Цагаан сараар золговол жилдээ багтаж үхэх гэнэ. Золголтоо хорин дөрвөн цагаар зөрүүлж орхивол шүү дээ. Нарийн эд байгаа биз? Гэр бүлээрээ гайтай 24 цагийг нь зөрүүлж орхивол голомт нь цайрах аж. Улсаараа ийм зөрөө гаргавал... еэ ванд лхам минь, аягүй бол дэлхий сөнөх бололтой. Энэ бүхнийг ягштал мэддэг хэд энэ талаар зурагтаар ярьж ард түмнээ сэрэмжлүүлж байна. Хариуд нь шар улааныг тунаруулсан бүлгийнхэн гарч ирж зад эсэргүүцэв. Харин ч эхний хэдийн зааж өгсөн өдөр золговол гай барцад болох гэнэ. Үүнийг маш олон төрлийн шинжлэх ухаан баталсан аж. Шинжлэх ухаан ярьж байх хооронд нь Эйнштэйний нэр хэд хэдэн удаа хавчуулагдаад амжив.



    Хүн төрлөхтөн хэдийнээс эхлэн цаг хугацааг тоолж эхэлсэн юм, бүү мэд. Лавтай эртний вавилон, ассир, шүмэр, египтчүүд өөр өөрийнхөөрөө тоолдог байж.  Дүрсээ байнга өөрчилж байдгийн хувьд сар илүү баримжаатай байсан учраас сарны тоолол өргөн дэлгэрчээ. Гэхдээ сарны мөчлөг 29,5 хоног болохоор энэ хагас өдөр нь хоёр сарын дотор бүтэн хоногийн зөрөө болчих учраас засварын программ хэрэгтэй. Энэ засварыг газар газар янз бүрээр хийнэ. Иймээс сараар баримжаалсан хуанли иргэншил соёл бүрд өөр өөр байдаг аж. Нарны “засварын программ” тун ялимгүй. Гэхдээ л мянга гаруй жил өнгөрсний дараа бүтэн арав хоногоор зөрүү гарч байсан тул Юлианы хуанлийг дундад зууны үед Ромын пап Григорийн лүндэнгээр зассан учир “Григорийн хуанли” гэх нэр гарсан байна. Өнөөдөр бүх дэлхий даяараа энэ хуанлийг албан ёсоор хэрэглэдэг. Оросууд 1918 он хүртэл хуучин Юлианы календарьтай байсан учир Ленин үнэндээ ноябрь сард төрийн эргэлт зохион байгуулсан боловч түүхэнд “октябрийн хувьсгал” нэрээр үлджээ.

    Тоолол болгон зөв. Тоолол бол байгалийн хууль биш. Өдөр шөнө, өвөл зун болдог, дэлхий нарыг тойрдог, өөрийг нь сар тойрдог, энэ бүхэн өөрийн мөчлөгтэй нь байгалийн явдал. Нэгэнт хорвоо хүнд тохируулж орчдоггүй болохоор хүн өөртөө зориулж ойлгомжтой хялбар тоолол зохиохоос өөр аргагүй. Ингэхээр нар сар одны орчлыг түшиглэж тоолол зохиох, баримтлах, цаг хугацааг хэмжих нь хүний явдал. Хүссэн хэн ч өөрийн тоолол шинээр зохиогоод гэртээ өөрөө мөрдөөд явж болно, гагцхүү бусадтай энэ хэмжүүрээрээ ярихаар л жаахан үл ойлголцол гарах байх. Иймээс бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн тоолол хэрэгтэй болно. Бидний метр гэж яриад байгаа нь Си системийн уртын хэмжүүр. Үүнийг тохойгоор хэмжсэн ч, фүтээр илэрхийлсэн ч, лигээр ярьсан ч зарчмын ялгаагүй. Биенд нь шилжүүлээд ойлгочиж болно. Нийтээр хүлээн зөвшөөрөгдөх асуудал нь харин янз янз. Өдгөө дэлхий даяараа албан ёсоор Си системийг хүлээн зөвшөөрсөн нь хоорондоо ойлгоцох эвийг нь бодсон хэрэг.  Ялгаагүй, та 38 размерийн гутал өмсдөг бол Си системээр 25, англи системээр 6 номер болж орхино. Хэнийг нь буруу гэж хэлэх аргагүй, алийг нь ч шинжлэх ухааны аргаар буруутгах бололцоогүй. Цагийн тоолол ч адил. Хүсвэл шинэ оноо зун ч солилцуулж болно, намар ч тэмдэглэж болно. Хүний түүхэнд ийм тохиолдол бишгүй нэг тохиосон. “Январь” гэдгийг өөр тооллын уламжлалтай бид нар л “нэгдүгээр сар” гээд нэрлэчихсэн болохоос цаанаа ийм утга байхгүй.

