Энэ удаа хоёр сэтгүүлч, нэг зочин гэсэн бүрэлдэхүүнтэй гурвалсан ярилцлагыг та бүхний өмнө дэлгэж байна. Тодруулбал хоёр сэтгүүлч асуулт тавьсан гэсэн үг. Бидний яриа та бүхэнд ямар ч сэтгэгдэл төрүүлж болно. Гэхдээ сонирхолтой зочны маань сонирхолтой ертөнцийн зах зухаас мэдрүүлж чадна хэмээн найдаж байна. Таалан соёрхоно уу. 

Б.Ганчимэг
С.Молор-Эрдэнэ гэдэг залуу гэнэт олны анхаарлын төвд ороод ирлээ. Энэ мэдээж таны амьдралын зорилго биш байх?

-Мэдээж биш.

-Гэхдээ хийсэн мэдэгдлүүдээс тань манай нийгмийн хөөс нь сахарсан залуу үеийн нэг болчимгүй төлөөлөл гарч ирээд, энэ улсын төрд төдийгөөс өдий хүртэл зүтгэж ирсэн улсуудыг шууд нулимах ажил хийж байна гэж л харж байгаа болов уу. Та бол эрдэмтэн хүн. Таныг юу суга татаад нааш нь гаргаад ирэв ээ?


-Нэлээд түүх ярих хэрэгтэй болох нь. Зүгээр үү.

-Тантай танилцмаар байгаа болохоор түүхээ ярьж болно шүү дээ?

-Нэгдүгээрт, би монгол хүн. Бас Монгол Улсын иргэн.

-Ямар нэгэн гаднын этгээд ирчихээд хүний эх орны хэрэгт оролцоогүй гэдгээ хэлж байна уу?

-Харин тийм. Би Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд төрсөн.  Хөдөөний л хүүхэд.

-Тийм үү, огт төсөөлөөгүй юм байна?

-Аравдугаар ангийн жижигхэн охин намайг төрүүлж байсан. Манай ээж намайг төрүүлчи­хээд Улаанбаатар руу оюутан болоод явсан. Тэ­гээд би эмээтэйгээ, эмээгийн хүүхэд болоод үлд­сэн. Хүйтэнд хөрч, цастай өвөл хөвөнтэй өмд­тэй, зун нь хөл нүцгэн гүйдэг бусдын л адил жаал байлаа.

-Дунд сургуульд орохдоо ч хөдөө байсан юм уу?

-Ээж маань амьдралын явцад ахин өөр хүнтэй учирч, дараа нь миний дүү нар төрсөн. Тэгээд би тэдэн рүүгээ,  Улаанбаатар руу ирсэн л дээ. Амьдрал маань ингээд Улаанбаатарт өрнөсөн. Гэхдээ зун болгон Жаргалант руугаа явдаг байлаа. Наймдугаар ангид байх үед ээж аавын маань гэр бүлд янз бүрийн зөрчил үүсч, салах болдог юм байна. Ингээд би буцаад л Жаргалантдаа ирсэн. 9-10 дугаар ангиа Жар­галантдаа төгссөн.
 
С.Ононтуул:
-Үнэмшилгүй ч юм шиг, ёстой сонин сонсогдож байна?


-Тийм гэж үү. Жаргалантдаа дунд сургуулиа төгсөөд Төв аймгийнхаа төвд ирж конкурс өгч байлаа. Конкурсээ амжилттай өгч, Герман явах хуваарь авсан. Миний гарал үүсэл өөрөө ийм сонин байдлаар эхэлсэн учраас тэр нь бүхий л амьд­ралд нөлөөлсөн юм шиг байгаа юм. Багаа­саа л юмыг их боддог, ихэвчлэн ганцаараа бай­даг, бас ном их уншдаг, шударга ёсны төлөө  тэмц­дэг хүүхэд байлаа. Энэ бүх байдал маань гэр бүлийн амьдралтай ч холбоотой байсан байх. Олон юм үзнэ шүү дээ. Айлын том хүүхэд, дороо  олон дүүтэй. Социализмын үед чинь айлын том хүүхэд эмээгийн ч үүргийг, өвөөгийн ч үүргийг, ер нь бүгдийнх нь л гүйцэтгэдэг байсан шүү дээ. Хоол унд хийнэ, дүү нараа цэцэрлэг сургуульд нь хүргэж өгнө. Ер нь улстөрч хүнд байх ёстой гурван шинж хүүхэд байхад минь л тогтчихсон юм шиг санагддаг юм. Нэг нь аливаа нэг юмны төлөө явдаг, нөгөөх нь тэмцэгч, ерөөсөө бууж өгдөггүй чанар.

-Гурав дахь нь?

-Ирээдүй рүүгээ их эрт хардаг, төлөвлөдөг чанар. Хүүхэд нас маань ингэж л өнгөрсөн. Тэгээд л Герман явсан даа.

-Ямар сургуульд элссэн юм бэ?

-Дрезден хотын Техникийн их сургуульд.

-Гол нь ном эрдэм суръя л гэсэн мөрөө­дөлтэй явж байв уу?

-Ер нь л явахыг хүссэн. 10 жилд байхаасаа л багш нартайгаа зөрчилддөг хүүхэд байсан. Дан­даа юм асууж байдаг, цочоож байдаг хүүхэд бай­сан. Уран зохиолд их дуртай. П.Чеховоос ава­хуулаад бүгдийг нь уншдаг. Уран зохиол миний гэр, найз нөхөр байсан. Миний зөвлөгч байсан. Хөдөө, хот хоёрын завсар өсөх чинь өөрөө их сонин шүү дээ. Социализм энэ тэр гэсэн айхтар мэдлэг ярьсан Улаанбаатар, монгол амьдрал, ёс заншил ярьсан хөдөө хоёрын дунд зөрчилдөөн аяндаа үүсдэг. Ном уншлаа гэж эмээ маань загнадаг байх жишээтэй. Хэнхэг өвчтэй болно, битгий ном унш гээд л. Харин хотод ирэхээр ном уншихгүй л бол болохгүй гэнэ. Ингээд л нөгөө  зөрчилдөөн үүсдэг. Энэ хоёр суртлыг дандаа зохицуулж явах шаардлага тулгарч байсан.

-Дрезден, социалист Герман биз дээ?

-Тийм, социалист Герман. Герман явахын өмнө миний амьдралд маш их өөрчлөлт явагдсан. Биднийг яг явахын өмнө МХЗЭ-ийн төв байранд аваачаад Монголын төрийн далбааг үнсүүлж байлаа. Тайзан дээр төрийн далбааг зал­чихсан, наана үзэгчдийн дунд бид сууж бай­сан. Тэгээд нэг нэгээрээ гарч очоод Төрийнхөө далбааг үнсээд бууж байлаа. 18 настай хүүд энэ явдал их л гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм шиг байгаа юм. Төрийнхөө далбааг үнсч байсан тэр агшин миний энэ дотроос хэзээ ч гардаггүй.  

