Тахрирын хувьсгал
Маргааш Каирт ирэх Казахстаны онгоцонд курсэд ирсэн танай Дипломат албаны 14 нөхрийг суулгаад буцъя хэмээн Казахстаны ЭСЯ-ны консул хэллээ гэж 19.45 цагт манай Чинтүшиг надад хэллээ.
(Каир-3)
Маргааш Каирт ирэх Казахстаны онгоцонд курсэд ирсэн танай Дипломат албаны 14 нөхрийг суулгаад буцъя хэмээн Казахстаны ЭСЯ-ны консул хэллээ гэж 19.45 цагт манай Чинтүшиг надад хэллээ. Би Элчин сайд руу нь өглөө утасдаж улам баталгаажуулах үүрэг өөртөө хүлээв. Шөнө дунд Х.Мубарак ард түмэндээ хандаж үг хэлэх болжээ. Энэ өдрийг тэмцлийн шийдвэрлэх өдөр, түүхэн өдөр хэмээн гадаадын ТВ-үүд таамаглаж байвч Египетийн Nile ТВ-ийн сувгуудыг харвал тэгнэ гэх шинж тэмдэг алга. Х.Мубаракийн энэ удаагийн хэлсэн үг өмнөхөөсөө арай зөөлөрсөн, босогчдын шаардлагыг тусгасан шинжтэй байв. Тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалд дахин нэр дэвшихгүй, албан тушаалаа үүрд орхих болно, гэхдээ тэр нь 2011 оны намар есдүгээр сард, Засгийн эрхийг өөрийнхөө залгамжлагчид тайван замаар шилжүүлнэ, тайван амгалан эх орноо дараагийнхаа Төрийн тэргүүнд үлдээнэ гэсэн амлалт өгчээ. Сөрөг хүчний тавьж буй шаардлагын дагуу нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр реформыг нэн даруй эхлүүлнэ гэсэн үгс ч бас байна. Мубарак одоо Засгийн эрхийн төлөө тулалдаж байгаа бус, өөрийнхөө нэр төрийн төлөө, нэр төртэйгөөр Засгийн эрхээ шилжүүлсэн хэмээн түүхэнд үлдэхийн төлөө тэмцэх болж байгаа юм байна.
Орой хөл хорих цаг эхэлмэгц Маади дүүрэг нам гүм боллоо. Хотын төвд л тэмцэл өрнөж байгаа бололтой. ГХЯ-ныхаа хариуцлагатай жижүүрт байдлыг илтгээд шөнө тайван хоноцгоов.
Хоёрдугаар сарын 2-ны Лхагва гаригийн өглөө үүрийн гэгээтэй уралдан сэрцгээлээ. 06.45 цагт хоёр ажилтнаа нисэх буудал руу явуулав. Нутаг буцна гэсэн нэг оюутныг зам зуураа аваад явахаар тогтлоо. Энэ хооронд би Казахстаны Элчин сайд Бахтияр Тассымовтой ярих ёстой. Манай хоёр ажилтан тэр оюутнаа аваад өөрийнхөө 14 нөхрийн паспортыг аваад нисэх буудалд очлоо гэж 07.45 цагт над руу хэлэв. Казахстаны Элчин сайдын гар утас руу холбогдож ярилаа. Тэднийх мөн л харуул хамгаалалтгүй, нөхцөл байдлыг харзнаж байгаа гэж байна. Иргэдээ нутагт нь буцааж байгаа юм байна. Хоёр гурван ч онгоц ирээд авчихсан, удахгүй нэг онгоц ирнэ, түүнд Танайхныг оруулж болох юм, гэвч Астанагаас албан ёсны шийдвэр ирээгүй, албан бичиг ирвэл саадгүй, албан бичиггүй бол онгоцны экипажийнхан монгол иргэдийг оруулахгүй шүү дээ гэж учирлаж байна. Арга ч үгүй биз. Тэр бичгийг нь өгүүлүүлэхээр Астана руу Х.Аюурзана сайд руу Москвагаар дамжин холбогдлоо. Казахстаны ГХЯ-ных нь шийдвэрийг түргэн өгүүлээч, 11.00 цагт онгоц нь хөөрөх гэж байна. Манайхан нисэх буудал руу явж байна гэж би хэлүүллээ.
Гэтэл гадаа хаалганы хонх цохиж Кувейтын ЭСЯ-ны консулын туслах ирэв. Бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн, виз дарж өгөхөөр ирлээ гэдэг юм байна. Кувейтын Эмирийн өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл энэ биз ээ. Бид ч дор нь шийдвэр гаргалаа. Казахстаны онгоцыг хүлээж ингэж бичиг цаасанд уягдаж байхаар Кувейт руу хүмүүсээ дүрвүүлье, тэр нь ч амар гэж үзлээ. ЭСЯ-ны гадна талын хамгаалалт бас л эзгүй. Нөгөө харуулын бага дарга нэг тийшээ алга болжээ.
