Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн хувьд сайдуудаа аваад Засгийн газраас гарах мэдэгдэл хийх тун амархан байсан. Харин  намын удирдах байгууллага Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүддээ ойлгуулна, тэдэндээ эргэж очно гэдэг тун хэцүү байлаа. Яагаад вэ гэвэл Ардчилсан намын олон мянган гишүүд нь дарга Н.Алтанхуяг болон хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа сайдуудыг, ядуу гэр орон, олон хүүхдээ өнчрүүлж хаяад баян МАХН-ын /хуучин нэрээр/ хөнжилд орон биеийн жаргал хөөсөн, зайгуул эр шиг ойлгож байв. Иймэрхүү юм ч болох нь болсон л доо. Гэхдээ МАХН-ыг дагаад явалтай биш хэзээ нэгэн цагт орон гэртээ ирэх л байсан. Ардчилсан нам түүхэн үүслээсээ л олон нам нийлсэн өнөр өтгөн нүсэр бүл.  Ардчилал гэдэг нэг эхийнх мөртлөө олон эцгийн хүүхэд гэсэн үг. Одоогоор Ардчилсан намд таван фракц байна. “Алтангадас” фракцийн хувьд намын дарга Н.Алтанхуяг төрсөн эцэг нь мөн боловч МоАХ фракцийн хувьд тэрээр хойд эцэг нь юм. Мөн МҮДН /Монголын үндэсний дэвшлийн нам/ гэдэг ууган фракц бий. Ардчилсан намын саяын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр Р.Амаржаргал гишүүн “МҮДН фракц дахин сэргэсэн. Барууны чигийн үзэл баримтлалаа боловсруулсан гэж тодорхой зарлаад авна билээ. МҮДН фракц бас эцэг ондоотой. МҮДН-ын эцэг нь халзан Ганболд /нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа Даваадоржийн Ганболд Г.Д/ байдаг. Ардчилсан намын ууган энэ гурван фракц дээр З.Энхболдоор ахлуулсан “Ардчилсан хүчний холбоо”, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нараар ахлуулсан “Нэг ардчилал” залуучуудын фракц их хүчтэй орж ирсэн байна. Тэдний залуус ирж байгаа цагийн улс төрийн амьсгал, дуу хоолой байв. Яг ийм хүнд нөхцөлд МАХН-ын хөнжлөөс сугарч МАНАН бүлэглэлийг сарниаж, намын дарга орон гэртээ эргэж ирнэ гэдэг үнэхээр хүнд байлаа. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын урд орой улс төрд идэвхитэй явдаг МоАХ-ын банди нар Н.Алтанхуягийг эргээд ирхэд нь ёстой багалзуурыг нь шахна гэж уурлацгааж байв. Бас улстөрч “охид” нь Н.Алтанхуягийн шар нүүрийг маажна, ямар нүүрээрээ эргэж ирэх гээв хэмээн шаралхаж байв. Ардчилсан намын ҮЗХ-ны хурал Ардчилсан намын л хурал болсон. Ёстой бут авсан. УИХ-д ихэрхээд байдаг өнөө муу хэдэн сайд, дэд сайдуудыг жагсааж байгаад байцаав, зүхэв. Бас тайтгарав, үнэлэв. Тэд нөхдөдөө загнуулаад ирэхээрээ юу ч хэлж чадахгүй, зарим нь их гөлөлзөж байна. Ардын намынхантай нийлээд зарим сайд нь MCS гэдэг аж ахуйн нэгжээс нэлээд юм хусчихжээ дээ, янз нь. Төрийн том сайдууд намын нөхдийнхөө өмнө болохоор хэрэг хийсэн арван жилийн хүүхдүүд шиг толгойгоо маажин эгнэн зогсч байгаад аашлуулах нь бас сонин үзэгдэл байлаа.

Н.Алтанхуягийг төрөлх гэртээ эргэн ирэхдээ түүний тавьсан илтгэл болон намын дарга нь МАН-тай нийлээд манаргаж явахад намын гал тогоогоо барьж байсан ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хоёр гүн туслалцаа үзүүлэв. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт яагаад орох болсоноо, гэнэт яагаад гарах болсноо учирлаж аргадсан  үнэхээр мундаг үг хэлэв. Уг илтгэл олон хүнд учрыг ухуулж бас тайтгаруулав. Улс төрийн хуурай хэллэг, статистикийн модон тоог учир шалтгаанаар ухуулсан ийм илтгэлийг уг нь цөөхөн хүн бичдэг дээ. Н.Алтанхуяг үнэхээр сэтгэл гаргаж үгээ бэлтгэж нүглээ наминчилжээ. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат аль нэг фракцийн удирдагч нартай явалдаж сэтгэл буруулсан бол намын дарга гэртээ эргэж ирж хоймроо сууж чадахгүй байлаа. Д.Эрдэнэбат заалны уур амьсгалыг хөөргөх үед нь хөөргөж, намжаах үед нь намжааж, уралцуулах үед нь уралцуулж, сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхнийг оруулах үед нь оруулж, гаргах үед нь гаргаж яг найрал хөгжмийн удирдаач шиг байв. Одоо нам даргаа сольж хагарах цаг биш,  аюул болно шүү. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсон хийгээд цагаа олж гарснаар “түүхэн үүргээ” гүйцэтгэлээ гэж Э.Бат-Үүл баатар ярилцлага мэдэгдэл өгч цээжээрээ хамгаалж байсан нь намын дарга Н.Алтанхуягийг Ардчилсан нам гэдэг их гэртээ эргэн ирэх нүүрийг тахаллаа. Хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан сайдуудыг огцорсон хойно нь харахад  Ардчилсан намын сайдууд, дэд сайдууд Сү.Батболдын Засгийн газрын сор болсон сайдууд байлаа. Х.Баттулга шиг Зам тээврийн сайд, С.Баярцогт шиг Сангийн сайд, Лу.Болд шиг Батлан хамгаалахын сайд, С.Ламбаа шиг Эрүүл мэндийн сайд МАН-ын Засгийн газарт дахин төрөхгүй л болов уу. “Айлд очсон аав”  Н.Алтанхуяг гэртээ ирлээ. Ардчилсан хувьсгалын автор болж гал голомтоо сахин суугаа Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчид олонхиороо дэмжин гэрийнхээ хойморт дахиад суулгалаа. Ялсан ч, ялагдсан ч Ардын намын цагаан гэр рүү дахиад гүйхгүй шүү гэж учирлан уурлан хэлсэн гишүүд дэмжигчдийнхээ үгийг мартаж болохгүй. “Айлд очсон аав” Н.Алтанхуяг дарга гэртээ ирлээ. Бор гэртээ богд шиг сууж, хар гэртээ хаан шиг тухлаж, адилхан аавын хүүхдүүдийг Алтангадас, МоАХ-аар нь алаг үзэлгүй ирэх  сонгуулиа удирд даа. Ийм л шийдвэрийг Ардчилсан намын хамт олон, Үндэсний зөвлөлдөх хороо гаргаж байна билээ.