(Израильд очих монголчуудад өгөх зөвлөлгөө)

1996 оны намар юм, нэг чухал аялалд явах санал ирлээ. Энэ удаа миний найз, ГХЯ-ны Европын газрын дэд захирал К.Сайраан надад санал болгож, биднийг яамны удирдлага дэмжлээ. Дипломат албаны гялалзсан залуу ажилтан атташе Д.Цогтбаатарыг (одоо ГХЯ-нд Төрийн нарийн бичгийн дарга) хамт авч яв гэж байна. Израилийн ГХЯ-ны дэргэд Азийн залуу удирдах дипломатчдад зориулж “XXI зууны дипломати” (Changes in Diplomacy Towards the 21st Century) сэдэвт сургалт семинарыг нийслэл Иерусалим хотдоо хийхээр болжээ. Азийн гэдэг нь Монгол, Хятад, Вьетнам, Лаос, Камбож, Филиппин, Тайланд, Балба юм байна. Биднийг Бен Гурионы нисэх онгоцны буудлаас авч яваад Иерусалим хотын захад нэгэн кибуцид авчирлаа. Кибуцийн мэдэлд Мицпех Рамат Рахел гэж нэгэн тохилог зочид буудал байна. Тэнд байрлаж семинардах юм гэнэ. Кибуц гэдэг нь 1930-аад оноос нэвтэрсэн хамтрал коммунархуу, нийтээрээ зүтгээд, нийтээрээ тэгшхэн жаргах, цалингүй, өмчгүй аж төрөх хэлбэр юм. Уулаасаа хөдөө гэж байхгүй тул хүн амын 90 хувь нь хотод аж төрдөг гэх боловч нэлээдгүй хувь нь эл “Нийтийн гал тогооноос” амьдралаа залгуулдаг аж.                              

Байсхийгээд л тэнгэрт байлдааны сөнөөгч онгоц шүнгэнээд нисэх тоолонд нь цонхны шил доргисон, фронт ойрхон байгаа юм уу гэмээр газар бид 20 орчим хонож, тэр жижиг оронтой нэвт шувт, хөндлөн гулд аялаж танилцсан даа. "Нэвт шувт, хөндлөн гулд" гэсэн нь сайрхал биш, Монголоос 70 гаруй дахин жижиг нутагтай, баруун эргээс зүүн хил ороход сайндаа машинаар нэг цаг, Ливаны хил дээрээс өмнөшөө Нэгэвийн цөл хүрэхэд 3 цаг л хангалттай,  бид тэгж аялаж туулаад, тооцоолсноороо би тэгж бичиж байна.
                                                            
Монголчуудынхаа хор шарыг хөдөлгөж, цөсийг нь хөөрүүлэх зорилгоор Израильд очоод үзсэн харсан, шүтсэн биширсэнээ "Тэнгэрлиг үндэстэн" хэмээх гарчиглаад нэг бус удаа бичиж хэвлүүлсэн ба ТВ-ийн хоёр ч нэвтрүүлэг хийж олон түмэнд хүргэсэн. Харин миний бичсэн яг тэгж цөсийг нь хөөргөснийг мэдэхгүй, ТВ-ээр миний ярьсан үзүүлснээс ганцхан өгүүлбэрийг нь өлгөж авчихаад Израильд гаргаж аль, тэр ганц монгол айлаа заагаад аль гэсээр нас тогтсон хоёр эр ГХЯ дээр очиж намайг шалж байсан нь санаанд тодхон байна.

