгдэж, нэр төр болон эдийн засгаараа хохирох ёс байхгүй л баймаар юм. Монголчууд бид л энэ газар шороондоо эзэн нь гэж онгирж, омогшиж явсан минь талаар өнгөрч байх шив дээ.

Ичих, уйлах зэрэгцэж байна бус уу

Манай хэвлэлүүд хятадын “Нон Феррос Металл Майнинг” ХХК-ыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 2003-2009 онд юу бүтээв гэдгийг монгол хүний нүдээр олж харахыг хүссэнгүй. Захиалсан хөгжмийг нь л тоглож өгөөд байж. Үнэн хэрэгтээ хайгуулын ажилд их мөнгө зарцуулсан мэтээр бичсэн нь газар дээрээ оргүй худал зүйл болохыг нутгийнхан нь ярьж байна шүү дээ.

Газар дээрээ нэг вагончик, сахиулаас өөр хэн ч үгүй талаар өнөөдөр бид орон нутгаас мэдээлэл авлаа.

2002 оноос хойш Сүхбаатар суманд шийдэж өгсөн нэг ч дорвитой ажил байхгүй байна. Харин сая л маргаан гарсан үед 2008 оны арванхоёрдугаар сарын дундуур А.Хурцаа нь Сүхбаатар суманд очиж юу хэрэгтэй байна гэж асууж явж байснаа арванхоёрдугаар сарын сүүлээр цэцэрлэгт хүүхдийн тоглоом гэж ашиглахад бэрх юмнууд, сургуулийн гал тогоонд хэдэн түмпэн сав өгснийг эс тооцвол өөр ямар ч ажил хийж байхгүй байна. Арай ч дээ ах дүүс минь, бид төмпөн саваар газар нутгаа худалдахдаа тулсан гэж үү.

Монголчууд аа

Иймэрхүү хэт даварсан жижиг луйварчдыг үндэсний үзэлтнүүд яагаад олж харахгүй байна вэ. Хоолны газрын хаягтай ноцолдож байхаар ийм даварсан үйлдлүүд рүү анхаарлаа хандуулмаар юм биш үү.  Гадны том хөрөнгө оруулагчдын тухай асуудалд энэ жишээ огт падийлгүй жишээ. Энд тэнд үүргэвч үүрсэн хэсүүлчид олширч, сүүлдээ хэрээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм биш үү.

Би гадны хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг, гөжүүд, тэрсүүд үндсэрхэг үзэлтэн биш. Гэхдээ үндэснийхээ компаниудыг дэмждэг, эх орондоо хайртай монгол хүн. Монголчууд бид монголчуудаа дэмжиж ажиллацгаая. Монголын хэдэн бизнесменүүд гадны доншуур наймаачдын дэргэд төрөөс ямар ч ямба эдлэхгүй зүтгэж ирснийг нь үнэлж, тэднийгээ хайрлаж, эрх ашгийг нь хамгаалахын төлөө зүрхээ цохилуулах цаг иржээ хэмээн уриалж байна. Энэ бол нэг л жишээ. Ахиад цаана нь монголчуудын толгой дээр гараад суучихсан хятадын жижиг гарын “дээрэмчид” зөндөө бий шүү.