Тоололд харин түүхэн утга бол бий. Зуунаар биш жарнаар тоолон жил болгонд амьтны нэр өгдөг уламжлал нүүдэлчдээс гарсан гэдэг. Тодорхой хэлбэл түрэгүүд ийм юм бодож олжээ. Гэхдээ тухайн жилийг хулгана гэж нэрлэснээс болоод хулгана ихээр үржих, хүний амьдрал хулганыхтай төстэй болох зэрэг байгаллаг утга огт байхгүй. Зүгээр л цэвэр бэлгэдлийн чанартай. Хятадууд нэн эртнээс сарны тоолол хэрэглэдэг байсан, харин амьтнаар он жилийг бэлгэдэн нэрлэх ёс тэдэнд хожим шингэжээ. Хятад тооллыг монголчууд “шар зурхай” гэнэ. Манжийн мэдэлд байхдаа монголчууд албан ёсоор шар зурхайг дагадаг байв.

Харин 1747 онд Ишбалжир хэмээх гэлэн нэгэн тоолол зохиосныг “төгсбуянтын тоолол” гэнэ. Тэр үеийн монголчуудын төвлөрөл байсан Хөх нуур орчимд юм болов уу. Улаанбаатар энэ үед нүүж явсан учир Туулын хөвөөнөөс 300 гаруй км-ын зайд байлаа. Гэлэн тоолол зохиохдоо хятадын уламжлалт тооллын алгоритмыг өөрчилж, ердөө л өнөө 29.5 өдөр гэдгийн бутархайг  шилжүүлж тооцохдоо “засварын программ”-ыг шинэчилжээ. Тэрээр битүүнд саргүй (сар алга болно гэж байхгүй л дээ, нартай хамт мандчихаар энгийн нүдэнд харагдахгүй байгаа хэрэг), харин 15-нд заавал тэргэл сартай байхаар тооцсон учир үүндээ баригдаад зарим өдөр давхцана, зарим нь алгасна. Ингэхээр бичиг цаас тооцоо энэтэр гэхгүй календарийн баримжаа шууд тэнгэр дээр гараад ирдэг учир нүүдэлчдэд нэн тохиромжтой байсан бололтой. Битүүн, арван таван гэсэн ойлголт хятад тоололд үгүй. Бичиж үлдээсэн судартаа “тэрслүүдийн зурхай одондоо мэргэн тул авч хэрэглэв” гэж тодотгожээ. Энэ нь сарны хөдөлгөөнийг байрлах одоор нь тодорхойлох лалын тооллын аргыг оруулав гэсэн санаа. Тэрслүүд гэдэг нь лал гэсэн төвд үгний орчуулга. Лалынхан астрологиос эхлээд астроном хүртэл маш сайн судалсан уламжлалтай. Манж Хятадын эзэрхийллийг эсэргүүцсэн бэлгэдэл нь хийгээд илүү дутуу тооцоо байхгүй шууд тэнгэр хараад хэлж болдог практик ач холбогдлоосоо болоод монгол ардууд өргөнөөр хэрэглэж эхэллээ. Энэ нь Хятадын цагаан сараас заримдаа нэг өдрөөр, заримдаа нэг сараар зөрнө. Ингээд “Монголын цагаан сар” гэсэн шинэ нэр гарчээ. Манай цагаан сар хятадынхаас арай өөр гэсэн санаа. Ингэхээр Тэрбишийн зурхай гэж байхгүй, Ишбалжирын зохиосон Төгсбуянтын тоолол л гэж бий. Шинжлэх ухааны академиас ХХI зууны турш энэ тоолол Григорийн тоололтой яаж таарч байгааг үзүүлсэн хүснэгтэн ном гаргасан юм. Үүнийг жил бүр шинээр тогтоох хэрэг байхгүй, хүсвэл ХХХ зуун дуустал, бүр цаашлуулаад ч хүснэгтлээд гаргасан ч болно. Залхуурахгүй бол та гэртээ сууж байгаад 3000 он хүртлэх календарь бүтээж болно, ингэлээ гээд таныг хэн ч профессор доктор гэхгүй. Үүнтэй яг л ижил юм хийсэн буюу хийх гэж санаархагчид өөрсдийгөө цоллодог нь харин сонин. Григорийн тоололд дөрвөн жил тутамд нэг хоног нэмдэг засварын программтай. Лалын, хятадын, монголын, маяагийн, инкын календариудын алгоритм нь өөр учир засварын программууд нь бас зөрөөтэй.

