“Ингэх гээд байсан юм” гэж үг бий.  ”Улаанбаатар таймс” сониноор нэрлэгдсэн барилгын битүү асуудал гэнэт сад тавилаа.

Хэдий хуучин ч 20-р зууны Монголын соёл иргэншлийн нэг эхлэл – анхны хэвлэх үйлдвэр, хожим Улсын хэвлэлийн  комбинатын түүхт барилга Төрийн ордны зүүн талд сүүлийн хэдэн жил балгас дүрээр сохойж, наагуур нь Монголд хамгийн том рекламын самбаруудыг эгнүүүлэн босгож халхлаад ч  нууж чадаагүй.

Намбар овогтой Энхбаярынх гэж бүгд хэлдэг хэрнээ бас яаж ч чадаагүй. Улсын Их Хурлын чуулганаар үе үе нийслэлд хамаатай асуудлыг хэлэлцэх үеэр зарим гишүүд “энэ хажуугийн барилга ямар учиртай вэ?” гэж заавал асуудаг, эхний удаад тэр үеийн Засаг дарга Ц.Батбаяр, дараачийн удаад одоогийн Засаг дарга Г.Мөнхбаяр нар гэнэт ой санамжаа бүрэн алдаж “Би хүмүүсээсээ нягтлаад дараа хэлж өгье” хэмээн бултсан түүхтэй. Харин одоо “тэмцээд тэмцээд бараагүй” дүр эсгэж хувьчлалаа буцааснаа зарлаж амиа хоохойлов.

Улсын хэвлэлийн комбинатын барилгын баруун жигүүрийг “Улаанбаатар таймс” сонины нэр дээр бичих ямар утга байв? 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний хууль гармагц татан буугдах ёстой байсан ч зальдан авч үлдээд сүүлдээ хэдхэн хувь хэвлэгдэж хотын албан тушаалтнууд өөрсдийгөө уншдаг, ганц хоёрхон өрөөнд багтчих редакцитай сонинд ийм том барилгыг ороогоод хулгайлахыг завдаж, бараг амжуулсанд хэргийн учир байгаа юм. Үүний тулд сонины редакцийг нэгхэн хэсэгт нь оруулж, бусад давхар, зай талбайг баруун солгойгүй түрээслүүлж, араас нь менежментийн хувьчлал гээчийг зохион байгуулж явсаар 2008 онд гартаа оруулмагцаа Төрийн ордны дээрээс өнгийсөн том зочид буудал барина гэж хөөрцөглөөд сүйтгэж орхисон билээ. Нийслэлээр зогсохгүй Монгол улсын түүхийг ингэж сөнөөхийг Бурхан хүртэл тэвчээгүй хилэгнэсэн дэг шүү!

Нийслэл хот гурван хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байсан. Ноднин УИХ-ын чуулган дээр Н.Энхболд гишүүн “UBS телевиз хувьчлагдсан юм уу, хэдийдээ вэ, нээрээ юу?” гээд итгэж ядан суусан.  Тэгсээн. Барилга байшин (хуучин нэрээрээ бол телекино үйлдвэрийн барилга), хувьчлалаас өмнө төсвийн мөнгөөр амжиж шинэчилсэн тоног төхөөрөмж, сан хөмрөг бүгдийг нийлүүлээд бас л 2008 онд 800 сая төгрөгөөр Ц.Балхжавт өгчихсөн. Үүний өмнөх гурван жилд менежментийн гэрээгээр ажиллуулсан, тэгэхлээр өөрийнх нь орлогоор хувьчлаад авсан эсэхийг хэн ч таашгүй…

Гуравдахь нь “Улаанбаатар” радио. Анх хотын хуучин өндөр (Ардын банкны) оройд антенаа зоогоод, хэдэн өрөөндөө хаваасаг байсан бол 2004 онд сүүлчээр хувьчлалыг угтуулж Нарны титмын нэг блокийг тэр чигээр нь эзэмшүүлэхээр тийш нүүлгэсэн юм. Ингээд У.Булган захиралд нийт 1200 метр квадрат талбайг хүлээлгэж өгсөн гэдэг. Цаашаагаа юу болсныг сонсоогүй. Бодвол, амжуулсан биз.

Ямар нэгэн байгууллага, хүмүүст байшин юмуу газар зүүж өгөөд бултуулдаг ”хүрээ хувьчлал” гэж байна.