Б.Ганчимэг:
-18 настай хүүхэд хэдийгээр кампани­чилсан ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн тэр далбааг өөрийн гэсэн тодорхой сэтгэгдэлтэй үнссэн байх л даа?

-Миний сэтгэл тэр үед маш их хөдөлж байсан. Тэгээд Герман явахдаа за, их юм сурна, ёс­той баллаж өгнө дөө гэж л бодож байсан. Би ту­хайн үед Герман цуг явж байсан найзуудтайгаа уул­заад заримдаа асуудаг юм. Тэр үед төрийн дал­баагаа үнсэхэд гоё байсан тийм ээ гээд. За­рим нь урдаас өө, нээрээ тийм бил үү, бид үнсч байл уу гэж байгаа юм чинь. Гэтэл миний сэтгэл яагаад тэгж хөөрсөн юм, мэдэхгүй. 20-иод жил Германд сурч, Герман профессорын өмнө мэд­лэгээ шалгуулж,зохих дүнгээ авч бас л тэмцлээ ш дээ. Бүх л бэрхшээлийн өмнө нөгөө төрийн далбаагаа үнсч байсан агшнаа бодож байгаа юм чинь. Би хэзээ ч шантраагүй. Уйлах үе байсан, шалгалтаас халшрах үе ч байсан. Давсан даа. 1987 онд би сургуулиа төгссөн. Ирээд Шинжлэх ухааны академид ажиллаж байгаад 1993 онд буцаж явсан. 1997 онд би физикийн салбарт док­торын зэрэг хамгаалсан. 2002 онд энд ирээд Б.Чад­раа гуай энэ тэртэй уулзаж явж үзээд, за энэ бүтэхгүй юм байна гээд буцаад явсан. Фило­софич болох гэж. 2003-2007 оны хооронд би фи­ло­софийн 450-иад гол номуудыг уншсан байдаг. Тэгээд Мюнхений их сургуульд философийн доктор хамгаалсан. Би байгалийн салбарт ч, оюун ухааны салбарт ч доктор хамгаалсан.

С.Ононтуул:
-Та 1987 онд төгссөн юм байна. Тухайн үед хоёр Герман нэгдээгүй байж ээ?
-Хоёр Герман 1989 онд нэгдсэн. Зүүн Герман байсан.

-Хоёр Герман нэгдэхэд тэнд сурч байсан манай оюутнуудын дунд ч  нэлээд идэвх­тэй өөрчлөлт явагдаж байсан гэдэг?

-Би яг тэгж нэгдэх үед нь Монголд байсан л даа. Дараа нь харин докторын зэрэг хамгаала­хаар нэгдсэн Германд очиж байсан. Түрүүн на­майг яагаад улс төр рүү орчихов оо гэж асуусан. Яагаад гэвэл миний амьдралын түүх намайг улс төр рүү оруулсан. Бага наснаасаа л би үнэний төлөө явдаг байлаа. Германд эзэмшсэн мэдлэг боловсрол, зөвийн төлөө явдаг тэр зан чанар маань ч улс төр рүү түлхсэн. Та нарын хийж бай­гаа юм чинь болохгүй байна аа, хүүхдийн тог­­лоомоор тоглоод байна шүү дээ. Үүнийг чинь бо­ловсролтой хүн хийдэг юм. Өөрийн санаа­гаар, бодлоор хийдэггүй юм. Мэдэж байж, тэр нь баталгаатай байж, хүлээн зөвшөөрөгдөж байж улс төрийг хийдэг байхгүй юу. Тэрний дараа улс төрийн шийдлүүдийг гаргадаг. Улс төр гэдэг хувь хүний асуудал биш. Улс төр гэдэг уг нь олон ул­­сын утгаараа маш сайхан юм ш дээ. Улстөрч хүн гэдэг хамгийн хүндтэй хүмүүс байдаг юм. Ту­­хайн нийгэм, тухайн улс орны хамгийн шилд­гүүд нь улстөрчид байдаг юм. Тэднийг харж за­луу­чууд, нийгэм үлгэр жишээ авч байдаг байхгүй юу.

-Манайд бол эсрэгээрээ?

-Харин тийм. Америкийн улстөрчдийг хар. Гайхамшигтай хүмүүс байдаг. Гэтэл манайд юу вэ. Мэдлэггүй, боловсролгүй, нийг­мийн хамгийн ад үзэгдсэн, онигоонд орсон, хам­гийн их алдаа хийдэг, чадваргүй тийм л хүмүүс нь улстөрч болчих юм. Эд чинь л улс төр гэдэг тэр гоё юмыг баллаад байна шүү дээ. Монголын улс төр байрандаа очих ёстой. Улстөрч гэдэг хүн Монгол орныхоо төлөө цохилдог зүрхтэй, энэ улсыг авч явах чадвартай байх ёстой. Би бүх юмаа энэ бүхний төлөө зориулна.

Б.Ганчимэг:
-Та яг философич болох мөрөөдөлтэй Германд эргэн очиж байжээ. Мөрөөдлөө биелүүлээд ирлээ гэж хэлж байх шиг байна. Та философич мөн юм уу?


-Би өөрийгөө тийм, ийм гэж ерөөсөө хэл­дэг­гүй. Учир нь мэдлэг боловсрол гэдэг зүйл өөрөө харагддаг л байхгүй юу. Хүмүүс хараад, ми­ний яриаг сонсоод, номыг маань уншаад “Аан энэ чинь ийм нөхөр байна шүү” гэж дүгнэх байх. Би бол философид дуртай, философиор док­торын зэрэг хамгаалсан, философийн шалгал­туудыг дэлхийнх нь хэмжүүрээр өгсөн, филосо­фич хүний унших ёстой номуудыг уншчихсан тийм л хүн л дээ.

-Философич гэж хэнийг хэлэх вэ гэсэн асуул­тыг би философийн орчинд олон жил амьдарсан нэгэн эрдэмтнээс асууж байсан юм. Философич гэж намайг хэ­лэх­­гүй л дээ. Би бол философи сонир­хогч л  юм. Философич гэдэг чинь тодор­хой урсгал чиглэлийг үүсгэсэн, тэрийгээ дагалдагсадтай, тусгай сургааль боловс­руулсан, араасаа үе үеэр нь дагуулсан эт­гээ­дийг хэлнэ шүү дээ гэж хариулж байсан ?


