Ерөнхий сайд Бодоо, шадар сайд Чагдаржав хоёрыг цаазлахын өмнө нүүр тулгаж байцаасан протокол

Цэргийн зөвлөлийн гишүүн сайд жанжин Д.Сүхбаатарын ту­шаалаар Ерөнхий сайд Ардын намын дэд дарга Бодоо, Тэргүүн шадар сайд Чагдаржав нарыг баривчлан сургагч Сорокин дөр­вөн удаа эрүүдэн байцаасан байдаг. Ардын намын анхны Ерөнхий сайд асан Бодоо нарт хилс хэрэг тулган байцаасан протоколынхоо төгсгөлд гарын үсэг зуруулалгүй хурууны хээг нь даруулсан байх юм. Энэ удаад элдвийг нуршилгүй Бодоо, Чагдаржав нарыг нүүрэлдүүлэн байцаасан түүхэн баримтыг толи­луулъя. Бодоо нарт тулгасан ял нь: Богдтой найз нөхрийн холбоотой,  Дамбийжанцан лугаа харилцсан, Улаан намын ноёрхлоос татгалзаж Англи лугаа адил засаглалыг бай­гуулахыг санаархсан, Ардын зас­гийг устгах гэсэн, Автономит засгийг тогтоохыг санаархсан. Америкийн тагнуул, Америкийн элчинд захи­дал бичсэн, Цагаан намын цэр­гийнхэнтэй сүлбэлдсэн зэрэг үндэс­лэлээр ял тулгаж цаазалсан бай­на. Д.Чагдаржавын хувьд Богдын засгийн газрын тагнуул байсан нь үнэн байна. Богдын Засгийн газар Д.Чагдаржавт үүрэг өгөн, Итали, Франц, Энэтхэг, Оросоор явуулж байв. Харин Д.Сүхбаатар бол Улаан Орос, Улаан цэрэгт бэлт­гэгдсэн тагнуул (Энэ тухай түүхэн баримтыг Тагнуулын Ерөнхий газрын www.gia.gov.mn сайтаас үз)   байжээ. Оросын большевикууд "Монгол Улсын нийс­лэл хүрээг хууль бусаар эзэлчих­лээ" гэх сургаар Америкийн дэд консул С.Собокин 1921 оны найм­ду­гаар сарын 18-нд Нийслэл хү­рээнд ирж 27 хоног ажиллажээ. Богд хаантай уулзахад тэрбээр "Цаа­шид гадаад бодлого дээр хэрхэ­хийг миний Засгийн газрын тэргүүн Бодоотой ярилцаарай" гэжээ. Ар­дын намын Засгийн газрын тэргүүн Д.Бодоо Америкийг Хятадтай зуучилж өгөхийг консулаас хүсээд АНУ-тай дипломат харилцаа тог­тоох тухай нот бичгээ АНУ-ын Бээжин дэх элчинд явуулж, дэлхийн олон улсад хандаж зарлан тун­хагласан байна. Бодоо мөн Орос улсад ийм нот явуулжээ. Улаан оросууд Монгол Улс тусгаар тогтно­чих вий гэж  айхдаа Ардын намын дарга Данзан, Сүхбаатар нарыг Москвад яаравчлан дууджээ. Улаан оросууд Бодоогийн Засгийн газрыг устгахгүй бол дийлдэхгүй шинжтэй болохоор Чечерин санаач­лан мэргэжлийн алуурчид бай­цаагч­даа яаравчлан Монгол Улсад ирүүлэн баривчлан яргалах ажил­лагааг Бодоо нараар эхлүүлсэн байна.       

НҮҮРЭЛДҮҮЛСЭН БАЙЦААЛТ

Дотоодыг хамгаалах газрын сургагч Сорокин би Бодоо, Чаг­даржав хоёрыг нүүр тулгаж  бай­цаасан нь:

Бодоогоос асуусан үг: Таны биеийг хөдөөнөөс ирэхэд Чагдар­жав таны биеийг Дамбий­жанцан­тай холбоотой болохын тулд ба­руун зүг яв гэж хэлсэн үү? гэхэд

Бодоогийн хэлсэн нь: Хэлсэн нь үнэн.