10.20 цагт манай ГХЯ-наас утасдаж төвийн шийдвэрийг надад уламжилж байна. Онцгой нөхцөлд ажиллах төлөвлөгөөгөө мөр, ЭСЯ халдлагад өртвөл дүрвэхэд бэлтгэ, бичиг баримтуудаа баглаж бэлтгэ, дүрвэлээ гэдгээ суугаа орныхоо ГХЯ-нд мэдэгдсэн ноот захидал бэлэн болго гэж байна. Тиймдээ ч арай тулахгүй болов уу гэсэн байр сууриа би хэллээ. Кувейтэд байгаа манай гэр бүлийнхнийг Улаанбаатар руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарчээ.
Нисэх буудалд байгаа манай иргэдийг Кувейтын онгоцонд багтаан авч явахаар шийдүүллээ гэдгийг 11.20 цагт, манай 12 хүн Кувейтын онгоцонд суусан, одоо хөөрч байна гэдгийг 12.40 цагт Чинтүшиг надад мэдэгдэв. Үлдэх гурван хүнийг 15.00 цагийн онгоцонд оруулахаар ажиллаж байна гэнэ. Энэ тухай Кувейт дэх манай ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга Д.Бямбадорж (түр хамаарч байсан) руу утасдаж мэдэгдлээ. Тэрээр хүлээн авч түр байрлуулаад цааш нь Бээжин рүү явуулах ажлыг зохион байгуулах ёстой. Ингээд нэг том давааны цаана гарлаа. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар төвөөс өгсөн эхний том даалгавар биеллээ.
Үдээс хойш зурагтын бараг бүх мэдээ ганцхан үйл явдлыг харуулж байна. Тахрирт Мубаракийн талынхан хүч түрэн орж ирэн эсрэг жагсаал зохион байгуулж чулуу модондоо тулж, тэр нь талцаж хуваагдсан маш том мөргөлдөөнд хүргэжээ. Мөргөлдөөн ч гэж хэлж болох, эсвэл гамшиг, дайрлага ч гэж нэрлэхэд хилсдэхгүй. Чулуу мод юу тааралдсанаараа нүдэлцэж байна. Учир тоймоо алджээ. Чулуун мөндөр асгаж, гал шатаж, утаа манан дотор хэн ялагч хэн ялагдагч нь мэдэгдэхээ больжээ. Хөдөөнөөс тариачид, нүүдэлчин бедуинууд морь, тэмээтэйгээ жагсаалаар ирж Тахрир дэх мөргөлдөөнд оролцож эхлэв. Морин цэргийн атак аятай харагдаж байна. Морьтонгууд мод шийдэм, ташуураар зэвсэглэжээ. Хүний зовлон мал адгуустаа хүрлээ. Энэ дүрсийг олон цаг харууллаа.
Манай хоёр залуу 15.00 цагийн үед ЭСЯ-ндаа эсэн мэнд ирлээ. Үдээс хойш бид (Каир хот) мэдээллийн бүслэлтээс гарчээ. Нэгэнтээ интернэтэд холбогдсон тул би ийш тийшээ мэйл бичиж, чаатлан өнжив. Бидний төлөө санаа зовнисон, асууж сурагласан мэйл лав 30-аас хол давсан байна. Бүр алс холын Бразилаас хүртэл бразил найз маань сэтгэл зовсон захиа ирүүлжээ. Юуны өмнө Улаанбаатарт суугаа ах дүүс, үр хүүхэддээ эсэн мэнд байгаагаа мэдэгдэх нь зөв. Монголын ТВ-үүд Египетийн байдлыг айхтар сайн мэдээлж байгаа юм байна. Египетийн Сангийн шугамаар тус оронд ирж суралцсан монгол иргэдийн тоо 1000-аас хол давсан тул энэ орныг мэдэх, сонирхох, ярих хөөрөлдөх шалтаг мундахгүй. Монголчууд битүүнээ хийж байгаа тул бид гурав ч мөн битүүрэхээр шийдлээ. Эхнэрүүдийнхээ чимхээд хөлдөөчихсөн буузнаас жигнэж идлээ.
