Энэ 7 хоногт
Монгол хөрсөнд өөриймсөх ардчиллын үр хэзээ соёолох бол?
Нэлээн дээхнэ бол Хадгаламж зээлийн хоршооны асуудал, САПУ-гийн Алтжингийн хэрэг явдал тэгээд МИ-8,
-зүгээр л эрэгцүүлэл-
Нэлээн дээхнэ бол Хадгаламж зээлийн хоршооны асуудал, САПУ-гийн Алтжингийн хэрэг явдал тэгээд МИ-8, Хонгор сумыг тойрсон үйл явдал гэхчлэн олон нийтийг хамарсан бас хямраасан асуудлууд ар араасаа хөвөрсөн. Одоо болохоор Оюутолгой, Тавантолгой, Засгийн газрын хүмүүст үл итгэл төрүүлсэн байдал зэрэг нь заримдаа өөрийн эрхгүй бодлогшролд оруулах юм.Улс төрийн намууд болохгүй байна, төр, засаг нь болохгүй байна л гэнэ. Гадуур байгаа энэ хөдөлгөөнүүд нэг л биш ээ, улс төрчид, түшмэдүүд ч бас биш. Нийгмийн баялгаас хуваарилж байгаа нь ч, томоохон төслүүдийн байж байгаа царай ч нэг л биш ээ. Удирдлагын түвшинд ч ялгаагүй. Боловсролын тогтолцоо ч болохгүй нь. Ер нь бүгд л нэг биш ээ гэх юм. Тэгвэл ингэхэд манайд болж бүтэж байгаа нь чухам юу байна вэ?
Улс төрийн зохион байгуулалтын арай боловсронгуй хэлбэр гэгдэх ардчиллыг бид “хөгжүүлээд л” байдаг. Гэтэл тэр нь авилга, албан тушаалын наймаа зэрэг аль л болж бүтэхгүйг дэлгэрүүлээд байх шиг.
Гол асуудал нь тэгэхээр ардчилалдаа байна уу, эсвэл түүнийг хэрэгжүүлж байгаа субьектуудад оршиж байна уу. Манайд үүсээд буй нөхцөл байдлыг тодорхойлж байгаа нийгэм эдийн засаг, түүхэн хүчин зүйл нөлөөлөөд байгаа юм болов уу. Эс бөгөөс энэ бүхэн тохиолдлын чанартай зүйл үү? Хэрэв тохиолдлын чанартай бол нэг их санаа зовоод байх хэрэггүй л дээ. Эргээд гольдролдоо орж л таараа. Харин өөр тийшээ залаад, нэг мэдэхэд бидний огт хүсээгүй цоо шинэ шинж чанар бүрдээд ирвэл яах вэ? гэсэн асуултууд гарч байна.
Парламентын засаглалын нэг тод харагдаж байгаа онцлог нь “яг одоо, яг энд” гэсэн байдал. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогын цар хүрээ дөрвөн жил буюу сонгуулийн нэг циклээс хэтрэхгүй болжээ. Заримдаа мөнөөх дөрвөн жилийнхээ үйл явцыг харж, тодорхойлж чадахгүй байдалд хүрэх юм.
Зүй нь дахин сонгогдох, сонгуульд ялалт байгуулах хүсэлтэй л бол эрх баригчид олон нийтийн санал бодолд бүрэн хөтлөгдөх ёстой билээ. Энд ерөөсөө ч муу зүйл байхгүй бусуу. Энгийнээр хэлвэл, ард түмэндээ л үйлчилж, санаа бодлыг нь хэрэгжүүлж байна. Гэтэл энд л хамаг аюул байгаад байх шиг.
Нэгд, олон нийт гэж тэгвэл хэн юм бэ? Олон нийт гэсэн ойлголтод 2.5 сая хүний тухай багтааж ярих уу, эсвэл арван мянган хүний тухай хэлэлцэх юм уу. Арван мянган хүний эрх ашиг хангагдаж, асуудал шийдэгдэж байгаа хэдий ч бусдаасаа хумсалж, төрийн механизмыг ашиглан, дахин хуваарилж байгаа бол зөв үү? Хамгийн сонирхолтой нь эрх ашиг нь хохирч байгаа бүлэг нягтарч хамтарч, маш хүчтэй эсэргүүцэл, лобби хийж чаддаг. Тэдний хохирол нэг хүнд буухдаа маш их байдаг учраас амиа тавих хүртэл тэмцэхэд бэлэн. Харин хожих гэж байгаа хүмүүст очиж буй хонжоо нь тархсан учраас нэг хүнд тэгтлээ их огцом мэдрэгдэхгүй. Тиймээс л Хадгаламж зээлийн хоршооныхон жагсаж байхад, нийт ард иргэд “улсаас мөнгө гаргуулаад байхдаа яахав дээ” гэж дургүй байсан ч эсэргүүцлийн жагсаал хийгээгүй шүү дээ. Төрийн зүгээс харин энэ нөхцөлд ХЗХ-оос хэл амгүй салах байдлаар л асуудалд хандсан билээ.
