Н.АЛТАНХУЯГ: ХАМТАРСАН ЗАСАГ БАЙГУУЛАГДСАН НЬ ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ҮЙЛ ЯВДЛЫГ МӨЛИЙЛГӨХ, ГУЙВУУЛАХ, БАС ХААЦАЙЛАХ ШАЛТГААН БОЛОХ ЁСГҮЙ
“Ярилцъя” булангийн шинэ зочноор Ардчилсан намын дарга, Засгийн газрын Тэргүүн шадар сайд Норовын Алтанхуягийг урилаа.
“Ярилцъя” булангийн шинэ зочноор Ардчилсан намын дарга, Засгийн газрын Тэргүүн шадар сайд Норовын Алтанхуягийг урилаа. Нэг үг хэлээд л ард нь улс төрийн ашиг хонжоо, улс төрийн нэр хүндээ бодоод суучихдаг. Тэгснээ эргэж утасдаад тэр үгээ буцаая, энэ үгээ авъя, ерөөсөө больё, үзье харъя гэж шаналгаад байдаг төвөгтэй эрхмүүдийн нэг тэр биш байлаа. Тийм учраас бидний яриа бүхий л сэдвүүдийг хамарснаас гадна, элдэв хориглох тэмдэг байхгүй “задгай” яриа болсон гэж дүгнэж байна. Уншигч та түүний ертөнцөөр тавтай аялна уу.
-Манан гэж нэг томъёолол гараад иржээ. Хөдөө уулзалт хийсэн Ерөнхийлөгчид хүртэл цаад Манан чинь Монголыг баллах нь байна шүү гэж хэлж байх жишээтэй. Мань хүн хариуд нь та нар яагаад заавал М үсгээр нь эхлүүлж хараад байгаа юм. А үсгээр нь эхлүүл л дээ. Энэ хоёр улс төрийн хүчин хөгжлийн бодлогоороо хоорондоо АНА МАНА өрсөлдөж, үр дүнд нь Монголын ард түмэн хожоосой гэж би жишээ нь бодож байна гэсэн. Та харин юу гэж хэлмээр байна?
-Үгүй яахав дээ, олон жил хоорондоо ана мана үзэлцсэн болохоор нийгмийн дунд энэ хоёр хүчнийг ерөөсөө л үргэлж ана мана л үзэж байх ёстой гэсэн хатуу ойлголт үүсчихэж л дээ. 20 жил хоорондоо тэмцэлдсэн намууд хоёр жил хамтарч ажиллаад, харьцангуй хэрүүл уруул нь багасаад ирэхээр зарим хүнд эд ер нь яагаад өөрчлөгдчихөв гэсэн хар төрдөг байх л даа. Энэ бол зөвхөн хоёр намын асуудал биш. Хамтраад улс орныхоо төлөө юм хийх гэж зүтгэж байгаа нь Монголын ард түмний л эрх ашгийн асуудал гэж би хувьдаа ойлгож байгаа. Манан ч гэнэ үү, Ана Мана ч гэнэ үү яаж томъёолох нь тэдний хэрэг. Эцэстээ ард түмэн хожих нь л чухал. Ард түмэнд очих тэр хожлын төлөө өнөөдөр юу ч гэж хэлүүлсэн үүрээд гарахын төлөө л бид ажиллаж байна. Урьд өмнө нь намууд төдийлөн хамтарч ажиллаж байгаагүй нь үнэн. Бидний явж ирсэн жишигт ийм зүйл байгаагүй болохоор хүмүүс жаахан эргэлзэж хараад байгаа тал бий. Адилхан ч болчихсон юм шиг. Үзэл баримтлалын онцын ялгаагүй ч болчихсон юм шиг. Гэтэл энэ хоёр намд санаа нийлдэггүй, санал бодол зөрөлдөөнтэй түмэн асуудал байдаг. 20 жил тэрийгээ л ярьж ана мана үзсэн. Гэвч үүний үр дүнд хэн хожсон юм бэ.
-Өмнө нь нэг удаа хамтарсан. Хамгийн их хохирол амссан нам нь АН. Энэ удаа ч гэсэн хохирогч болж үлдэх юм биш биз гэсэн болгоомжлол танай гишүүдэд байгаа. Нэг хэсэг бүгд хамтарсан засгаас намаа гарах ёстой гэцгээж байсан. Харин одоо нам жим, тайван байдал руу шилжчих шиг. Саяын ротаци тойрсон асуудлууд дээр ч ямар нэгэн хурц маргаан өрнөөгүй. Н.Алтанхуяг Н.Назарбаев болжээ гэсэн ганц нэг шүүмжлэлийг эс тооцвол шүү дээ?
-Ардчилсан нам бол Ардчилсан нам. Үнэхээр энэ намд багтаж явдаг хүмүүсийн цаад унаган төрх нь бол харьцангуй зоргоороо явдаг байдал нь юм ш дээ. Харьцангуй эрх чөлөөтэй зан төлөв нь юм. Энэ унаган гэж үзэж болохуйц төрхийг ганцхан Н.Алтанхуяг гарч ирээд бүгдийг нь бөөгнүүлээд юм уу, багцалж хүлээд, баглаад, ямар нэгэн хайрцаг сав руу хийнэ гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Тэд чинь тэгүүлдэг ч улс биш. Энэ олон санаа бодлыг зөв зохицолдуулж, нэгэн чиг рүү, нэгэн зүг рүү явах тэр арга эвийг л олох асуудал байгаа юм. Бид чинь нам дотроо хоёр жил шахам бас сайхан хэрэлдлээ ш дээ. Хуучин зангаараа үзэлцлээ. Энэ бүхний эцэст юуг ойлгож авав. Хэрэгтэй хэрэггүй дотоодын хэрүүл тэмцлээс хэн хожив. 50 суудалтай байж байгаад нэг суудалтай болж байсан түүх бидэнд бий юү. Бий. Энийг давтах хүсэл хэнд байгаа юм. Хэнд ч байхгүй шүү дээ. “Хоорондоо хэрэлдэж байгаад 50 суудлаа ганц болгож байсан гашуун түүх бидэнд бий шүү, нөхөд өө” гэдэг үгийг би очсон газар бүхэндээ, намынхаа гишүүн бүрт хэлдэг. Энэ алдааг сануулах, ахиж давтуулахгүй байхыг АН-ын дарга Н.Алтанхуягийн гол хийх ёстой ажил гэж би боддог. Бусдыг нь бол манайхан өөрсдөө тасархай хийж чадна. Өөрөөр бол өрсөлдөж байгаа намаасаа дутуу гэх юм байхгүй. Тохой илүү. Ганцхан энэ асуудал дээр л өнгөрсөн 20 жилийн турш бид алдаж ирсэн. Тэгээд үүнээсээ сургамж авч байна. Ухаан сууж байна. Хэрсүүжиж байна. Тийм учраас энэ бол Н.Алтанхуяг гэдэг хүн Назарбаев шиг болчих гээд ажиллаад байгаа юм биш. Энэ бол процесс юм. Ард түмэн биднээс эв түнжинтэй, нэгдэл нягтралтай байхыг, тэгээд хамтын хүчээр энэ улс орныхоо хөгжлийг урагшлуулахыг л хүсч байна шүү дээ. Тэдний энэ хүсэл зоригийг хөсөрдүүлэхгүйн тулд бид ойлголцож ажиллаж байна. Юм хийж бүтээх гэж зүтгэж байна.
-Танай намд олон фракц бий. Таны хувьд ч гэсэн фракцуудтайгаа учраа олох шаардлага тулгарч байсан. Ер нь бол намуудын дарга нар бүлэглэлүүдтэйгээ мөнгөөр эсвэл албан тушаалаар л зохицдог. Аль ч нам дотор энэ технологи үйлчилдэг. Та харин алийг нь сонгосон бэ?