Манай курсын хэд маань сайн яваад Кувейтэд очжээ. Оютнууд ч тайван байна, тэр хавьд нам гүм гэсэн мэдээг Хурметаас аваад тайвширлаа. Зурагтаар нөгөө л чулуу нүүлгэсэн, зодолдсон, жагссан, шархадсан, цусаа урсгасан хүмүүсийг харуулсаар байна. Шархтангуудыг Каирын төвийн эмнэлгүүд хүчрэхээ болилоо. Тархиа хагалуулсан, хутгалуулсан, нүдээ тэс цохиулсан хүн гэхэд л олон зуугаар яригдах хэмжээнд очжээ. Шөнө дунд харилцан буудалцсан бололтой. Эрүүл мэндийн сайдынх нь мэдэгдсэнээр 5 хүн алуулж, 800 хүн шархаджээ. Энэ бол мэдэгдэж байгаа албаны тоо, цаана нь хэд байгааг хэн мэдэх билээ. Прогрессоор өсөх нь мэдээж. Алагдсан хүн 8, шархадсан 1500 байна гэж Вести-гээр өглөө нь мэдээлж байв. Аптекууд маш их ачаалалтай, бас их орлоготой , шархны маарал, хөвөн, антибиотек гүйж өгч байгаа бололтой. Хургадад байдаг аптекийн эрхлэгчийн гэргий Отгонсүрэн хэлж байна. Нөхөр нь маш их завгүй өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэж. Тахрирт жагсагчид хоёр талаасаа шөнө дөл болтол үзэлцжээ. Шатдаг шингэн бүхий шилээр нүүлгэлцэж, бүр танк шатаж байгаа харагдав. Буун дуу ч тасархгүй байгаа бололтой. ГХЯ-ны хариуцлагатай жижүүрт байдлыг мэдээлчихээд шөнө дунд түр дугхийв.
Маргааш нь 2 дугаар сарын 3, “Шинийн нэгэн”, мөрөө гаргая, гурвуулхнаа ч гэсэн золгоё ёслоё гэж шийдээд өглөө эртлэн бослоо. Нар зөв тойрч мөр гаргангаа ойр хавиа ажиглаж, фото зураг авахаар гарлаа. Хоёр танк манай ойролцоо 50 метрийн цаана, 6 замын уулзварын тойрог дээр зогсож байна. Цэрэг цагдаа нийлсэн 10 гаруй хүн байна. Сайхан сайхан саглгар моднуудыг унагаж зам хаасан, хог новш, чулуу хөглөрсөн дүр зураг угтав. Би кварталаа бүтэн тойроод ЭСЯ-ндаа ирлээ. Ганц нэг мухлаг онгойсон харагдана. Манайхны талхаа байнга авдаг талхны цех онгорхой байна, харин сухайраас өөр юм хийхээ больжээ.
Оюутнууд тайван хоножээ. Тэр хавьд бужигнаангүй гэнэ. Гэвч түгшиж байна, буцмаар байна гэсэн яриа гарчээ. Ингээд Туркийн онгоцонд тэднийгээ багтаах талаар ажиллахаар Туркийн ЭСЯ-тай холбогдох хэрэгтэй болов. Манай Чинтүшиг Туркийн ЭСЯ-ны консултай холбогдож ярилцжээ. Анкарад манай Элчин сайд О.Очиржав Туркийн ГХЯ-тай энэ талаар ярилцахад цаадуул нь тусална гэсэн юм билээ. Өмнө нь манай ГХЯ-ны ноот ч оччихсон байгаа.
Бид гурав 10.30 цагт золголтоо хийж бууз идсэний дараа Туркийн ЭСЯ-наас утасджээ. Оюутнуудаа нисэх буудал руу аваад оч, суудал гарвал суулгая гэсэн гэв. Бид түргэн авав. Гадуур такси, микробус зорчиж эхэлсэн байсан тул оюутнуудыг яаралтай онгоцны буудал дээр очсон байхыг мэдэгдэв. Заримыг нь манай хоёр ажилтан замаасаа авна. 14.00 цаг гэхэд манай 31 иргэнийг (24 том хүн, 7 хүүхэд) Туркиш Эрлайнз-ын онгоцонд суулгаж илгээхээр боллоо гэдгээ надад мэдэгдлээ. Тэд 17.00 цагт Стамбулд бууна гэдгийг Анкара руу О.Очиржав сайд руу хэлж тосч зохицуулахыг би хүслээ. Аль-Азхарт үлдсэн хүүхэд 4 том хүн 3 хүүхдийг манай хоёр ажилтан нисэх буудлаас буцахдаа ЭСЯ-нд авчрахаар боллоо.