1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зараллаа. Төгсбуянтын зурхайг албан ёсоор хэрэглэж байх Богд хааны лүндэн буув. Харин 1915 оны Хиагтын Гурван улсын хэлэлцээнд энэ тоолол бөөн маргаан үүсгэжээ. Хятадууд Монголын нийслэл, Монголын хаан, монгол тоолол гэсэн гурван зүйл дээр тас эсэргүүцэж Хятадынхыг дагахыг шаардаж байв. Эцэст нь хааныг орос хэлээр “повелитель” гэж байхаар тогтов. Тэд мөн Төгсбуянтын тооллыг тас эсэргүүцэж өөрсдийн шар зурхайг дагахыг шаардав. Энэ удаа монголчууд ялж монгол тооллоо Гадаад Монголд албан ёсны байлгахаар болов. Гэвч гэрээний эх барих хувилбар болох франц хувь дээр монгол тооллыг зориуд орхигдуулсан байсан юм. 1921 оны 7-р сард Ардын засгаас Төгсбуянтыг тооллыг баримтлах тогтоол гаргалаа. 1924 онд Бүгд найрамдах улс болоод оныг “олноо өргөгдсөний” гэж байсныг “Монгол улсын төд дүгээр он” гэж нэрлэж байхаар болов. Монгол улсын тоолол болон Төгсбуянтын хуанли нь Григорийн тоололд орсон 1940 он хүртэл албан ёсоор мөрдөгддөг байжээ. 1944 онд Гандан хийдийг дахин сэргээхэд тооллыг Төгсбуянтынхаар явуулж байх шийдвэр гарсан байдаг. Ингэхээр Төгсбуянтын хуанли нь зөв буруутайдаа биш, тусгаар тогтнолын утгатай ажгуу. Аль ч тоолол шинжлэх ухааны утгаараа буруу байдаггүй учраас Төгсбуянтын хуанлид гажууд юм юу ч байхгүй. Сарны тооллоор явдаг хятадынх, лалынх, инк нарынхаас зөрдөг үү гэвэл зөрнө. Яг л төө, фүт, дициметр хоорондоо зөрдөг шиг. Тэгээд яачихаав, биенд нь шилжүүлээд л ойлгочихоно шүү дээ! Гол нь энэ бол монголынх. Эцэг өвгөд маань зориуд хятадынхаас зөрүүлсэн юм. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид маань энэ зөрүүг нь баримталж олон улсын гэрээ хэлэлцээрт зүтгэж байж оруулсан юм. Соёмбо шиг л тусгаар тогтнолын маань бэлэг тэмдэг. Хэдийгээр бид албан ёсоор Григорийн тоолол баримтладаг ч цагаан сар болон зарим өдрийг тэмдэглэхийн тулд хуучин тоолол хэрэг болдог. Чухам ямар тоолол баримтлахыг төрөөс 1911, 1921, 1924, 1944 онуудад хоёргүй нэг утгаар зааж өгчээ.