-АН-ын хувьд бол зайлуул хуваарилаад байх мөнгө байхгүй ш дээ. (инээв) Манай намын давуу бөгөөд сул тал энэ. 20 жил яваад хуваарилдаг мөнгөгүй үлдсэн нэг нам байна. Тэр нь АН. Тэр байтугай айлын байранд хоргодож, хоргодож одоо Ардчиллын өргөө босгоно гээд байраа нураагаад тавьчихсан л байж байгаа. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоороо бид таван минут салют буудуулж байхад манай нөгөө нам бол ойгоороо нэг цаг хэртэй буудуулдаг юм байна лээ. Бид мөнгөөр бол тэдэнтэй яриад байлтгүй юм байна лээ. Юугаа ч ярих билээ. Шууд л арагшаа сууж байгаа юм чинь. Албан тушаалын хувьд ганц нэг орон тоон дээр боловсон хүчнүүдээсээ тавьсан. Олон ч биш дээ. Бид боловсон хүчнийхээ мэдлэг, чадвар хоёрыг нь хардаг. Өөр хэмжүүр байхгүй. Гэхдээ дахиад л хэлэхэд манайд бас хуваарилдаг албан тушаал тун ховор шүү дээ. 21 жилд ховорхон доо. Бараг байхгүй гэж хэлж болно.
ПАРТИЗАНУУДЫН МААНЬ ГУНИГ ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗОВНИЛ РУУ ШИЛЖЖЭЭ. БИ БОЛ ҮҮНИЙ ТӨЛӨӨ ХАШГИРНА
-Ер нь АН-ын гишүүд 20 жил гудамжинд л явж ирсэн. Тийм болохоор хүмүүсээ алба ажилтай залгуулах гэж чармайх нь намын даргын үүрэг байдаг байх. Энэ үүргээ биелүүлэхийг тань дагалдаад зөвхөн Алтанхуягийг тойрсон хэдэн хүн ажилд тавигдлаа гэсэн шүүмжлэл бас гардаг?
-Тэр үү, намайг намын даргаас аваад хаячихъя гээд өнгөрсөн арваннэгдүгээр сард нэг сүрхий бэлтгэлтэй хурал болсон ш дээ. Тэр хурлын үеэр тиймэрхүү яриа гарсан. Тэрнээс хойш тэр яриа алга болсон. Үнэндээ бол Н.Алтанхуяг гэдэг хүн АН-ын дарга болчихоод зөвхөн өөрийг нь дэмждэг хүмүүсийг ажил албанд байршуулна гэх юм бол энэ хэлбэр өөрөө манай намд явахгүй. Боломжгүй. Яагаад гэвэл манай намын унаган төрх чинь өөрөө тийм үйлдлийг алхуулахгүй шүү дээ. Та өөрөө мэдэж байгаа. Тийм боломж ч олгохгүй. Дүрэм нь ч тийм боломж олгодоггүй. Дээр үеийн дарга нар шиг нэг орилход л бүгдээрээ нам дуугүй суудаг тийм номхон араншин манай намд байхгүй ш дээ. Хүмүүс харин ч надад сонин үг хэлдэг. Та ямар сонин дарга вэ, ойр хавьд чинь хичнээн жил яваад байсан хүнээ огт дэмжихгүй. Тэгсэн хэрнээ өөрийг чинь хусаад байдаг хүмүүсийг дэмжээд ч байгаа юм шиг. Ойлгохгүй байна шүү, дарга аа гэж. Ойлгодог болтлоо яв даа л гэж би хэлдэг.
-Намын дарга дээр насаараа гудамжинд явлаа, ажил өгөөч гэж яг өөрөө орж ирдэг гишүүд байдаг уу?
-Байдаг. Хүний л амьдрал болсон хойно хэцүү шүү дээ. Бүхэл бүтэн нэг хүний хувийн амьдрал тэр чигээрээ гадаа гудамжинд өнгөрнө гэдэг бол хатуу л тавилан. Одоо тэд маань өөрсдийгөө ярихаа больсон байна билээ. За, дарга аа би 20 жил гутлынхаа улыг ханзартал явлаа. Энэ бол миний л тавилан. Эргээд харахад хүүхдүүд маань өсч өндийсөн байна. Миний нэг хүү, охин сургууль төгслөө. Тэрийг минь л нэг ажил бараадуулах арга байна уу гэж хэлдэг. Энэ бол амьдралын үнэн. Би болж л өгвөл тусалдаг. Надаас өөр хэн явах юм. Хөөцөлддөг. Одоо 50 гарчихсан нөхдүүд өөрсдөө нэг их ажилд оръё гэж давхиад байх юм байхгүй болчихжээ. Аргаа бараад хүүхдээ оруулъя гэдэг юм байна. Саяхан манай нэг партизан талийгаач болчихлоо. Увсын хүн л дээ. Бие нь муу байна гэж дуулаад би өөрөө утсыг нь олж ярьсан юм. Хөөрхий минь надаас хоёр юм л хүссэн. Нэгдүгээрт, би ардчиллын төлөө анхнаасаа явсан юм аа. Энэ амьдралд надад харамсах юм байхгүй. Харин намайг Алтан гадас одонгоор шагнах сураг дуулдаад таг болчих юм. Тэрийг жаахан хүлээлээ. Одоо болтол ирэхгүй л байна. Та нэг асууж сураглаж өгөөч гэсэн. Яахав, манай аймгийн намын нөхдүүд өгөлгүй гацаачихсан байсан. Би зохион байгуулаад тэрнийг нь өгүүлсэн. Хоёр дахь хүсэлт нь би гурван охинтой юм аа. Тэд нар маань янз бүрийн шалтгаанаар ажил төрлөөсөө халагдаад яваад байх юм. Ардчиллын нэг нөхрийн хүүхдүүд гэсэн гадуурхал байгаад болохгүй юм. Та тэдэнд минь туслах арга байна уу гэсэн. Тэгээд би тусалъя л гэсэн. Одоо ганц нэгийг нь ажилд оруулаад л явж байна. Бид бие биедээ туслах хэрэгтэй. Өөр хэн туслах юм. Хэн харж анхаарах юм. Тийм биз дээ. Ер нь бол Ганчимэг ээ, 20 жил ад үзэгдэж, уруу дорой явсан хүмүүсийн сэтгэл цаанаасаа л гундуу байдаг юм ш дээ. Олонхи нь гудамжинд, тэрийг дагаад аав ээж нь, ах дүүс нь, үр хүүхэд нь хохирч явдаг. Ардчилсан хувьсгалын төлөө зүтгэж, сэтгэл зүрх, амь амьдрал, залуу халуун насаа үрчихээд эцэст нь хүүхдүүд нь тэр хувь заяаны золиос болно гэдэг бол хүнд биз дээ. Ийм асуудал нууцгүй хэлэхэд миний өмнө үргэлж тулгардаг. Үүний төлөө бол би орилдог. Хашгирдаг. Өөрөө хөөцөлдөж гүйдэг. Өөр хэн явах юм.
-Танай гишүүд ярьдаг л даа. Ардчилсан хөдөлгөөн Монгол оронд үүсч хөгжсөний 20 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэж өнгөрүүллээ. МАХН-ынхан л шагнуулаад байх юм. Ардчиллын 20 жилийн ойн медалиа хараад байдаггүй шүү гэж. Тэр одонг байгаа бүхнээ ардчиллын үйл хэрэгт зориулсан хүн бүхний энгэрт зүүж өгөх хэрэгтэй санагдсан. Даавуун дээлийнхээ энгэрт ардчиллынхаа одонг зүүгээд алхаг л дээ?
-Манай хүмүүс зүүлгүй яахав. Зүүж байгаа. Зүүх ч ёстой. Санал нэг байна.
-МоАХ- ноос олон партизанд байр өгөх шиг болсон. Энэ танай намын мөнгө үү. Эсвэл Х.Баттулга гишүүн хувиасаа өгдөг юм уу. Та болохоор манай нам ядуу л гэж яриад байх юм?
-Ардчилсан намаас өгөөгүй. Энэ бол олон нийтийн байгууллага. Өөрөө л зохион байгуулж өгсөн.
НАДАД ЦАЛ ПАЛ ХИЙСЭН ИХ МӨНГӨ БАЙХГҮЙ. ТЭГСЭН Ч ӨӨРИЙГӨӨ АВААД ЯВЧИХНА
-Улс төрийн лидерүүдийг аваад үзэхэд бүгдээрээр л ордтой, газартай, үйлдвэртэй хөрөнгөтэй чинээтэй баян улсууд байдаг. Танд ер нь эдийн засгийн ямар хүч байдаг юм бэ. Хэвлэл мэдээллээр бол чацаргана, жимс энэ тэрхэнтэй л холбосон харагддаг?