Хоёрт, олон нийтийн санаа бодол гэж юу вэ? Гудамжинд жагсах хүмүүсийн хэлж, ярьж байгаа зүйл үү? Эсвэл сонин, хэвлэлээр бичээд байдаг зүйлүүд үү. Гэхдээ яг олон нийтийн санал бодол мөн үү, биш үү гэдэг нь бас л сонирхолтой байдаг. Магадгүй, хамгийн зохион байгуулалттай дарамталдаг цөөнх ч юм бил үү?
Гуравт, “яг одоо” гэсэн зарчмаар хэрэв явбал, нийлүүлэлт гэхээсээ илүүтэй эрэлт талын сэтгэхүйд төрийн бодлого, үйл ажиллагаа захирагдах болно. Хүмүүс юу хүсч байна: төрийн бодлого өөрөө асуулга, санал асуулгын дүнгээр л тодорхойлогдож байна. Улс төрийн эрх чөлөө, зориг ч алга. Оновчтой, зүй зохистой үйл хөдлөл үгүйлэгдэж байна. Сэтгэлийн хөөрөлд автаж, түүнд хөтлөгдөх нь аюултай бус уу. Хийсвэрлэх, туйлын зорилгоо тогтоох зэрэг урт хугацааны хүчин зүйлс алдагдаж эхэллээ.
Дөрөвт, яг одоо яг энд ба улс төрчид: Рейтингийн системд шилжсэн байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн ч бай рейтингийн тухай л бодно. Үүнийг манай зарим гишүүд маш сайн ойлгож, хэрэгжүүлдэг. Олонд таалагдах: үг яриа, үйл хөдлөл, шийдвэр гаргахдаа тэд гаргуун.
Харин хамгийн харамсмаар нь, асуудлын мөн чанар, агуулга арчигдаж эхэлсэнд байна. Улс төрчид олны нүдэн дээр зүгээр л шоучид, жүжиглэгчид болж хувираад, эгээтэй л мэргэжлийнх гэж цоллуулах нь дутаж байх шиг. Иргэд харин шоу үзэгчид, хэрэглэгчид юм. Тэд ямар сайндаа л УИХ, чуулганыг реалити шоу гэж нэрлэж байхав дээ.
Тавд, нийгэм бүхэлдээ салбар салбарын ченжүүдийн гарт орж байна: Жинхэнэ бүтээн байгуулагчид арын эгнээнд хойш тавигдаж, харин нүүрэн талд нь орчуулагч, тайлбарлагч, зуучлагч нар гарч ирж байна. Хагас дутуу боловсорсон улс төрчдийн орон зай тэлж байна.
Хамгийн наад захын энгийн жишээ дурдахад, сэтгүүлчид хэмээх сэтгүүл зүйн салбарын нөхөд байна. Улс төрийн үйл явцыг чанартай, чанаргүйг нь мэдэхгүй сургуулийг дөнгөж сая төгссөн хэдэн охидын хальт мульт тайлбар, сэлтхэнээр олон түмэн хүлээж авдаг болоод удлаа. Өөрсдөө төлөвшиж амжаагүй шахам байж тэд нийгмийн ухамсрыг төлөвшүүлэхээр цээжний бангаар бурдгийг юу гэх вэ. Өнөөгийн сэтгүүлч нэртэй охидын бодол санаа нь хамгийн түрүүнд яаж ийгээд байр, орон сууцтай болох хүсэл. Үүний тулд тэд юу ч бичихэд бэлэн байгаа юм гэж нэгэн эрх мэдэлтэн ярьж байсан. Иймэрхүү байдлаар орон байр, унаа машинтай бологсдын цуваа ч энэ салбарт уртсаж байгаа сураг гарч л байдаг юм. Ер нь л асуудлын үндсэн агуулга алдагдаж, мартагдаж байна уу даа гэх харамсал төрөх.