-Тийм үү, би тэгвэл сонирхогч биш. Би мэргэжлийн хүн л дээ.

-Тэр хүн сонирхогч байсан учраас тэгж хариулсан байна гэж үү?


-Би сонирхогч байсан бол гэртээ ном уншаад л суух байсан. Би чинь их сургуульд нь очоод Гер­маны философичдын өмнө зогсч байгаад шал­галт өгсөн хүн. Философийн мэргэжилтэй гэж намайг хэлж болно. Миний хэлэх дуртай нэг жишээ байдаг. Зуслангийн хоёр давхар байшинг хэн ч барьчихна. Сонирхогч ч барьчих байх. Харин 20 давхар байшинг сонирхогч барьдаггүй л байхгүй юу гэсэн.

-“Философийн мэдээ” гээд таны эрхлэн гаргадаг сэтгүүлийн зарим дугаарыг би уншсан. Нэг нийтлэл дээр нь байсан л даа. Философич бол хэзээ ч мэддэг гэсэн байр сууриас асуулт руу дөхдөггүй, боломжоороо зай авдаг. Энэ бол мэргэж­лийн философичдийн зарчим гэж. Та бол бүгдийг мэддэг өнцгөөс л давшилж байгаа. Ингэхэд та философич биш юм биш үү гэж асуувал уурлахгүй биз дээ?

-Уурлахгүй. Би философийнхоо мэр­гэж­лийг одоохондоо тодорхой хэмжээгээр хажуу тийш нь тавьж байгаад өөр асуудлыг хөндөж тавьж байна. Яагаад гэвэл философи бол фило­софи. Амьдрал руу оръё л доо. Хэт их номлоод, ном­чирхоод суугаад байж болохгүй байна. Миний мэдлэг хэрэгтэй юм байна. Мэдлэгээ энэ нийгэмд өгье гэсэн хүсэл байна. Нийгмийн шаард­лага ч байна. Өөрөө би улс төрийг хүсээ­гүй. Таны наад мэдээд байгааг чинь бусад хүн мэдэхгүй, хэлээд байгааг чинь хэлдэг хүн бас байхгүй. Тан шиг ийм ном уншсан, философийг мэддэг хүн байхгүй байна шүү дээ, багш аа. Та яагаад үүнийгээ гаргахгүй, хэлэхгүй байгаа юм. Бидэнд уншдаг лекцээ яагаад Монголын ард түмэнд уншихгүй байгаа юм гэсэн оюутнууд, шавь нарын маань хүсэлтүүд байна.  Ер нь бүх цаг үеийн улс орны түүхээс харахад төрийг философичид авч явдаг юм байна. Төрийн хүн философич байх ёстой. Гэхдээ мэргэжлээ дагаад, хэт их философи руугаа ороод ирвэл амьдралаас тасарна. Тийм учраас амьдралаас тасарч болохгүй, Монголын нийгмээс тасарч болохгүй, монгол хүнээсээ холдож болохгүй.

-Парламентад нийгмийн ухааны чиглэ­лийн хүмүүс олноороо орж ирэхээр хөөстэй улстөрчид л ихэсдэг юм байна. Инженерүүдийг, эдийн засагчдыг, тодор­хой хувьд нь хуульчдыг сонгомоор бай­на гэдэг бодол хүмүүст төрж эхэлсэн нь анзаарагддаг. Та бол төрийн эрх барих дээд байгууллагад философичдын орон зай, хэрэгцээ байна гэж боддог уу?

-Байлгүй яахав. Тэртэй тэргүй философиос улс төр урган гарсан байхгүй юу. Философи чинь улс төрийн эцэг нь шүү дээ.
 
-Тэгэхээр энэ хажуу талын шаргал бай­шинд сэтгэгчид биш гүйцэтгэгч нар л сууж байна гэх гээд байна аа даа?

-Тэд бол зүгээр л албатууд. Манай улстөрчид зүгээр л албат нар. Зохион бүтээгчид биш байхгүй юу.

-Таны сэтгүүл шижир бодол, тунгалаг хэл гэсэн тунхаг үгтэй?

-Тийм ээ.

-Уучлаарай, өмнөтгөл хэсгийг уншаад л шууд үзгээ шүүрч алдааг нь засч эхэлсэн. Энэ мэдээж хэвлэлийн хүний зуршил байх. Гэхдээ уншихын аргагүй цул алдаа. Та Монгол хэл, бичгийн тухайд  хүндэт­гэл­гүй хүн юм. Энэ тэгээд тунгалаг хэл юм уу. Эсвэл содон байхыг, энгийнээр хэлбэл анхаарал татахыг хүссэнийх үү?


-Арван жилийн сургуульд байхын л би монгол хэлний хичээлд дургүй байсан. Бага байхын л би эгшиг гээж чаддагүй байсан. Яагаад эгшиг гээгд­дэг юм бэ гэж асуухад ямар ч багш тайл­барлаж өгч чадаагүй. Гээдэг л байхгүй юу, дүрэм бол дүрэм гээд л өнгөрдөг байсан. Хоёрдугаарт, аливаа хэл гэдэг өөрөө хөгжиж байх ёстой. Ор­чин үед тохируулан шинэчилж байх ёстой. Аливаа нэг бичиг нүдэнд гоё харагддаг байх ёстой. Гэтэл манай бичигт энэ нь байдаггүй.

-Таны сэтгүүлийг уншдаг уншигчид бухимдаж байгаа биз дээ?


-Бухимдалгүй яахав. Утасдаад л загнана ш дээ.(инээв)

-Та хариуд нь юу гэдэг бол ?


-Танд би заавал унш, тэгээд бухимд гэж тулгаагүй, уншихгүй байж болно шүү дээ л гэдэг. За­рим нь нээрээ энэ үсгүүдийг ингээд хасч би­чиж яагаад болохгүй гэж, ингэж бичиж яагаад бо­лохгүй гэж гэдэг. Хоёрдугаарт, миний бичлэг бусдынхаас ялгагдах ёстой. Хаана ч хэн ч унш­сан “Өө энэ чинь Молор-Эрдэнэ бичсэн байна ш дээ” гээд ялгардаг байх ёстой. Бид дассан нэг л хэлбэрээрээ явах гээд байна шүү дээ. Бүх юмыг өөрчилж байх ёстой. Дасал гэдэг чинь хамгийн аюултай зүйл шүү дээ. Дасаагүйг бодох хэрэгтэй, дасаагүйг сурах хэрэгтэй. Дасаагүйг хийх хэрэгтэй. Тэгж байж л хөгжил явагдана.