-За, яахав дээ. Би нэг их улс төрд тодроод л, лидерлээд л, нэг их олон жил улс төрийн тавцан дээр гялалзсан юм бол бага ш дээ. УИХ-ын гишүүн нэг болсон, тэр завсраа сайд нэг хийж үзсэн байх. Ийм л хүн ш дээ. Гэхдээ би гудамжинд яваагүй. Би бол гудамжинд явдаг хүн биш. Төрөлхийн тийм хүмүүжилтэй. Манай гэр бүлийн хүмүүжил бол гараа эвхэж суух биш. Чи ажил хийж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Төрийн гадна яваа бол тэглээ гээд би архи ууж, дэмий лааз өшиглөж явахгүй. Алтанхуяг аа чамд боломж олгож байна. Чи юм хий. Хөдлө гэж л өөртөө хэлдэг байсан. 2000 онд би УИХ-д нэр дэвшээд унасан. 2000-2004 онд ингэж ойр зуурын бизнес хийх боломж бүрдсэн. Анх би их сургуулийн багшийг орхиод л 1990 онд намын нарийн бичгийн дарга хийсэн. Сонгуульд нам тавиулаад хоёр жил ганзагын наймаа хийсэн байх жишээтэй. Гэхдээ надад тийм их цал пал хийсэн мөнгө байхгүй. Тэгсэн ч өөрийгөө аваад явчих, өрөөл бусдын ойр зуурыг зохицуулчих хэмжээний сууриа бол хийж чадсан. Ганзагын наймаанаас олсон мөнгөөрөө. Тэгээд дараа нь жижиг хэвлэх үйлдвэр ажиллуулж байлаа. Махны үйлдвэр, чацарганын талбай гээд жоол жуул юм бий. Наддаа л хаваасаг.
-Чацаргана тань бол тийм том бизнес биш үү?
-Яахав дээ. Чамлахаар чанга атга гэдэг биз дээ. Сэтгэл ханамжаасаа л болдог биз дээ.
-Намын байрны шаваа тавьчихаад хоёр жил шахам боллоо. Хөрөнгө мөнгө яаж босгох гэж байна. Ард иргэд хандив өгөх юм уу?
-Намын байр барьж уралдахгүй л дээ, бид. Гэхдээ би түрүүн хэлсэн. Нам маань 20 жил айлын халаасны өрөө түрээсэлдэг залуу гэр бүл шиг явж ирлээ ш дээ. Насаараа ингээд явж болохгүй байх. Ардчиллын өргөө гээд байгаа маань зөвхөн намын байр ч биш юм. Энэ байрыг барих мөнгийг АН гаргаж ч чадахгүй. Ард иргэдийн хандив бол орж ирж байгаа. Дээр нь тэр том байшинд чинь бизнес хийх гэж байгаа хүмүүс, компаниуд, аж ахуйн нэгж, иргэд бас орж ажил хэргээ явуулна шүү дээ. Тэгэхээр тийм хүсэлтэй компаниуд адилхан л урьдчилгаа мөнгөө өгөөд явна. Нам бол нэг давхарт нь ч юм уу ороод үйл ажиллагаагаа явуулна. Ийм байдлаар л босгох гэж байгаа.
-Өө, байшин биш өрөө гаргаж орох гэж байгаа юм уу?
-Нам тэр 20 давхар байшинд бүгдэд нь ордог тийм юм гэж юу байсан юм бэ. Ганц хоёр давхарт нь л орно ш дээ. Энэ цэвэр менежментийн л асуудал. Яахав олны хүч, оломгүй далай. Дэмждэг л юм байна. Энд тэндээс хүмүүс их утасдаж байгаа.
-МАН бол нэр дэвших сонирхолтой, Бага хуралд орж ирэх хүсэлтэй гишүүдээсээ хандив их авсан юм билээ. Бага хуралд шинээр хөл тавихад дээд тал нь тэрбум төгрөг хандивласан мэдээ ч байна. Танайх тэгж болдоггүй юм уу?
-Базарваань тийм их тоотой юм ч арай байхгүй байлгүй дээ. 2004 оноос хойш манай намд нэг уламжлал тогтсон. М.Энхсайхан манай намын дарга байхад УИХ-д нэр дэвших гэж байгаа хүн 10 сая төгрөгийн татвар төлдөг жишиг орж ирсэн. 2008 онд 20 сая төгрөг тушааж байсан. Одоо 2012 оны сонгуульд ч бас тодорхой асуудал яригдах байх.
-20 жилийн ой жаахан тааруухан өнгөрөв үү дээ?
-Бид 20 жилийн ой боллоо гээд баярлаад давхиад байсан юм байхгүй л дээ. Ер нь энэ өнгөрсөн 20 жилд бид ямар ололт амжилт олсон юм бэ. Тэрийгээ л дүгнэж цэгнэлээ. Ололт амжилт олсон байнаа. Тийм бол боллоо. Одоо цаашаа яах юм бэ гэдэг асуудал дээр түлхүү анхаарал тавьсан. Эрх чөлөө гэдэг асуудал дээр бол бид том ололт олчихжээ. Одоо бид нарт дутаад байгаа нэг юм бол эрх чөлөөг ахуй амьжиргаагаараа баталгаажуулах, Монголдоо сайхан амьдрах нөхцөл бололцоог бий болгох. Хэдийгээр би эрх чөлөөтэй байлаа ч гэсэн миний ахуй амьдрал хүрэлцээгүй, хэд гурван төгрөг байхгүй. Хэдэн хүүхэд маань Солонгос явж ажиллаад байх юм бол би яаж сэтгэлийн жаргалтай, амар амгалан байх вэ. Тийм учраас бид ардчилсан хувьсгалын хоёр дахь үе шат бол эдийн засгийн хувьсгал байх юм. Энэ эдийн засгийн хувьсгалын үр дүнд ойрын 10 жилд Монгол хүний ахуй амьдрал дорвитой дээшилж, гадагшаа дотогшоо явж амьдрал хайна гэхгүйгээр Монголдоо сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм байна гэдгийг дүгнэж цэгнээд хөтөлбөрөө гаргасан. Хөтөлбөрийг хэн нэгэн ухаантай хүн зохиочихсон юм биш. Одоо бид аймаг бүхнээр яваад хэлэлцүүлгээ хийж байна. АН өнгөрсөндөө дүгнэлт хийчихсэн, одоо ирээдүйн 10 жилийнхээ асуудалд анхаарал тавьж ажиллахаар шийдээд эхлүүлээд явж байна.
-Ямар нэгэн концертын шинжтэй арга хэмжээнүүд байхгүй ээ?
-Байхгүй.
-Түрүүчийн долоо хоногт АН дотор болж өнгөрсөн үйл явдлуудын талаар танаас сонирхмоор байна?
-Өнгөрсөн долоо хоногт ҮЗХ-ны хурал болсон. Хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээр асуудал нь энэ жилийн ҮЗХ-ны, аймаг дүүргийн намын хорооны ротац гэдэг юм бол байхгүй гэдгийг шийдсэн. Хоёрдахь нь, УИХ-д нэр дэвшигчийн татварыг ГЗ-өөр шийдэх эрхийг нь шилжүүлсэн. Гуравдахь нь, Чингэлтэй дүүргийн намын асуудлуудыг нэг тийш цэгцэлсэн. ҮЗХ,ГЗ-ийн гишүүдийг нь батламжилсан.
-Хөдөөгүүр та бас явж ажилласан. Засгийн ч ажил байдаг байх, намын ч ажил байдаг байх. Хөдөөгүүр АН-ын төлөвшил хэр байна вэ. Булган, Хөвсгөл хоёр нанчилдаантай л байх шиг санагдсан?
