ШАХАА
Манай улсад шатахууны үнийн өсөлт, нийлүүлэлт тойрсон онцгой байдал үүслээ. Тийм ээ, Онцгой байдал.
Манай улсад шатахууны үнийн өсөлт, нийлүүлэлт тойрсон онцгой байдал үүслээ. Тийм ээ, Онцгой байдал. Гэхдээ та нар “Онцгой байдал үүсчихлээ” гээд яаран орилох хэрэггүй шүү гэж бидэнд зарим улстөрч анхааруулаад авахаа мартсангүй. Тэдний сануулгатай сануулгагүй нефтийн үнийн өсөлтөөс үүдсэн дарамт хар толгой дээр харанга дэлдлээ.
Мэдээж энэ явдал шинэ зүйл биш. Нефтийн хувьд Оросоос шууд утгаараа хараат оршдог манай улсын хувьд ийм шахааны өөдөөс шаралхаж чаддаггүй.
Нийт хэрэглээнийхээ 96 хувийг ОХУ-аас татдаг болохоор манай Засгийн газраас хөнгөлттэй үнээр нефтийн бүтээгдэхүүн авах хүсэлтийг хойд хөршдөө байнга л тавьж ирсэн. С.Баяр гарч ирээд цоо шинээр “мэндлээд” л, цаадуул нь бас шив шинээр гэдийгээд л байгаа юм биш.
Өнгөрсөн өвөл ОХУ-ын “Рос-нефть” компанийн удирдлага манай Засгийн газрын ээлжит хүсэлтэд … тодорхой нөхцөлтэйгөөр хүлээж авах боломжтой гэсэн пээдгэр хариу өгсөн. Харин энэ удаа “Боломжтой” гэдэг үгийнхээ араас юу шаардсан бэ гэхээр “Танай Улаанбаатар-Дарханы чиглэлийн мянганы замын дагууд манайх 100 колонк барья аа. Хэрвээ хүлээж авахгүй бол цаашид бид танайд хөнгөлттэй үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй ээ” л гэж тулгасан. Аазгай хөдөлгөөд байгаа дагавар өгүүлбэр нь “Энэ хүсэлтийн хариуг тавдугаар сарын 5-ны дотор өг” гэсэн дээрэлхүү үг. Үүнд нь хариу өгөх эсэхээ дангаараа шийдвэрлэх боломжгүй учир Засгийн газрын тэргүүн УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийхээр өнөө бичгийг нь хуйлж бариад ороод ирсэн. Чуулганд мэдээлэл хийх гэж хэдэн гишүүдээ тойруулж нэг харан, учирлаж нэг ядан байгаа Ерөнхий сайдаа хуулийн төсөл өргөн баригч шиг царайчлангуй, ая засангуй харагдлаа гэж хэвлэлүүд балбаж эхэллээ. Жижиг орны, жижиг удирдагчийн зовлон гэж энэ. Ядуу орны даруу ард түмэнд иймэрхүү юм эмзэг тусдаг. Тулгалт гэж хүлээж аван, тусгаар тогтнолоороо ширээ балбан уурсах шалтаг нь энэ. Муусайн дуракууд ер нь юу гээд байгаа юм…гэж ирээд талын Монголоор дүүрэн согтуу өвгөчүүл өнөөдөр агсан тавьж байгаа. Зарим нь тайлбарлаж байна. Байж бай л даа, энэ чинь “Роснефть” гэдэг нэг компанийн л ирүүлсэн хүсэлт болохоос Орос улсын авир биш шүү дээ гэж.
Зарим нь учирлаж байна. Орос ах нар бидэнтэй насан турш эерүү, зөөлөн хандлага тээж ирсэн. Оросгүй бол бид өнөөдөр хэн ч байх байлаа, хэн ч байсан билээ. Асуудалд дөлгөөн хандсан нь зөв өө гэж. Бодох л зүйл. Гэхдээ ганцхан компанийн тулгалтад төрөө сөхөрчих гээд гөлөлзөж суугааг нь харах эвгүй юм аа. Улаан Моквагаас ирсэн энэ увайгүй бичиг хүнсний үнийн өсөлтөөс болж хөнжил дотроо толхилцож суугаа бидэнд нэрмээс болчихлоо. Улс төр ахин гацаанд орж, УИХ дахь АН-ын зөвлөл завсарлага авав.