Биднийг ердөө маргааш нь аваад явлаа. “Яд ва-Шем” (Yad Vashem буюу "Мөнхийн дурсгал", 1953 онд босгожээ), ийм нэртэй нэг дурсгалын цогцолбор музей (Holocaust memorial) байх агаад тийшээ очсон хүн ёстой цөс нь хөөрч, хоолой зангираад, сэтгэл нэн тавгүйтэн гардаг юм байна. Учир нь нацистуудын гарт үрэгдсэн 6 сая жүүдийн тухай бүх баримтыг голд ортол дэлгээд тавьчихсан байгаа нь тэр. Оскарын шагналт нэгэн кинонд хувь заяагүй хөөрхийлөлтэй нэгэн үндэстнийг үзүүлдэг бөгөөд “Варшавын гетто” хэмээх хороолол тэр чигтээ нацистуудад арчигдаж, хүн ард нь доромжлогдон алуулж хядуулсан тухай гашуун түүх буй. Дэлхийн II дайны үед фронт дээр бус, зөвхөн нацистуудын тамын тогоонд 6 сая жүүд (оросоор еврей гэх) тарчилж үхсэний дотор 1.5 сая нь дан хүүхэд байв. “Яд ва-Шем”-ын гол хаалганы ханан дээр сийлсэн бяцхан хүүгийн инээмсэглэж байгаа товгор баримал, ялангуяа нүдийг нь харсан хэн ч бай сэтгэл огшихгүй байхын аргагүй. Тэр бяцхан хүү нацистын аль нэг хорих лагерьт амь үрэгджээ. Эцэг нь амьд үлдээд хожим нь энэ музейг нээхэд хандив өргөхдөө хүүгийнхээ зургийг өгч энэ баримлыг хийлгэсэн нь тэр аж.

Израильд байхдаа шүтсэн биширсэнээ "Тэнгэрлиг үндэстэн" нэрээр буулгахдаа түүхэн харьцуулалт хийсэн юм. Чингэхдээ Тель-Авив дахь Бейт-ха-Тфуцот (Диаспора музей, 1978 онд байгуулагдсан) музейн үзмэрүүдээс сэдэвлэж буулгасан. Хүн төрөлхтөн 3 дахь мянганаа  угтаад 11 жил болж байна, “0000” оноос манай түүхийн манай эрин үе эхэлдэг гээд бодоход 0073- 1948 онд жүүдийн төрт-улсыг устгаж үгүй хийгээд жүүд нар даян дэлхийгээр 1875 жил тэнүүчлэн орох орон хайж явжээ. Бараг 2000 жил өөрийн гэх төрт улсгүй явсан үндэстэн дэлхийд өөр байхгүй. Библийн сударт өгүүлснээр бол энэ үндэстний түүх 4000 жилийн өмнө эхэлж, 3500 жилийн тэртээ нүүдэлчин төрхөө гээж иргэншжээ. Гэхдээ түүхийнхээ бүх үеийн турш халдлагад өртөж ирсэн эмгэнэлт түүхтэй. Тэдийг эхлээд перс, грекүүд, дараа нь селжүкүүд, ромынхон эзлэн түрэмгийлж тусгаар тогтнолыг нь мөхөөжээ. 0073 оноос хойш мөн ч их зовлон амсчээ. Византынхан, арабчууд түйвээж байснаа загалмайтан рыцарууд 200 жил, завсарт нь  мамлюкүүд, Оттоманы түрэгүүд 400 жил энэ газар дээр эзэн нь байв. Тэгж тэгж дэлхийн I дайн Туркийг ялагдуулснаар англичууд энэ нутагт ирж, 1948 он хүргэж байж НҮБ-ын шийдвэрээр, нацистуудад хамгийн ихээр хэлмэгдсэнийх нь төлөөсөнд  төрт-улсыг нь сэргээж өгчээ.

