Цагаан сарын шинэдээр манай­хан жилийн засал хийл­гэнэ гээд гандан хийдээр нэг бужиг­налддагсан. Мэнгэ голлосон, суудал өнцөгдсөн, жил нь орсон гээд л эсэн бусын засал хийлгэдэг уламж­лалтай. Сар шинэдээр ирэх жилийнхээ явдал сууд­лын  заслыг  хийлгэхээс өмнө бар жилийн төгс­гөл хоёр намын ерөнхий нарийн бич­гийн дарга нарт нэлээд хал­тай болж байна. АН, МАН хоёрын ерөнхий нарийн бичгийн дарга нарын мэнгэ нь голлож,  суудал нь өнцөгдсөн бололтой. Саяхан МАН-ын генсек У.Хүрэлсүх намын дарга­тайгаа сөрөн байж өөрийн­хөө улс төрийг хийж НАМЗХ-ны залуусыг жаг­сааж орхилоо. Тэгээд санаа нь амарсангүй Н.Энхбаярыг МАХН-ын Онц их хурал хурал­­дуулах нь хэмээн намаасаа хөөе гэсэн саналыг  С.Батболдод хэлж мөн л уурыг нь барлаа. Байдал цааш яаж эргэхийг хэн мэд­лээ. Намын ахмадууд нь лав түүнд сургаал үг хайрлаж зан авираа татаж, сэтгэл хөдлө­лөө дарахыг зөвлөсөн гэсэн. Гэвч тэрээр ямар ч асуудалд нухацтай хандахаасаа илүү сэтгэл хөдлөл сэлэм эргүүл­дэг зангаа олон удаа давтвал байдал хаашаа ч эргэж ма­гад­гүй болоод байгаа талаар МАН-ынхан шивэр авир гэх болсон. 

Гэтэл АН-ын генсек Д.Эр­дэнэ­бат намын ээлжит бус их  хурлыг хуралдуулахаар  тэм­цэл явуулахаа илэрхийлсэн залуусыг хүлээж авахгүй бай­сан Н.Алтанхуягийг эзгүй хойгуур нь тэдэнтэй уулзан ойлголцолд хүрсэн. Мөн на­мын даргынхаа дагаар орсон Хамтар­сан засгаас гарах тухай ч хэдэнтээ санаа оноо­гоо илэрхийлж байлаа. Төд удалгүй Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг генсек Д.Эрдэнэ­батаа солих нь гэ­сэн мэдээлэл улс төрийн хү­рээнийхний  дунд чих дамжин нислээ. Өмнөх орой нь өөдөөс нь харж инээж суу­гаад маргааш өглөө ҮЗХ-ны хурлыг Ардчилсан намын дарга Н.Алтан­хуяг зарлав. Хэдийнээс төлөв­лөгдөж бай­сан энэ арга хэмжээ өнгөр­сөн лхагва гаригт фракцуудыг тус тусдаа хуралдахад хүргэв. МоАХ фракцийн зүгээс ерөн­хий нарийн бичгийн даргыг өөрчлөх гэж байгаа талаар мөн түүний оронд  Э.Бат-Үүл гишүүнийг дэм­жих ёстой ту­хай сэм тохиролцсон гэнэ. Гэвч Бат-Үүл гишүүн намын дүрмийн хувьд ч, Улс төрийн намуудын тухай хуулиар ч  ерөнхий нарийн бичгийн дар­гын ажлыг хийх боломжгүй. Харин үүнийг дүрэмд өөрч­лөлт оруулснаар шийдэхээр болов.

Ингэж одоогийн ерөнхий на­рийн бичгийн дарга Д.Эр­дэнэбатыг унагахаар тохи­ролцогсод шийд­жээ. 

Ямар ч байсан АН, МАН-ын генсекүүдийн суудал бар жилд өнцөгдөж. Туулай жил тэднийг ивээнэ биз.   

Харин аз нь шовойсон Э.Бат-Үүл зангаргаараа бол Н.Алтан­хуягийн ерөнхий на­рийн бичгийн дарга байна гэхээр инээдтэй л байгаа юм. Намын дарга байх ёстой хү­нийг яах гэж энд аваачиж хүлж байгаа нь бас анхаарал татах хэрэг. Нөгөө талаас харвал  С.Баяр, М.Энхболдтой на­мын даргын төлөө өрсөл­дөөд ялагдсан атлаа ерөнхий нарийн бичгийн даргынхаа суудлаас алгуурхан барьцаа ахиулж дараагийн Их хур­лаар намын дарга болж бай­сан удаатай. Э.Бат-Үүлийг доош орж намын ерөнхий нарийн бичгийн даргын аж­лыг сонирхлоо гэж бодлоо ч алсдаа Н.Алтанхуягийг зай­луулж намын дарга болох алхам нь байж болох юм гэж л С.Баярын М.Энхболдыг унагасан сургамжит явдлыг  бодож  тайвшрахаас.

Бас нэг зүйл нь Ардчил­сан нам ерөнхий нарийн бичгийн даргаа солилоо гэхэд өөр сонголт байхгүй мэт  хамгийн ахмадаасаа сонголт хийсэн нь  ч хачирхалтай.      

Одоо угаас Ардчилсан нам, МАН хоёр үзэл бодол үйл хэргээрээ нэг их хол зө­рөхөөргүй болсон. Ялгаа нь зөвхөн нам дахь боловсон хүчний насны л зөрүү. Нэг ёсондоо Д.Эрдэнэбатыг Э.Бат-Үүлээр солино гэдэг нь өнөөдрийн өнцгөөс харахад  Ардчилсан намыг улам ух­ралт хийгээд байгааг нотлоод байна. 

Намын ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг гол  хэлэлцэх асуудлаа болгосон АН-ын ҮЗХ-ны хурал МАХН-ын Онц их хурал болж буй үетэй давхцаж байгаа нь Н.Алтанхуягт санал болгосон   МАН-ын удирдлагын зөвлө­гөө гэж хэлэх хүн олон байна. Учир нь МАХН хэмээх  шүд­ний өвчиндөө МАН зовиур­лан нойргүй хонох болоод  нэлээдгүй хугацаа  өнгөрлөө. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж Онц их хурлаа хийж буй МАХН-ын хурлыг саар­маг­жуу­лахын тулд намынхаа ҮЗХ-ны хурлыг саармаг­жуу­лахыг ийнхүү Н.Алтанхуягт санал болгосон нь энэ. 

Энэ мэтээр  АН,  МАН хоёр үй зайгүй нөхөрлөж болоод байгаа хэрнээ нам дотроо бол шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байдаг нь хачин.

Гэвч өөр өөр үзэл баримт­лалтай намууд нөхөрлөж найзалж байна. Найзан дун­даа тохиролцож байна. Ха­рин дотроо толхилцож, хага­ралдаж байна. Үр дүнгий нь  ирэх сонгууль харуулна.