Телевиз бол Америкийн үндэсний урлаг. Киноны нэгэн адил. Тэд хийдэг, бусад нь хуулж нутагшуулдаг. Оросын телевиз гэхэд үгүйдээ л 60 жилийн түүхтэй дээ. Тэгэхэд өөрсдийнх нь бодож олсон ганцхан программ байдаг гэнэ. Оросоор КВН гэнэ, манайхан далаад оны үед бас нутагшуулах гэж оролдож байсан гэхдээ АСК буюу Авхаалж сэрэглэнчүүдийн клуб гэдэг байлаа. Тэр үед “аскдах” гэдэг үг хүртэл түр зуур монгол хэлэнд орж ирж байсан юм. “Цаадах чинь ингээд аскдаад уналаа” гэвэл онгирдог, өөрийгөө суртчилдаг гэсэн санаа агуулна. Гэхдээ их соёл нэвтрүүлсэн юм шүү. АСК-ийг албан газар, сургуулиуд хийдэг болсон, хөдөө сум болгон АСК зохиодог байлаа. Нэвтрүүлэг гэсэн утгаа гээж нийтийн хөгжөөнт тоглоом уралдаан тэмцээн, соёл болсон юм.

    Манайд телевизийн урлаг хөгжөөд мөн л дөч гаруй жил боллоо. Эхэндээ Америкийн цэнгээнт нэвтрүүлгийг Зөвлөлтөөр дамжуулж өөриймшүүлдэг байсан бол одоо цаад оригоос нь авдаг болжээ. Ёолкийн хөтөлдөг “Агшин” бол бараг дэлхийн бүх телевизэд нэвтрүүлэг болсон байх. Орон бүрийн нэвтрүүлгүүдийг хүртэл хооронд нь уралдуулна. Ерээд оны эхээр Америкийн телевизийнхэн ирж Ёолкийн нэвтрүүлгийг бичиж авсан гэнэлээ. Хамгийн амжилттай яваа нь Оросын төв телевизийн Якубовичийнх байхаа. Хорь гаруй жил тасралтгүй яваад одоо бүр ардын сайхан арга хэмжээ болжээ. Манай зах зээл жижиг болохоор Ёолкийнх тасалдаад байдаг болов уу.

    ТВ Шоу гэсэн нийтлэг нэртэй ийм цэнгээнт программ нь ерөнхийдөө зохиолтой, зохиолгүй гэж хоёр төрөлд хуваагддаг аж. Зохиолтой гэдэг нь хошин шог, савангийн дуурь, сериал кино, гэмт хэрэг болон цагдаагийн цуврал гэх мэт. Далимд сонирхуулахад “Савангийн дуурь” хэмээх гол төлөв гэрийн эзэгтэй нарт зориулсан олон ангитай, нэг буюу хэсэг хүний амьдрал адал явдлыг харуулдаг сериал нь “саван шиг хөөсөрсөн” гэх маягийн доромж нэр биш, харин анхлан ийм нэвтрүүлгийг нэгэн савангийн үйлдвэр ивээн тэтгэснээр үүссэн нэршил юм билээ. За нөгөө “зохиолгүй” шоу гэдэгт тоок шоу (жишээ нь Опрагийн, Кингийн гэх маягийн), Реалити шоу, тэгээд тоглоомын буюу уралдаант тэмцээний шоу гэж хуваадаг бололтой.

    Манайд олны анхаарал татсан, жишигт хүрсэн тоок шоу буй болж чадаагүй л байна. Гайгүй эхэлснүүд нь урт насгүй байдаг. Жишээ нь Төрмөнх ерээд оны эхээр “Толь” гээд нэг оролдов. Саяхан Нямбаяр “Үнэн үү?” гэж хөөрхөн эхлээд унтарчихлаа. Одоо “Эх орон” зурагтаар шашин санаваар мэрэг төлөгийн талаар байнга тоок шоу явдаг нь овоо үзэгчтэй байх, даан ч сэдэв болоод ярилцагчид нь ХХI зуунд илүү наргиантай сонстоод байх юм. Гэхдээ хүн үзэж байвал муу ч юм юу байхав дээ, ямар ард түмний татварын мөнгөөр наргиж байгаа биш. Өөдөө залуучуудад зориулсан хөөрхөн тоок шоу зохиодгийг харин магтууштай. Миний насныханд зориулаагүй ч гэсэн чадвар хийц нь тун сүрхий.