-Ер нь бид ротацыг яагаад больсон юм гэхээр манай намын дүрэм бол 2000 онд батлагдсанаас хойш 11 жил явж байгаа дүрэм юм. Нам дотроо жил бүр ротац хийж байна гээд сайхнаар хэлбэл сэлбэлт хийдэг, муугаар хэлбэл зодоон болгодог байсан. Тэгээд 11 жил явж үзээд гишүүд маань энэ ротацыг боливол яасан юм бэ, ер нь дүрмээ шинэчилье гэж санал гаргасан. Дүрмээ шинэчилж эхлэх гэж байхын хажуугаар ротац хийгээд бас нэг баахан хэрүүл уруул болох хэрэг байна уу. Энэ ротацаар чинь сөрөг юм яваад байна энийг больё гэсэн. Манай нам чинь заримдаа дүрмээрээ харахаар 30 нам болчихдог юм ш дээ. Хөвсгөл аймгийн АН гээд л байж байна. Л.Гүндалай гэдэг хүнийг чинь Хөвсгөл аймгийн 100 хүн сонгоно. Тэгээд хэл амаа ололцохгүй болохоороо огцруулна гэж тэндээ бас үзэлцэнэ. Нэг ийм юм байгаад байгаа нь нууц биш. Булганд ч л байж байна, Чингэлтэй дүүрэгт ч байна. АН-д нэг давуу тал байдаг. Тэр нь юу вэ гэхээр шинэ юмыг туршиж үздэг. Эрсдлээс ч ёстой нэг айхгүй туршиж үзнэ шүү. Тэр шинэ юм нь бас жамаа дагаад ихээхэн гортой байдаг. Та одоо санаж байгаа бол манай нам чинь анх удаагаа 2000 онд нам дотроо сунгаанд хоёр хүнээ өрсөлдүүлж үзсэн. Р.Гончигдорж, М.Энхсайхан хоёрыг сунгаанд оруулаад, хооронд нь үзэлцүүлээд ёстой нэг тарсан. Сүүлд нь яасан бэ гэхээр хоорондоо үзэлцэхээр хагаралдаад дуусдаг гэсэн хатуу үнэнтэй нүүр тулсан. Тэгээд дүрмээсээ нөгөөхөө аваад хаячихсан.
-Энэ удаагийн хурал угтаад бас л бөөн хэрүүл маргаан явж байна гээд байсан. Сонирхолтой нь сая маш нам жим хуралдаад шийдээд явчих шиг болсон?
-Сая бол нөгөө кинонд гардаг ичмээр дамшиг гэдэг шиг юм болсон. Манайхан 90 гаруй хувиар гараа өргөөд л байна лээ. Яахав дээ, хүмүүс ойлголцсон л байхгүй юу. Одоо хоорондоо зодолдож намаа хагалж бутаргаж байдгаа больцгооё. Элдэв болохгүй бүтэхгүй юмаа ярьж цэгцэлье гэж шийдсэн. Юм эв зүйдээ орж, хүмүүс харилцан ойлголцож, ирээдүй рүүгээ харж ажиллах нь гайхаад байх зүйл биш биз дээ.
МОНГОЛЫН СОНИРХОЛ ЕРӨӨСӨӨ Л ТАВАНТОЛГОЙН НҮҮРСЭЭ ҮНЭД ОРУУЛАХ
-Засгийн ажил ер нь ямар явна вэ, сайд аа. Хөдөөгүүр явж байхад стандарт бус Засгийн газрыг боливол яасан юм бэ. Байр байрандаа очвол яасан юм гэсэн асуудал мэр сэр сонсогдож л байна лээ. Дээр нь нэг хэсэг хүмүүс л ууж идээд байна гэсэн хар нэлэнхүйдээ байдаг бололтой юм. Их мөнгийг их хардлага дагах нь угаасаа жам. Энэ бүх асуудлаас нэр цэвэр гарч ирэх боломж танд хэр байна вэ?
-Бололцоотой ш дээ. Би бардам хэлнэ. Ард иргэдийн хувьд ахуй амьдрал ямар байна гэдэг дээр л асуудал яригдана. Зөв үү, буруу юу гэдэг нь. Ард иргэдийн ахуй амьжиргаан дээр өөрчлөлт гарвал болж байна. Ерөөсөө болохгүй байна, юу ч өөрчлөгдөхгүй байна гэж байгаа бол болих л хэрэгтэй. Хөдөө явж ард иргэдтэй уулзаж байхад бүр бүх юм болохгүй байна, бүтэхгүй байна гэж үзэж байсан хувь бол багассан л байна лээ. Бас гялалзаад байна, болж байна гэж үзэж байгаа юм ч байхгүй л байна. Угаасаа бид бас гялалзуулаад байгаа юм нь ч бага. Гэхдээ л хэрэлдэж сууснаас хавьгүй дээр л ажиллаж байгаа байх. Ямар ч байсан өнөөдөр тав гурван төгрөг ард иргэдэд очиж байна, тэгээд Тавантолгойн хувьцааг ард иргэддээ тараагаад, Тавантолгой маань өөрөө том хүрээгээрээ ажиллаад эхэлчих юм бол манай ард иргэд насан туршдаа тэрний тодорхой хувийг хүртээд байх боломжтой. Дээр нь зөвхөн бэлэн юм авч идээд суугаад бай гэж байгаа юм биш ш дээ. Хамтарсан Засгийн газар анх удаагаа 60-70 тэрбум төгрөгийг хөдөө орон нутагтаа өглөө. Хүмүүс аваад юм хийж эхэлж байна. Машины дугуй засдаг хүнээс авахуулаад хиам үйлдвэрлэдэг, тоосго цохьдог хүн гээд бүгд л хөдөлж хөлхөж байна. Би үйлдвэржилтийн бодлогыг хариуцаж байгаа хүний хувьд хөдөө орон нутагт очихдоо дандаа л энэ чиглэлийн ажлуудыг үзэж сонирхдог. Хүмүүс зүгээр суухыг хүсэхгүй байна. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл хөдлөөд үзэхийг л хүсч байна. Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил гэж зарласан. 40-өөд мянган хүн ажилгүй байна гэж бүртгэгдсэн байна. Тэгэхээр бид ойрын жилд босч эхлэх их бүтээн байгуулалтад энэ ажилгүй хүмүүсээ бэлтгэж, сургах чухал. Энэ ажил эхлээд явж байна. 40-өөд мянган хүнээс 9900 хүнийг гурван жилийн хугацаанд сургаж, ажлын байран дээр гаргах юм. Үүний 3300 хүн нь бэлтгэгдээд эхэлчихсэн. Сарын 108 мянган төгрөгийн тэтгэлэгтэй. Бодлого бол явж л байна. Удаан байна гэж иргэд шүүмжилж байгаа. Энэ үнэн. Манай яам тамгын газруудыг харж байхад удааширсан, дэндүү хурдгүй байдал харагдаж л байна.
-Та хөдөө орон нутгаар явж байгаа хүн анзаараа байлгүй. Хүмүүс бэлэн мөнгөнд дуртай биш байна. Улсаасаа бэлэн мөнгө аваад байхаа больё. Бид ажил хийе гэж гуйдаг болжээ. Хоёр намын амлалтын мөнгө бол ирээдүйгээс зээлж байгаа мөнгө. Хүмүүс үүнд таагүй хандаж байна. Бас энэ архинд урсч байгаа 21 мянган төгрөг тойрсон шүүмжлэл?
-Өнгөрсөн юмыг шүүмжлээд л байлтай биш дээ. Амладгаа амлаад, гардгаа гараад, хийдгээ хийцгээж л байна. Хүмүүс хэсэг бүлгээрээ нийлээд энэ мөнгийг аваад үйлдвэр үйлчилгээ босгоё, өнөөдөр иддэг мөнгө биш, маргаашийн юмандаа зарцуулдаг мөнгө болгоё гээд ажиллацгааж байна. Энийг нь төрөөс дэмжиж нээлттэй бодлого явуулж байгаа.
-Тавантолгойн асуудал юу болж байна вэ гэсэн ерөнхий асуулт тавья. Оюутолгойгоо ярьж бараг дуусаагүй шахам байгаа, дээрээс нь Тавантолгойн төслөө харлуулах пиар нь багагүй хүчтэй яваад эхлэсэн. Үүнээс болоод хүмүүс Тавантолгойгоо тавиад туучихаж байна уу гэсэн айдастай байх шиг байна ?