-Таны дайралт их өргөн фронтоор эхэлж байна шүү. Одоо тэнд хэл шинжлэлийн­хэн бөөн уур сууж байгаа. Энд улс тө­рийнхөн бас л бөөн хараал урсгаж байна лээ. Юун пацаан гарч ирчихээд, юу яриад байгаа юм бэ гээд л. Таныг ер нь том дуу­гарсан хүүхэд л гэж  хүмүүс хараад  байна. Ингэхэд та хэдэн онд төрсөн юм бэ?

-Би 1962 оны гуравдугаар сарын 14-нд төр­сөн. Бар жилтэй. Эйнштейний төрсөн өдөр төр­сөн гэж байгаа. (инээв) Би чинь том болсон хүүтэй.

-48 настай хүнийг тэгвэл арай ч пацаан гэж хэлж болохгүй юм байна аа?

-Мэдэхгүй, хэдэн настай хүнийг манайхан па­цаан гэдэг юм бол. Монгол хэлний толь бичгээс л харъя.

-“Б.Даш-Ёндон бол эрдэмгүй, зөнөглөсөн хуучин хүн. МАХН-ын үзэл баримтлалын шинэчлэлийн тунхаг бичгүүд дээр ийм хүн ажиллаж байх ч гэж дээ” гэж та мэ­дэгдсэн. Их олон хүн таны энэ мэдэгдэлд эгдүүцсэн. Яагаад та тэгж хэлсэн юм бэ?

-Би өөрийгөө философийн мэргэжлийн хүн гэж дээр хэлсэн. Б.Даш-Ёндон гуайг филосо­фийн мэргэжилтэй эсэхийг нь би мэдэхгүй. Ямар сур­гууль төгссөн, ямар дипломтойг нь би ха­раагүй. Харин бичсэн номуудыг нь бол уншсаан.

-Тэгээд?

-Тэндээс харвал мэргэжлийн биш хүн. Фило­софийг ойлгоогүй, философийн талаар төсөө­лөлгүй хүн. Ёстой л сонирхогч, зайлуул фило­софид дуртай л хүн юм даа гэж би хэлнэ. Үнэ­хээр философийн талаар ямар ч мэдлэггүй, дэн­дүү хол хүн. Би номнуудыг нь харсан. Тэр хүнийг ингэж хэлэх надад харамсалтай байна. Гэлээ гээд яахав. Хөгжихийн тулд шүүмжлэл хэрэгтэй шүү дээ.

-Бас нэг ярилцлагадаа Н.Энхбаярын дэргэд би бол мэдлэгтэй хүн. Тэр хүн харин надаас илүү практик мэддэг хүн байж магадгүй гэж хэлсэн байсан?

-Миний физик техникийн докторын зэрэг, философийн докторын зэрэг хоёр чинь Германд хүлээн зөвшөөрөгдсөн зэргүүд юм ш дээ. Би чинь олон улсын хуралд илтгэл тавьж явсан, ин­тернэтэд миний дипломын, эрдэм шин­жил­гээний бүх ажлууд уншигдаж шинжлэгдэж байдаг  юм ш дээ. Миний мэдлэг бол яах ч аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартын  мэдлэг. Н.Энхбаяр бол улстөрч хүн. Мэдээж над шиг олон докторын зэрэггүй байх гэж би бодож байна.

-Таныг Н.Энхбаярын дүү юм байх гэж бодож байлаа. Ядахдаа царай зүс нь хүр­тэл адилхан юм. Ямар нэгэн хамаатан са­дангийн холбоо байгаа юм биш биз дээ?

-Үгүй ш дээ. Баруунд бол Азийнхныг бүгд хоорондоо адилхан л гэдэг. Намайг Япон уу, Со­лонгос уу л гэж асуудаг юм. Тэрэн шиг л байхгүй юу. Азиуд хоорондоо адилхан харагддаг гэдэг шиг монголчууд  бүгдээрээ хоорондоо төстэй харагддаг болж байгаа юм байлгүй дээ.

-Н.Энхбаяртай зүс царайгаараа үнэхээр төстэй юм аа гэж хүмүүс танд хэлж байсан уу?

-Үгүй ээ, тийм юм сонсоогүй.

-Өнөөдөр буланд шахагдаад ганцаараа болсон, нам төрийн хуучин удирдагч Н.Энх­баяр хөдөлгөөн байгуулаад нэлээн ший­дэмгий тэмцэж байгаа. Тэр хүний дэр­гэд таныг чухам ямар зам хөтөлсөөр аваач­саныг  мэдэхгүй юм. Энэ тухай со­нирхож болох уу?


-Ийм хэлэлцүүлэг болох гэж байна, филосо­фийн талаас ийм илтгэл тавих хүн хэрэгтэй байна. Илтгэл тавьж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу л би илтгэл тавьсан ш дээ. Та нар өөрөө өөрс­дийгөө хэн гэдгийгээ таних хэрэгтэй гэсэн  фило­софийн илтгэл тавьсан. Нэрээ өөрчилнө, үзэл бод­лоо өөрчилнө гээд сонин сонин юм яриад бай­хаар нь “Та нар нам гэдгээ мэдэх үү, нам улс орныг авч явдгийг та нар мэдэх үү” гэсэн л илт­гэл. Оюутнуудаас доогуур төвшний мэдлэг­тэй хүмүүст зориулж л лекц уншсан юм ш дээ.

С.Ононтуул:
-Тиймхэн төвшний лекц уншиж байхад юуг нь гайхаж, цочирдоод байгаа юм бэ гэж үү?


-Харин тийм. Янз бүрээр хардаад л, Н.Энх­бая­рын хүн ч гэх шиг. Зарим нь бүр таны ард Н.Энхбаяр байгаа гэсэн тийм ээ гэж хүртэл асууж байх юм. Миний ард биш, хажууд л сууж байсан ш дээ тэр хүн гэж би хариулсан. Зарим нь бүр намайг янз бүрээр хэлж байгаа юм билээ. Шизотой гэх мэтээр.

-Танд мэдээж энэ бүхэн таалагдахгүй байгаа биз дээ. Та зүв зүгээр л эрдмийн аж­лаа хийгээд явж байсан хүн шүү дээ. Гэ­тэл хаанаас ч юм гарч ирсэн пацаан, ши­зотой гэх мэтээр дуудуулаад эхэллээ?

-Тиймэрхүү дайралтууд угаасаа явна. Цаашдаа идэвхжинэ л дээ.   

Б.Ганчимэг:
-Н.Энхбаярт ажиллаж байгаа залуу гэсэн нэр хоч тань шиг өөрийгөө хүндэтгэдэг хүнд айхтар том  доромжлол биз дээ?