Тэгэхлээр дэлхийд үеийн үед, бүх түүхэндээ хамгийн ихээр алуулж хядуулсан үндэстэн бол жүүдүүд гэдгийг би ийнхүү нүдээрээ, биерээ олж мэдрээд бичих ажилдаа орсон юм. Үнэндээ манайхны мэддэг тэр Октябрийн хувьсгалын дараахи ард иргэний дайн, Сталины яргалал, тэр нацистуудын яргалал бол ердөө л нэг хэсэг нь. Ямар үйлийн үрээр жүүдүүд ийнхүү үзэн ядагдаж төрөв өө? Хэн үүнд буруутай, хэн нь зөв юм бэ? Ингэхэд “Хүйтэн дайны” хийрхлээр хөөрцөглөсөн монголчууд бид 1991 он хүртэл энэ улсыг мөн ч их хараан зүхэж, үзэл суртлын лүд барам болгож байсандаа ч ичих сэтгэл төрж явлаа. Атаархал гээч нь хүмүүс хоорондын авир араншинд байдаг юм болов уу гэтэл, даян дэлхийн хэмжээнд хүмүүн төрөлхтөний дотор байдгийн илэрхийлэл нь энэ л болов уу. Тэдний тэнгэрлиг явдагт дэлхий нийтээрээ атаархаж явсаных уу?
Тель-Авив дахь тэр “Израиль диаспора” музейд даян дэлхийн жүүдүүдийн түүх, суу билэг, эрдэм чадал, нүүдэл суудал бүгд үзмэр үзүүлэнгээрээ байна лээ. Нобелийн шагналт бараг бүх эрдэмтэн Эйнштайнээс эхлүүлээд тэнд хэдэн зуугаараа мөнхрөөстэй, АНУ, Оросын цөмийн физикчид, Нобелээс өмнөх гэвэл Коперник, Нострадамус гэхчлэн, улс төрийн салбарт гэхэд л Карл Марксаас эхлээд, Оросын хувьсгалын бараг бүх удирдагчид - Троцкий, Зиновьев, Каменев, Свердловоор (В.И.Лениний эх жүүд цустайг энд би тооцсонгүй) дамжин, Киссенжер хүрчихэж байна. Гэтэл урлагт Бетховен, Моцарт, Шопен, Ростропович. Энд хэдэн зуугаар тоологдох суутнуудын тухай ярьж байна л даа. Энэ музейд ирээдүйд мөнхрөх байлгүй гээд би дотроо бодож явдаг юм. Оросоос Примаков, Фрадков, Жириновский, Рушайло, Березовский, Лавров, Ходорковский, Абрамович, Каспаров, эсвэл АНУ-аас Олбрайт, Сорос, Францаас Саркози, Кушнер, Британиас Милибэнд нар хожим нэмэгдэнэ. Зарим нь ч нэмэгдсэн байх. Энд мөн л хэдэн зуугаар тоологдох суутнуудын тухай ярьж байна. Нью Йоркийн Уолл Стритийн банкирууд, дэлхийн гол гол биржийн эзэд, Европ, Америк, Австралид үнэт цаасны бараг бүх бирж тэднийх, дэлхийн нефть, алт, зэсийн наймааны ихэнхийг, ер нь аль өнгөтэй өөдтэй гялалзан яваа нь бүгд жүүдүүдийнх гээд бодчих.  

Жүүдийн хэбрөү хэл 2000 жилийн тэнүүчлэлийн явцад устан алга болж, үндэсний гэх соёлгүй болж үлдсэн ч XIX зуунд (1890) эрдэмтэн Элизэр Бэн-Ехуда МЭӨ 200 оны Библийн судраас сэргээж (120 000 үгтэй 17 боть) амьд хэл болгосон гайхамшигт жишээ юу өгүүлнэ вэ, суу билэг гэж чухам энэ биш гэж үү?

Даян дэлхий дээр Иерусалим шиг ариун дагшин хот үгүй гэж өөрсдөө, мусульманчууд, христианчууд ярьдагийг бид биеэрээ мэдэрч билээ. Энэ хот үндсэн гурван хэсэгт хуваагддаг ба биднийг нэг бүрчлэн танилцуулсан. Их цайзаар хүрээлэгдсэн хуучин хот. Иисусын төрсөн ба бурхан болсон, цовдолж алсан хэрээс мод нь, лалын биваагарьд Мухаммедын тэнгэрээс морьтойгоо бууж ирсэн нөгөө ариун дагшин газар энд байна.  Түүхэн бүх үзмэр, сүм, мөн армян, христос, жүүд, лалын бичил хорооллууд энд байна. Дорнод Иерусалимд арабын соёл, шашин (ихэнхи нь суннит) тэр чигтээ байна. Баруун Иерусалимд жүүд хороолол, төр засгийн албан газрууд байна. Гиват-Рам хэмээх толгой дээр Кнессетын ордон сүрлэг харагдана. ГХЯ гэдэг нь английн цэргийн хуаран байсан, бидний очсон төв байр нь дайны үеийн блиндажийг санагдуулам газар зочилж өнжиж байв.

Израилийн тухай замын тэмдэглэл бичих нь энд гол биш. Гэхдээ зайлшгүй мэдүүлэх ёстой гурван газрыг хөндөе.

