Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай маргааш болох ҮЗХ-ны хурлын талаар ярилцлаа.

-Үндэсний зөвлөлдөх хорооны хурал гэнэт зарлагдлаа.Ямар асуудал хэлэлцэх гэж байгаа вэ?

-“Монгол хүн-2020” хөтөлбөрийг авч хэлэлцэнэ. Мөн намын дүрмийн өөрчлөлтийн талаар авч хэлэлцэхээр болсон. Цагаан сараас өмнө ҮЗХ-г хуралдуулна гэж байсан. Товлосон хугацаандаа л хийх гэж байна.

-Намын нарийн бичгийн даргыг өөрчлөх тухай ярихгүй хэрэг үү. Энэ талаар аль хэдийнэ шуугиад эхэлсэн шүү дээ?

-Албан ёсоор ийм зүйл яриагүй. Би ямар нэгэн байдлаар алдаа гаргасан юм уу, Ноцтой буруу зүйл хийсэн  юм уу.  Тийм бол тэрийг нь  нотлох хэрэгтэй байх.  ҮЗХ-ны хурал дээр намайг өөрчлөхөөр ярилцах шаардлага  байна гэвэл ярилцана биз. 

-Намын дарга Алтанхуяг таныг өөрчлөхөөр санал оруулах юм биш үү?


-Өнөөдрийг хүртэл намын дарга бид хоёр ийм асуудлаар юу ч яриагүй. Гэхдээ гадуур тийм яриа хөөрөө, мэдээлэл яваад байгааг  бол би сонссон.

- Нийслэлийн намын хороог Алтан гадас фракц авахын тулд нийслэлийн намын хорооны даргыг   таны оронд тавих тохироо яваад байгаа юм биш үү?

-Намын дарга бид хоёрт хувийн шалтгаанаар муудалцах шаардлага байгаагүй. Фракцын ч гэдэг юм уу сонирхол байгаа эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ тийм зүйл байхыг үгүйсгэхгүй.  Зүгээр шалтаг, шалтгаан гаргаж хиймлээр ч юм уу, зохиомлоор ямар нэгэн юм гаргаж ирж болох юм. Түвдэндоржийн хувьд дөнгөж ажлаа аваад байгаа хүнийг яах гэж өөрчилнө гэж.  Би тэгэж бодохгүй байна.  Харин чиний харж байгаагаар намайг өөрчлөх  ямар шалтгаан байж болох уу?

-    Харин таныхаар ямар шалтгаан байж болох вэ?

-    Юу гаргаж ирэхийг би мэдэхгүй байна. Миний хувьд намын төлөө ажлаа хийгээд явсан нь буруу юу.

-    Бас Бат-Үүл гишүүнийг таны оронд ерөнхий нарийн бичгийн дарга болох тухай ч яриа ч байгаа шүү дээ…

-    Дүрмээр тийм боломж байхгүй.

  -Та  ээлжит бус хурал хийхийг хүсээд байсан залуучуудыг намын даргаа байхгүй үед хүлээж авч  байсан. Хамтарсан засгаас гарч болох тухай  хэлсэн үг зэрэг  тань таныг өөрчлөх шалтаг болж болох юм?

-    Тэгсэн. Залуучуудтай тэр асуудлаар ярилцаж  ойлголцсон. Манай нам улс төрийн байгууллага шүү дээ. Залуучуудтай холбоотой асуудал, нам дээр үүссэн асуудлуудыг намынхаа эрх ашгийн үүднээс зохицуулах гэж хийсэн ажил  гэж бодож байгаа. Энэ нь манай намын эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж би огт бодохгүй байна. Хувь хүний хувьд    ямар нэг маргаан  намын дарга бид хоёрын хооронд байхгүй. Өнөөдөртөө  миний нүүр лүү хараад ил тодоор  “Чамайг  өөрчлөх гэж байгаа” гэж  хэлсэн  нэг ч хүн алга. Гэхдээ  Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын байдлыг харъя.

Өчигдөр таныг намын даргатайгаа муудалцсан гэж байсан?


-     Тийм зүйл болоогүй ээ. Тэр бол худлаа мэдээлэл байна.

-    Тэгвэл өчигдөр Гүйцэтгэх зөвлөлийн хурлын дараа намын дарга болон нэр бүхий таван хүн  уулзаж ярьсан гэж сонссон. Тэр яриа сонирхол татаж байна?

  - Яасан сайн мэдээлэлтэй байх юм. Өчигдөр орой Гүйцэтгэх зөвлөлийн  хурлын дараа Н.Батбаяр гишүүн, нийслэлийн намын дарга Түвдэндорж, намын дарга Н.Алтанхуяг  бид нар суугаад намынхаа дүрэм, болоод ҮЗХ-ны хурлаар хэлэлцэх асуудлыг  ярьсан. Ярьсан асуудал дээр бид  санал нэг байсан. Дандаа энэ нам яагаад хоорондоо түнжин хагарч бусдын идэш болж байх гэж.  Бид нар хэдэн жил улстөрөөр явлаа. Нас намба суух цаг болсон. Энэ намын ирээдүйн тухай  өөд нь татах тухай л бид өчигдөр орой ярьсан. Түүнээс биш хэвлэл мэдээлэл дээр бичээд байгаа шиг, гадуур яригдаад байгаа шиг тийм зүйл яриагүй. Би бол хувьдаа хүндээр хүлээж авахгүй байгаа.

-Таныг  өөрчлөх гэж байгаа мэдээлэл аяндаа өөрөө ургаад гараад ирсэн биш. Тэгэхээр та ямар нэгэн зорилго байна гэж харахгүй байна гэж үү?

 
-Зорилгогүй  мэдээлэл гэж юу байхав. Харин  хаанаас гараад байна гэдэг нь сонин байгаа юм. Гэлээ гээд би хоосон хардаад яахав.
 
-    Гэхдээ та чинь өөрийнхөө  ажлын   тухай яригдаж  байхад  байр сууриа  хэлэх хэрэгтэй биз  дээ?


    - Би бол зарчимтай хүн. Хэрвээ Д.Эрдэнэбат энэ намын нэр хүндийг ямар нэгэн хэмжээгээр бууруулах зүйл хийсэн бол   ажлаа өгөхөд айх юм алга. Түүнээс биш хэн нэгний шахалтаар ч юм уу, хэн нэгний цуурхалд итгээд ажлаа өгнө гэвэл үгүй.

-    Гэхдээ та “энхийн цагаан тагтаа”  байлаа ч гэсэн улстөржүүлээд таныг унагаж болно шүү дээ?


        -Болноо болно. Зөвхөн манай намынхан биш  улс төрийн өөр сонирхол байхыг үгүйсгэхгүй. 

-    Энэ бүх үйл явдлууд  танай намын зөрчил болохоос биш өөр намын сонирхол биш  байхаа?


-    Тэрийг би мэдэхгүй. Таамгаар худлаа яриад яах юм. Магадгүй энэ намыг бас өдөөгөөд үзье гэсэн өөр улс төрийн хүчний сонирхол байж болзошгүй шүү дээ.