Өдөр гаригт сайн муу гэж байдаггүй. Ингэж ярьдаг нь хятадууд дөрөвийн тооноос, монголчууд долоогоос, европынхон арвангураваас цэрэвдэг шиг мухар сүсгийн угшилтай цэвэр бэлэгдлийн утгатай. Тэр дундаа үсээ засуулдаг, найр хийдэг, мал гаргахад муу гэх мэтийн утга санаа өдрүүдэд огт байхгүй. Үүнийг зөвхөн зурхайчид л зохиодог юм. Зурхайч, янхан хоёр бол дэлхийн хамгийн уугуул мэргэжил. Од сар харж байгаад юм зохиож хэлэн хүний сэтгэл үймүүлэн хэдэн мөнгийг нь салгадаг этгээдүүд аль дивангарын үед байжээ. Тэднийг Европ зүгт астрологичид гэнэ. Тэдний дунд зах зээлийн хүчтэй өрсөлдөөн байсан учир од гаригийн хөдөлгөөнийг их сонирхдог судалдаг тэмдэглэдэг байлаа. Энэхүү уран панаал нь хожим астрономын шинжлэх ухаан үүсэхэд ихээхэн тус болсныг хэлэх нь зүйтэй. Химийн шинжлэх ухаан буй болоход альхимичид хэмээх жатга үзүүлж хүн хуурагчид их тус болсонтой адил юм. Химийн ухаан буй болсноор альхимичдийг тоохоо больсны нэгэн адил астрономын ухаан хөгжсөнөөр астрологичид зүй ёсоор тэтгэвэрт гарсан юм. Зурхай ч, альхими ч шинжлэх ухаан огтоос биш.

Гэвч, хэдийгээр XXI зуун гарсан боловч буурай хоцрогдсон газар зурхайчид амь бөхтэй оршсоор төдийгүй орлого олз арвинтай байсаар. Энэ бол нийгмийн хоцрогдол дээр суурилан паразитлаж амьдардаг ядарсан бизнес юм. Зурхай нь тоолол зохиох болон баримтлахаас шал өөр утгатай. Энэ нь тэнгэр гариг эрхэсээс болж хүний хувь заяа хэрхэн өөрчлөгдөхийг мэргэлж өгдөг, түүгээрээ каландарь, хүснэг зохиогоод зардаг золигийн заль мэх л дээ. Өнгөрснийг мэддэг хүн тааралддаг гэдэг. Үүнийг шинжлэх ухаан тайлбарлаж чаддаггүй. Өнгөрсөн юм ямар нэг долгион ч юм уу, үлдээдгийг хэдэн сая тохиолдолд зарим нэг увьдастай хүн мэдэрч чаддаг байж магадгүй гэж ярьдаг. Тун ховор тохиолдох ийм увьдас Монголоор дүүрэн байна гэдэг бол харин итгэхийн аргагүй хэрэг. Тэгээд ч туйлдаа хүртэл хөгжсөн шинжлэх ухааны бяд дутаж байхад хагас бичигтэй улаан шараар эрээлж гоёсон луйварчин юугаа мэдэх билээ дээ. Ирээдүйг бол урьдчилж мэдэх ямар ч боломжгүй. Шинжлэх ухааны прогнозлох арга зүйг энд хэлээгүй нь мэдээж. Од гаригийн орчил хөдөлгөөн хүний хувь заяанд нөлөөлдөг байж болох ч үүнийг урьдчилан тооцоолох боломж үгүй аж. Үүнийг “Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчим” гэнэ. ХХ зууны гурван том нээлтийн нэг гэгддэг. Хайзэнбэрг үүнийг электроны байршил дээр баталсан боловч түгээмэл шинжтэй юм.