    Тоглоомт буюу уралдаант шоу мөн ч олныг туршлаа, манайд. Нэг л олигтой нутагшиж өгөхгүй байгаа юм. Хамгийн амжилттай нь мөнөөх Ёолкийнх байх. “Найдваргүй холбоо” гээд нэг уралдаант шоуг Ийгл телевизэд мань Цэнддоо нэг хэсэг тоглуулж туршсан юм. Арван ч удаа явуулж амжилгүй ивээн тэтгэгчдийнхээ мөнгийг бараад хаагдсан даа. Хүн хэдий сонирхоно, төдий их реклам олно, хэдий ихийг олно программ төдий урт наслана. Зарчим нь ердөө л энэ. Тэгэхээр энд мэнэжмэнтийн асуудал гараад ирж байгаа биз? Дэлхийд нэг хэсэг цоорч байсан “Саятан” уралдаант шоуг Нямбаяр нутагшуулж эхэлсэн нь саяхны тоолуураар үзсэн хэмжүүрээр цэнгээнт нэвтрүүлэг дотроо хамгийн олон үзэгчтэйгээр шалгарсан байна билээ. Ингэхээр сайхан ирээдүй байна гэсэн үг. Гагцхүү одоо мэнэжмэнт, бас мэнэжмэнт! Хамгийн амжилт олсон боловч олон хуваагдаж хувилбар нь ихэдсэнээс болоод унтарч байгаа шоу бол “Аан-хаан” юм. Хэн хүнгүй өөрөөсөө доор мэдлэгтэй хүн харахаараа баясдаг, хүний нэг тийм мөн чанар байх юмаа даа? “Ленин гэж хэн бэ?” гэж асуухад Дээд сургуулийн дээд курсын оюутан “Швейцарийн хөгжмийн зохиолч” гэж хариулж байгаа нь үзэгчийг үнэн баясгадаг бололтой.

    Реалити шоу харин манайд гайгүй үзүүлэлттэй. Алтайгийн дэлхийгээр тэнэдэг, тэгээд “Танайд хоноё” гээд байна. Гэхдээ л мэнэжмэнт нь дутаад байдаг юм. Энэ жанарыг “зохиолгүй” гэж нэрлэдэг болохоос үнэндээ туршлагатай телевизүүд эхнээс нь бүгдийг нь нэг бүрчлэн төлөвлөчихсөн байдаг учраас өөрсөдөд нь бол гэнэтийн юм гэж огт үгүй, харин үзэгчид бол өдөр болгон л бөөн сюрприз дунд умбана. Үзэгч гайхаад л, мэлмэрүүлээд л, шогшроод л, биендээ яриад л... үзэгч нэмэгдэнэ, рекламын захиалга ихсэнэ, нэвтрүүлэг шинэ шинэ сюрприз бодож олно, программ урт наслана. Хэдэн жилийн өмнө шууд “Реалити шоу” нэртэйгээр хэсэг бүлэг хүмүүсийг удаан хугацаагаар тусгаарлаж амьдрал драммыг нь харуулдаг программ дэлхий даяар моодонд орлоо. Энэ бол эртнээс төлөвлөж үзэгчдээ байнгын сюрпризээр дайлж, тогтож сууж чадахгүй болтол нь донсолгож байсан нэвтрүүлэг. Манайд нэлээд олны зохиосон. Даанч мэнэжмэнт байхгүй учраас удахгүй үзэгчдээ уйдаасан даа. Учир нь ориг Реалити шоу нь бүр эхнээсээ үйлдэл болгоныг төлөвлөчихсөн нарийн зохион байгуулалттай жүжиг байлаа. Энэ бол жараад оны үед театрт хувьсгал хийсэн Гротовскийн “бодит жүжиг”-ийн телевизжүүлсэн хувилбар юм. Жүжигчид өөрснөө юунд яаж тоглохоо мэддэггүй, гагцхүү найруулагч жүжигчдээ явцын дунд залж, энэ нь жүжигчиндээ ч, үзэгчдээ ч гэнэтийн санамсаргүй юм болдог. Харин манай ихэнх реалити шоунд найруулагч нь урьдаас бодсон зураглалын дагуу цаанаас явуургадаж байгаа гэдгийг ойлгоогүй учир зүгээр л нууцаар камердаад байхаар болчихдог юм шиг хууртагдсаар удалгүй нэвтрүүлгүүд нь чад хийсэн.

    Хэдэн жилийн өмнө Оросын төв телевизээр эхнэр нөхөр биенээ хуурсныг олж илрүүлээд студиод уулзуулж хооронд нь зодолдуулдаг нэвтрүүлэг их шуугиан тарьж ёстой л үзэгчдийг байлдан дагуулсан. Харин эхнэр нөхөр болж биенээ олны өмнө амбаардаж, самардаад байгаа хосууд үнэндээ хүн бага таньдаг хөдөөний мэргэжлийн жүжигчид байсан нь баригдаад үй олон үнэнч фэнүүд гутрахын цаагуур юм болж билээ. Гэхдээ яахав дээ, хүн хуурахдаа биш, гол нь энэ чинь цэнгээнт нэвтрүүлэг шүү дээ. Уран зөгнөлт кино, абсурд жүжиг, хошин шог үзчихээд намайг хуурлаа гээд байдаггүй биз дээ. Цэнгүүллээ, цагийг нь зугаатай өнгөрүүллээ, урлагийг, тэр дундаа хуурах урлагийг сайхан харууллаа. Нэвтрүүлгийн зорилго ч энэ. Мөн үзэгчийн зорилго ч энэ.

