Өлгийгөө нэхий гэж голдоггүй монгол хүн билээ, би
Муухай юм уншлаа. Хэрэггүй ч уншив уу. Мартчихаад за, ямар намайг ингэсэн биш гээд алхъя гэтэл сэтгэл давчдаад чадахгүй нь.
“Өдрийн сонин”-ы талаар нэгэн бичлэг гарчээ. Ёстой огиудас хүрмээр хараал зүхлээр дүүрэн бичлэг. Ийм юм ер нь үзээгүй санагдана. Сонинууд хэзээ ч нэг нэгнээ ингэж байгаагүй. Хэдийгээр манай чөлөөт хэвлэл нас залуу ч туулж ирсэн цөөн жилийн түүхэндээ сэтгүүлч хүнийг сэтгүүл зүйн индрээр ингэтэл харааж байсан удаа байхгүй. Сонинууд хүн “барьж идэж” дуусаад, бие биенээ барьж идэх шахаж байгаа нь энэ үү.
Сүүлийн үед хэсэг сэтгүүлчийг түүж байгаад авлах хандлага үнэхээр гаарч байна. Энд тэнд үгийн зэвээр харвах, интернет ашиглан байж болшгүйгээр доромжлох, гүтгэх, нэр хүндэд нь халдах тэвчишгүй үзэгдэл газар авлаа.
Энэ зовлонг цөөн биш жил амсч, уйлахдаа уйлж дуулахдаа дуулж яваа хүний нэг нь би. Сэтгүүлч хүний амьдрал тэр чигээрээ хатуу бэрх хэмнэл дунд хэрчигдэн өнгөрдөг. Сэтгүүлч хүн бусдыг мандуулж, өөрийгөө хөшигний ард үлдээдэг тэсвэрлэг хувь тавилантай улс.
Би өдөр тутмын сонины гал тогоонд буцалж, өглөөний ургах нарнаар гараад шөнө дунд гэрийн бараа харж арван хэдэн жил амьдарсан сэтгүүлч хүн. Бидэнд хувийн гэх амьдрал бараг байдаггүй. Хагас цэргийн шахам зохион байгуулалтад амьдардаг, үйл ажиллагаа нь дандаа нийгмийн ашиг тусын төлөө зориулагддаг ийм л салбарт амьдралаа зориулдаг. Би бас “Өдрийн сонин”-ыг анхны дугаараа гаргахаас нь эхэлж тэртээ төрийн төв хэвлэл “Ардын эрх” байхаас нь хувь заяагаа холбож, залуу насныхаа арван хэдэн намрыг энэ том айлд өнгөрөөсөн, тэдний тасархай. “Өдрийн сонин” бол өлгий минь юм. Өсч өндийгөөд нисч одсон шувуу би тэднийг минь ийм муухайгаар дайрч давшихыг хараад тэвчсэнгүй.
Өнөөдрийн сэтгүүл зүйд “Өдрийн сонин”-ы гал голомтоос тасарсан өдий төдий тасархай ажиллаж амьдарч яваа. Тэдний минь зүрх яг минийх шиг хатгасан гэдэгт би эргэлзэхгүй байна. Хамаг дурсамж, хамаг залуу нас минь шингэсэн энэ газрыг хамаа намаагүй дурын амьтан нулимахыг би хувьдаа тэвчихгүй. Өнөөдрийн сэтгүүл зүйд хамгийн хүнлэг, хамгийн шударга, хамгийн хүчирхэг үнэр хаанаас эхэлж ханхалдгийг мэддэг учраас би сониноо өмөөрнө. “Өдрийн сонин” бол эрх нь зөрчигдсөн, ядарсан, дарлагдсан болгоны эрхийг хамгаалж, зай талбайгаа найр тавин өгдөг хүмүүнлэгийн элч сонин. Алга болсон хүүхэд, алдагдсан эрх чөлөө, аврал эрсэн нэгний хойноос “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид л нойр хоолгүй явдаг юм. Хонгорт хордож, хогон дунд сурвалжлага хийж, нийгмийн хамгийн ядарсан түвшнийхний төлөө ялархалгүй явж ирсэн тэднийг минь ингэтэл их үзэн ядсанд гайхмаар. Эрх мэдэлтнүүдэд нумнаас тавьсан сум шиг үгтэй явсных нь төлөө ийм зэм оноож байгаа хэрэг үү.
