Ерөнхий сайд Сү.Батболдоос асуух юм байна. Тавантолгойн лицензээ ард түмэнд өгсөн үү, Ардын намдаа өгсөн юм уу гэж. Та өөрөө бол ард түмэндээ өгсөн, охиноо хадамд гаргадаггүй ааштай эцэг шиг хэдэн жил хав дарж байгаад өгсөн гэдэг. Цаасан дээр буулгасан анхны хувилбараар  тийм л байх. Гэтэл бодит байдал дээр Тавантолгойн орд өнөөдөр юунд зориулагдаж, хэний “хөзөр” болж байна вэ.

Товчхондоо бол Тавантолгойн орд өнөөдөр хоёр намын сонгуулийн бэлэн мөнгөний амлалтаас амсуулах, улстөрчдийн дараагийн сонгуулийн бэлтгэлийг хангах сурталчилгаанд л зориулагдаж байна. Төр өөрөө тус ордын нүүрсийг түүхийгээр нь зарж олсныгоо сар бүр 21 мянган төгрөгөөр тараадаг. Эрх баригчид үүнийгээ “сонгуулийн амлалтаасаа 500 мянгыг нь бэлнээр өгч байгаа” гэх. Улстөрчдийн өдрийн хоолных нь таваг шөлний үнэтэй л дүйх 21 мянган төгрөгөөр ард түмнийхээ нэг сарын хэрэгцээг хангачихаж байгаа юмшиг залхтал сурталчлахыг нь яана. Тавантолгойн нийт хувьцааны 10 хувийг ард түмэнд үнэгүй эзэмшүүлж, нэг сая төгрөгөөр үнэлэв. Ингэснээр АН сая, МАН 1.5 сая төгрөгийн амлалтаа биелүүлж байгаа юм гэнэ. Сар бүрийн 21 мянгыг оруулбал АН сая төгрөгийн амлалтаа 1.5 сая болгон давуулан биелүүлж, МАН яг хэлсэн хэмжээндээ өгч байгаа юм байх. Ингэж МАН, АН-ынхан сонгуулийн амлалтаа биелүүлнэ гэж ярьсаар дараагийн сонгуультайгаа золгож байгаа бол ард түмэн тэдний амласан бэлэн мөнгийг барьж ч үзэлгүй, орлуулан өгч байгаа хувьцааных нь барааг ч харалгүй дөрөв дэх онтойгоо золголоо. Үүнээс гадна Цагаан сарын өмнө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөг бэлнээр өгнө, бусад хүн ч хүсвэл сая төгрөг авч болно гэсэн нь бас л байхгүй. Тавантолгойг дагаж бүтээн байгуулах Сайншандын аж үйлдвэрийн парк, төмөр замын шинэ маршрут ч сураггүй. Тууз хайлчахаа байг гэхэд шав тавиад эхлүүлсэн, цаасан дээрээс газарт бууж урагшаа ахисан  ямарч бүтээн байгуулалт алга. Үнэн гэвэл Тавантолгойгоос зөвхөн 21 мянган төгрөг л тараасан. Бусдаар бол хувьцаа, сая төгрөг, бүтээн байгуулалт гэж баахан шоудаж, ард түмэндээ гурван оны турш цонхны цаанаас чихэр долоолгож л горьдоолоо. Аав ээжүүд гэрт нь ирсэн зочинтойгоо залхтал ярилцах, эсвэл хөзөр даалуу тоглохын тулд саад болоод байгаа хүүхдүүдээ “чимээгүй байвал чихэр өгнө шүү” гэж хуурдаг даа. Манай улстөрчид яг тэрэн шиг л “чимээгүй бай, Тавантолгойгоос сая төгрөг, хувьцаа өгнө, аж үйлдвэрийн парк, төмөр зам барина” гэж ард түмнээ хуурчихаад, өөрсдөө дээгүүрээ гурван жил МАНАН болтлоо хамтарлаа, хэрэлдлээ. Тавантолгой үүнээс өөрөөр эдийн засгийн ямар эргэлтэд оров оо. Улс орны хөгжил, орон нутгийн бүтээн байгуулалтад зориулж энэ ордоос хөрөнгө босгосон уу. Аль нь ч байхгүй.

