Шар шувууны нүдэнд дэгдээхэй нь тогосны дэгдээхэйнээс хөөрхөн харагддаг гэх үг бий. Түүнтэй адил ямар ч аав ээжид үр хүүхэд нь бүхнээс өхөөрдөм хөөрхөн, бусдаас онцгой хайр татам энхрий. Хүүхдүүдээ бүхнээс илүү хайрлан энхрийлж, өхөөрдөн өмгөөлөхийн зэрэгцээ шилдэг бүхнийг өвч шингээсэн сайн хүн байгаасай гэж үнэн голоосоо хүсч байдаг нь эцэг эхийн элбэрэлт сэтгэлийн туйлын хүслэн билээ. Өр зүхнээсээ хайрлах үр хүүхдүүд нь өвчин эмгэггүй эрүүл, үглүүлж загнуулахгүй мөрөөрөө байвал аав ээжүүд магнай тэнэгэр баяртай, сэтгэлд нь үргэлжийн наран гийгээстэй. Эх эцгийгээ магнай тэнэгэр байлгана гэдэг нь тэдэндээ үзүүлж байгаа дээд зэргийн ачлал. Хүүхдийнхээ ололт амжилтаар бахархаж суугаа эцэг эхийн зүрх итгэл найдвар, хайр сэтгэлээр тэгш дүүрэн бялхаж байдаг. Амжилт ололтоор дутуухан, сэтгэл санаагаар гундуухан яваа хүний аав ээжийн үрээ хайрлах хайр нь дундрахгүй ч итгэх итгэл нь дундарч, сэтгэл нь байнга зовж, шаналан шархиран зовох үйлтэй. Хэлэх ёсгүйг хэлж, үйлдэх учиргүйг үйлдэж байгаа хүүхдээ үглэн дуулан, униж тунин, зандарч загнах нь хэнд ч байдаг, хэзээд байх ёстой хүн ёсны үйлдэл. Гэхдээ энэхүү үйлдлийн хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг жамтай. Эцэг эх чинь чиний дутууг гүйцээн, дундуурыг дүүргэх, саарыг багасган, сайныг нь ихэсгэх л гэж зандарч загнадаг юм. Аав ээждээ загнуулсан бол гол гонсойн гомдох, унжийж урвайн тунирхах биш, дотор сэтгэлдээ баярла. Чиний төлөө тэднээс илүү үнэн голоосоо санаа тавьж, чин зүрхнээсээ сэтгэл зовох өөр хүнийг энэ орчлонгоос олно гэж үү? Үрээ гэх эх эцгийн сэтгэл хэзээ ч хувирашгүй, тэнгэрт мөнхөд гэрэлтэх од адил билээ.

Аав ээж чинь та нарын бүтэлгүйтэж явааг харахаараа нүдэнд нь өргөс орсон мэт торон хатуулдаж, зүрхийг нь зүүгээр хатгах мэт эмзэглэнэ. Ажил үйлс нь бүтэмжтэй, амьдрал ахуй нь сайн сайхан болсныг нь үзэж дуулахаараа харанхуйлан шуурсан тэнгэр хангай цэлмэн гийх мэт болж, магнайн үрчлээ нь тэнийж, хайрлах хайр нь улам улмаар ундран бялхана.

Урагшгүй үйлдлийг нь гэсгээж уургын хуйваар хүүгийнхээ нуруунд гурван гувруу гүйтэл ороолгосон эцэг зүрх сэтгэлдээ гурван гурвын есөн гувруу гүйтэл дотогшоо гэмшин халаглаж, үрээ өрөвдөн хайрлах сэтгэлээр шаналдаг юм. Зүүднээс цочсон зүрх амаргүй, зүйлийг бодсон сэтгэл амаргүй гэдэг шиг үр хүүхэддээ санаа зовсон эхийн сэтгэл зүүд нойрондоо ч амар тайван байдаггүй. Харцаараа үггүй зэмлэн дальдчуулах аавын ая зан, өнгөн дээрээ үглэх ч өрцөн дороо чамайг өрөвдөн шаналах эхийн сэтгэлийг өрвөлзөж сөрөлгүй хүлээн авч, буруугаа ойлгон, зөрүүгээ засч чадаж байвал чи мөн төрхөө хадгалж, хүн чигээрээ байгаадаа баярла.