1.    Метулла гэж Ливантай залгаа хилийн боомт хот. Нахаль-Аюн хэмээх алдарт хүрхрээ,  Хезболлагийн катюшны суман мөндөр дор алба хааж буй хилийн цэргийн охидын тасаг цэрэг санаанаас ер гардаггүй юм. Анхааруулга бичээд өлгөчихсөн тэр хавийн минийн талбайнууд, зүүн тийшээ давхиад хүрчих Голаны өндөрлөг, дээд доод Галилейн хөндий. Галилей нуур гэсхийж аялаад хойд Израилийг дуусгачихна. Энэ хавь бол уулархаг, модорхог, хангай нутаг юм.   
2.    Урагшаа цөл рүү аялаад Мецада (Масада) хэмээх түүхэн газар очлоо. Явгаар гарах аргагүй энэ нүцгэн уулын орой дээр Ромын  легионд бүслэгдсэн эх орончид тэртээ 0070-аад онд гурван жил хориглож байлдаад хоол хүнсээ дуусаад баатарлагаар эрсэдсэн гэнэ. Ихэнхи нь амиа егүүтгэжээ. Одоо бол израилийн армид элсэх залуу офицерууд энэ уулын орой дээр гарч тангараг өргөдөг юм гэсэн. Ромын жанжнууд энэ толгойн орой дээр сауна байгуулчихаад жаргалаа эдэлж байсны гэрч туурийг үзүүлж байна лээ.
3.    Миний онцлох гурав дахь газар бол дэлхийн далайн түвшнээс 400 метрийн дор байгаа сөнөсөн тэнгис юм. Энэ тэнгис рүү цутгадаг, эх авдаг ямар ч гол гэж байхгүй. Хачин шүү. Өндөр температур, чийгшилт нь хонхор газарт ус үүсгээд ёроолд нь асар их давс хуримтлагдчихсан юм уу даа, миний ойлгосноор. Амьд амьтан, ургамал гэж тэр усан дотор байхгүй. Амьд амьтан живнэ гэж хэзээ ч байхгүй. Хичнээн үсэрч ороод сэлэе гэхэд дээш нь бөмбөг шиг шидээд хөвүүлээд байдаг, сонин шүү. Эрүүл мэндэд хачин сайн тул жуулчдын хувьд ганц диваажин нь энэ тэнгис гэнэ. Библийн сударт өгүүлснээр бол Давид хаан, Иисус Христос өөрөө энэ тэнгисийн хөвөөнөө саатаж аж төрж байжээ. Түүнийг нь илтгэх мэт эртний жүүдийн суурингийн туурь, анхны христиан лам нар байсан гэх туурь замд тохиолдож байв.  

Тэр курсэд очсон Азийн 8 улсын 23 дипломатчдаас бид гурваас өөр хэнхэгтэй хүмүүс байгаагүй, сав л хийвэл уулзалт гээд алга болчихдог, нөгөөдүүл маань ч гайхшаа барж байсан болов уу. ГХЯ-наасаа даалгавартай, дээр нь К.Сайраан маань энэ оронд хавсран суух Элчин сайдаар томилогдоно гээд бид ажлын айлчлал хийчих шиг болсон юм. Хийчих шиг ч юу байхав, яг хийсэн юм. Хоёр орны ГХЯ хоорондын харилцааг бид урагшлуулсан. ГХЯ-ны Ерөнхий захирлын (манайхаар бол ТНБД) орлогч Ицхак Шефел, Улс төрийн төлөвлөлтийн газрын дарга Даниел Мокади, Зүүн хойд Азийн хэлтсийн дарга Рут Каханоф нарт бараалхаж, ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны МАШАВ төвд зочилж, хамтын ажиллагааны асуудал ярилцав. 1996 оны хавар Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн Израильд айлчилсаны хариу айлчлалыг хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээг нь бид хийсэн юм. Кнессетэд биднийг Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ниссим Звили, Ликуд намын лидер Ариел Шарон (хожмын Ерөнхий сайд) нар хүлээн авч уулзсан. Хөдөлмөрийн намын лидер, Ерөнхий сайд асан Нобелийн шагналт Ш.Пересийг (өнөөгийн Ерөнхийлөгч)  Монголд айлчлуулах асуудлаар бид хэлэлцэн тохирсон боловч түүнээс хойш тэр айлчлал хэрэгжээгүй өнөө хүрсэн байна. Харин А.Шарон гуайг айлчлахыг урьсан УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Зоригийн урилгыг бид хэрэгжүүлж, 1998 онд айлчлуулсан юм. Манай УИХ-д Монгол-Израилийн парламентын бүлэг байгуулагдсаныг бид Кнессет, ГХЯ-нд уулзалт болгон дээр мэдээлээд хариуд нь Израилийн талаас Кнессетдээ тийм алхам хийхийг уриалж байв.
 