    “Зөн билгийн тулалдаан” хэмээх реалити шоу бас л анх Америкийн телевизүүдээр гарч эхэлсэн. Одоо моодноос гараад “Авъяаслаг Британичууд”, “Америкийн шүтээн” зэрэг мундаг мэнэжмэнттэй, орлого сайтай шинэ программууд ид моодонд орж байна. Харин энэ нэвтрүүлэг Орост моодоо хадгалаад нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Удахгүй бас болих биз. Одоохондоо үзэгчдийн тоогоор лаг л байна. Тун сайн зохион байгуулсан, үзэгчдийг уйдаадаггүй, үргэлж гэнэтийн бэлгээр дүүрэн, мундаг найруулгатай реалити шоу. Шүүгчдийг нь хүртэл үл итгэгч гэгчээр тавьж, өнөөх нь үгүйсгээд л, тэгээд аргагүйн эрхэнд ялагдаад л. Хаана, хэдийд аль үзмэрч юу таах, хэрхэн бүдрэх зэргийг бүгдийг нь сайн найруулагч-менежерүүд нарийн тооцно. Үзэгчдийн сэтгэлийн хөдөлгөөний оргилуудыг хүртэл графикаар төсөөлөн бэлдэнэ.

 Олон хүнд үнэхээр л баахан ид шидтэнгүүд цуглачихсан мэт бодогдуулаад байгаа нь мэнэжэр, найруулагчдийнх нь авъяастайнх. Шоу нэвтрүүлэгт массаараа хууртсан нь шинэ ч юм биш. Орсон Вэльс гэдэг найруулагч 1930-аад оны үед радиогоор өөрийн амьдай Хэрбэрт Вэлсийн “Оддын дайн” зохиолыг хэтэрхий амьд зохиомжлон реалити нэвтрүүлснээс болоод Нью-Йорк даяараа үймээд, амиа аврах гэж давхиад эмх замбааргүй явдал үүссэн байгаа юм.  Чухам эндээс шоучид нийгмийн өмнө хариуцлага хүлээх тухай асуудал гарч ирсэн бололтой.

 Нэвтрүүлгээ л гоё болгох гэж байгаа болохоор тэдний авъяасыг магтана уу гэхээс “хүн хуурлаа”, “хулхидлаа” гэж гомдол тавих нь инээдтэй хэрэг. Гэхдээ энэ цэнгээнт зугаат нэвтрүүлэгт нь хүн үнэмшээд сүйд болчих вий гэж телевизийнхэн санаа тавьдаг. Саяхан нэг үзмэрч нь ганц илээд л архаг архичныг архинаас нь бүр мөсөн гаргачихлаа гэж мултрав аа. Араас нь хөтлөгч үзэгчдэд хандан “архинд орсон хүн юун түрүүн эмнэлэгт хандаарай” гэж анхааруулж байна билээ. Иймэрхүү нэвтрүүлэг, реклам суртчилгааны араас анхааруулга хэлж бичиж байхыг Америк Европт бол хуулиар зааж өгсөн байдаг. Тураадаг аппарат, үзүүлбэр зэргийн дор анхааруулга тавихыг шаарддаг. Яг л тамхи зарах мөртөө хортойг нь хайрцаг дээр нь бичдэгтэй адил.

Манайд бас Зөн билгийн тулаан болов оо. Бас л үнэхээр үзмэрч, мэргэн түргэн хүн байдаг тэрийг нь зурагтынхан олдог юм шиг ойлгоод шүүгч нь ч - үзмэрч, хөтлөгч нь ч - үзмэрч, оролцогч нь ч - үзмэрч. Хэн ч юу ч таахгүй болохоор арга нь барагдсан телевизийнхэн хариуг нь сэм хэлж өгдөг болжээ. Үүнээс болж өнөө мэргэн түргэн бөө, лам, үзмэрч, тарнич нар чинь хоорондоо муудалцаад, биенээ матаж давхиад, шүүгч нараа зодох гэж хөөцөлдөөд. Сайн тал нь юутай ч Монголд үзмэрч тарнич байдаггүй юм байна гэж олон хүн ойлгосноор ухамсрын болон соёлын том дэвшил болсон юм. Муу тал нь гэвэл реалиту шоу, баримт мэдээ хоёрын дунд байдаг “алтан зааг” алдагдав. 1930-аад онд Завхан аймагт жүжиг найруулахаар төвөөс очсон нэгэн мэргэжилтэн энэ заагийг андуурч, тайзан дээр эр эмийн ажлыг ёсчлон үйлдүүлсэн тухай Д.Намдаг гуай дурсан өгүүлсэн байдаг. Реалити шоу “үнэмшилгүй байж болохгүй, бас үнэн байж болохгүй” алтан дүрэмтэй, реализмаас тусгаарласан “алтан заагтай” ажгуу.  Өөрөөр хэлбэл, зохиолгүй реалити шоу дампуурахаас гадна, зохиосон нь илэрхий болчихвол бас өнгөрдөг жамтай ажгуу. Гэтэл манайхан “цагийн хүрд”, “үдшийн мэдээ”-ээр үнэхээрийн үзмэрч шалгаруулах юм бодоод ажлаа эхэлсэн болтой.