Тавантолгой бол одоо мэдэгдэж байгаагаар Монгол Улсын хөгжлийг тэтгэх бэлэн мөнгөний АТМ мөнгөний автомат машин. Түүнээс бус, нэг намын сонгуулийн амлалтад зориулагдсан санхүүгийн эх үүсвэр, хэсэг улстөрчдийн улстөрд дахин сонгогдох эдийн засгийн баталгаа биш. Тавантолгой бол Монголын хөгжлийн хөтөлбөр байх ёстой болохоос намуудын сонгуулиас сонгуульд тараадаг сул мөнгөний хэтэвч байх ёсгүй билээ. Үүнтэй монгол хүн бүр санал нэгдэх байх. Гэтэл өнөөдөр ирээдүйд олборлох нүүрсээ барьцаалан Хятадын компаниас 250 сая доллар зээлэн байж намуудын сонгуулийн амлалтын бэлэн мөнгөнөөс  амсуулах төдийд 21 мянгаар нь тараах юм. Энэ нь гэрээ зараад одонгоо угаав гэдэг шиг нэг намын сонгуулийн амлалтыг хаахын тулд нийт монголчуудын өмчийг ломбарданд тавьж байгаатай адилхан байна. Тус ордын нөөц 6.4 тэрбум тонн. Их нөөц л дөө. Гэхдээ ордыг яаж ашиглах талаархи төрийн нэгдсэн бодлого эцэслэн гараагүй байхад намуудын сонгуулийн өрийг хаах гэж ингэж хэсэгчлэн ломбардаж болох уу. 21 мянган төгрөгийн төлөө Хятадын компанид нүүрсээ ломбардсан зээл, бас хаана байгаа, хэзээ мөнгө болох нь тодорхойгүй хувьцаа зэрэг нь МАН, АН-ын сонгуулийн өрийг л хааж байгаа болохоос Монгол Улсын хөгжлийг тэтгэх эдийн засгийн бодлого биш шүү дээ.



Тавантолгойг яг өнөөдрийнхөөр нь байлгаад байх сонирхол тэндээс нүүрс авдаг Хятадын компани, тэдэнд нүүрс тээвэрлэж хүргэж өгдөг монгол жолооч хоёрт хамгийн их бий. Яагаад гэвэл Хятадын компани Монголын нүүрсийг түүхийгээр, тэгээд хамгийн гол нь зах зээлийн бодит үнээс хамаагүй хямд буюу тонныг нь 70-хан ам.доллараар аль болох удаан авах сонирхолтой. Нүүрсний тээврийн жолооч бас л аль болох олон жил нүүрс зөөж хувьдаа л хэдэн төргөг олж байвал түүнд улс орны эдийн засаг, байгаль орчны сүйрэл, нүүрсний үнэгүйдэл огтоос хамаагүй. Уг нь тус ордыг аль болох хурдхан эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхийгээр нь биш, боловсруулж, дотооддоо нэмүү өртөг бий болгож экспортломоор байдаг.  Гэтэл эрх баригчид тус ордыг бүхлээр нь эдийн засгийн эргэлтэд оруулахгүй аль болох удааж, сонгуулийнхаа амлалтыг тэндээс хэсэгчлэн тарааж, горьдоож явах  сонирхолтой бололтой. Үүгээрээ бүхэл бүтэн улсын төр, засгийн бодлого нь Тавантолгой дээр Хятадын компанийн сонирхолтой нийцсэн, нүүрсний тээврийн жолоочийн төвшинд байна.


Сү.Батболдоос хүсэх гурван зүйл байна.


Нэг. Тавантолгой гэж хэдэн тэрбум доллараар яригдах эдийн засгийн том проектийг зүгээр нэг сонгуулийн бэлэн мөнгөний амлалтыг хаах задгай мөнгө битгийн болгооч гэж Ерөнхий сайдынх нь хувьд хүсье. Тавантолгойг ард түмний бухимдлыг намжаахын тулд аливаа нэгэн баяр, наамдын өмнө гал унтраадаг, эсвэл сонгуулийн бэлгэнд явдаг улстөрийн PR болгож унагахгүй байх нь Сү.Батболдын Засгийн газарт  ирж буй том хариуцлага, бас үүрэг.

Хоёр. Тавантолгой дээр дэлхийн эдийн засгийн дүрмээр тоглодог, үйл ажиллагаа нь Монголын хуульд нийцсэн, Монголын хуулиас хамааралтай, харин удирдлага нь манай  улстөрчдөөс үл хамааралтай орчин үеийн супер хөрөнгө оруулагчийг сонгож оруулж ирэхийг мөнгө босгох, бүтээн байгуулахын зовлонг биеэрээ туулсан, эдийн засагч-Ерөнхий сайд Сү.Батболдоос хүсмээр байна. Хэрвээ ингэж чадвал энэ нь таны хувьд намаа сонгуульд ялуулахаас ч том гавьяа болно.