Угтаа бол мэдээлэл дамжуулах үйл ажиллагаа нь соёл юм: ямар нэгэн хэмжээгээр ардчилал, иргэний нийгэм төлөвшлийн гол хэмжүүр нь болж байгаа зүйл. Соёлын өв уламжлалаа ухамсартайгаар дамжуулах, өвлүүлэх чадвар зөвхөн хүнд л байгаа: энэ механизм байсан учраас өнгөрсөн, өнөөгийн түүхээс сургамж авч, алдаа оноогоо цэгнэх ой санамжаар дамжуулан, нийгмийн дархлааг бүрдүүлж ирсэн байдаг. Гэтэл өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүнд тус биш, ус болж байна. Энэ янзаараа бол, бид хаанаас эхтэй, хаашаа зүглэж байгаагаа тун удахгүй мартах янзтай. “Ерэн оны өөрчлөлт Монголыг сүйтгэсэн” гэж удахгүй сэтгэдэг болж ч магадгүй нь. Ямар ч болсон бидний үеийнхэн байхад гайгүй байх, цаашид яахыг хэлж мэдэхгүй нь. Энэ бол хатуу ч гэсэн үнэн.
Бичиг, үсэг бий болсноор хүн төрөлхтөн ой санамжаа алдаж байна хэмээн Платон эмзэглэж байсан гэж түүхэнд дурдсан байдаг. Дурсамж, санаа бодлоо цаасанд даатгаад орхичиж байгаа. Гэтэл тэр баримт бичиг нь алдагдахаар үүх түүхийн асар их үнэ цэнэ бүхий мэдээлэл алдагдаж байгаа юм. Харин өнөөгийн интернэт орон зай, орчин үеийн цахим дэвшлүүд асуудлыг бүр ч хүндрүүлж байх шиг. Жишээ нь, би өөр дээрээ ажиглахад гар бичмэл ноорог гэх зүйлгүй болжээ. Бид хоорондоо захидал ч бичихээ больсон. Бүгд л компьютерийн гар дээгүүр хуруугаа гүйлгэцгээнэ. Тэгтэл РС-ний хард нурах, дахин форматлах гээд зовлон мэдэх хүмүүс миний юу хэлэх гээд байгааг сайн мэдэж буй биз.
Өнөөгийн нүдэнд үзэгдэж байгаа юм болгоныг бодит, тиймээс үнэн зөв гэж ойлгодог болжээ. Нүдэнд харагдаж байгаа нь үзэгдэл, чухамдаа түүний цаана ямар мөн чанар агуулагдаж байгааг бид ухаж ойлгох ёстой юм. Тэрнээс биш шууд л туйлын үнэн мэтээр тусгаж, ойлгох нь маш буруу гэдгийг уг нь хэлүүлэлтгүй мэдмээр юм. Асуудлыг иймэрхүү байдлаар хялбаршуулан ойлгодог учраас монгол төрийн дархлаа алдагдаж, төрийн бодлого гацаж, хадуурч байна.
Харин энэ бүгдийг танд, танайд хүргэж байгаа нь телевиз, сонин. “Телевизээр гарч, сонинд нийтлэгдсэн л бол үнэн” гэдэг туйлын гэнэн гэмээр ойлголт улам бүр газар авч байна. Дөнгөж өчигдөрхний нэг жишээ байна, надтай холбоотой. Хоёр ч байнгын хорооны хуралдаанд дараалан сууж, өдөржингөө хуралдчихаад, маргааш нь сонин гарчиглаж байтал миний нэр “хуралдаан тасалдаг” гээд дурайтал бичигджээ. Учрыг жаахан лавшруулаадахсан чинь, мөнөөх өдөр тутмын гэгддэг ягаавтар өнгөт сониныхон УИХ-ын гишүүдийн ирцийг сайн дураараа заавал бүртгэж, нийтэлдэг заншилтай юм байх. Ялихгүй мэт харагдавч цаад үр, урхаг нь хортой энэ мэт буруу, зөрүү мэдээ, мэдээлэл сонин хэвлэлээр өдөр бүр шахам гардаг ч хариуцах эзэн, гэмших сэтгэл ч үгүй явсаар манай сэтгүүл зүй өнөөдөр дэлхийгээс хол хоцорч, хамгийн их буглаа, шалбаагтай салбар болсон хэмээн өөрсдөө ч сүүлийн үед илүүтэй шүүмжлэх болсон байна лээ.
Өнөөдөр арилжаалагддаг юм бүхэн үнэ цэнэтэй: тиймээс телевиз, сониноор гарч байгаа мэдээ, мэдээлэл, аливаа нийтлэл, тайлбар сэлт нь арилжаалагддаг байх гэсэн шалгуурт л нийцэж байгаа юм. Шударга ёс, нэр төр, нандин чанар гэх зэрэг эерэг зүйлс өнөөдөр арилжаалагддаг зүйл биш л дээ. Тиймээс хэний ч анхаарлыг татахгүй, харин шуугиан сенсаац, шоу гэх мэтийн хүний хамгийн өөдгүй шинж чанарт нийцсэн бүхэн хамгийн их гүйлгээтэй болж хувираад удлаа, манай нийгэмд.