-Намайг сэхээтний төөрөгдөл гэдгээр хэлмэгдүүлж байсан. Одоо бас хэлмэгдүүлэх гэж байгаа юм байлгүй дээ.

-Та нээрээ Н.Энхбаярыг танихгүй юу?

-Бусдын таньдаг хэмжээнд л танина. Герма­ны Элчингээс зохион байгуулж байсан уулзалт энэ тэр дээр тааралдаж байсан. Гэхдээ тэр хэмжээний танил гэж үзэх харилцаа ингээд нэг их том шалтгаангүйгээр хөгжчихлөө л дөө.

-Тийм үү?

-Тийм. Анхны тэр хэлэлцүүлгээс хойш дахиж нэг хэлэлцүүлэг хийсэн. Дараа нь хурал хийлээ. Ингээд л улс төрийн тал дээр хамтарч ажиллах боломжтой юм байна гэж хөгжсөн харилцаа байхгүй юу.

-Нэн шинэхэн түүхтэй харилцаа юм байна?


-Яг үнэн.

-Н.Энхбаяр энгийн, идээ будаа өрсөн ши­рээний ард суухаараа юу ярьдаг юм бэ. Монголын хувь заяа, эдийн засгийн байдлын тухай  юу?

-Философийн салбар руу ч орно ш дээ. Хааяа нэг Оросын уран зохиол, оюуны юм ярина. Гэхдээ би чинь рациональ талын хүн. Эммунационалиас хол хүн. Сэтгэлийн юм гэхээсээ илүү боддог хүн л дээ. Боддог хүн чинь сэтгэлийн хөдөлгөөнийг тэр бүр тоохгүй ш дээ.

-Та уг нь анзаарч байхад их олон юмыг тоо­доггүй хүн шиг. Монголд байгаа на­муу­дыг жишээ нь та тоохгүй л амьдарч ирсэн. МАХН гэсэн энэ нам нэрээ солино уу яана, үзэл баримтлалаа солино уу, байна уу танд яагаад гэнэт ийм хамаатай болчихов оо. Энэ дээрээс л таныг хар­даад байна шүү дээ?

-Яг үнэн. МАХН эцсийн эцэст хэнд хамаатай юм. Нэрээ өөрчлөх нь хэнд ч хамаагүй. Мон­голын ард түмэн даанч нэг сонирхохгүй байна. Эцсийн эцэст ямар үзэл баримтлалтайгаа ойл­гохгүй явж байгаа нь өөрийнхөө тэнэгийг л ха­руулж байгаа хэрэг. Гэхдээ энэ бүхнийг нь харахаар ичээд болохгүй юм байна шүү дээ.

С.Ононтуул:
-Та түрүүнд хэллээ шүү дээ. Тодорхой хэм­жээнд философийг хойш тавих юм гарах юм аа гэж. Үнэхээр улс төр танд ийм хамааралгүй явж ирсэн байхад 20 жи­лийнхээ хөдөлмөрийг зарчихсан фи­ло­софио, эрдмийн ажлаа хойш нь тавих хайран биш гэж үү?


-Яахав, хэцүү юм байна ш дээ. Монголын ний­гэм миний харж байгаагаар гурван том дай­сантай болчихлоо. Нэг нь дэндүү их мөнгөтэй, дэндүү бүдүүлэг, дэндүү зэрлэг, энэ хэдэн ядар­сан  монголчуудын амьдрал даанч нэг сонин биш болчихсон олигархиуд.

-Жишээ татаад  нэрлэж чадах уу?


-Нэрлэж болно л доо. Монгол орныг маш муу­хай уул уурхайн орон болгох гэж байгаа оли­гархууд их байна. Тавантолгой, Оюутол­гойн гэрээ, уул уурхай, ашигт малтмалын лицен­зүүдийг яаж хийж байгааг нь хар л даа.

Б.Ганчимэг:
-Стратегийн ордуудыг хоёр гурваар нь эргэлтэд оруулах шийдвэр гаргаад  л. Ёстой хамгийн зэрлэг уул уурхайг хөгжүү­лэх гэж байна гэж та хэлж байна уу?


-Тийм. Тэгж л байна шүү дээ.

-Энэ талаар ярьдаг хүн олон байгаа л даа. Гэхдээ хэдэн эрдэмтний тоосонд да­рагдсан номоор Монгол Улс хөгжих бол хөгжихөөр боллоо гэж өмнөөс тань хэ­лэх хүмүүс зөндөө бий. Баялгаа ашиг­лая л даа. Өнөөдөр биш юм бол хэзээ гэж?


-Харин тийм учраас л би улс төр рүү орж байгаа юм. Олигархиудтай тэмцэх гэж.

-Таныг тэднийхээ тодорхой төлөөлөгч­дийг нэрлэж чадах уу гэж асуусан. Та яг нэр цохсонгүй. Сү. Батболд нь юм уу, Д.Зо­­ригт нь юм уу. Та нэрлэж чадсангүй шүү дээ. Тэгэхээр та гэсэн бас айдастай бол­­чихож. Цаашаа тэгээд яаж явах юм бэ?

-Би улс төр рүү ороод эрх мэдэлд оччи­хоогүй байна шүү дээ.

-Нийгмийн болоод бас бус хамгаалалт байхгүй байна гэж үү?


-Тийм, хамгаалалт алга. Улс төрийн эрх мэдэл алга л даа. Тийм байсансан бол шууд  хэлнэ.

-Эрх мэдэл, түүнийг дагасан хамгаалалт­тай болсныхоо дараа юу?


-Тэр цагт шууд хэлнэ.

-Танд хүмүүсийн уналт, ганцаардалт таалагддаг юм уу. Н.Энхбаярын дэргэд оч­соныг тань л хэлж байна л даа. Та өө­рөө шавь нартайгаа гарч ирээд энэ хэмжээний акцийг хийгээд явж болох л байсан шүү дээ?

-Хүн алдаанаас маш их юм сурдаг байхгүй юу . Том алдсан хүн, томыг хийх зоригтой болдог байхгүй юу. Би тэр хүний  уналтад бүр ч баяртай байсан. Одоо бол дахиж алдахгүй ш дээ.

-Алдах эрхгүй?

-Алдаж болохгүй, яагаад гэвэл бүх эрх нь байхгүй болчихдог байхгүй юу.

-Монгол хүний нэг цаад чанар бас хараг­даж байна л даа. Өнөөдөр бүгд Сү.Бат­болд дээр л очиж байна. Хүчтэй байгаа, бүх­ний хошуурч  байгаа хүмүүс рүү биш, ганцаараа буланд шахагдаад байж бай­гаа Н.Энхбаяр дээр очиж байгаа нь “гоё” ч байж болно. Нэг талаас бол  ховорхон үзэгдэх болсон сайхан чанар шүү дээ?


