...үргэлжлэл.

 

Цөөрч буй эх орончийн бэлэг

Жонатан Медвед хэмээх жүүд хархүү наяад оны эхээр Израйльчуудад эх орноо улам их хайрлах эрдмийг заахаар санаа шулуудаж далай гатлан ирэв. Тэрээр Израйль улс оршин тогтох үндсийн үндэс нь Сионизм буюу жүүдэч үзэл гэдэгт хатуу итгэсэн фанаат байлаа. Ингээд израйлчуудаар эх орныг нь улам хайрлуулах аянд мордлоо.  Яг л манайхан өөрсдийгээ “тэнгэрийн тамга бидэнд бий, худлаа гэвэл өмд шувтлаад хар” гэж ирээд л хөөрөлхдөг  шиг “Жүүдүүд бол ертөнцийн эзэнд шилэгдсэн үндэстэн учраас...” гэж ирээд л номлоод явж. Харин Жонатан монгол бус жүүд хүн юм болохоор суртал номлох зардлаа хүнээс нэхсэнгүй. Хөрөнгө чинээ сайтай эх оронч бус этгээд илрүүлэн мөнгө нэхэж рекэт хийсэнгүй. Зүгээр л, эцгийнхээ хийдэг электрон барааг борлуулан амь зууна.

 Хувь заяаны тохиолоор мятрашгүй жүүдэч хархүүг  Израйлын батлан хамгаалах салбарын томоохон гэрээлэгч Rafael-ийн боссуудын нэг анзаараадахжээ. Эх оронч үзэл нь таалагдсан юм биш. Харин мятрашгүй байдал нь сонирхол татсан хэрэг. Тэрээр залуу эх орончийн хувь заяаг бүрмөсөн эргүүлсэн үгийг хэлсэн нь “Израйльд эх орончид бус бизнесмэнүүд хэрэгтэй байна. Энэ орныг эх оронч үзэл аврахгүй. Харин манай улсыг  технологи аврана” гэж.

            Сэтгэл санаа эргэсэн залуу гэнэт эцгийнхээ юу хийдгийг сонирхож эхлэв. Израйльчуудад хэрхэн эх орноо хайрлах нь зүйтэй болохыг  ухуулж явсан хархүү түүнээ болив. Оронд нь  аавынхаа үйлдвэрлэдэг оптик дамжуулагч, хүлээн авагчийн  сурталчилгааг хийж эхэлжээ. Удалгүй Иерусалимд гараашаа янзлан   Israel seed partners-ийг байгуулсан нь  тун удалгүй 300 сая доллартай болоодохжээ.  Өдгөө түүний хөрөнгө оруулсан компани Nasdaq-ийн топ хэсэгт бүртгэгджээ.


 Харин Жонатан Медвэд   “Израйлын эдийн засгийн элчин сайд” хэмээх алдрыг хүртэж Израйль хөрөнгө оруулах, израйль маягаар  бизнес хийхийг ухуулдаг, үлгэрлэдэг нэг болжээ.  Гол санаа нь “улс орны тусгаар тогтнолын баталгаа бол хүчирхэг эдийн засаг мөн. Хүчирхэг эдийн засаг эх оронч хийрхэл дээр бус шинэ технологи дээр тогтдог. Эх орондоо хайртай л юм бол шинэ технологиийг зохиогч, нэвтрүүлэгч, хэрэглэгч бологтун” гэх аж. Үүнийг эх орноо хайрлах Жүүдийн хичээл гэж үзсэн ч болно.

Технологи, технологи дотроос технологи хайх нь эх орондоо хайртай Израйль хүн бүрийн ариун үүрэг аж. Израйлын пуужин хийдэг технологи дээр анагаах ухааны хамгийн орчин үеийн тоноглол үүсэн хөгжив. Пуужингийн чиглүүлэх хэсэг дээр нэг лут дуран байдаг болтой юм. Ач холбогдлоороо бол 1939 онд Олзвой баатар Яончуудаас хулгайлсан яндан дурантай ойролцоо. Тэр дурангаа израйлын инженерүүд жаахан боловсронгуй болгоод хүний гэдэс ходоодыг туушид нь дурандаад, олон зуун фото зураг аваад ирдэг үрлэн камер хийж.