Чагдаржаваас асуусан нь: Та Бодоод ийнхүү хэлсэн нь  үнэн үү?

Бодоогийн хэлэх нь: Хэлсэн үнэн.

Бодоогоос асуусан нь: Баруун аймгийг хөдөлгөж нааш явуулан орос, буриадын мэдлээс салгаж болно гэж Чагдаржав танд хэлсэн үнэн үү?

Бодоогийн хэлэх нь: Хэл­сэн үнэн.

Чагдаржаваас асуусан нь : Ийм  хэлсэн нь үнэн үү гэхэд,

Чагдаржав хариу хэлэх нь: Би Орос, Буриадаас салах хэмээн хэлсэнгүй. Гагцхүү Хятад лугаа холбоо байгуулж хуучин автономит засгийг байгуулъя гэсэн нь үнэн.

Бодоогоос асуусан нь: Чагдар­жав Бодоо танд Хүрээний газар хувьсган байлдах цэрэг бэлэн буй ба Улиастайд мянган хүний  зэвсэг бий гэж хэлсэн нь үнэн үү? гэхэд,

Бодоогийн хариу хэлэх нь: Хэлсэн үнэн.              

Чагдаржаваас, ийм хэлсэн нь үнэн үү? гэхэд Чагдаржавын хариу хэлэх нь: Бууны тухай хэлсэн үнэн. Юу гэвэл Хатанбаатар вангийн цагаанаас булаан авсан зэвсэг тэнд буй гэсэн. Энэ Хүрээнд хувьс­ган байлдах бэлэн цэрэг бий гэж хэлсэн нь худал билээ.

Бодоогоос асуусан нь: Чагдар­жавт та гагцаар баруун аймагт явах гэсэн нь үнэн үү? Бас замын гарга­шийг хэн өгөх гэсэн билээ? гэвэл,

Бодоогийн хариу хэлэх нь: Үнэн. Замын гаргашийг Тогтох гүн өгөх гэж байсан.

Чагдаржаваас асуусан нь: Бо­доод та ийнхүү хэлсэн нь үнэн үү?  гэвэл, Үнэн, Бодоо аль газарт ч хамаагүй явна хэмээн хэлж байсан.

Бодоогоос асуусан нь: Бодоо та баруун тийш явахдаа Дотоод яам­ны дэд сайд Жамьян-Очиртай учрах, энэ хэргийг тэр мэдэх учир­тай хэмээн Чагдаржав танд хэлсэн үнэн үү? гэвэл,

Бодоо, үнэн гэв.

Чагдаржаваас энэ үнэн үү?  гэвэл,

Чагдаржав хариу хэлэх нь: Бодоо над хэлсэн. Баруун зүгт би халуун рашаанд эхнэр лүгээ хамт явна. Эндээс гараад замдаа Жамьян-Очир лугаа учирна гэж Бодоо өөрөө хэлсэн нь үнэн.

Бодоогоос: Чухам  баруун зүгт та өөрөө одох гэсэн буюу эсхүл Чагдаржав  таныг одуулах гэсэн буюу? гэвэл,

Бодоогийн хариу хэлэх нь: Чагдаржав намайг явуулах гэсэн. Чагдаржав хэлэх нь: Би явуулах гэсэнгүй. Бодоо өөрөө яана гэсэн.

Бодоогоос асуусан нь: Чаг­даржавын Да Шенхүү пүүсээр дамжуулан Хятад лугаа холбоотой болох гэснийг та мэдсэн үү? гэвэл,

Бодоогийн хариу хэлэх нь: Үнэн. Чагдаржав над хэлсэн.