-Тийм үү.

-Үнэндээ бол эрх мэдэлтэй байхад  нь хошуурдаг орчин цагийн жишгээс зөрсөн тань таалагдаж байгаа учраас л тантай ярилцъя гэж шийдсэн юм. Энэ гэхдээ гэ­нэн бөгөөд сэтгэлийн хөөрөлтэй сонголт л доо?


-Яах вэ, хүн бүр өөрийнхөөрөө л ойлгох байх.

-Та Н.Энхбаярыг “хаан” байх үеийг ер нь мэдэх үү?

-Мэдэхгүй ээ, би Германд их олон жил болсон.

-“Хязгааргүй эрхт хаан” байсан шүү дээ. Бүгдийг л өмнөө сөхрүүлж явсан?


-Өө, надад бол тэр ёстой сонин биш. Хэн хаан байх, хэдэн төгрөгтэй байх нь надад даанч сонин биш л дээ. Би бол агуу их эрх чөлөөнд л дуртай хүн.

-Та эхнэргүй юү?

-Надад эхнэр байгаа ш дээ.

-Германд үлдсэн үү?

-Үгүй, энд ажилладаг .

-Хүнтэй баг болж хамтран амьдрах болол­цоогүй хүн юм шиг санагдаад  л асуусан юм?

-Магадгүй. Надтай хамт амьдралыг туулна гэдэг тийм амар асуудал биш байх л даа. Гэхдээ 25 хүрсэн хүүтэй, эхнэр нөхөр хоёр л доо.

-Та хоёр Германд учирсан юм уу?

-Энд танилцсан. Германд, хоёрдугаар курст сурч байхдаа хуримаа хийсэн. Амьдрал эрт эхэлсэн хүн байгаа биз.(инээв)

-Эрхбиш хайр дурлалд догдолдог биз дээ?

-Хайр дурлал уу… Их хүнд сэдэв ш дээ. Маш хүнд сэдэв. Love гэдэг утгаар нь ярьж байгаа юм шүү. Ер нь л хүнд сэдэв.

С.Ононтуул:
-Харин ч философи илүү хүнд сэдэв биш үү?


-(инээв) Философи амархан байлгүй яахав. Хайр дурлал хүнд л дээ. Та нарт бол амархан байж магадгүй. Би чинь 48-тай эр хүн ш дээ. Эр хүнийхээ хувьд нэлээд л юм туулчихсан нас биз дээ. 25-тай залуу байсан бол амархан л гээд яриад суух байх.

Б.Ганчимэг:
-Эр хүнийг хөвгүүдээс ялгаж сур аа гэх шиг сонсогдож байна?


-Санчигны үс нь бууралтаж яваа эр хүн шүү дээ, би. (инээв)

-МАХН нэрээ солино уу яана, бид гуравт хамаагүй гээд энд  инээгээд кофе уугаад сууц­гааж байна. Гэхдээ та тэдэнд бухим­даад л байна шүү дээ. Таны тавьсан илт­гэ­лийг би сонссон л доо. Ардын нам гэдэг нэрээ тэд аваг л дээ. Танд юуны хамаа байна?

-Улс төр гэдэг уг утгаараа их сайхан, хүндтэй зүйл юм гэж би түрүүнд хэлж байсан даа. Улс төр гэдэг бол мэргэжил. Гэтэл улс төрийн нэг­дүгээр курсын оюутны хэмжээний мэдлэгтэй хүн энэ намд байхгүй байна. Ингэхээр бухимдахгүй яах юм бэ. Ялангуяа удирдах ажилтнуудад нь улс төрийн боловсролтой хүн алга байна.

-УИХ төрийн эрх барих дээд байгууллага биш, улстөрчдийн цугларалт юм шиг санагддаг үе бий. Эд нарын дотроос таны үнэлэмжээр энэ л гайгүй хүн дээ гэхээр мэдлэгтэй хүн эрхбиш харагддаг биз дээ?

-Байхгүй ш дээ.

-Ямар шулуухан хариулт вэ. Ядаж нэг, хоёр гээд хуруугаа дарах байх гэж бодсон юмсан?

-Үнэхээр байхгүй. Манай философид нэг үг байдаг л даа. Та ярь, тэгснээр чинь би таныг танья гэж. УИХ-ын гишүүд өөрсдийгөө харуулчи­хаар, таниулчихаар их ярьдаг л  даа. Телевизээр  “Дуусашгүй яриа” ч билүү нэг их ярьдаг нэвт­рүүлэг байдаг биз дээ. Ярьж байгаа нь аймаар өрөвдмөөр ш дээ. Манай оюутнуудаас долоон доор байгаа юм чинь.

-Манай оюутнууд гэж… Та тэндээс хөөгд­чихсөн биз дээ?

-Би Их сургуулийн хоёрдугаар байрнаас  л хөөгдчихсөн. Нэгдүгээр байранд лекц уншиж байгаа. Хэзээ хөөгдөх юм бүү мэд. Гэхдээ дууддаг юм аа. Үнэлээд байдаг хүмүүс бас байх шиг байгаа юм.(инээв)

-Философийн тэнхимээс таныг хөөгдсөн гэхээр сонирхолтой санагдсан. Та энэ түүхээ жаахан тодруулж болох уу?

-Болно оо. Би МУИС-ийн Философийн тэнхимд лекц уншдаг байсан. Тэгсэн чинь тэр жил төгсөх ангийн хорин хэдэн оюутан бүгдээ­рээ дипломын удирдагч багшаараа намайг сонгохгүй юу. Тэгсэн чинь л  бөөн юм болсон.

-Хэнийг сонгох нь тэдний эрх шүү дээ?

-Бөөн юм болсоон. Оюутнуудыг гар утас руу нь залгаж дарамтлаад эхэлж байгаа юм чинь. Над дээр тав зургаан оюутан диплом бичсэн. Оюутнуудынхаа дипломыг бэлдүүлээд хамгаа­луу­лах гэсэн чинь бичсэн ажлыг нь хүчингүй гээд, хоёрыг нь бүр төгсгөхгүй гэсэн ш дээ. Төд удал­гүй би ч хөөгдсөн. Тэр үед Их сургуулиас хөөгдөж гарсан залуус маань одоо надтай хамт явж байгаа. Одоо бол тэд сэтгэлгээний хувьд  мундаг болсон.

С.Ононтуул:
-Тэгвэл өөрчлөлтийг философийн тэн­хи­мээс эхэлье л дээ. Монголын фило­софи заадаг багш нараас, их сургуулиас нь. Болдоггүй юм уу?