Төгсбуянтийн тооллоор өнөөдөр төдний өдөр, энэ нь шар зурхайн төдний өдөртэй таарна, лалын тооллоор ийм өдөр болно энэ бүхэн нь Григорийн буюу нийтийн тооллоор ийм өдөр болой гэх бол нэг хэрэг. Энэ бол хятадаар хуанли, европоор календарь хэмээх цаг тооны бичиглэл. Энэ өдөр бол хар өдөр, үсээ засуулж болно, айл ухвал баригдахгүй, эхнэрээ зодох нь зүйтэй, учир нь нар сарны хөдөлгөөн таарч сугар гаригтай явалдаж улаан нохой одтой таарч байна гэх мэт бол зурхай. Үүнд нь итгэдэг ард түмнийг өнөөгийн хэлээр хоцрогдсон бүдүүлэг гэдэг аж. Ийм мэрэг төлөг хөгжингүй орнууд ч элбэг. Гэхдээ үүнд нь ард түмнээрээ итгэж баримтладаггүй, илүүтэй зугааны шинжтэй байдаг. Зурхайчид юу ч гэж тууж магадгүй, дээр нь их олуулаа учир хоорондоо их зөрөөтэй. Зах зээлээ булаацалдаж маргаж хэрэлдэх нь сүүлийн хориод жилд Монголд бүр гаарсан үзэгдэл боллоо. Сүүлдээ хүн амьтныг үхнэ хатна гэж сүрдүүлдэг болоо шив дээ. Ухаан нь 2012 оны ердийн каледарь дээр өдөр хоногуудыг бөөсөө алдаггүй өдөр, аянд явдаг өдөр, хурьцал тэвчих өдөр гээд биччихсэн байвал хэн ч гайхаж таарна. Яахаараа монгол тооллын календарь дээр зурхайчид ийм мангар юм биччихээр гайхах байтугай шүтээд байдаг байнаа? Хонины арьс нөмөрсөн чоно гэгчээр ичих ч үгүй шинжлэх ухааны нэр, цаашлаад Чингис хааны нэрийг барихыг нь яана! Аргын тооллоор календарь гаргадаг компаниуд өнгө үзэмж зураг хөргөөрөө өрсөлддөг. Билгийн тооллын хуанли үйлдвэрлэгчид хоорондын тоогоо зөрүүлэхээс гадна хүний өдөр судрыг мэргэлж өдөр хоногийг сайн муугаар нь ялгаж, хүний сэтгэл рүү юм хийж өрсөлдөнө. Эцсийн бөлөгт цаг тооллын аль системийг баримтлах тухай асуудал байгаа юм биш, зах зээлд борлогдох үйлтэй 200 орчим сая төгрөгийн мэрэг төлгийн эзэн хэн болох тухайд л зодоон цохио болоод буй хэрэг шүү дээ. Ингэж билгийн цагаан сарыг хэрүүлийн хар нулимс болгож хувиргана.

Зурхай юутай ч буддын шашинтай ямар ч хамаагүй эд. Будда өөрөө сургахдаа “хүний хувь төөргийг сарны тохиол, од мичидийн хөдөлгөөнөөр мэргэлж тааварлахыг эгнэгт цээрэлбэл зохилтой” гэжээ. 2500 жилийн өмнө Энэтхэгт одоогийнхоос цөөнгүй зурхайч - луйварчид байсан бололтой. Чанарын биш гэхэд тоон утгаараа дэлхийн хамгийн боловсролтой орон гэх монголчууд бичиг үсэгтэй нь эргэлзээтэй, ядахнаа хүзүүгээ угаагаад хумсаа авчихдаггүй мөртөө бурхан буг эйнштэйн вангагийн нэр барьсан өвчтэй солиотой, зальтай хомхой сувьдаг тэнэг юмнуудыг дэмжин мөнгө төгрөгөөр тэтгэж явааг юу ч гэж тайлбарлах юм билээ дээ? “Өдөр цаг бүхэн өлзий буян, од гариг бүхэн онцгой сайн, муу сэтгэлээ ялагч бүхэн зовлонгүй, мунхагийн нойроос сэрэгч бүхэн чадал төгөлдөр” гэж Будда сургасан нь “Найман гэгээ” сударт бий. Энэ судрыг сургаар ишлэн худал цуурах зурхайч нарт тийм л их мөнгө хэрэгтэй юм бол та нэг сайхан санал тавиач. Юу гэхээр календарь зарж хэдэн цаас цуглуулах гэж зовж яс булаацалдсан нохой шиг хоорондоо архиралцаж байхаар казинод очиж ямар тоо гарахыг нь шууд хэлээд л баяжаач. Эсвэл барон Унгерний нуусан алтыг олооч. Улсын мэдлийнх болохоор хураагаад авчихана гэж үү? Олсон хүн хуулиараа 30 хувийг нь авдаг юм. Нийт 1 800 кг алт эрдэнэс нуугаастай байгаа гэдэг юм билээ. 30 хувь гэхээр 600 орчим кг алт эрдэнэс хүүдийлэх нь байна шүү дээ, хаваасаг биз дээ?
2008.02.03