ТВ-үүд Тахрираас үргэлжлэн мэдээлсээр байна. Сөрөг хүчин хоёр хуваагджээ. Засгийн газартай хэлэлцээ хийхээс Лалын ахан дүүс болон Мохамед эль-Барадей татгалзаж, бусад улс төрийн намууд хэлэлцээ хийе гэсэн гэнэ. Дэд ерөнхийлөгч О.Сулейман Тахрирын талбайд шууд хэлэлцээ хийе гэсэн санал тавиад хэлэлцээндээ орсон хэмээн Nile ТВ мэдээлэв. 15.00 цагийн мэдээнээс үзвэл Ерөнхий сайд А.Шафик мэдэгдэл хийж жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэндээ, ерөөсөө цус урсгасан ийм явдал болсонд Засгийн газар уучлал гуйж байна гэв. Босогчидтой хэлэлцээ хийхийн тулд өөрөө Тахрирт очиход бэлэн байна гэв. Египетийн улс төрийн 15 нам, хөдөлгөөн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Гэхдээ хүч хэрэглэвэл хэлэлцээ хийхгүй гэнэ. НҮБ ажилтнуудаа Египетээс нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Өмнөх Засгийн газрын сайд асан хүмүүсийг Египетээс гарч явахыг хоригложээ. Хүч хэрэглэж хүний амь сүйтгэсэн хэргээр өмнөх Дотоод хэргийн сайдыг шүүхэд татна, өмнө Засгийн газрын гишүүдийн хээл хахуулийн хэрэг, банкны мөнгө угаасан хэргийг шалгаж эхэллээ хэмээн эрх баригчид мэдэгдлээ. Египетийн Ерөнхий прокурор Абдель Мегид Махмудын мэдэгдсэнээр бол Дотоод хэргийн сайд асан Хабиб аль-Адли, Аялал жуулчлалын сайд асан Зухайр Гарранах, Орон сууцны сайд асан Ахмед аль-Маграби, мөн ЕҮАН-д ханвив өгч байсан тэрбумтан нэг нөхрийн банкин дахь мөнгийг шалгаж эхэлжээ.
17.00 цагт манай хоёр ажилтан хоёр машинтайгаа нисэх буудлаас ирлээ. Каираас буцахгүй гэж шийдсэн 7 иргэнээ буцах зам зуураа дайж ирэхээр шийджээ. Аль-Азхарын их сургуулийн мусульман оюутан Баттогтох, түүний эхнэр Сайнжаргал, шашны их сургуульд дөнгөж ирсэн Эрдэнэтийн мусульман охин Орхонтуул, мөн оюутан Манасын гэргий, 3 хүүхдийг хүргэж ирлээ. Тэднийг ЭСЯ-ны 5 дугаар давхрын сул байранд оруулав. ЭСЯ хүч нэмлээ, олуулаа боллоо. Одоо Каир хотод халуун цэгт амь нас нь эрсдэлтэй үлдсэн монгол нэг ч иргэн байхгүй боллоо. Тэр хэдийг ЭСЯ-ны хамгаалалтдаа авснаар монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар төвөөс өгсөн даалгаврыг үндсэнд нь биелүүллээ.
18.00 цагийн мэдээнээс үзвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Х.Мубарактай утсаар ярьж мөргөлдөөнийг эв зүйгээр, хуулийн дагуу зохицуулахыг уриалаад Каир дахь ОХУ-ын ЭСЯ, ОХУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар санаа тавьж байгаад талархжээ. Мубаракийн хүү Гамаль Мубарак эрх баригч ЕҮАН-аасаа гарснаа зарлаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй хэмээн мэдэгджээ. Mаргааш буюу Их мөргөлийн Баасан гаригийг (2 дугаар сарын 4) “Мубаракийг үдэх өдөр” болгоно хэмээн сөрөг хүчнийхэн зарлажээ. НҮБ-ын гаргасан мэдээгээр бол нэгдүгээр сарын 25-наас хойш жагсаал мөргөлдөөн үймээний хөлд 300 хүний амь эрсдэж, 4000 хүн шархаджээ. АНУ-ын ЭСЯ-наас нэг хүн утасдаж бидний аюулгүй байдлыг асууж тодруулсан гэнэ.