Засаг, эрх мэдэл, албан тушаал – мөнгө – телевиз, сонин хэвлэл нь монгол төрийн бодлого, өнгө төрхийг тодорхойлж эхэллээ. Ард олны хамтын оюун ухаан хүчтэй хэдий ч, бухимдлын цэгтээ хүрч л байж хүчтэй болдог: тэр болтол яах ч арга алга гээд хүлээгээд суух уу?
Төр, засгийг тэргүүлж, түмний өмнөөс мандат авсан хүмүүсийн легитимность улам сульдаж байгаа нь нүдэнд илт байна. Нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ариун нандин зүйл гэж байдаг байсан: одоохондоо Монгол эх орон гэж байна. Хамгийн ариун нандин гэж ойлгож байсан Чингис хааны нэр сүр, алдар цуу арилжааны хэрэгсэл болсонд эмзэглэхээс өөр зүйл алга даа. Эрх биш ард олон маань энэ хүний нэрийг арилжааны зорилгоор ашиглах цар хүрээг улам бүр хумьж, жинхэнэ шилдгийг шилдгээр нэрлэх байх гэж найдах юм.
Энэ санаа бодлыг төлөвшүүлэх гэсэн санаатай, санамсаргүй ойлголт ч, үйл ажиллагаа ч байна. Зун би говь шанхын наадмыг үзэхээр очсон юм. Наадам шиг л наадам: Эрийн гурван наадам. Монгол дээл, уртын дуу, айраг цагаа. Баярлаж цэнгэж байгаа говьчууд: говьчуудын наадам боллоо гээд л сууж байгаа хүмүүс. Энэ бүх үйл явдал Хятадын хилээс хэдхэн км-ийн наана болж байгаа юм. Оюу толгой, Таван толгойн хажууд шахам болж байгаа юм. Монгол хүн гэж байгаа шүү, монгол уламжлал, соёл, хэл гэж байгаа шүү гэдгийгээ Монголыг түүхий эдийн талбар гэж ойлгодог гадаадынханд чанга дуугаар сануулж буй монгол ухаан, хамтын ухамсар хэмээн бодогдож, сэтгэл өег байсан даа.
Гэхдээ л ямар ч болсон өнөөгийн Монголыг нийгэм, улс төрийн гүн шинжилгээ үзлэгт оруулах цаг болсон бололтой.
Түүхэн дэвшил нь нийгэм, улс төрийн илүү нарийн, илүү боловсронгуй түвшинд хүргэдэг. Тодорхой хэлбэл, либерал ардчиллын аль нэг хувилбар, зах зээлийн тогтолцооны аль нэг хэлбэрт хүргэж, феодалын, бүдүүлэг капитализм маягийн зүйлс устаж үгүй болно хэмээн Ф.Фукияма бичиж байсан билээ.
Харин С.Хантигтоныхоор бол үүсээд байгаа нөхцөл, байдалд шийдвэрлэх хүчин зүйл нь улс үндэсний соёл, соёл иргэншил түүнийгээ л дагаж байгаа. Энэ утгаар бол, манайх Ази маягийн, нүүдлийн соёл иргэншилд хамрагдаж, түүнд л нийцсэн улс төрийн тогтолцоотой байх ёстой болж байгаа юм. Тэр нь байхгүй, харин барууны орнуудад тогтсон либерал ардчиллыг Монголын хөрсөнд суулгаад, хогийн ургамал үүсээд байгаа болохоос биш нөгөө сайхан шилмэл үр тариа сураггүй л байна. Үржил, селекцийн олон жилийн үр дүнд л Монголын хөрсөнд буух бас ургах үртэй болно доо.
Ринчиннямын Амаржаргал
Зочин
Zuv
Zuv
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Бум
Зочин
Зочин
Зочин
Зочин
onom
Зочин
Зочин
Bb
ШИНЖЛЭХ УХААНЫ КОМУНИЗМЫН ОНОЛЧ
zolo
Зочин
Зочин
Зочин
Зочин
GURSED GUAIN UG
Зочин
Зочин
L.Gantumur
д тэмүүжин
sudlaach
tataa
Зочин
OCCUPY MONGOLIA FROM DEMOCRATION
ДАХИАД МОНГОЛЫН ТӨР ГАНХАЖ ЭХЭЛЭЭ ШАКАЛУУД СЭРЖЭЭ
delgermaa
delgermaa
delgermaa
зочин
d temuujin
зочин
Zugeer l zuvluguu
Зочин