Жинхэнэ эвсэл. Үндэсний Шинэ Нам буюу өөрчлөгдсөн нэрээрээ Монгол Үндэсний Ардчилсан Намын III их хурлын гол шийдвэр гэж болох энэ нэгдэл үндсэндээ тохироо нь бүрдсэн хэрэг явдал. Эвсэл гэхэд ч зөөлдөнө. Бүр эвцэл гэвэл үнэнд ойртоно. Нэг нь нөгөөдөө уусан сүлэлдэх үйл явц юм л даа. Учир нь энэ нэгдлийн субьектүүд чансаа, зиндаа болон үйл хэргийн зорилго чиглэл, нөлөөллийн чадавхиараа ялгаатай. Ийм ялгаа тэднийг харилцан зэрэгцэн оршиход саад болж, нэг нь нөгөөдөө идэгдэх, хүчтэй нь хүчгүйгээ дарангуйлан залгих процесст оруулна. М.Энхсайханы улс төрийн замнал болон хувийн характерийг нь сайн мэдэх хөндлөнгийн ажиглагчид нэр төдий, ямар ч орон зай, нийгмийн дэмжлэггүй намаа Н.Энхбаярт “албан ёсоор” шилжүүлэн өгөх гэж буйг “хүнийх нь хувьд” ойлгож болно гэж дүгнэх байх. Харин Н.Энхбаярын хувьд МАХН гэх товчлол нь түүз.

Зөв дүгнэлт

Цаг хугацааны хувьд ҮШН яах аргагүй хуучин нам. Таван жил гэдэг урт хугацаа. Монголын улс төрийн дөрвөн жилийн үечлэлээр тооцвол үе мултарчихсан. Гэвч анхны бөгөөд сүүлчийн дарга www.news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Нэрээ сольсон нь цаанаа утга учиртай юм. Магадгүй гадныхны нөлөө, явуулсан бодлогоор монголчуудыг үндэсний үзэлгүй болгосон” гэж ярьсан нь таван жилийн өмнө Инфо сонинд “Монголчууд маань єнгєрсєн хугацаанд гаднаас маш олон vзлvvдийг авчирч, хоорондоо маргалдаж, бvр хvчээ тарамдсан гэж хэлж болно” гэж хэлж байсантай яг адилхан.

Ганцхан юмыг хэтэрхий удаан ярьвал, мэдээж хуучирна. Аль ч утгаар нь “шинэ” гэдэг үг энэ намд тохирохгүй. Тэгэхээр М.Энхсайханы түмэн зөв. “Үндэсний эрх ашгийн үүднээс авч үзвэл 20 жилийн өмнөхөөс улс төр сайжирсан гэж үзэхэд бэрхшээлтэй байна” гэх тэдний цогтой шүүмжлэл өөрсдөд нь илүү наалдацтай сонсогдож байсныг хэлэх хэрэгтэй. Товчоор хэлбэл, “шинэ” намын шинэ хурал хачин хуучин агуулгатай өрнөсөн. Зөвхөн агуулгын ч бус бүтэц бүрэлдэхүүнээсээ эхлээд бүхий л зүйл нь нэн хуучирсныг харж болохоор байлаа. Цаашлаад эднийхэнд шинэ санаа, хөгжлийн онол, томъёолол байсангүй. Улс төрийн шинэ бодлого, хандлага бас алга. Хамгийн харамсалтай нь шинэ залуу үе, боловсон хүчин үгүй байна.

Эдгээр бодит байдлаа М.Энхсайхан маш сайн тооцсон нь ойлгомжтой. Туйлбартай бус байр сууриасаа болж Ардчилсан намаас шахагдаж байхад нь мань хүнтэй ердөө л албан тушаалын сонирхол агуулсан хүмүүс л нэгдэж байсан. Өнөө хэр энэ л бүрэлдэхүүнээрээ байгаа. “Ганцаардсан чоно” шиг болчихгүйн тулд эрх мэдлийн гадуур шидэгдсэн хойноо өнөөдүүлээ түлхээд хаячих бодол түүнд байгаагүй нь лавтай. Хуучрал заримдаа мухардал болох тал бий. Тэгэхээр энэ мухардлаас хэрхэн гарах вэ гэсэн асуултад М.Энхсайханы хариулсан хариулт нь МҮАН.

Нэг фокус


Цагтаа Монголын улс төрийн хамгийн дээд тавцанд гишгэлж явсан энэ хоёр эрхэмд адилхан тал ямар их байна вэ? Нэг нь МАН-ын, нөгөө нь АН-ын хуучин нэрийг авч байгаа нь хүртэл хачин адилхан байгааг харж болохоор. М.Энхсайханы хувьд Н.Энхбаярын мөрөөр гэзэг даран явна уу гэх сэтгэгдэл төрнө. Тактикийн энэ ижилсэл нь тэдний зорилго, алсын харааг нэг фокустай болгож байгаад гайхах зүйлгүй.