Харин тэд Орост шүтэгдсэн сайн оролцогч-жүжигчин, эсвэл найруулагчийн бодож олсон гротовски маягийн жүжигт орсноо ойлгохгүй өөрийгөө зөнч гээд үнэмшчихсэн алдаршсан гаруудыг Монголд мөнгө түүлгэхээр урьсан гэнэ. Сүхбаатарт хор өгдөгөөр кинонд гардаг жүжигчнийг зодсон гэдэг яриа байдаг. Дамчаа гуайг Молом зангитай андуурч чулуугаар нүүлгэсэн ч дуулддаг.

Мөнгөнд дургүй хэн байх билээ. Орос даяар алдаршсан үзмэрч тарнич ч мөнгөнд дуртай. Өөрийн нохойгоо идэж ханасан гэж үзэж байгаа бол хүний нохойд идүүлнэ үү яана, эзний дур мэдсэн хэрэг юм хойно. Зарцуулах мөнгө олдохгүй ч зальдуулах мөнгө олддог гэцгээх юм билээ. Ард олноороо үгүйрээд байна, ардчиллаас болоод хувхайраад байна гээд л  эвэр амлаад байсан чинь хадгаламжийн хоршоонд луйвардуулах болохоор тэрбум тэрбум төгрөг гараа л ирээ биз дээ, манай шударга-ядуу ард түмний түрийвчнээс.

    Ер нь хэлмээр санагдаад хэл загатнаад байдаг юм. Монголын ч бай, оросын ч бай, африкийн ч бай, папуа гвинэйнх ч бай, чукча ч бай, түнгүс ч бай энэ олон орны ид шидэт мэргэн түргэн улс ганц нэгээрээ чаддаггүй юм бол нийлж байгаад ч болохноо тэр Бэн Ладэн гээч гай хөөгийн байгаа газрыг мэргэлж олоод заагаад өгөөч. Дэлхийг түйвээж дууслаа шүү дээ. Мөнгө хэрэгтэй юм бол америкчууд байгаа газрыг нь зааж өгсний төлөө 50 сая доллар төлье гээд байна шүү дээ. Энэ ядуу орны аль ядууг нь мэргэлж тонож байхаар Лас Вэгас, Макао, Монакко гээд аймаар баян казино руу давхиж очоод ганц сайхан шившлэг хийж мэргэлээд л хамаг мөнгийг нь хувхайлал даа. Бүх юм хуулийн дагуу, хэн ч тэднийг залилан хийлээ гэхгүй.
    Өөрийнхөө мөнгийг ямар зорилгоор хэнд өгөх нь мөнгөний эзний өөрийн хэрэг. Ямар татвар төлөгч ард түмний мөнгийг хувхайлж байгаа биш. Гэхдээ нийгмийн аль л ядуу зүдүү, арчаа муутай, боловсрол тааруутай нэг нь л иймэрхүү залилан, ид шидэнд итгэж наанадаж хэдэн цаас, цаашилбал эрүүл мэнд амь насаараа хохирдог юм даа. Өөр юу ч хэлхэв дээ. Бөмбөрцгийн нөгөө талын тааруухан орны тааруухан ТВ шоуны тааруухан жүжигчин Халтар царайт манайд ерээд оны эхээр 50 мянган долларын үнээр айлчлан ирж ёстой жинхэнэ од болон стадионоор дүүрэн хүнийг бүтэн шөнөжин уйлуулсан. Гэхдээ хүмүүс зугаацсан, цэнгэсэн, энэнээс болоод хэн ч хохироогүй. Халтар царайт ч нэгэнт шүтэн бишрэгч зах зээлтэй учир таарсан шагналаа авсан. Харин мань хүүхэн хэний ч хувь заяаг үзээгүй, хэний ч эрүүл мэндийг шалгаагүй, хэнд ч юу ч гэж зөвлөөгүй, амьдралынх нь төөргийг зааж өгөөгүй. Биднийг зүгээр л цэнгүүлсэн, тэгээд л болоо шүү дээ.
2011.1.3