Чагдаржаваас асуусан нь: Та энэ хэргийг хэлсэн нь үнэн үү? гэвэл,

Чагдаржав хариу хэлэх нь :  Үгүй. Би Да Шенхүү хэмээх пүүсийг мэдэхгүй.

Бодоогоос асуусан нь:  Та энэ Чагдаржавын Да Шенхүүг дамжуу­лах гэсэн хэргийг хэнээс мэдсэн билээ? гэвэл,

Бодоогийн хэлэх нь: Чагдаржав над хэлсэн нь: Жалханз хутагт, Да лам хоёрын алиныг одоо мартав. Тэр хоёрын нэг нь Да Шенхүүгээр дамжуулан Хятадтай холбоотой болох гэж байсан хэмээн хэлэхэд, Да Шенхүү гэж хэн болохыг Чагдар­жаваас асуувал, худалдааны дарга хэмээн хэлсэн.

Чагдаржаваас үнэн үү? гэж асуувал,

Чагдаржав - Үнэн. Жалханз хутагт чингэж хэлж байсан.

Чагдаржавыг Жалханзтай юу хэлэлцсэнээ  илрүүлэгтүн!  гэвэл,

Чагдаржав хэлэх нь: Жалханз ху­тагт Да Шенхүүгээр дамжуулан Хятадтай хэлэлцэж автономит засгийг хэлэлцэж болно хэмээн хэлж байсан нь үнэн гэхэд,

Хэдийд болохыг Чагдаржаваас асуувал: Энэ зун цаг гэв.

Бодоогоос асуусан нь: Соно­мын тухай Чагдаржавтай юу хэлэл­цэж, ямар хэрэг хийх гэж байсан билээ? гэвэл, 

Бодоогийн хариу хэлэх нь:  Чагдаржав надаас асуусан, энэ пүүс хэдий баян, баян аваас  Хятад лугаа  холбоотой болох хэрэгт тус болж чадах уу? хэмээн асууж байсан.

Чагдаржаваас асуувал, ийнхүү хэлсэн үнэн үү? гэвэл,

Чагдаржав хэлээгүй гэв.

Та хоёрын хэн нь худал өгүүл­сэн билээ?  гэвэл,

Бодоо: би үнэн хэлсэн гэв .

Чагдаржав: Энэ тухай юу ч хэлээгүй гэв.

Бодоогоос асуусан нь:  Та Сономын  пүүсэнд орсон уу? гэвэл,                                                                         

Хариу: Орсон.

Чагдаржав танай пүүсэнд ирэв үү, юу хэлэлцэв. Урагш хүн явуулах тухай асуув уу? гэвэл, 

Чагдаржаваас асуусан нь: Та тэдний пүүсэнд явсан уу? хэмээн асуувал ,

Чагдаржав хариу хэлэх нь: Явсан үнэн. Тэдний пүүс асуусан нь "Та Богдын дэргэд байх хүн тул гаалийн хэргийг баахан хөнгөн болгохын тулд  Хятадтай найртай байлгахыг бодохгүй юу? хэмээн хэлэхэд Чагдаржав би "чадахгүй" гэсэн.

Бодоогоос асуусан нь: Дамбий­жанцангийн  мэдэлд орсон баруун хошууг ятган эгүүлэхийн тулд эн­дээс олон цэрэг явуулбал зохино. Юу гэвэл, эндээс олон цэрэг очоод урваж тэнд орох гэснийг санах буюу? хэн танд ийнхүү хэлсэн билээ? гэвэл ,

Бодоогийн хариу хэлсэн нь: Энэ үгийг Чагдаржав над хэлсэн гэхэд,

Чагдаржаваас, үнэхээр Бодоод чингэж хэлсэн буюу? хэмээн асуувал,

Чагдаржав хариу хэлэх нь: үгүй, харин Бодоо чингэж над хэлсэн гэв.