Өчигдөржингөө алалдаад шөнө дунд хүргэжээ, 12 хүн алагдаж, 1200 хүн шархадсан тухай ТВ-үүд мэдээлж байна. Үүрээр нам гүм болжээ. Өнөөдөр 2 дугаар сарын 4, шийдвэрлэх өдөр болно хэмээн сөрөг хүчнийхэн ерөөгөөд байгаа. Өглөө эрт ГХЯ-ныхаа хариуцлагатай жижүүртэй холбогдож урд шөнийн байдлыг мэдээлж, монгол иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаа дууссан, гурван үе шаттай яаралтай арга хэмжээ авсан гэдгээ хэллээ. 1) Эхлээд ЭСЯ-ныхаа гэр бүлийнхнийг Кувейт руу нэгдүгээр сарын 30-нд яаралтай гаргасан; 2) Дараа нь курсэд суралцаж байсан дипломатчдаа мөн Кувейт руу 2 дугаар сарын 2-нд гаргаж чадсан; 3) Монгол оюутнуудыг гэр бүлтэй нь Турк руу 2 дугаар сарын 3-нд нүүлгэн шилжүүлсэн. Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлсэн, одоо Каирт 10 монгол иргэн ЭСЯ-ны хамгаалалтад байна, энэ тухай мэдээлэв.
Үймээн дэгдсэнээс хойш Х.Мубарак анх удаа хэвлэлийнхэнд ханджээ. Америкийн “ABC” ТВ-д өчигдөр ярилцлага өгчээ. Төрийн албанд 62 жил зүтгэлээ. Надад хоргодох юм байхгүй, би явж болно. Гэхдээ би эх орноосоо хаашаа ч явахгүй. Сонгууль хүртэл албан тушаалаасаа буухгүй, албан тушаалаа нэн даруй өгчих аваас улс орон хаост орно гэж сэрэмжлүүлжээ. Каирт ард түмэн хоёр талцан ширүүн мөргөлдөж байгаад тэрээр маш их харамсаж, бурууг нь “Лалын ах дүүс” хөдөлгөөнд тохжээ.
Мубаракийг солих талаар ч элдэв хувилбар яригдаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Үүнийг АНУ-ын Засаг захиргаа Египетийн одоогийн Дэд ерөнхийлөгчтэй хэлэлцэж байгаа гэнэ. Мубаракийг огцруулаад шилжилтийн Засгийн газрыг Омар Сулейманаар толгойлуулан байгуулна. Шилжилтийн Засгийн газар нь юуны өмнө Үндсэний хуулийн реформ хийнэ, сонгуулийн хуулийг өөрчлөн шинэчлэнэ, ингээд 2011 оны 9 дүгээр сард чөлөөт шударга сонгууль явуулаад халаагаа өгнө гэсэн хувилбараар ярилцсан гэнэ. Шилжилтийн Засгийн газрын бүрэлдэхүүнд улс төрийн бүх намын төлөөлөгчид, түүний дотор хориглогдсон “Лалын ахан дүүс”-ийнхэн ч орох ёстой гэнэ.
13.00 цагт үдийн хоолон дээрээ бид цуглацгаав. ЭСЯ ам бүл нэмчихсэн, одоо 10-уулаа, оюутан бүсгүйчүүд тогоо бариад алзахгүй болжээ. Энэ 10 монголын хамгийн ахмад нь би, хамгийн отгон нь 7 сартай хөөрхөн хасаг хүү байна.
Жагсагчидтай хэлэлцээ хийхээр Батлан хамгаалахын сайд үдээс өмнө Тахрирт очсон ч машинаасаа буулгүй нэг тойроод гарсан бололтой. Түүнийг хэн ч хүлээн авсангүй, одоо Эрүүл мэндийн сайдаа Тахрир руу илгээж хэлэлцээ хийлгэнэ гэж эрх баригчид мэдэгдэж байна.
Тегеранд болсон Баасан гаригийн Их мөргөлийн цуглаан дээр Ираны хувьсгалын дээд удирдлагч аятолла Хаменей үг хэлж Мубаракийг ширүүн шүүмжилжээ. Египетэд одоо болж байгаа үйл явдал бол америк, израилийг долдойлсон Мубаракийн олон жилийн бодлогынх нь үр дүн, АНУ, Израилийн гар хөл болсныг эсэргүүцэж египетийн ард түмэн босч байна. Бослого мечетээс эхэлсэн, лалын шашин бослогыг удирдсан, египетийн ард түмэн босч Мубаракийг унагах болно, тэгээд АНУ-ыг Ойрхи Дорнодоос хөөж гаргана гэх аятай юм ярьжээ. Египетийн христосын шашны цөөнхийн төлөөлөгчид эрх баригчдад хандаж уриалга гаргажээ. Учир нь эсэргүүцлийн энэ тэмцэл цаашаа даамжирсаар исламистууд санаачилга авчих вий, лалын шашны хийрхэл дийлдэхээ больчих вий, Мубаракийг эсэргүүцсэн тэмцэл нь шашны цөөнхийн эсрэг хүчирхийлэл болж хувирах вий гэдгээс тэд үхтлээ айж байгаа юм байна.
(Үргэлжлэл бий)