-Тавантолгойг Монголын “Эрдэнэс-Тавантолгой” гэдэг компани ашиглаад эхэлчихсэн. Ашиглаад гэдэг нь нүүрсийг нь шууд аваад эхлэсэн гэсэн үг биш. Хар ярианы хэлээр бол авахын тулд дээд талын шороог нь авна аа даа. Тэр ажлаа хийгээд эхэлчихсэн. Одоо нүүрсээ ухах ажилдаа орж байгаа. Нэг талаасаа бол ингээд ажил эхлэчихсэн. Гэхдээ бүрэн утгаараа далайцтай эхлээгүй байна. Том эхлэл нь хэзээ вэ гэхээр УИХ-ын тогтоол байгаа. Тогтоолоор бол гадаад дотоодын том консорциумыг шалгаруул гэсэн. Тэр консорциум Тавантолгойг олборлох ажлыг хийнэ. Сая бид тендер зарлаж явууллаа. Тендерт 15 компани оролцлоо. Тэрнээс зургаан компани консорциум үлдчихлээ. Одоо эдэнтэй манай ажлын хэсгийн сайд нар хэлэлцээ хийж байна. Оросын, Хятадын, Америкийн, Солонгосын, Японы компаниуд үлдсэн. Энэ компаниудтай юу хэлэлцэх гээд байгаа юм гэхээр та нар одоо нүүрсээ хаагуур яаж тээвэрлэх юм бэ, хаана ямар боомт дээр хүргэх юм бэ, борлуулалтын чинь нөхцөл ямар байх юм, бүх олборлож байгаа нүүрсээ бүгдийг нь зарна гэх юм уу, тодорхой хувийг нь зарна гэх юм уу, төмөр зам барихад та нар яаж оролцох юм бэ, урьдчилгаа төлбөр хэдийг төлөх юм гээд ингээд олон асуудал байгаа. Ажлын хэсгийн хэлэлцээрүүд явж байна. Хоёр компаний төлөөлөлтэй уулзчихсан явж байгаа. Үүний дараа ажлын хэсэг хуралдаад шийдвэр гаргана. Монгол Улсын сонирхол бол ерөөсөө л Тавантолгойн нүүрсээ үнэд оруулах. Монголчууд өөрсдөө ашиглая гэж байгаа л даа. Өөрсдөө ухаж болно. Гэхдээ яагаад гадаад дотоодын компанийг оруул гэж УИХ тогтоол гаргасан юм гэхээр энэ нүүрс Оросын нутгаар явна, эсвэл Хятадын нутгаар явна. Тэгэхээр ямар үнээр тээвэрлэх юм бэ гэдэг асуудлыг Орос, Хятад хоёртой яримаар байгаа биз дээ. Дараа нь худалдаж авах дээрээ тулбал Япон, Солонгос, Хятад улс худалдаж авна. Худалдаж авдаг улс бас ямар үнээр авах юм бэ. Тэгэхээр Тавантолгой дээр болж байгаа үйл явдал бол аль болохоор Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээл дээр гаргаад худалдахад нэлээн үнэ хүрэх нөхцөлийг л бүрдүүлэх. Тэрний тулд гадаад дотоодын сонирхогч компаниудыг нь оруулж ирээд, Орос, Хятадын нутгаар тээвэрлэдэг татварыг нь багасгаж өгөөд, тэгж байж Австралиас Солонгост юм уу Хятадад ирдэг нүүрстэй өрсөлдөхүйц болгож өгөхийн төлөөх ажиллагаа л гэсэн үг. Хамгийн энгийн утгаар тайлбарлахад ерөөсөө л энэ.
-Дараагийн асуудал Сонгуулийн хууль. Хоёр намын дотоод зөвшилцөл яагаад ингэж удаад байна вэ?
-АН-ын хувьд байр суурь нь тов тодорхой байгаа. Нэгдүгээрт, жижиг 76 бол тохирохгүй юм аа гэж үзсэн. Улс орны хөгжилд хохиролтой гэж бид үзсэн. Хоёрдугаарт, улс орон тэр чигээрээ нэг болдог 100 хувь пропоциональ тогтолцоо бас болохгүй юм байна. Тэгэхээр холимог хувилбар буюу нэг хэсэг нь тойргоос сонгогддог, нэг хэсэг нь намын жагсаалтаар сонгогддог ийм хоёр хувилбар байвал яасан юм бэ. 76 гишүүний хэд нь тойргоос сонгогддог юм. 26 нь уу, 50 нь уу, эсвэл 38 нь уу гэдэг бол техникийн асуудал. Энэ л хувилбар дээр байгаа. Одоо бид УИХ-ыг л харж байна. Их хурал дотроо олонхи болсон намаа бас харж байна.
-МАН одоо болтол дотоод шийдвэрээ гаргаагүй байгаа гэсэн үг үү?
-Хараахан гаргаагүй байгаа. Дөрөвдүгээр сарын 5-нд чуулган эхлэнэ шүү дээ. Тэгэхээр удахгүй ярьж эхлэх байлгүй дээ.
-Миний ярилцлагад таны өмнө МАН-ын Еөнхий нарийн бичгийн дарга уригдсан юм. Түүнд би танай намтай холбоотой нэг асуулт тавьсан. “Хоёр нам хамтраад ажиллаж байна. Энэ бүхнээс болж хамгийн их хохирч байгаа нам нь АН. Хамтарч байгаа найзуудынхаа ирээдүйд та санаа зовдог уу. Энэ намын үнэт зүйл бүх юм холилдож, манай танай нь мэдэгдэхээ больсон гэх шүүмжлэлээр балбуулж байна шүү дээ” гэсэн?
-Тийм үү. Тэгээд?
-Харин ноён У.Хүрэлсүх “Бусдын дотоод асуудалд оролцох нь соёлгүй үйлдэл” гэж хариулна лээ. Эргүүлээд танд нэг асуулт тавимаар байна. Хамт явж байгаа нөхдүүд тань хагараад бутраад хоёр хуваагдчихлаа. Өөрсдөө хичнээн “үгүй” гэж тайлбарлаж байгаа ч энэ бол хуваагдал. Сүүлийн 20 жилд эднийд ийм хэмжээний донсолгоон болоогүй. Намын дарга байсан хүн анх удаагаа намаасаа гарч явлаа. Үнэхээр том “зодоон” болж байна. Энэ үзэгдлийг та юу гэж тайлбарлах нь сонин?
-Би таны асуултад айлын гэрийн зодоон маньд хамаагүй ээ гээд хариулчихаж бас чадна л даа. Гэхдээ тэгэмгүй байна. Би тайлбарлаж чадахгүй. Яагаад гэвэл АН өөрөө бас ийм зовлон дундуур туулаад гарсан ш дээ. Манай намын дарга байсан хүн намаас гараад явж л байсан.
-Бидний үзэж туулсан зүйл, тэгэхээр сонин биш байна гэсэн үг үү?
-Энэ намын төлөвшлийн нэг үе шат явагдаж байна л гэж харж байгаа. Энэ бол их хэцүү үе. Гэхдээ даван туулдаг л зүйл. МАН-д том өөрчлөлт явагдаж байна. Амжилттай явагдаж дуусах биз дээ.
-Өнөөдрийн улс төрд бас нэг саармаг бүлгийнхэн тоглолт хийх гэж оролдож байна л даа. Танай намд ч байсан, нөгөө намд ч байсан хэсэг бүлэг хүмүүс суугаад том том хэлэлцүүлгүүд зарлаад л, бүх юм болохгүй бүтэхгүй байна гэж дүгнээд л. Тэдний амнаас ямар ч байсан сонгуулийн аргаар бол төрийн эрхийг авахгүй юм байна. Хувьсгал хийе. Хувьсгал хийх цаг нь болчихжээ гэсэн үг унаж байна. Энэ тухайд та юу хэлэх бол?
-Үндсэн хуулийн биш аргаар төрийн эрхийг авах тухай их ярьж байгаа. Энэ бол угаасаа хууль бус санаархал. Н.Алтанхуяг сайд болчихсондоо ингэж хэлж байгаа юм биш. Тухайн үедээ Н.Энхбаяр ч, М.Энхсайхан ч төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан улсууд. Одоо энэ хоёр хүн Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авна гэж уриалж байна. Би хувь хүмүүс дээр нь энэ үзэгдлийг нэг их тохож тайлбарламааргүй байна. Тэртээ тэргүй тэднийг түүх дүгнэнэ. Энэ хандлага өөрөө буруу хандлага гэдгийг л хэлж байгаа юм.
АРДЧИЛСАН НАМ ХҮЛЭМЖНИЙ ХҮҮХДҮҮДИЙГ ТЭЖЭЭХГҮЙ
-Долдугаар сарын 1-ний сэдвээр бүх хүн ярьсан. Таныг харин байр сууриа илэрхийлж байхыг сонсоогүй. Ерөнхий прокурорын амнаас Ц.Мөнх-Оргил, С.Баяр нараас мэдүүлэг авах ёстой гэсэн шинэ байр суурь уналаа. Түүний энэ мэдэгдлээс улбаалж асуудлууд өрнөвөл бариатай гэр тань нурчих аюулгүй гэж үү. Энэ талаар юу хэлмээр байна?