“Зууны мэдээ” сонины хуудсаар нэгэн эрхэм сэтгүүлч Г.Дашрэнцэн, Г.Жамъян, залуу сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарыг нэр цохон байж болшгүй үгээр дайрч давшилсанд мэргэжил нэгтний хувьд, басхүү эдгээр сэтгүүлчдийг удирдан ажиллаж байсан багийн ахлагчийн хувьд ийнхүү өрвөлзөж байна, би.
Сүүлийн үед хэдэн эмэгтэй сэтгүүлчийг зүхдэг бүхэл бүтэн баг сайтуудад “ажиллаж” байна. Шоронгийн хулгайчдад хүртэл нэг нэгнээ хайрлах хайр байдаг. Сэтгүүлчдэд харин үгүй бололтой.
Г.Жамъян гуайг л ингэж хэлэхээр биднийг арга ч үгүй юм даа гэж нэг талаас навс гутарлаа. Тэр хүнийг ямар амьдрал туулсан гэдгийг одоогийн залуу сэтгүүлчид мэдэхгүй. Нулимстай л амьдрал шүү дээ. Насных нь эцэст ингэж голыг нь гогодох хэрэг хэнд байна вэ гэж асуумаар байна.
Г.Дашрэнцэн бол хэнэггүй хүн. Нэг ч их эмзэглэхгүй байж мэдэх товарищ. Угаасаа хатуу амьдралын хуулийг даах л эрчүүд сэтгүүл зүйд амьдардаг. Чадахгүй нь хог болоод дуусна. Чаддаг нь ачаагаа үүрээд л зүтгэнэ. Өөр хууль байхгүй. Тэр ачааг даасан хэдийнх нь нэг яах аргагүй тэр. Мөн ч олон нийтлэлээ Г.Эрдэнэбат Г.Дашрэнцэн хоёртойгоо уралцаж бичсэн дээ. Эргээд дурсахаар нулимс эгшмээр сайхан дурсамж бидний дунд үлджээ.
Л.Мөнхбаясгалан бол сэтгүүл зүйд бас л олон жил зүтгэсэн эмэгтэй. Өдөр тутмын сонины гал тогоонд харин хожуу ирсэн хүн. Сүүлийн үед маш амжилттай ажиллаж байгаа. Би түүний нийтлэлийг анхааралтай уншдаг. Заримтай нь санал огт нийлдэггүй, заримд нь баяр хүргэдэг. Уншигч хүн үүнээс өөр яаж хандах үүрэгтэй юм бэ. Ер нь бол сэтгүүлч хүнийг зориг нь л авч явдаг. Би түүнийг зоригтой сэтгүүлч гэж боддог. Ингэж залуу хүний зоригийг мохоож яах юм бэ гэж өнөөдөр халаглан харамслаа.
Бид чинь урсах нулимс, уярах зүрхээрээ адилхан л хүн шүү дээ. Ганцхан амьдрах хорвоод ингэтэл нэг нэгнээ үзэн ядах хэрэг байна уу гэж асуумаар байна.
Уг нь сэтгүүлч хүн уураа гарахаар бичих үүрэгтэй байдаг юм. Харин би уураа гараагүй байхад, оволзож байгаад биччихлээ, уучлаарай. Учир нь өлгийгөө нэхий гэж голдоггүй монгол хүн юм аа, би. “Өдрийн сонин”-нд өдөлж, далавчаа ургахаар нисч одсон шувуу юм аа, би.
Зочин