Хэн хэн нь улс төрчийн үйл хэрэг бүхэлдээ сонгуулийн ялалтанд, нарийндаа эрх мэдэлд чиглэдэг гэсэн онолоор хүмүүжсэн нэгэн үеийн эрчүүд. Бас зорилго нь аргаа зөвтгөнө гэсэн хар практиктай. Яг энэ дадал нь тэднийг хоорондоо өрсөлдсөн 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн шөнө утастуулж байсныг санаж байна. Саналын хуудас тоолж эхэлснээс ердөө дөрөвхөн цагийн дараа ялагдал хүлээсэн М.Энхсайхан нөгөөдөө баяр хүргэж байлаа. Баяр хүргэлт Н.Энхбаярт гүн сэтгэгдэл төрүүлж, “Энхсайхан надад хамгийн түрүүнд баяр хүргэсэн. Энэ бол соёл, би түүний мөрийн хөтөлбөрөөс авна, хамтарч ажиллана” хэмээн догдлон мэдэгдэж байв. Магадгүй, чухамдаа энэ цаг мөчөөс тэдний нөхөрлөл эхэлснийг хүмүүс андахгүй.

М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа бурууг намдаа тохсон. Нам нь түүний төлөө юу ч хийгээгүйгээр барахгүй ердөө 80 мянган төгрөг л зарцуулсан гэсэн баримт дэлгэж байв. Сонгуулийн өмнөхөн Р.Гончигдоржтой намын даргын албан тушаалаа булаалдсан хэрүүл тэмцэл “жаргах заяаных нь садаа” болсныг ч дурдсан. Ингээд тэр Ардчилсан намтай дайн зарласан. Бараг гурван сар шахуугийн ужиг зөвшилцлийн эцэст арай ядан бүрдээд байсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг тэр дайныхаа бай болгосонд тухайн үеийн Ерөнхийлөгчийн “нөхөрсөг зөвлөгөө” орсон гэж одоо ч харддаг. Үхрийн бөөр шиг сайд нар нь өргөдөл өгч Засгаа унагасан 2006 оны нэгдүгээр сарын уран нарийн нүүдэл үндсэндээ түүний сценариар хийгдсэн. Ардчилсан намын хариу нүүдэл нь дараагийн Засгийн газарт орохгүй байх Үндэсний зөвлөлдөх хорооны улс төрийн шийдэл байлаа. Гэвч энэ шийдвэр М.Энхсайханд ямар ч нөлөө үзүүлээгүй. Тэр М.Энхболдын Засгийн газрын шадар сайдын албаар амь амьдрал, итгэл үнэмшлээ зориулж, үйл хэргийнхээ туг болгож явсан намаа сольсон юм.

Өөр зорилго

“Угаасаа л сүү­лийн 20 жилийн Монголын улс төрд М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёрын нэргүй юм гэж үнэндээ байхгүй болсон. Ардчилсан намын амжилтыг ярьвал миний нэртэй, МАХН-ын амжилтын түүхийг гэ­хээр Н.Энхбаяртай ч  холбоотой” хэмээн М.Энхсайхан ярьжээ. Тэдэнд эвлэрэшгүй дайснууд мэт явсан үе бас бий. С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж байж 2000 онд олонх болсны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр амлалтаа биелүүлэх гэхдээ М.Энх­сай­ханыг золиослох оролдлого хийж байсан. Өнөөх нь ч мөчөөгөө өгөхгүй 2004 оны сонгуулиар байгуулагдсан УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга болоод Орост тєлсєн их єрийг шалгах ко­мис­­сыг толгойлж, цаадахынхаа улыг шагайж байсан. Харин өнөөдөр энэ хоёроос илүү ижилдсэн амраг садан ч алга гэвэл хэтрүүллээ л гэх байх.

Цаг үе, нийгэм, улс төр бүхэлдээ шинэчлэгдэхэд чиглэж байна. Ялангуяа улс төрийн хөгжил нийгмийнхээсээ хоцрогдож эхэлснийг ярилцаж байх яг энэ үед тэд илэрхий хуучинд тэмүүлсэн, өнгөрснөө санагалзсан аргыг сонгон хэрэгжүүлж буйг чухам л тактик гэж найдахаас. АН-ын хуучин нэрийг М.Энхсайханд өгөхгүй байх ичгүүр Дээд шүүхэд үлдээгүй. Тэгээд ч түүнтэй МҮАН-ыг хэн ч булаалдаагүй. Харин зүгээр л хаягдмал, мухардмал байдлаасаа гарах гэсэн түүний үл ялиг санаархал нь сонгуулийн дараа МАХН-тай тэрсэлдүүлж мэднэ. Учир нь Н.Энхбаяр шал өөр хүн.

“Шинэ” намыг шинэчилсэн хурлын дундуур Н.Энхбаяр хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа, “бүхэл бүтэн баг төрүүлж, тэр багаа дэмжиж, туслан явах, мэдлэг чадвартай хүмүүсээр эх орноо, төр засгаа удирдуулах” хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэгээд хурлын индэр дээрээс илтгэл тавьж, “шударга ёсны төлөө ажиллах улс төрийн ямар ч хүчинтэй нэгдэж ажиллахад бэлэн” гээд, “МАХН-тай нэгдэх нь та бүхний ухамсартай сонголт, зоригтой алхам” хэмээн уриалж, “Гуравдагч хүчний эвсэл байгуулан ирэх сонгуульд амжилттай оролцох боломжтой” гэхчлэн мэдэгджээ. Энэ бүхнээс түүний санаа зорилго өмнөхөөрөө буюу Үндсэн хуулийг ерөнхийлөгчийн засаглалд нийцүүлэн өөрчлөх хаа эртийн бодолтойгоо яваа нь тов тодорхой харагдсан. Үүндээ ямар ч үнээр, ямар ч хүнээр хамаагүй хүрэх гүн эрмэлзэл бас сонсогдсон.

2011.09.15