-Аливаа асуудлын цаад мөн чанар үнэн зөв үндэслэл дээр зогсч байхад бариатай гэр нурахгүй. Тэгэхээр үнэн байх нь л чухал. Долдугаар сарын 1-ний үйл явдал яг юу болсон юм бэ, яасан юм бэ гэдгийг бол заавал тодруулж, нягталж, шалгаж хариуг нь олон нийтэд хэлэх ёстой. Хэлэх үүрэгтэй.
-Энэ таны улстөрчийн тань байр суурь уу. Эсвэл АН-ын даргын тань байр суурь уу?
-Миний өөрийн байр суурь. Анхнаасаа хамтарсан засагт орохдоо энэ асуудал дээр би ийм л байр суурьтай байсан. Хамтарсан засаг байгуулагдаж байгаа явдал бол долдугаар сарын 1-ний үйл явдлыг мөлийлгөж, гуйвуулж, хайцаалж өнгөрнө гэдэг үг биш шүү гэдгийг тэр үедээ ч хэлж байсан, одоо ч тэр байр суурин дээрээ байгаа. Харин энийг улс төрийн хэрүүл болгож хувиргаад, тэгж яривал би тэгсэн, чи ингэсэн гэдэг ийм байдлаар битгий яваасай гэж бодож байна. Яг шийдвэрийг хэн гаргасан юм. Хүчийг, зэвсгийг. Хэн нь тэр зэвсгийг хэрэглэсэн юм бэ, яагаад таван хүний амь эрсэдсэн юм бэ гэдгийг л заавал олж судалж, тогтоож, ард түмэнд хэлэх ёстой.
-Тухайн үед онц байдал тогтоосон Ерөнхийлөгч бол өнөөдөр том ам ангайгаад байгаа. Тэр хүн онц байдал тогтоосон. Харин үүнийгээ тодорхой шахалтанд орж тогтоосон гэж зарласан. АН-ын зүгээс Ерөнхийлөгчийг онц байдал тогтоо гэж шахсан зүйл байгаа юу?
-Би мэдэхгүй. Би тэр үед Сонгинохайрхан дүүрэгт л цохиж явсан ш дээ. Ямар ч АН-ын дарга энэ тэр биш, зүгээр л нэг нэр дэвшсэн нөхөр явсан юм чинь. Юу болсныг ерөөсөө мэдээгүй. Сонгуулийн дараа манай тэнд бужигнаантай байлаа ш дээ. Ер нь тэр өдрийн хэрэг явдал Сонгинохайрхан дүүргээс ч эхэлсэн байх.
-Гэхдээ л та намын байр сууриас хол, хаа хамаагүй сул гишүүн байгаагүй шүү дээ. Намын нөлөө бүхий этгээд учраас нэг их тохирохгүй асуулт тавьсан гэж ч бас бодохгүй байна шүү ?
-Мэдэхгүй. Тэр Н.Энхбаяраас асуухгүй юу. Нөгөө нэг “Та Брестийн цайзыг аваагүй, би Брестийн цайзыг аваагүй” гэдэг шиг бидний зүгээс л лав хэн нэгнийг шахах асуудал байгаагүй гэж бодож байна. Хэн нэгэн хүн шахаж байхад тэр шахаанд нь ороод алхам хийнэ гэдэг бол өөрийнх нь л хариуцлагын асуудал шүү дээ.
-Н.Алтанхуяг гэдэг хүн улс төрд олон жил явлаа. Одоо Монголын улс төрийн тулгуур хоёр хүчний нэгийг толгойлж байна. АН-д залуу үе гэж байхгүй, мөнхийн залуу лидерүүдтэй. Тэд нь л засаглаж байдаг гэсэн нэг шүүмжлэл байх юм . Та ингэхэд залууст хэр ээлтэй дарга юм бэ?
-Би халтай хүн лав биш. Яагаад гэвэл миний унаган төрх хэн нэгнийг түлхсэн, шахсан, энэнийг л нэг хол байлгах юмсан, тэрнийг л тэгэх юм шүү гэсэн хорссон, зуусан, атгаг шинжгүй. Надад байдаг унаган чанар бол хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой. Үгээ хэлэх эрхтэй байх ёстой. Тэрийг нь юун түрүүн шүүрч аваад буруутгаад, нухчаад байж болохгүй гэсэн үзэл. Гэхдээ АН хүлэмжний хүүхдүүдийг бол тэжээхгүй шүү. Тэгээд л нэг зүгээр хэвтэж байгаад босч ирснээ намайг дээшээ гаргадаггүй яасан юм бэ та нар гээд хашгираад байвал тийм юм бас байхгүй. Орж ирчихээд та нар хөгширлөө, биднийг гарга гээд пэд пэд үсрээд байдаг даварсан юм байхгүй. Э.Бат-Үүлийг хэн дээш нь гаргаж ирсэн юм бэ. Тийм учраас ямар ч инкубаторын асуудал АН-д байхгүй. Залуу хүмүүст бидний үүд хаалга нээлттэй. Өрсөлдөөн бол задгай. Орж ирээд л ажилла. Өөрийгөө харуул. Манайд өчнөөн залуучууд гарч ирж байна ш дээ. УИХ-д зөндөө залуучууд байна. Ганцхан УИХ-д байгаа залуучуудыг хараад яах юм бэ. Сүхбаатар аймагт Засаг дарга Ж.Батсуурь гэж залуу байна. Ж.Батсуурь шиг ажиллаач. Гялалзаж байна шүү дээ. Заавал УИХ-ын гишүүн болж байж улстөрч болдог юм уу. Сүхбаатар аймгийн иргэдийн талархлыг хүлээгээд, ажлаа хийгээд гялалзуулж байна ш дээ. Залуу хүмүүс бол хаана ч ер нь гялалзуулж л байх ёстой ш дээ. Тэр жамаа дага л даа.
ИХ СУРГУУЛЬ БОЛ МИНИЙ ХАМГИЙН ХАЛУУН ДУЛААН ОРЧИН
-Та нутаг руугаа хэр их явдаг вэ?
-Боломж олдвол жилдээ нэг удаа очно оо. Хархираа ууландаа очно. Хархираа ууланд нэг зуслан байдаг юм. Би тэр зусланд гуравдугаар ангиасаа эхэлж амарсан. Жил бүхэн амардаг байлаа. Үнэхээр сайхан газар. Улаан уул гэж Чандмань уул гэж аймгийн төв дээр үзэсгэлэнтэй сайхан уул байна. Нэг тийм нүцгэн улаан хадтай уул. Тэр уулан дээр би өдөржингөө тоглодог байлаа. Тэндээ очих дуртай. Сүүлийн үед Хяргас нуурынхаа эрэг дээр ядаж жилдээ гурав хоноё гэж боддог болсон. Би дэлхийн 30 гаруй орноор явсан юм байна лээ. Гэхдээ миний хувьд ямар ч далай тэнгис Хяргасын маань гоо сайхныг даваагүй. Өсч төрсөн болоод тэр үү, тийм л байдаг.
-Та нутгаасаа ер нь нэр дэвшиж байсан билүү?
-Үгүй. Боломж олдоогүй юм.
-Танд нутгийнхан тань бол сайн биз дээ?
-Хэн мэдэхэв. Хүмүүсээс л асуух хэрэгтэй. Одоогийн залуус бол мэдэхгүй байх л даа. Тухайн үеийн 70-80-аад оны үеийнхэн бол манай аав, ээжийг, манайхны удам судрыг сайн мэднэ. Манайхан бол ажилсаг, хөдөлмөрч гэж хэлж болох хүмүүс л дээ. Манай Увсынхан биднийг багад ярьдаг байсан юм. Норовын хүүхдүүд толгойтой, хөдөлмөрч гэж. Энэ хоёр юмаар л биднийг үнэлдэг байсан. Би гэхэд долдугаар ангиасаа эхлээд тоосго цохисон. Ажил хийлээ гээд бидний хэн маань ч муудаагүй.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Манайх наймуулаа. Манайх чинь бужигнасан айл байлаа ш дээ. Би тав дахь хүүхэд нь. Хүүхэд бүхэн нэг нэг чемодантай. Хүүхэд бүр өөрийн гэсэн аягатай, халбага сэрээтэй. Манайх бүх юм нь жин тан айл байсан.Тийм байх нь бидний төрөхөд л угтаж авсан тэр айлын горим, төлөвшил нь.