Хэн нь худал мэдүүлнэ хэмээн асуувал:

Бодооо: Би үнэн мэдүүлсэн. Гагцхүү Чагдаржав бас хэлж бай­сан. Данзан сайд, Ламжав гүн хоёр энэ хэргийн учрыг хэлэлцэж бай­хад Данзан хэлсэн хэмээх нь: тэр хошууны тэргүүлэгчийг барьж ав­бал зохино гэхэд, Ламжав най­рамд­лын ёсоор номготгож болно. Хэ­мээн хэлж байсныг хэлсэн. 

Чагдаржав хэлсэн нь: Хэрэв би хэлсэн болов ч Тогтох гүнгийн үгээр хэлсэн.

Чагдаржаваас асуусан нь: Бо­доо танд ийн хэмээн хэлсэн үнэн үү?  Дамбийжанцантай эвлээд Улиастайг авч Хятадтай холбоо байгуулбал ардын засагтай хэ­лэлцэж болох ба автономийг Хята­даас авбал ямар засагтай болохыг бид өвсөөн (өөрсдөө гэсэн үг байж магадгүй Г.Д) мэднэ хэмээн хэлсэн нь үнэн үү? гэвэл,

Чагдаржав хэлсэн нь: Үнэн гэв.

Бодоогоос асуусан нь: Эдгээр үгсийг хэлэлцсэн нь үнэн үү? гэвэл,

Бодоо хариу хэлэх нь: Би хэлээгүй, харин Чагдаржав над хэлсэн гэхэд,

Чагдаржав та үнэнээ мэдүүл!  гэхэд,  Бодоо над хэлсэн гэв.

Бодоогоос асуусан нь: Таны биеийг Ерөнхий сайд байх цагт Чагдаржав таны тамга дарсан сул цаас хэдэн хуудас ав хэмээн хэлсэн нь үнэн үү?  гэхэд,

Бодоо: Үнэн гэв. 

Чагдаржаваас асуусан нь: Үнэ­хээр Бодоод хэлсэн буюу? гэвэл,

Чагдаржав: Үнэн гэв.

Чагдаржаваас: Тамгатай сул цаас авч хэрхэх гэсэн билээ?  гэвэл, Чагдаржав хэлэх нь: Миний бие Лхасад мөргөхөөр одох хэмээн санасан тул хамгаалах бичиг ава­хын тулд хэрэглэх гэсэн.

Бодоогоос асуусан нь: Чагдар­жав мөргөхөөр одох гэж тэмдэгт цаас хэрэглэх гэсэн нь  үнэн үү?  гэвэл,

Бодоо хариу хэлэх нь: Одоо ямар хэргийн учир хэрэглэх гэснийг мэдсэнгүй, гагцхүү үүнийг гуйсан нь үнэн.    

Сургагч Сорокин хэлсэн нь:  Над өөр асуух зүйлгүй. Та нарт өөр мэдүүлэх  зүйл бий юу? гэвэл.

Бодоогийн хэлэх нь: Чагдар­жав, замын гаргашийг Бүтэмж гэлэн, Балжир гавж нараас  гаргуулан, Бодоо намайг Бээжинд явуулах гэсэн.  Би ямар хэргээр явуулахыг мэдсэнгүй. Бодвол, улс төрийн хэрэг буй заа гэж бодсон.

Чагдаржаваас асуусан нь: Та Бодоог ийнхүү явуулах гэсэн буюу? Гэвэл,

Чагдаржав хариу хэлэх нь: Би явуулах гэсэн нь биш, гагцхүү Бүтэмж, Балжир нар Бодоо бид хоёрыг явуулах гэж байсан нь үнэн, өөр мэдүүлэх үгийн зүйл үгүй  гэжээ .

 
Орчуулагч Гомбожаваар хэлмэрчлүүлэн

Байцаасан сургагч Сорокин

МАХН-ын төв архив. Бодоогийн тухай цуглуулга. 7.