Мөн л цэргийн үйлдвэрийн технологи дээр тулгуурлаад нэг чип хийжээ. Тэр чип яадаг вэ гэхээр, хүний бие суулгана. Эзнээ хаа байгааг тагнуулчидад зааж өгөх юм биш. Жаахан болхидуу хэлэхэд, өөрөө өөрийгээ хүний биеийн эрчмээр цэнэглээд, авсан цэнэгээрээ ажиллаж инсулин үйлдвэрлэн эзнийхээ хэрэгцээнд нийлүүлээд байх юм. Өөрөөр хэлбэл саахарын өвчтэй улс эмнэлэгт хэвтэх, байнга эм уух хэрэггүй болж байгаа юм байна.

Олширч буй “эх оронч”-ийн балаг

Израйль улс л юм хойно асуудалтай, хүн л юм хойно зовлонтой, дэвшилтэй учраас хоцрогдолтой. Хүн болгон  л “технологи сур, сур, бас дахин сур” гээд явдаггүй аж.

Хамгийн том зовлон нь эх орондоо хэт хайртай нөхдөөс эхтэй. Улс орныхоо оршин тогтнох үндсийн үндэс нь жүүдийн жүүдээрээ байх хэмээн үздэг ортодоксууд. Нөгөө талд нь Израйлын арабчууд.

Эх оронч санаа, унаган ёс заншлаа хайрлахын хэрээр улс үндэстэндээ садаа болдогийн учир юу вэ? Мэдээж хайрлаад байхаар муудаад байдаг юм гэж юу байхав.

            Хэвийн жүүд үндэстний хөдөлмөрийн ид насны буюу 25 -64 насны эрэгтэйчүүдийн 84, эмэгтэйчүүдийн 75 хувь ажил эрхэлдэг. Харин харидем болон хэт ортодокс жүүд дээр очихоор яг ийм хувь нь ажил эрхэлдэггүй үзүүлэлт гардаг.

Бен Гурионы үеэс хэт ортодокс жүүдүүд цэрэгт явахгүй байж болдог хууль гарчээ. Гэтэл цэрэгт явах сонирхолгүй залуус ортодокс сүмийн сургуульд олноороо бүртгүүлэх болов.  Энэ улс цэргээрээ дамжуулж боловсрол эзэмшдэг тогтоцтой, армид нь технологич, менежер, цэрэг бэлтгэдэг. Саяхан нэг Израйль цэргийг бараг шорон дүүрэн палестин хоригдлоор сольж буйг бид зурагтаар харсан. За даа, бараг нэг израйль цэргийн зах зээлийн ханш тэр юм шиг байна даа.  Учир иймд цэргээр дамжаагүй хүмүүс улс төр, бизнесийн ертөнцөд зайгаа олоход хэцүү болно. Тэд хөдөлмөр, бизнесийн зах зээл дээр гологдож байгаа учраас шууд нийгмийн халамжийн давхраа үүсгэнэ. Тэр хэрээр бүтээн байгуулагч татвар төлөгчдөд дарамт болно.

Арабууд болохоор эмэгтэйчүүдийг угаасаа ажил эрхлүүлдэггүй заншлаа дагадаг. Дээр нь төрөлтөөр улсдаа тэргүүлнэ. Түвэгтэй нь арабууд болон  хэт ортодокс жүүдүүд  2007 оны байдлаар нийт хүн амын 28 хувийг эзэлж байсан бол ойрын үед 40 орчим хувь болж өсөх тооцоо гарч буй аж...Яанаа гэлцээд байна.  

 Эх орон  vs Эх оронч

Дэн Сенор, Сол Сингер нарын “Улс үндэстэн цогцолсон нь: Хэрмэл жүүдээс хүчирхэг Израйль” номыг унших тусам  нэг асуулт гарна, тэд эх оронч байхыг муухай гэх гээд байна уу гэж. Эх орон гэдэг бол юун түрүүн эрх дураараа, жаргалтай амьдрах орон зай. Энэ орон зайг янз хүмүүс янз бүрээр дүүргэдэг. Хэтэвчинд мөнгө, гарт бүтээн байгуулалт, оюун санаанд бодит төлөвлөгөө байхгүй үед  хүн дан гагц итгэл найдвараараа л жигүүрлэдэг.

 Итгэл найдварын гал нь өөрийгээ болон, үндэстнээ хамгаас илүү хүчтэй, заяатай гэдэгт үнэмшүүлсэн домог, ойлголтоос оч авдаг билээ. Ийм үзэл санаагүйгээр үндэстэн оршин тогтнох ч аргагүй. Гэхдээ ямар нэгэн бүтээн байгуулалтгүй дан хайр байвал улс орон цогцлохгүй. Айл гэрийг хүртэл дан хайр дурлалаар авч явдаггүй, ажил хөдөлмөрөөр гэр бүлээ тэжээх хэрэг гардаг шиг.