-Танд яагаад төрөхөд тань Алтантуяа гэдэг нэр өгсөн юм бол?
-Намайг гэртээ төрсөн гэдэг юм. Тэгээд хажуу айлын эмээ орж ирж намайг эх барьж авсан юм билээ. Тэгээд л Алтантуяа гэдэг нэр өгсөн гэж манай ээж хэлсэн. Аав ээж хоёр тухайн үед эрэгтэй хүүхдэд маань эмэгтэй хүүхдийн нэр өгчихлөө гэж бодсон ч хүйс ээжээс эмээгээд хэлээгүй өнгөрсөн гэдэг. Эх барьж аваад нэр өгч байхад нь алдас болно гээд. Манай нутагт эх барьж авсан хүнийг хүйс ээж гэдэг юм л даа. Би гэдэг хүн хүйс ээжийнхээ өгсөн нэртэй 23 нас хүртлээ явсан хүн шүү дээ.
-Жаахан байхдаа нэрнээсээ ичдэг байсан байх даа?
-Жаахан байхдаа гайгүй ээ. Их сургуульд ороод л жаахан ичдэг болчихсон.
-Охидоос болоод уу?
-Юунаас ч юм ичээд байдаг л болчихсон.(инээв)
-Та нэрээ солиулахдаа хүйс ээжээсээ зөвшөөрөл авсан уу?
-Үгүй, чааваас тэр үед байхгүй болчихсон байсан л даа.
-Нэр солих хамаагүй шийдэхэд эмзэг асуудал юм биш үү. Та шашингүй үзэлтэн юм аа даа?
-Сүсэглэдэг юм бол байлгүй л яахав. Гэхдээ бүх үйлдлээ лам дээр гүйж очиж асуугаад байдаг юм байдаггүй л байсан ш дээ, бидний үед. Тийм маркийн нөхрийн л нэг байхгүй юу. Их сургууль төгсдөг жилээ 1981 онд шүү дээ. Аав ээж рүүгээ энэ Алтантуяа гэдэг нэрийг солимоор байна. Алтан болгочихдог юм уу. Туяаг нь л авчихъя гэсэн. Тэгсэн чинь манай аав ээж бас тэндээ ламд үзүүлсэн байгаа юм. Тэгсэн нөгөө лам “Өө, хуяг нь байх юм байна” гээд л Алтанхуяг болчихсон түүхтэй.
-Амархан хэвшсэн юм шиг ээ. Таны Алтантуяаг санадаг хүн одоо олон биш байх?
-Өө, хар багын хэд бол яаж мартах юм. Бусад нь бол мэдэхгүй байх.
-Их сургууль дээрээ та ер нь очдог уу?
-Хааяа очдог. Би чинь биофизикийн тэнхимийн багш хүн шүү дээ. Их сургуулийн удирдах зөвлөлд байдаг. Би их сургуульдаа хайртай. Яагаад гэвэл би таван жил их сургуульдаа суралцаад, арван жил багшилсан. Надад их сургууль минь өмөг түшиг болсон. Миний сэтгэлдээ үргэлж агуулж явдаг хамгийн халуун дулаан орчин шүү дээ.
БАЯД ХҮНИЙ ЯС ЧАНАР БАРГИЙН ХҮНИЙГ ХӨЛДӨӨ ЧИРНЭ
-Ингэхэд нутгийн аялгаасаа хэзээ салсан бэ?
-Би чинь багш хүн шүү дээ. Багш хүн гэдэг чинь хүүхдүүдийн өмнө байнга гарч үг хэлнэ ээ дээ. Их сургуулийн гуравдугаар курст байхад нэгдүгээр 10 жилд дадлагад гарсан юм. Тэгэхэд л миний аялга сүрхий засарсан шүү. Залуухан дадлагын багш хүүхдүүдийн өмнө гараад физикийн хичээл заалаа. Тэгсэн нөгөө хүүхдүүд инээлдээд байдаг. Би ямар үгийг буруу хэлчихсэн юм бол гэж бодож, тэрийгээ олж, уйгагүй засч эхэлсэн. Багшлах дадлага маань надад миний физик заахаас илүү хэлээ жаахан янзалсан дадлага л болсон шүү дээ. (инээв)
-Та бол үнэхээр либериал хүн. Гэхдээ л Ц.Нямдорж сайд та хоёрыг UBS намын зүүн барууны манлайнууд гэдэг. Нутгийн фракцид бол нөлөөтэй биз дээ?
-Надад тийм юм байдаггүй ш дээ. Мэдээж өссөн төрсөн Увс нутаг маань бол миний хамгийн хайртай газар. Гэхдээ би тэнд ямар нэгэн нам байгуулаагүй. Харин Монгол Улсын хэмжээний том нам болох АН-ын дарга болсондоо би баярлаж явдаг. Хүмүүс янз бүрийн л домог ярьдаг гэсэн. Би тэрийг гайхаад байдаг юм. Магад ч үгүй Увсынхныг чичилсэн энэ яриа Ю.Цэдэнбал дарга энэ тэрийн үеэс улбаатай эд байж ч мэдэх юм. Увс нутагт төрсөн нэгэн сайхан хүү 40 жил энэ Монгол гэдэг улсын төрд байжээ. Тэрнээс үүдэж л жаахан гоочилдог юм гарсан байх л даа. Би тэрэнд нэг их эмзэглээд байдаггүй. Гэхдээ миний хувьд ямар нэг аймгийн намын тухай, ямар нэг нутаг ус дамнасан лоббины тухай бодол тээдэггүй. Бидэнд ганцхан эх орон бий. Тэр нь энэ Монгол Улс. Энэ Монгол Улсаа л яаж хөгжүүлэх тухай бодлоор л амьсгалж явдаг.
-Гэхдээ л нутгийнхантайгаа найзладаг биз дээ?
-Нутгийнхантайгаа найз байлгүй яахав. Миний үе үеийн найзууд зөндөө байна ш дээ.
-Баяд дөрвөд гээд л хүмүүс үндэс угсаагаараа бие биенээ доромжилдог. Танд тийм юм тохиолддог уу?
-Үгүй.
-Та яг аль сумынх билээ?
-Би аймгийн төвийн хүүхэд. Аав ээжээрээ яривал баяд хүн.
-Баяд хүмүүсийн бусдаас ялгарах хамгийн том чанар юу вэ?
-Аав ээж хоёрыгоо л харж боддог юм. Манай аав бол мундаг амин тэжээлч хүн байсан. Манай Увсынхан бол энэ үгийн утгыг мэднэ л дээ. Та сайн ойлгохгүй байгаа байх. Аав маань үнэхээр юм юманд авьяастай. Хөдөлмөрч, шинийг сэтгэгч, идей гаргагч хүн байсан. Манай ээж бол юмханаар юмыг галзуу хийдэг хүн байсан. Яаж үүнийг хийчихэв ээ гэж гайхширтал хийдэг тийм хүн байсан. Манайх социализмын үед зах зээлийн маягаар амьдарч байсан айл шүү дээ. Манай аав аймгийн түүхий эдийн эрхлэгч хүн байсан юм. Аймгийн төвийн түүхий эдийн эрхлэгч гэдэг чинь бүх юмыг зохицуулж байдаг, нэг үгээр мэддэг хүн байхгүй юу.
-Тэр мэдээж?
