Мөнгөнд дөрлүүлсэн УЛСТӨР
Сонгуулийн удиртгал хөгжим бүрээгээ хэдийнэ татаж, тал нутгийг бүрхэн
Эзэрхэгээр хангинаж эхэлжээ. Үүнээс болсон уу, сэтгэл уясган залардаг хаврын гэрэлт уянга улс төрийн буулган дороос мэдрэгдэх үгүйтэй цухалзан байгаа нь гунигтай. Цөн түрж, өвс ногоо чимээгүйхэн өндийж, малчны хотонд нойтон хурга эхийн хэвлийгээс энд тэндгүй унаж ирэн, нялх төлийн дуу хөндий сэрээн цангинадаг монгол хаврын өнгө төрх хотоос тоос татуулан давхиж хүрэх улаан тугтай жийпнүүдийн хөлд талхлагдан байхыг харах үнэндээ тиймхэн байна.
Сонгуулийн хөгжмийн удиртгал хэсэг ийнхүү хөлдөө тааралдсан болгоныг өөрийнхөөрөө хөглөн улс орон даяар тоглогдож байна. Уг нь энэ хөгжмийг ард түмэн захиалдаг бол сайн. Даанч Улаанбаатар дангаараа захиалж байна .Ах намуудын саахалтын зайтай орших цагаан ордонгууд нэр дэвшихээр санаархаж буй толгойтой болгоныг эелдэгээр угтан, мөнгөтэй хадаг, мөнгөн ембүүг нь авдар дээрээ авч тавиад "Яв, аймгаасаа гараад ир. Тэгвэл бүх зүйл ок" гэх ижил команд өгөн гаргацгаав. Ингэснээрээ улс төрийн намууд хүмүүсийн дур хүсэл дээр ичгүүр сонжуургүй тоглож мөнгө саадаг байгууллагууд болон хувирснаа ахин баталж байна.
Улс төрийг мэргэшүүлэх хандлага руу хөтлөх үүрэгтэй намууд ямар ч хамаагүй, увайгүй аргаар мөнгө хийх кампанит ажилгааг ийнхүү ил тодоор явуулж эхэллээ. Үүнд татагдан орж нэр дэвшээд гарч ирэх ямар ч магадлалгүй нөхдүүд хүртэл сайн дураараа мөнгөө дуугүйхэн тушаацгааж байгаа нь сонин. Яагаад...гэх хачирхсан асуултад "Яахав дээ, Их хурлын гишүүн гол зорилго биш. Ингэж байгаад нэгалбан тушаал авчих боломж бас байна шүү дээ" гэсэн өрөвдмөөр хариуг өмнөөс унагах. Монголын улс төр ийм муухай дуршилтай болоод удаж байгаа. Үүнийх нь хөлд бизнест амжилт олсон хувь хүмүүс, жижигтом гэлтгүй хэдэн компаниуд нь бүгд улс төрд уруу татагдсан. Намууд мөрөөрөө, мөнчгөрөөрөө мөнгө хийж байсан бизнесийнхнийг энэ мэт элдвээр уургалан дээвэр дээвэр дороо авчирцгаасан. Одоо ардаа улстөрийн нөмөргүй компаниуд сөхрөн унаж, нөгөө дээвэр дор ирж хоргодсон компаниуд шударга бусаар томорч авсан.
Үүний хамгийн том жишээ МСS-ийн гудамжинд дандаа л баяр болж байдаг явдал гэж хэлж болно. Явсаар манай оронд бүх хөгжмийг Ник, Петровис, МСS хоёр захиалдаг болсон гэхэд хилсдэхгүй. Хаана л томилгоо явагдана, тэднийхний л хүн тавигдсан байдаг болсоор хэдэн жилийн нүүрийг үзэжбайна. Төр ийм хэмжээний мангасуудыг хөхиүлэн явсаар одоо өөрсдөө хүсэл шуналыг нь хязгаарлаж дийлэхээ больж байх шиг. Томрог, томрог хэмээн хошуу дэвсэн байж бойжуулалцсан корпорациуд нь Төрд тулгадаг, тэгвэл бид ингэнэ гэж наймаалцдаг болтол манай Төр доошоо орсон байна. Одоо тэд өөрсдөө сэтгэлээ хязгаарлаж авах нь юу л бол. Төрд хөгжим захиалж оодордог болсон олигархиуд өнөөдөр монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хяналт тавьдаг хүчин болтлоо даварч байгааг магадгүй өөр ямар ч сэтгүүлч хэлээгүй байх. Ажиглаад байхад арай дөнгүүр гэгддэг бүх сэтгүүлчид МСS-ийн байшингаар орж гаран гүйлдэж, МСS гэх сэдэв тэдний хувьд хориглох тэмдэг болон хоолойд нь тээглэжээ.
Манайхны амыг бариад зогсоогүй, хүчний байгууллагуудад хүртэл компаниуд томилгоо "хийдэг" болсон гэвэл уншигчид ухаан алдах байх. Гэвч энэ бүхэн дуугүй байхын аргагүйд хүрч, хэм хэмжээгээ нэгэнт алджээ. Хэдхэн хоногийн дараа ЦЕГ-ын даргад МС "хүн"-ээ тавьсан байхад гайхах юмгүй. Учир нь тэдний бүх зам дээр дандаа ногоон гэрэл асч байгаа.Монголд эх орончид байгаа гэж итгэдэгбайлаа. Гэхдээ сүүлийн үеийн бүх "эх орончид" яагаад ч юм тэнд гүйлдэн очиж оргилуун дарс буудуулж тэврэлддэг болсныг хараад тэр итгэлийн минь гал унтарсан. Үндэсний том компаниудыг томорч, дэлхийн тавцанд өрсөлдөх чадавхитай болоход нь төр бодлогоороо дэмжиж болно. Гэхдээ бусдыг нь арчиж биш. Ялгаж, алагчилж биш.
Шударгаар өрсөлдөх боломжийг нь нээлттэй тавьж өгөөд алсаас харж байх л хангалттай. Улс төр компаниудыг ингэж түүвэрлэн "нийгэмчилж", заримыг нь өврөөсөө унагасан мэт хайрлаж, заримыг нь араасаа унасан мэт хялалзаж болохгүй. Тэртээ тэргүй манай орон хуваагдалд хангалттай нэрвэгдэж байгаа ийм нөхцөлд зах зээлийн зарчмаараа урагшилж яваа бизнесийн салбарынхныг нааш цааш нь чангааж, дээр иш татсан шиг хэт их "амраглах" нь сайн үр дагавар авчрахгүй. Энэ нь улс төрийг мөнгөнд дөрлөж, Төр засгийн үнэ хүндийг гудамжинд гаргах аюултай билээ.