Эцсийн дүнд улс орныг иргэдийнх нь бүтээсэн баялаг л хөл дээр нь авч явдаг. Иргэд нь хийсэн бүтээсэндээ хангалуун байхын хэрээр ирээдүйдээ итгэлтэй жаргалтай амьдардаг. Сайн үндэстэн, хувьтай ард түмэн болохоо биеэр мэдрэнэ гэсэн үг. Өмнөх шатанд ийм ойлголт нь  бодит бус зөвхөн сэтгэлд, суртал ухуулгад байсан бол биежинэ гэсэн үг. Хөгжихийн тулд эх оронч сэтгэл, үзэл санаагаа бодит бус байдлаас гаргахын нэр. Сайхан мөрөөдөлтэй байхаа болиод сайхан амьдралтай болохын нэр аж.

Ингэхийн тулд хоосон уриа, дэвэрсэн санаагаа орхих ёстой. Өөрөөр хэлбэл,  Зэвсгийн үйлдвэрийн эзэн тэр хүн залуу сионист Жонатан Медвэдэд хэлсэн шиг эх оронд эх орончид бус технологичид хэрэг болдог цаг бий. Энэ цагийг алдаж болохгүй. Тэгвэл “манайх хамгийн мундаг үндэстэн, бид тэнгэрийн ийм, тийм юмтай” гэж орилсон хэвээрээ л үлдэнэ.

Өнөөгийн жүүдүүд “хэрхэн Ертөнцийн эзэнд сонгогдсон” тухайгаа ярьдаггүй. Учир нь юм хийж байгаа учраас ярих зав байхгүй. Юм хийхийн хэрээр эх орон нь хүчирхэгжиж, хөгжиж дэлхийд тэргүүлэх хөгжилтэй улс болж байна. Хэрвээ “ертөнцийн эзэн”  мөнхийн улсаа байгуулаад илүү хөгжилтэйг нь сонговол гарцаагүй л Израйль багтана. Тэдний эх оронч үзэл  сионизмаас хүчирхэг Израйль болон биежиж буй нь энэ.

Тэгж ярих юм бол, өнөөгийн Израйльчууд  Ертөнцийн эзэнд “сонгогдсон” домгоо ч тоохоо  байж. Иерасалимын их сургуулийн профессор Занд “Жүүд үндэстнийг Ерөнцийн Эзэн яагаад сонгов” гэдэг ном бас туурвижээ. Тэрээр, Жүүд үндэстний бахархал болдог тэр домгийг ёстой сайхан худал зүйл хэмээгээд Израйль гээд байгаа нөхдүүд чинь  ядаж нэг ястан ч биш хараас цагаан хүртэлх арьстан бүхэн багтсан 70 орчим ястан гэдгийг иш болгожээ. Одоогийн жүүдүүдэд  Израйль улс, Израйль хүн мундаг байгаа нь чухал болохоос биш жүүдүүд мундаг гаралтайг өгүүлэх домог, бусдаас илүү ирээдүйтэй гэж мэтгэх мөрөөс сонин биш ажгуу. Учир нь тэд хорвоогоор хэрэн хэсч явахдаа “мөхөх үндэстэн өнгөрснөөрөө амьдардаг, өсөх үндэстэн өнөөдрөөрөө амьдарч маргаашаа төлөвлөдөг гэдгийг мэдээд авч.  Дурсамжийн оронд бизнес, мөрөөдлийн оронд төлөвлөгөө. Нарийн яривал, хоёр мянган жил цагаачилж явахад нь ямарч домог тэднийг авраагүй шүү дээ.

   Улс үндэстний омогшил, эх оронсог хий-өнгөрсний дурсамж, ирээдүйн мөрөөдөл нь эхийн сүү шиг чухал зүйл. Эхийн сүү амлахгүйгээр ямар ч амьтан ч өсч өндийж чадахгүй. Эхийн сүүгээр амлаж байгаа хүүхэд эрүүл сайн хүн болох нь тодорхой. Харин 10 нас хүрчихээд эхийн сүүгээрээ явж байвал  хүн болохоо өнгөрсөн гэсэн үг.

   

 Үргэлжлэл бий......