Элбэгдорж ба миний мөрөөдөл
Миний тухай сонин дээр гарчихаж. Муухай ч юм алга л даа.
Миний мөрөөдөл энэ биш ээ. Баабар ч бас ингэж мөрөөдөөгүй гэж байна. Тэр авилгаас л салахыг хүсснээс Авилгын газрыг толгойлох ямарч санаагүй гэнэ.
Саяны сонгуулиар мянга мянган хүний, манай ард түмний дийлэнхи олонхийн хүсч байсан тэр л юмыг би мөрөөдсөн юм. Өрсөлдөгч нь хүн бүрт сая таван зуун мянган төгрөг өгнө гээд байхад тоолгүй Элбэгээг сонголоо. Шударга ёс мөнгөнөөс чухал болчихлоо. Авилгад идэгдсэн нийгэмд мөнгө олоод нэмэр алга, луйвардуулаад дуусах юм байна гэдгийг ойлгосон учраас түүнийг сонголоо. Бидэнд шударга ёс мөнгөнөөс чухал болоод байна, шударга ёс тогтоод ирвэл бид мөнгө олчихтойгоо боллоо гэж монголчууд үзжээ.
Саяын сонгуулиар өрсөлдөгч нь дээд боловсролыг үнэгүй болгоно гээд байхад олон түмэн зөрүүлээд Элбэгээг дэмжлээ. Хүмүүс дээд боловсролд дургүй болсон юм биш ээ. Үнэгүй юмыг хүндлэхээ байсан ч юм бас биш ээ. Шударга ёс алдагдахын цагт боловсрол эзэмшээд нэмэр алга аа, иим нөхцөлд боловсрол өөрөө үнэ цэнэгүй болдог юм байна гэж олон түмэн ойлгожээ..
Би ч бас иим л мөрөөдөлтэйгаар түүнийг дэмжиж, саналаа өгсөн. Өөрийнхээ үгийг сонсдог мянга мянган хүнд энийгээ ил тод хэлж байсаан. Монголын олон зуун мянган сонгогч ямар нэгэн албан тушаал дээр очих, одон авах, ...ын гавъяат болох гэж Элбэгээг дэмжээгүй. Би ч тэдний нэг.
Тиим болохоор монголчууд Элбэгдоржоос мөнгө албан тушаал нэхэхгүй. Хэн ч “Элбэгдорж гарч ирээд мөнгөний ханш муудлаа” гэж гомдоллохгүй,” цалин нэмүүлээд аль” гэж албан ёсоор нэхэхгүй. Харин түүнээс шударга ёс тогтоохыг, хүсэн хүлээсэн шинэтгэлээ хийхийг л нэхэж таарна. Энэ бол нэг талаасаа гайхамшигт боломж, бас гайхамшигт гачлан.
Манайхан энэ удаагийн сонгуульд урьд урьдынхаа эрс өөрөөр хандсан. Тараасан бэлэг падаарак, амласан мөнгөнөөс илүүтэйгээр амьдралаа өөрчлөхийг хүссэн. Гадуур ярьж байна аа. МАХН-ын луйвар хийгээгүй, үнэхээр ариун сонгууль болж гэнэ ээ. МАХН шөнөжингөө л зөвхөн ялсан газруудаа дүн нь гарлаа гэж зарлаад, үлдснийг дүн нь гарахгүй байна гэж итгүүлэх гээд байсан даа. яах гэж тэр билээ. 2004 оны сонгуулиар яалаа, Ардчилсан нам д ялаад эхэлсэн чинь гэнэт дүн гарахаа байчихаагүй юу... тэгээд сонгуулийн хорооныхон бүх бичиг үсгээ мартаад хоносон аятай тоолж чадахаа болиод, тэгсэн чинь орон даяар тог тасраад, тэгж тэгж нэг дүн гарсан чинь МАХН ялсан болоод гараад ирээгүй юу? Энийгээ давтах гээд бэлдээд байх шиг байсан. Даанч үнэмлэхүй ялагдсан, ямар ч луйвраар засахын эрхгүй байсан учраас бууж өгсөн дөө. Үнэн хэрэгтээ Элбэгдорж 70-аас доошгүй хувийн санал авсан байх аа.
Хоёрдугаарт МАХН-ынхан үргэлж хүн айлгадаг атлаа өөрснөө мөн ч хулчгар улс шүү дээ. Ноднин сонгууль будилуулсны балгаар үймээн гарч гэмгүй хүмүүс үрэгдсэн. Энэ жил тийм үймээн гарвал гэмтэй хүмүүс өөрснөө үрэгдэж мэднэ хэмээн хулчиисэн хэрэг. Ноднин МАХН-ын цагаан байр шатахад бүгд зугтаасан. Зайлуул Санжийн Баяр л 40.000-тийн гаруудын дунд өссөн юм гэсэндээ “үзвэл үзнэ” гэж дөвчигнөсөөр хамгийн сүүлд орхисон юм гэсэн.
Хэрвээ Ардчилсан Намын байрыг тэгж бүслэн шатаах гэвэл мөн ч олон партизан ирж намын байраа цээжээрээ хамгаална, түүгээр ч барахгүй тугаа тэвэрсээр эцэслэнэ дээ. Надад Хишгээ, Самбараа хэн энэ тэр шууд л нүдэнд харагдаж байна. Ариун үзэл санаандаа дурладаг, мөнгө ба эрх мэдэлд дурладаг улсуудын хооронд иим л “ялихгүй” ялгаа байдаг юм даа.
Миний хувьд мянга мянган сонгогчтойгаа хамт хүслээ биелүүлж, солих хэрэгтэй юмаа сольж чадсан. Одоо мөрөөдөх нь: солигдоод ирсэн хүн маань бидний мөрөөдсөн, өөрийнхээ амласан тэр шударга ёсыг тогтоож, ус агаар мэт үгүйлэгдсэн шинэтгэлийг хиигээсэй. Миний болоод үйл заяаны эрхээр нэг эх оронд төрсөн монгол ах дүүсийн мөрөөдөл бүү алдраасай гэж.
Харин өнөө сонинд гарсан мэдээний хувьд бол хожмын зарим хүмүүс олж хараад “хөөрхий дээ эд нарыг тийм хариуцлагатай ажилд тэнцэхгүй гэж үзээ биз” гэж бодоод өнгөрнө биз ээ. Аугаа мөрөөдөл биелэхийн хажууд жижиг бяцхан эндүүрэл юү юм бэ? Тээ.
Зочин
Мэжик
Зочин
Зочин
Зочин
Анжэй-Оол