Монгол-Израилийн хооронд цэргийн салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бид гурав хувь нэмрээ оруулсан гэж үзэх үндэстэй. Бид Тель-Авивт  БХЯ-нд нь зочилж тус яамны Ерөнхий захирлын орлогч генерал Кути Мортой уулзаж энэ алхмыг эхлүүлсэн. Батлан хамгаалахын сайд Ицхак Мордехайд бараалхах гээд тэрээр завгүй тул манай  Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжавын мэндчилгээг уламжлаад өнгөрсөн. Манай улс цэрэгт иргэний хяналт тавих болж, түүхнээ анх удаа цэргийн бус хүнээр Сайд томилж, дайчилгааны цэргээс мэргэжлийн цэрэгт шилжих шилжилтийг эхлүүлж байсан тул Израилиас суралцах зүйл багагүй гэж үзсэн юм. Тэгээд ч цомхон, жижиг, хүчирхэг, мэргэжлийн армийг босгож чаддаг жижиг орны туршлагыг судалж нэвтрүүлэх нь юуны буруу байхав. Туршлагаас гадна бидэнд гуйх юм нэлээдгүй байсан нь мэдээж. Байгалийн гэнэтийн гамшгаас сэргийлэх, хор уршгийг арилгахад хамтран ажиллах, цэргийн эмч нарыг бэлтгэх, манай хуучирсан зэвсэг техникийг шинэчлэх, зарж борлуулах, цэргийн сургалт, харилцан айлчлал хийх гээд өргөн хүрээнд ярилцав.

-    Израиль Улсын БХЯ-нд Монголоос анхны албаны төлөөлөгчид зочлон ирсэнд талархаж байна. Израиль бол жижиг орон, Азид ийм дотно түнш бий болж байгаад баяртай байна. Бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна  хэмээн Кути Мор гуай тэмдэглэснийг үг үсэггүй буулгая.   

Пересийн энх тайвны хүрээлэн, Израилийн гадаад харилцааны зөвлөл, Вейцманы шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, МУИС-ийн ОУХДС-иагаа холбож өгөх санаатай би давхар ажил амжуулж явав. Израилийн нисэх хүчний аж үйлдвэрийн корпорацид зочлохдоо л Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллачих боломжийн залууг бид олоод авав. Корпорацийн олон улсын маркетингийн менежер Рон Трайфус уг нь манайд их юм хийж өгөх байсан юм. Түүнийг хойтон жил нь Сайраан бид хоёр урьж айлчлуулахад манайхан анхаарлынхаа гадна гаргачихсан юм. Тэрээр манай МИАТ-ын хуучин онгоцуудыг засаж сэлбэх, хөөрмөгцөө уначихаад олон залуусын аминд хүрсэн байлдааны МИГ-21-үүдээ тийш нь гаргаж чадвал МИГ-21М болгуулаад цоо шинэ болгоод авах гэхчлэн хэлэлцсэн асуудал бишгүй байсан юмсан. Агаарын нислэгийн хяналт, хилийн агаарын хяналт, ой хээрийн түймрийг агаараас  хянах нисэгчгүй онгоц гэхчлэн хамаг л техникээ бидэнд үзүүлж бид гурав тэнд нисэхийн том мэргэжилтэн аятай явцгааж байснаа сайн санаж байна.

Израиль дахь айлчлал, сургалтаа дуусгаад Сайраан бид хоёр цаашаа Каир руу шинэ аяндаа гарлаа. Цогтоо маань Бен Гурионы нисэх буудлаас биднийгээ үдэж өгөөд үлдлээ. Би жүүдийн тэр нутагт 20-хон хоносон боловч олон жил нутагшчихсан газраасаа хагацаж байгаа аятай эргэж хургаад л EL-AL Israel Airlines компанийн агаарын хөлгөөр хөөрч билээ.           

  БИ: Миний амьдралын тойрог, NEPKO publishing
                  номын 325-334 хуудаснаас толилуулав