Төрийн ордонд хуралдахыг хүссэн ч зөвшөөрөөгүй тул UB Palace-ийн концертын танхимд Баасан, Бямба гаригт болсон Бүх ард түмний их хуралдайг TV9 телевизээр шууд дамжуулсан төдийгүй Ням гаригт хамгийн хурц илтгэл, яриаг түүвэрлэн давтаж байна.
Баян-Өлгий аймгийн уугуул, Сэлэнгэ аймгийн суугуул гэх эмэгтэй “Засгаас өгдөг 21 мянган төгрөгийг авахгүй …  Миний хэдэн хүүхдийг ажилтай болгоод өгчих юм бол тэр яриад байгаа сая 500 мянган төгрөгийг сарын дотор олоод ирнэ” гэж мундаг хэллээ.
Зарим оролцогч хэвлэл мэдээлэл, тэгэхдээ голдуу олон нийтийн телевизийг шүүмжлэв.

С.Авирмэд:
-          Би Засгийн газраас зохион байгуулсан уулзалтанд илтгэл тавьсан юм. Гэтэл Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Оюунчимэг  хэвлэл мэдээллийнхнийг танхимаас хөөж гаргаад хаалттай явуулсан. Иймээс тэр илтгэлийг энд дахин танилцуулья.

Л.Цог:
- Манай хуралдайг зөвхөн TV9 телевиз дамжуулж байна. Тэгвэл олон нийтийн телевиз хаана байна аа? Үндэсний зөвлөлийг огцруулах шаардлага тавья… Сая нэг мэдээ авлаа. Ойрын хэдэн өдөр үндэсний телевизийн засвартай гэдэг шалтгаанаар хаах гэж байна.

Л.Эрдэнэтуул:
- Би МҮОНРТ-ын ерөнхий захирал Наранбаатарт хандаж Бүх ард түмний их хуралдайн ядахдаа нээлтийг гаргаач гэсэн хүсэлт тавихад телевизийн захирал Оюундарьтай ярь гэчихээд хоёулаа утсаа салгаад алга болчихсон. Олон нийтийн телевиз бол ард түмний өмч. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийг огцруулах шаардлага тавья…

Гэсэн ч олон нийтийн телевиз энэ хоёр үдэш Их хуралдайн талаар үзүүлснийг хэлэх хэрэгтэй. Бямба гаригийн “Цагийн хүрд”-ээр  хуралдайг зохион байгуулагчдаас Л.Болд, Г.Уянга нараас ярилцлага авахын (гол үгийг хэлсэн Намбар овогтой Энхбаяр гэдэг хүний дүрсийг ч харуулаагүй. Гэхдээ яахав) хажуугаар гэнэтхэн “Иргэдийн альянс” төвийн тэргүүн Ж.Занаагаар “эд нар бүх ард түмнийг төлөөлж чадах юм уу? Манайд зөвхөн Ерөнхийлөгч, УИХ хоёр л бүх ард түмнийг төлөөлөх эрхтэй… Миний болгоомжилж байгаа зүйл бол төрд дарамт шахалт үзүүлэх…” гэж хажуунаас шүүмжлүүлж, бас сэтгүүлч нь “Яагаад сонгуулийн өмнөх энэ жилд …” хэмээн сануулаад авчээ.

Төр, засаг, эрх баригч намууд, бас компаниудын элдэв арга хэмжээг болохоор хөтөлбөрөө өөрчлөөд ч хамаагүй үзүүлэхэд хэзээд бэлэн, хүсвэл бүхэл бүтэн нэвтрүүлэг бэлтгэж оргил цагаараа цацдаг, ингэхдээ хөндлөнгөөс огт үнэлүүлж дүгнүүлдэггүй МҮОНТ хэдийдээ ингэж олон ургальч болж амжив аа?  Хэн нэгнээр могой бариулах мэргэн арга олж “шударга” загнасан хэрэг.

Даваа гаригт телевизийн цамхагт засвар үйлчилгээ хийхийн тулд МҮОНТ нэвтрүүлгээ 17 цаг хүртэл зогсоох болсон нь Сүхбаатарын талбай дээр зарлагдсан Их хуралдайн үргэлжлэл болон бусад арга хэмжээтэй давхардаж байгааг тохиолдол гэж найдья. Олон нийтийн телевиз саяхан болтол Даваа гаригт өглөөжин, өдөржин амардаг байж билээ. Гагцхүү энэ удаад зогсоо зайгүй зарлаж сүржигнээд байгаа нь “худалч хүний нээрээ нь олон”-г санагдуулчихлаа.

Ням гаригийн үдэш. МҮОНТ-ийн долоо хоногийн тойм хөтөлбөрөөр өнгөрсөн өдрүүдийн чуулган, сайд дарга, албан тушаалтнууд оролцсон албан үйл явдлын сурвалжлагуудаа давтаж, харин Сүхбаатарын талбай дээрх морьтой, гэртэй цуглааныг илт зэвүүцсэн ганц минутын дүрстэй тайлбараар хаав. Иргэд олон янзын байр суурьтай байна гээд гурвыг дурдсаны хоёр нь цуглагсдыг буруутгажээ. Харин гуравдахь нь? Дэмжсэн байж таарна биз? Гэтэл үгүй, “ямар юм болоод байгааг мэдэх юм алга” гэсэн гэнэ. Дөхөж очоод асуучихгүй дээ. Гадаа нэмэх хэмтэй атал иргэний хөдөлгөөнийхөнд хэлэх юм байгаа бололтой хэмээн мангартаж төгссөн энэ тайлбарт нөгөө их хуралдайг дурдсан ч үгүй.