-Та нар МУИС-ийн ректорыг хар л даа. Ямар хүн билээ. Ийм хүний эсрэг тэмцэхээс ч ой гутна ш дээ.

-Та ингээд хэлчихэж байгаа юм чинь удахгүй нэгдүгээр байрнаас бас хөөгдөх юм байна?


-Хөөгдөнө. Хөөгдөх байх.

-Та хэнээс цалин авдаг вэ?

-Хувийн жаахан юм байгаа. Германд эзэмш­сэн боловсролын хаялга гэж бий.

-Улс төрд оюунлаг хүмүүс орж ирснээрээ улс төр бас харьцангүй цэвэр байдаг юм байна л даа. Гэтэл манайд бүх юм эс­рэгээрээ. Манайхан философийн хүмүү­сийг номын цагаан солиотнууд гэх мая­гаар л авч үзэх гээд байдаг.  Үнэлэмж нь тийм болчихсон. Жишээ нь таныг “шизо”-той гэж ярьж байгаа. Зах зухаас нь сонссон л байлгүй?

-Ер нь мэдлэг боловсрол  л хүнийг өөрчилдөг. Мэдлэгтэй хүн мэдлэггүй хүний хажууд шизо­той харагдаж магадгүй. Эйнштейн хэлсэн байдаг. “Хангалттай шизотох хэрэгтэй. Ингэж байж шинэ нээлт хийнэ” гэж. Хэрвээ энгийн хү­ний амьдралаар суугаад байвал ямар ч нээлт хийх­гүй нь байна. Бид сэтгэл зүрх, бүх юм­саараа, бүр цаанаас нь асуудалд ханддаг. Энэ нь эрдэмгүй хүний нүдэнд шизо болж харагддаг байж магадгүй. Ер нь хүнд таалагдах гэж амьдар­вал би ямар шинэ юм хийх юм, тийм үү.

-Ер нь “шизо”-той хүн гэж хэнийг хэлдэг юм бэ?


-Одоо бол өөрийнхөөрөө, зоригтой, айдаг­гүй, ярих гэснээ ярьчихдаг хүмүүсийг л хэлээд байх шиг байна. Хүний дасаагүй, сонсоогүй юмыг хэлдэг.

Б.Ганчимэг:
-Та бол гадуур ахуйн төвшинд хэлж ярьж байгаа ойлголтын хүрээнд  ярьж байна л даа. Тэрнээс биш шинжлэх ухааны томъёоллоор нь арай өөрөөр зүйлчил­сэн байдаг шиг?


-Харин тийм, манай монголчууд хэнийг “ши­зо”-той гэдэг вэ гэдэг өнцгөөс нь л би ярьж байна.

-МАХН гэсэн томъёолол дээр УИХ-д нэр дэв­шинэ гэж та мэдэгдсэн. Энэ нь ямар томъёолол юм. Хувьсгалт нь юм уу, Хөгжлийнх нь юм уу, Хөдөлмөрийнх нь юм уу?

-Би МАХН хоёр тийшээ түргэн салаасай гэж бодоод байгаа юм. Олигархиуд нь МАН гээд яваг л дээ. Зүүний хэсэг нь, ард түмнээ хөгжүүлж байж улс орон хөгжинө, мөнгө яриад юу ч бүтэх­гүй гэдэг хэд нь МАХН гээд үлдэг. Баруун зүүн гэд­гийн ялгаа нь ердөө л энэ. Баруун нь эдийн зас­гаа хөгжүүлнэ гэдэг, зүүн нь ард түмэн, тэд­ний боловсрол мэдлэг социалный асуудлуудыг эхэлж шийдэж байж улс орон хөгжинө гэдэг. Мөн­гөтэй болж болно оо. Уул овоо шиг их мөнгөтэй бо­лоод, уул толгод ч үгүй болоод үлд л дээ. Мөн­гө байлаа гээд боловсролгүй иргэдтэй улс яаж хөгждөг юм. Хэдэн олигархийн хөрөнгө л болно биз.

С.Ононтуул:
-Хүний өмнөөс ичих хэцүү л дээ. АН-ын дарга консерватизм гэж юу юм, би мэ­дэхгүй л гэж байсан. Дараа нь тэрнийхээ хуралд яваад өгсөн л байсан.  Улс төрийн боловсролын төвшин энд харагддаг. Мэдээж та ичдэг л байлгүй.  Таныг жишээ нь Н.Дашзэвэг  гуайтай зэрэгцээд юм ярьж байхыг харах сонин л харагддаг?


-За яахав дээ, муу ч гэсэн миний Монгол.  Улс орноо тэнхэл оруулж , хүчирхэгжүүлэхийн төлөө бол ямар ч арга зам байсан явна шүү дээ. Ямар муухай юм бэ гээд хаялтай нь биш.

-Шилж, сонгож байж хамтрах бололцоо алга байна гэсэн үг үү?

-Сонголт байхгүй ш дээ. Байгаатайгаа л ажил­лахаас өөр аргагүй. Өөр хүн олдохгүй шүү дээ. Гадаадаас дуудъя гэхээр хэдэн ном олоод уншчихсан амьдралын туршлагагүй миний хүү шиг хэдэн залуу л ирнэ.

-Таны хүү Германд сурч байгаа юу?

-Тийм. Философийн чиглэлээр сурдаг.

-Та нөлөөлчихсөн үү?

-Яалаа гэж, би ятгаагүй. Зөвлөнө шүү дээ. Ер нь философи хүнийг боддог болгодог. Уг нь дээд сургуульд бүгдэд нь философи заах ёстой байгаа юм.

-Заадаг л даа. Тэгээд ахуй анхдагч, ухам­сар хоёрдогч гэсхийгээд  л зогсоно. Ин­гэж заахаар ямар утга учир байх юм бэ?


-Бүр баллачихаж байгаа юм л даа. Философи чинь уг нь өөрөө мэдлэгийн салбар байхгүй юу. Логик, гоо сайхан, ёс суртахуунтай болгоно.

Б.Ганчимэг:
-Та Монголын театруудаар ордог уу?


-Театрт маш дуртай. Угаасаа би урлагт дуртай. Багадаа бүжиглэдэг байсан.

-Залуудаа  ямар хөгжим сонсдог байв?


-“Пинкфлойд” гээд. Та нар мэдэхгүй байх л даа.

-Одоо?

-Уг нь урлаг нь тухайн ард түмнийхээ ирээдүйг тодорхойлж байх ёстой. Гэхдээ манайд мэдэхгүй байна л даа. 

-Яруу найрагт?


-Дуртай, дуртай.