Засгийн газар ганцхан хувилбар оруулж ирэн, УИХ-д тулгалт хийх гэж оролдсон явдал эргээд сөрөг хүчнийхний эсэргүүцэлтэй тулсан нь энэ. Чингэснээр сөрөг хүчнийг үнийн өсөлтийг улс төрийн сэдэв болгож байна, улс эх орны өмнө тулгамдан зогсч байгаа асуудал болгонд улс төрийн ашиг хонжооны үүднээс хандаж, төрийг гацаанд оруулж байна гэж хараах утгагүй. Бүхэл бүтэн улс орон оросын нэг компанийн өмнө дальдчиж байх ёсгүй гэсэн Э.Бат-Үүл гишүүний үг монгол хүний зүрхний үг шүү. Бодох л асуудал.
Монголын нутаг дэвсгэрт 100 ширхэг шатахуун түгээх станц барина гэсэн“Роснефьт”-ийн шуналыг үг дуугүй гүйцэлдүүлэхээс өөр гарц байхгүй гэж Засгийн газар үзжээ. Яаран хөдлөөд ээлжит зовлондоо уналаа ч гэж хэлж болмоор харагдана. Замаас гарч ирсэн зовлонг жамын дагуу л эдэлнэ. Юунд ч түргэдэн омойтож болдоггүй. Засгийн газар ч мөн адил.
Хэрэв манай мянганы замыг дагуулан барих тэр 100 шатахуун түгээх станцынх нь зөвшөөрлийг өгөхгүй бол энэ сараас эхлэн ОХУ манайд нийлүүлж буй шатахууны үнээ 235 төгрөгөөр нэмнэ. Гэтэл одоогийн байдлаар манай нөөц хоёр сарын хэрэглээгээ л дийлнэ гэж сулхан дуугарч байна.
Шатахууны импортоор боссон манай үндэсний цөөн компани бий. Тэд нийлээд 1200 ширхэг шатахуун түгээх станцтай. Дээр нь бидний нийт хэрэглээ жилд 700 мянган тонн. Тэгэхээр оросуудын барих гээд байгаа 100 станцын ард манай зах зээлд эзлэх 10-хан хувийн л эрх ашиг байна гэсэн үг үү. Өөрөөр хэлбэл, 70 мянгахан тонныг борлуулах зах зээлийн төлөө бүхэл бүтэн улс орон даяар зүрхийг нь дэлсүүлсэн ийм хэмжээний тохьгүй ааш үзүүлж байна гэхэд би л хувьдаа итгэхгүй.
Яагаад манай үндэсний хэдэн компани таг дуугүй сууна вэ. Өнөөдөр авсан нэгэн таагүй мэдээллээр бол манай хамгийн том бензин импортлогч компанийн нэг “Роснефть”-ийн өвөрт гүйгээд орсон сурагтай. Эмэгтэй хүнийг ойлгож болно. Бусад нь харин яачихваа. Эсвэл их хуралд ганц нэгэн гишүүн бухимдаж, энд хэвлэлийнхэн бид хашгирч байх зуур бүгдээрээ тохироонд орчихсон уу.
Оросуудтай хамгийн эхэлж тохироонд орж байгаа гэх тэр компанийн тухай мэдээ эвгүйтвэл Ерөнхий сайдыг бүр ч илүү таагүй хардлагад оруулж мэднэ. Тийм болохоор л замын хазгайг засч болно, жамын юмыг тойрч болохгүй гэх холын үг дайж буй нь энэ.
“Роснефть”-ийн энэ онгиргон хүсэлт ардаа С.Баярын баруун чихэнд шивнэсэн Путины мессежтэй. С.Баяр барьц алдах нь аргагүй. Ах нар гэх халуун дулаан сэтгэл манайд л байгаа болохоос тэнд шинэ оросуудын ширүүн эрин ирсэн шүү дээ. Бидэнтэй шинелиэ хуваагаад нөмөрч явсан тэр үеийн ах нар дуу дурсамж хоёрт л үлдсэн.
10-хан хувийг л эзэлнэ шүү дээ гэсэн аятайхан тайлбар нисч явна. Ардаа алт руу, Асгат руу авирсан хүсэл шуналын дэвгүй гэж хэн батлаад байгаа юм бэ?
Шар малтсан Шахааг тэгэхээр шавхан тунгаах ёстой юм биш үү.