-Манай аав үнэхээр олон талын авьяастай. Тэр үедээ хүмүүсийн аймгийн шүүхэд бичих өргөдлийг бичиж өгдөг, монгол бичиг, кирилл бичгийн авьяасаар бол тасархай. Дараагийн нэг чадвар нь олон нийтийн ажлыг их мундаг хийдэг хүн байсан. Тэр үед худалдааны трестийн үйлдвэрчний хороон дарга байсан. Орост явж амарч ч байх шиг. Үнэхээр сэргэг, сийрэг ухаантай, юм юманд ясны авьяастай, тасралтгүй хөдөлмөрлөгч хүн байсан даа. Баяд хүний яс чанар гэж ийм л зүйл байдаг. Баргийн хүнийг ядраана даа. Манай ээж одоогийн хэллэгээр бол менежментийн ухаантай, за тэр гүйцэтгэлийн хяналт шалгалт энэ тэрээр бол дээд зэргийн хүн байсан. Ямар нэгэн юмыг дутуу хийсэн л байвал дахин дахин хийлгэж, дахин дахин шалгана. Энэ их зөв юм билээ. Би гэрийнхээ шалыг цэмцийтэл нь угааж байгаа юм. Тэгээд гадаа гараад ахиад хананы илүү гарсан хэсгүүдийг гялалзтал угаана. Ээж нэг бүрчлэн шалгана. Жаахан л сөөм хэрийн тоостой хэсэг үлдсэн байхад ахиад л хийлгэдэг. Тийм төлөвшилтэй хүүхэд ахин дахин хийгээд эргэж буцаад байдаг хүн болдоггүй. Бүх юмыг жин тан, анхнаас нь гүйцэд хийж сурдаг.
ХҮН БҮХНИЙ АЗ ЖАРГАЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ ӨӨР ШҮҮ ДЭЭ
-Улс төр бол хатуу салбар. Улс төрөөс хүн нөхөдтэй ч үлддэг, дайсантай ч үлддэг. Та бол нөхөд олонтой. Харин дайсантай юу?
-Минийхээр бол байхгүй ш дээ. Муудалцах сайдалцах асуудал бол байх ш дээ. Надад ч зөндөө л байдаг юм. Дээд тал нь хоёр жил дуугүй явдаг юм. Тэгээд л дуугараад эхэлдэг юм. Юугаа булаацалдаад, муудалцаад байдаг юм бэ. Би ойлгодоггүй. Эсвэл надад хүнтэй булаацалдаад байхаар том эрх ашиг байхгүй байгаа юм уу. Лаг том мөнгөн дээр бол дайсан болж магадгүй байх л даа. Хүн бол төгс төгөлдөр амьтан биш. Н.Алтанхуяг бол түмэн дутагдалтай. Өөрөө түмэн дутагдалтайгаа мэдсээр байж бусдын тэрэнд нь эмзэглээд яах юм. Юмыг уучилдаг, өршөөдөг, жаахан том хардаг л байх ёстой. Дээрээс нь бие биенийхээ сайн чанарыг хөхиүлж, дэмжих юм бол бид их том амжилтад хүрнэ. Бие биенийхээ мууг л хашгираад дуудаад байх биш юм билээ.
-Танай аав мундаг хүн байсан юм байна. Та харин хэр аав бэ?
-Хүүхдүүдэд амьдралын арга ухаан суулгах энэ тэр Н.Алтанхуягт бол байхгүй ш дээ. Би муу аав байх.
-Та фото зураг их авдаг байсан юм байна лээ. Тэр хобби тань хэвээрээ юү?
-Хэвээрээ. Фото зурганд би их сонирхолтой ш дээ. Сайхан сайхан байгалийн зураг авах их дуртай. Одоо миний өрөөнд Хархираа уулан дээрээс авсан нэг зураг байгаа. Жаахан цас орчихсон үед авсан Чандмань уулын зураг. Би өөрөө авсан. Тэгээд тэрийгээ томруулж угаалгаад ханандаа өлгөсөн. Өглөө ажилдаа ороод ирэхэд үнэхээр сайхан энерги авдаг. Би бас явган явах дуртай. Яагаад явган явах дуртай болчихсон юм бэ гэхээр би есдүгээр ангидаа улсын 8000 километрийн гүйлтийн идэрчүүдийн аваргад орж байлаа. Гүйлтийн спортоор хичээллэж байсан. Тэгээд дараа нь алхах дуртай болчихсон. Өөр илүү дутуу хобби байхгүй. Гүйлтийн спортоос би тэсвэр хатуужлаа авсан. Сэтгэлийн тэнхээгээ олж авсан.
-Холын зайн “тамирчин” юм байна?
-Улс төр ч гэсэн холын зайн гүйлт шүү дээ. (инээв) Тэр утгаараа би ойрхон зайны улс төрийн тоглоомд дургүй.
-Бүр яаж ч тэсээд байсан оролдоод, хатгаад байвал та бухимдлаа яаж илэрхийлдэг вэ. Тэсвэрт хязгаар байдаг шүү дээ?
-Хоёр жилд нэг тэсэрч болох л байх л даа. Би харьцангуй тэсвэртэй ш дээ. Яах юм бэ. Би хэн нэгний төлөө амьдраагүй л байхгүй юу. Тийм учраас би хүмүүсийг уучилчихдаг юм. Би дайралт, тэр хатгалт энэ тэрийг нэг их хүндээр хүлээж авдаггүй байхгүй юу.
-Сэтгэлийн шарх авдаггүй гэж үү?
-Би аль болохоор авахгүйгээр л явдаг. Тэр байтугай санаатай оролдоод байсан ч би тэрийг хүндээр авахыг боддоггүй.
-Танай Увсаас дуучид их төрж байна. Та дуулдаг уу?
-Миний дуулах гэж юу байхав дээ. Гэхдээ би дуунд их дуртай. Монгол, орос, англи дуунууд их сонсдог. Би мундаг дуулах биш иймэрхүү жижигхэн өрөөнд бол дуулна шүү дээ. Дээр үеийн дуунууд байдаг ш дээ. Аялгуу нь тансаг яруу, үг нь гайхамшигтай. Би тийм дуунуудыг нэг эхлэвэл дуустал нь дуулдаг. Дээр нь би яруу найрагт маш их дуртай. Жишээ нь, О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” гэдэг шүлгийг би өдөр болгон сонсохыг боддог. Аз жаргалын тухай ойлголт гэж чухам юу юм бэ. Хүн хүний аз жаргалын тухай ойлголт өөр ш дээ. Д.Пүрэвдорж гуай байна, Б.Лхагвасүрэн гуай байна. Үнэхээр гайхамшигтай.
-Танай нутгийн нэг дуучин залуугийн тухай хүмүүс их ярих юм. Та ойр байдаг уу. Тэр зүгээр л нэг түмэнд хүндлэгдсэн нийтийн дуучин явж болох байсан. Харин яагаад ч юм хазайгаад явчихлаа гэж хүмүүс үзээд байх шиг?
-С.Жавхланг асууж байгаа бололтой. Би нэг удаа уулзсан. Яах гэж уулзсан гэхээр “Улаангом” гэж гоё дуу байдаг байхгүй юу. Тэрнийг С.Жавхлан дуулчихсан байсан. Аймаар гоё дуулсан байсан. Тэр дууг нь сонсоод би С.Жавхланг олж уулзсан. Би энэ дуунд клип хиймээр байх юм аа, Увсад очоод Увс нуур, Улаан уул, Хархираа, Хяргасыг оруулаад галзуу гоё клип хийе гэж урьж байгаад ярьсан л даа. Түүнээс хойш уулзаж чадаагүй явна. Нөгөөх маань яагаад ч юм таг л болчихсон.
-Таны хамгийн сүүлд хүлээж авсан муу мэдээ юу вэ?
-Японд болсон цунами. Үнэхээр эмгэнэлтэй үйл явдал боллоо. Манай нутагт ингэж ярьдаг. Үйл гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж. Байгалийн гамшиг гэдэг бол үнэхээр хэлж биш хийсч ирдэг зовлон юм. Үнэхээр муу мэдээ энэ л байлаа.
-Тэгвэл хамгийн гоё мэдээ юу байв?
-Бас л цунамитай холбоотой. Бид өөрсдийгөө хүнээ байж байна. Яс чанараар муудаж байна гэж их шүүмжилдэг болсон шүү дээ. Гэтэл үгүй юм байна. Манай монголчуудын сэтгэл сайхнаараа байгаа юм байна. Хүн болгон тусалъя, дэмжье, тав арван төгрөг ч хамаагүй цуглуулъя, дулаан хөнжил өгье гэж амьсгаллаа шүү дээ. Ядарсан цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг бидний яс чанар ч танигдлаа. Монголчуудынхаа энэ хар аяндаа оволзож байгаа сэтгэлийн чанарыг олж харж дотроо би огшсон. Үнэхээр сайхан байсан. Монголчууд бид чинь ийм л улсууд шүү дээ гэж бодож сэтгэл сайхан болсон. Энэ миний хамгийн сүүлд мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмж минь байлаа.