Зан араншингийн сайн нь ч, саар нь ч эцэг эхээс ямар нэг хэмжээгээр чамд удамшсан нь эргэлзээгүй. Гэхдээ сайн бүхэн нь чинийх, саар бүхэн нь эцэг эхийнх гэж битгий муйхарла. Хэт их эрхлүүлсэн ч бай, хэтэрхий хатуу гараар барьсан ч бай өөрт бугшсан буруугаа удам судраараа хайх хэрэггүй. Чиний эцэг сонгино, эх сармис байхад чи өөрөө яахаараа сарнай болчихдог билээ гэх үг байдгийг байнга сана. Бурууг өөрөөсөө эхлэн эрж хайж сурвал чи бугшсан буруугаа засаад зогсохгүй андуугүй зөвийг атгаж авах үүд хаалгаа өөрийн гараар нээнэ.

Хүн гэдэг амьтан урам магтаалын үгэнд хүүхэд чихэр жимсэнд дурлах адил дуртай. Харин өөлж шүүмжилсэн, загнаж зандарсан үгэнд хүүхэд гашуун эмэнд дургүйн адил дургүйцнэ. Чамд хамаатай бусдын үг, ялангуяа улаан нүүрэн дээр нь ил хэлж буй шүүмжлэлийг чихний хажуугаар чимээгүйхэн өнгөрөөлгүй нэн анхааралтай сонсож байвал ангаж цангасан үед уух ус өгөх адил хэрэгтэй. Эцэг эхийнхээ зэмлэх үгийг эгдүүцэх буюу тунирхалгүй хүлцэнгүй сонсож хүлээн авбал ухаан сууж, ухаажин хэрсүүжихэд юугаар ч орлуулашгүй нэмэр тустай. Хүний аав ээж үр хүүхэддээ хар буруу санаж, хараал хорсол шингэсэн хорт үгийг хэлдэггүй, хорлолт үйлийг хийдэггүй ачлалт буянтнууд. Үр хүүхэддээ хэлж байгаа эцэг эхийн хатуухан гэх үг сэтгэл зүрхэндээ шаналсан их шаналгааныхаа өчүүхэн хэсгийг хөвөнд боосон чулуугаар хөнгөхөн түнших адил зөөлөн үгээр илэрхийлэн гадагшлуулж байгаа төдий л юм. Эцэг эхийн ширүүхэн үг өнгөн дээрээ өвс ширвэх хурц иртэй хадуур мэт байвч, үнэн хэрэгтээ өндгөө дарсан шувуу мэт хайр эхрийлэл шингээстэй байна.