-Уншигчид маань таныг шинжиг л дээ. Дуртай яруу найрагчдаасаа нэрлэ л дээ?

-Их л урагшаа сонсогдох байх. Гэхдээ би Равжааг л уншдаг.  Бас л нэг философичийн үг бий. “Урлаг байхад шашин хэрэггүй” гэж.

-Та шашин шүтдэг үү?

-Ямар ч шашин шүтдэггүй.

-Цаашдаа ингээд л Монголдоо амьдрах уу?

-Амьдармаар л байна. Би 20-иод жил Гер­манд амьдарлаа. Эргээд ирэхэд их хэцүү бай­сан. Миний хүүхэд насны бүх зураг, дур­самж өөрчлөгдсөн байсан. Бид хүмүүжилтэй, эрхэм­лэх зүйлтэй ямар сайхан байсан юм бэ. Одоо бүгд устчихсан.

С.Ононтуул:
-Та социализмыг тэгтлээ санагалзлаа гэж үү. Энэ XXI зууны өдрүүдэд хүртэл үү?


-Социализм тийм ч муу зүйл биш л дээ. Бид бол ирээдүйгээс буцаж ирсэн хүмүүс. Социа­лизм бол бидний ирээдүй байхгүй юу.

-Нөгөө нэг цагаан морьтой хүнийг ха­райл­гачихсанаас л бүх юм болсон гэж үү?

-Харин тийм, харайчихсан капитализм руугаа буцаад ирж учраа олчихоод буцаад социализм руугаа явж байгаа байхгүй юу.

-2012 онд сонгуульд өрсөлдөнө өө гээд та хэлчихсэн. Мэдээж дэмжлэг хэрэгтэй. Тэр дэмжлэг нь тэгээд Н.Энхбаяр дарга мөн гэж үү?


-Айхтар асуулт байна л даа. Гэхдээ би 2012 оныг зарим хүн шиг тэгтлээ хүсээд байгаа юм биш шүү дээ.

-Багийн тухай асуудал байна л даа. 2012 онд сонгуульд орно гэж бодож байгаа хүмүүс Сү.Батболдыг л тойрон хүрээлж байгаа. Гэвч таны байгаа байдал …?

-Би тэс өөр хүн шүү дээ. Сү.Батболдын тухай надад ярих ч юм олддоггүй. Доошоо орсон болно. Тэр хүнд юу ч байхгүй.

-Мөнгө бол байгаа?

-Мөнгө юу юм бэ. Мөнгөтэй байлаа гээд түүнийг хэрэглэх оюун дутвал яах вэ. Энэн шиг гуниг байхгүй шүү дээ.

-Оюунлаг гэдэг таны үнэлэмж нийгмийн­хээс тэс өөр байна. Жишээлбэл, Сү.Бат­болдыг Ерөнхий сайдаар томилогдоход алга ташаад л угтсан. Эдийн засгийн бо­ловсролтой хүн гарч ирлээ. Эдийн засагт тулгуурласан улс төр хийнэ гэж итгэсэн. Жил болчихлоо. Монголын нийгэмд ямар нэг гоц зүйл нэмэгдсэнгүй, иргэ­дийн амьдралд  гялбаа ч үзэгдэхгүй байна?

-Би түрүүнд хэлж байсан даа. Германд байх­даа бүх зүрх сэтгэлдээ Монголыгоо тээж явсан гэж. Тэгвэл тэр хүний сэтгэл зүрхэнд Монголын ард түмэн байдаг юм уу. Би л лав итгэхгүй.

Б.Ганчимэг:
-Зарим нэг улстөрч хэлж л байдаг юм. Бат­болдын мөнгө нь ч гадна байгаа, үр хүүхэд нь ч, сэтгэл нь ч гадна байх болно гэж. Монголын борог амьдрал, зовлон жаргалаас хол хүн шүү дээ гэж?


-Саяхан асрахын хүүхдүүдтэй уулзаж байс­ныг нь зурагтаар харсан. Мань хүн зогсчихоод яриад л байсан. Маш хөндий. Харц нь, байгаа байдал нь маш хөндий. Ямар хурал цуглаан юм гэж бодож байтал ашгүй камер нэг эргэсэн чинь хөөр­хий хэдэн хүүхэд зогсч байх юм. Тэр тэд­нээс ямар хөндий харагдсан гээч. Хэрвээ Ю.Цэ­дэнбал дарга байсан бол хөөрхий тэр эцэг эхгүй хүүхдүүдийн толгойг нь илж байгаа. Духан дээр нь очоод үнэрлэж байгаа. Ийм хохь хөндий, бүх юм нь цаашаа эргэчихсэн улсууд Монголын төлөө юу ч хийхгүй шүү дээ.

-Харин ч олон хүүхдийн аав шүү дээ. Ингэхэд сая та Ерөнхийлөгчийн чуулган дээр хэлсэн үгийг сонссон уу?

-Сонссон. Таарсан улсуудад таарсан үгийг нь хэлсэн дээ.

-Та энэ Засгийн газрыг огцроосой, хоёр тийш салаасай гэж бодож байна уу?

-Яахав, МАХН хоёр салаад буурин дээр нь нам байгуулах гэдэг бодлын үүднээс хариулбал салахгүй ингээд л энэ чигээрээ 2012 онтой золгоосой гэж бодно. Улс эх орноо бодохоор эрт­хэн дээрээ энэ хоёр нам мөр, мөрөө хөөгөөсэй, олигархиуд төрөөс эртхэн холдоосой л гэж боддог.

-Та Монгол Улсынхаа иргэний хувьд  шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан уу. 70 мянган төгрөгөө авсан уу?

-Өнөөдөр л өгнө дөө. Уг нь би бичиг үсэг тайлагдчихсан хүн. Гарын үсэг зурчихад л болоо байхгүй юу. Гэтэл одоо Африкийн иргэн шиг л алганы хээгээ өгөх гээд явж байна ш дээ. Ер нь бүтэхгүй нөхдийн л хурууны хээг авдаг биз дээ. Гурван сая монгол бүгдээрээ Сү.Батболдын хувьд бүтэхгүй нөхөд болчихсон юм байлгүй. Сая манай авгай утасдаж байна. Өнөөдөр сүүлийн өдөр нь гээд. Би бүртгүүлэх гэж төрсний гэрчилгээгээ аваад явж байна.

-Явж бүртгүүл дээ. Дараа тантай боловс­ролын тухай, хайр сэтгэлийн тухай, хотын соёлын тухай чөлөөтэй ярилцах боломж гарах байх. Танд амжилт хүсье?

-Баярлалаа. Та хоёрт ч гэсэн.