Гурав. Тавантолгойг хурдан шийдэж байж эндээс маш олон санхүүжилтийн эх үүсвэр гаргах ёстой байх. Гэхдээ сонгууль дөхсөн энэ үед тус ордын тендерийг эцэслэбэл Тавантолгойгоос маш олон санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх үү, эсвэл маш их өр эхлэх үү гэдгийг  ард түмэн мэдэх, итгэх бололцоо алга. Яагаад гэвэл 2011 ондоо багтана гэж байсан Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалт хугацаандаа амжсангүй. Одоо сонгууль болтол зургаан сар л үлдэв. АН-тай хамт ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг нь Засгийн газраас гарлаа. УИХ-ын чуулган өнөө маргаашгүй завсарлаад дөрөвдүгээр сард эхэлнэ. Түүнээс цааш хоёр сарын дараа сонгууль болно.Тэгэхээр сонгуулийн бус жилүүдэд ч сонгуульд зориулагдаж ирсэн Тавантолгойн тендерийг сонгуулиас хоёрхон сарын өмнө улс төрийн нөлөө, сонгуулийн зорилгогүйгээр шийднэ гэдэг эргэлзээтэй. Гадныхан ч Монголын сонгуулийг, сонгуульд мөнгөөрөө өрсөлдөх улстөрчдийг далимдуулахгүй, ашиглахгүй гэх баталгаа байхгүй. Муу амлаж байгаа юм биш, эдийн засгийн алуурчдын тухай уншиж байхад баялгаа сонгуулиар ингээд алдчихсан улсууд зөндөө л байдаг. Бид тэднийг нь л ярьж бах таваа хангадаг. Гэтэл бас ингээд аваад сурчихсан улсууд ч байдгийг мартаж болохгүй. Тэгэхээр Тавантолгойг ийм эрсэдэлд оруулахгүй, дахин сонгууль, улстөрд зориулахгүйн тулд тус ордын хөрөнгө оруулагчийг сонгох тендерийг дараагийн УИХ-ын мэдэлд шилжүүлж болно. Энэ нь Тавантолгойн төслийг унагаж байснаас, Оюутолгой шиг олон түмнийг сэтгэл дундуур үлдээж байснаас л дээр. Ингэж Тавантолгойн тендерийг улс төрүйгээр, нэг намын сонгуулийн ялалтын төлөө бус, нийт монголчуудын амьдралын төлөө шийдэх боломжийг л нэмэгдүүлэх нь бас л Монголын төлөөх гавьяат үйлс болно.

Энэ гурван сонголтын аль нэгийг сонгох, эс сонгохоос хамааран Сү.Батболд Тавантолгойн лицензээ ард түмэнд өгсөн үү, Ардын намдаа өгсөн үү гэдэг нь харагдана. Сү.Батболд гэж хүн Тавантолгойн лицензийг ард түмэндээ буцааж өгсөн гэж түүхэнд үлдэх үү, эсвэл ард түмэндээ өгсөн нэр зүүгээд дараа нь намын дарга-Ерөнхий сайд байхдаа энэ ордын хувь заяаг Ардын намын сонгуулийн бооцоонд тавьсан гэж үлдэх үү гэдэг нь түүний улс төрийн эр зориг, албан тушаалуудынхаа эрх мэдэлд эзэн болж чадаж байгаа эсэхээс л хамаарана. Ажил хийвэл дуустал гэдэг шиг ард түмэндээ өгсөн гэдэг амлалтаа баталгаажуулах, ажил хэрэг болгох боломж нь азаар түүнд байна. Яагаад гэвэл тэр Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын дарга.

Тийм учраас Тавантолгойн талаар Ерөнхий сайд Сү.Батболд ямар үйлдэл хийхийг, ямар шийдвэр гаргахыг монгол хүн бүр харж байна. Яагаад гэвэл компьюьерт бүртгүүлж, хэвлэлд тасралтгүй бичүүлснээр бол монголчууд бид бүгдээрээ тус ордын хувьцаа эзэмшигчид  шүү дээ. Уурхайн хувьцаа авч байна уу, уурхайн ашиг нь төвлөрдөг Аляск, Норвегийн сангийнх шиг хувьцаа эзэмшиж байна уу гэдгээ мэдмээр байна. Ард түмэнд үрийн будаа тарааж “тархи угаах” гээд байна уу, үрийн будаагаа тариалж гурил болгож зараад ашгаас нь хувьцаа эзэмшүүлэх гээд байна уу гэдгээ хянамаар байна. Тавантолгой бол Монгол Улсыг хөгжилд хүргэх машины банкийг хангалттай дүүргэх “бензин” нь. Түүнийг колонкоос колонкийн хооронд өл залгуулдаг таксиныхны “амь тариа” шиг сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг хэдхэн улстөрчдийн бэлэн мөнгө, хоосон амлалтын ёроолгүй хүүдий болгомооргүй байна.