Хун шувуу хэчнээн уурлалаа ч өндгөө няцлахгүй. Аав ээж хэчнээн уурлалаа ч үр хүүхэддээ хар санаж, хор хүргэхгүй. Эцэг эхийнхээ хэлсэн үнэн үгэнд эгдүүцэн, үг сөрөн хэдэрлэж, уурандаа багтаж ядан цухалдах нь ухаантай үрсийн үйлдэл яавч биш. Уур уцаар сайн зүйлд хэзээ ч хүргэдэггүй. Ялангуяа эцэг эхийнхээ санаа тавин, сэтгэл гарган хэлсэн чангахан үгийг сөрөн сөрвөлзөж, ундууцан уурлаад байвал амьдын хар нүглийн уут сав чинь дүүрч хальсаар байх вий. Уурандаа багтарсан хүн худаг руу үсрэн орж болох. Долоон удаа түүнээсээ илүү догшин уурлалаа ч худагнаас гарахад уур тусалж чадахгүй нь үнэн. Уур биеийг зовоож, нүгэл хураахаас өөр гавьяагүй. Аав ээжтэйгээ зөрөлдвөл ачлалыг нь барна, ах дүүтэйгээ муудалцвал асралыг нь барна. Ихэнх хүмүүс аав ээжийнхээ хайр шингэсэн хатуухан үгийг хоцорч ойлгон, хожимдон гэмшдэг нь нэн харамсалтай. Аав ээжийнхээ хатуу зөөлний хольцтой, хайр энэрлийн шүншигтэй үгийг төвөгшөөн дургүйцэлгүй, тэсвэр тэвчээртэй сонс. Тэр үед аав ээжийнхээ хэлж байсан хатуухан үгийг ухаарч сонсоод, ухаантай байсан бол амьдралдаа алдсан алдаанаас ангид хол байх байж дээ гэж өнгөрсөн борооны хойноос цув нөмрөн, халаглан харамсахгүй байх боломж ямагт бий. Чамаас болж үзээгүй юмаа үзэж, үстэй толгойгоо зулгаах байдалд эцэг эхээ хэзээ ч бүү хүргэ. Үхтэл үр харам гэдэг. Өөрийгөө зөнд нь орхиод чиний төлөө эцсийн мөчөө хүртэл зүрх нь цохилсоор байх аав ээжийнхээ ариун сэтгэлийг амьд сэрүүнд нь эрүүл ухаанаар ойлго. Аав ээжийн сэтгэлд үр хүүхдээ хайрлах агуу их энэрэл хайр үүрд мөнхөд хадгалаастай байдаг билээ. Эцэг эхийнхээ сэтгэлийг өмлөж, элгийг харлуулах буруу үйлдлийг хэзээ ч үйлдэхгүй хэмээн сэтгэл зүрхэндээ шивнэн шившин андгайл. Үрээ мориныхоо хурдыг үзэх, үр хүүхдийнхээ сайныг харах хүслэн бүх хүнд ижил. Үртэй хүн жаргадаг, үндэстэй мод нахиалдаг гэдгийг ойрын үзэх, холын сонсох бүхэнд үзүүлэн сонсгож, үр хүүхдээрээ бахархан баясаж явах нь бүх аав ээжийн чин хүсэл мөн билээ.

Хүн өөртөө туйлын их хайртай. Өөртөө хир халдаах тун дургүй. Хүний эцэг эх үр хүүхэддээ хир халдааж, тортог суулгах гэж үглэж яншдаггүй, харин хир тортог наалдчихвий хэмээн өмгөөлөн хамгаалахын тулд зангарагатай үгээр зандарч загнадаг юм. Авах хүнд энгийн үг ч эрдэнэ, орхих хүнд ухаантны үг ч улиг. Аав ээж чинь та нарын хувьд ухаантны дээд ухаантан, амнаас нь унасан ухаарлын үг бүрийг эрээд олохгүй эрдэнэ адил нандигнан хүлээж аваад байвал чи хүний дайтай хүн явах нь ямар ч эргэлзээгүй. Эцэг эхийнхээ чамд зориулан ярьж хэлж, захиж сургаж байгаа бүхнийг шидэт тарни цээжлэх мэт хураан цуглуулж авахыг хичээ. Эрийн цээнд хүрчихээд ээж аавдаа нулимсаа битгий үзүүл. Үр хүүхдийнхээ нулимсыг харах өр зүсэм хэцүү. Хүүхдүүд эцэг эхдээ миний төлөө сэтгэлээ бүү чилээ, санаа бүү зов гэх үгийг их хөнгөн хялбар хэлдэг. Санааг нь зовоох саар зүйл хийхгүй л байвал санаа зовохгүй, сэтгэл амар байна шүү дээ, хүүхдүүд ээ! Түүнчлэн, нисч яваа шувуудын сүүдрийг ч хүүхэд дээрээ тусгахгүй байх юмсан хэмээн бодох эх хүний агуу их хайр энэрэл үр хүүхэд та нарын төлөө үргэлж сэтгэл зовон, санаа тавихын гол учир шалтгаан болж байдгийг мэдээрэй.