Сүхбаатарын хөшөөг засч бай­на. (Засна гэдэг мөн зовлонтой утга гаргадаг үг шүү, ярих ч юм биш. Хөшөөг ч яахав ойлгож болно. Харин Энхбаярыг (Намбарын биш) ч юмуу, Батболдыг (Намын дарга биш), эсвэл Хүрэл (сүх биш)-ийг засч гэнэ гэвэл юу болох вэ, аан) Мэдээгүй хэн байгаа юм бэ, гэж үү? Мэдэгдээгүй юм бас байна. Хөшөөг хүрэлдэж байгааг бол дуулаа л биз. Харин шинээр өгөх нэрийг дуулсан нь юу л бол. Шинэ хөшөөг материалын орц энээ тэрээг бодол­цон Хүрэлсүхбаатарын хөшөө гэдэг болох юм байна.

 Уг МАХН нэрээ сольж МАН болсон биш хуучин нэрийг олон газар булаалдаж байна гэнэ. Улс төрийн намуудаас гадна пүүс компани ч бишгүй оролцжээ. На­рийн яривал МАХ импекс компани л хамгийн их шаанстай байгаа гэлцэнэ. Хуучин МАХ бэлтгэлийн контор ч гэсэн юугаараа дутахав гээд үзэж тарж яваа дуулдлаа.

За энэ ч яамай, гол юмандаа оръё. Үнэн хэрэгтээ түүх давтагдаж байна хэмээн судлаачид хэлж байна. Давтагдах болсон түүхээ эргэж харцгаая.

Намын ууган удирдагчтайгаа нэрээрээ биш гэхэд овгоороо таар­сан Сүхбаатарын Батболд дарга нь урд дүрийнхээ хочийг хүртэж "гоймон" биш юмаа гэхэд "спагетти" хэмээн дуудуулах нигууртай. Харин генсек нь нэрээ уртасгаж Хүрэлсүхбаатар болгож байгаа юм гэсэн.

Түүх цаашаа үргэлжилсээр... Ардын намын хоёр "сүх"-ийн нэг нь шөнө баар эргэж яваад хатгаа авч таарна. Түүхээ дагавал тэгэх л учиртай. За эндээс л гол юм эхэлнэ шүү дээ. Өвчтэй байгаа дарга дээр   Богдын ч юмуу, Чой хамбын, Дам­ба­жав гуайн ч юмуу явуулсан Сэрээнэн оточ хээрийн аптекаа барьсаар очих болж байна. Дараа­гийн үзэгдэл цэргийн госпиталийн дэргэдэх хордлогын үндэсний төв дээр өрнөнө. Сайн эмч нартай болсон цаг даа, юу л алзав гэж.

Энэний өмнө орох ёстой хэсэг орхигдчихож. Нээрээ нам байгуул­магцаа Зөвлөлтийн коммунистуу­даас тусламж гуйж, улаан цэрэг оруулж ирдэг шүү дээ. Зөвлөлт нь байхгүй боловч намын хувьд Оро­сын коммунист нам, Хятадын ком­му­нист нам гэсэн хоёр ч сонголт байна. Энэ удаа Орос цэргийг хөөхөөр гамин цэрэг орж ирэх юм бил үү?

-Шийдээд ирсэн большеви­куудыг


Ширмэн бөмбөгөрөө сөнөөсөн юм аа хө...

-Гэгээн хятад орны найртай сайхан тусыг

Нэгэн хүүтэй эхийн хайртай зүйрлэм сэтгэлээр...

-Хятад нөхөд минь, хамт ухна аа хө гэхчлэнгийн дуу гарах ч юм бил үү?

Түүх чинагшид давтагдсаар. Ангийн дайсан лам нарыг даран устгах ажил хөөрхий лам Баа­сангаар дайрах ч гарцаагүй. Ардын намд шургалсан ангийн этгээд, "ардчилсан намын бүлэг" хэмээх тагнуулын группийн гишүүн байсан нь нотлогдоно. Эсвэл лам Баасан МАН-ыг АН-тай нэгтгэх бослогыг Архангай аймгийн намын хороог түшиглэн  гаргаад баригдаж ч болох юм. Түүхээ дагана гэвэл хэд хэдэн намын ажилтны зүрхийг сугалбал сугалах л юм биз.

 МАХН чинь МАН болоод түүхээ эхлүүлж байгаагаас хойш феода­лын хөрөнгө хэрхэн хураахыг нь харах юмсан. Нэрээ сэргээчихээд түүхээ давтахгүй байлтай биш. Давтана гэхээр өөрснөө модоо барих гээд байдаг. 

МАН-ын эсрэг байгаа нөхдүүд, ялангуяа Шинэнхбаяр тэргүүтэй нөхөд  урьдчилсан түүхэнд гарах­гүй байгаадаа тайвшрах явдалгүй.  Ардын дайсан-ыг дарсан, Намын эсрэг бүлгийг илчилсэн, сэхээт­ний төөрөгдөл-ийг зассан зэрэг тодорхой эрэмбээр явагдах улс төр-хүмүүжлийн үзэгдлийг энд огт дурдаагүй үлдээсэн болно.