МАХН-ын XYI их хуралд барих миний бэлэг

“Зүүн төв” бүлэглэлийн тухай


Коммунизмын жилүүдэд энхрий хайрт МАХН-ын их хурал болох дөхөхөөр орон даяар “Намдаа барих бидний бэлэг” нэртэй томоохон компанит ажил явагддаг байж билээ.  Лав л надад МАХН-ын XIX их хурлыг угтаж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргасны төлөө их хуралд илгээх бат илэрхийлэхэд гарын үсэг зурсан тэргүүний сурагчид олгодог бичгийн цаасны тал хэрийн шохойтой цаасан дээр хэвлэсэн улаан үсэгтэй гэрчилгээ цөөнгүй бий. Гэхдээ надаар лав л гарын үсэг зуруулаагүй, зурсан байлаа ч УТТ-ны хэн нь л Налайхын хонхорын сургуулийн нусгайн гарын үсгийг үзээд эх орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа сайн хүү гэж бодсон байв гэж. Зүгээр л хэлбэрдэл, нөгөө талаар намын их хурлын ач холбогдлыг өндөрт өргөх гэсэн коммунист улстөрийн суртал нэвтрүүлэг. Коммунистууд суртал нэвтрүүлгийн мастер гэдгийг дэлхийн аль ч дэглэм хүлээн зөвшөөрдөг хойно.

Харин сүүлийн үед коммунизмын үед туссан өвчин тэр нийгэмд төлөвшсөн “бие  хүний” хувьд ухамсартай сэдрээд намынхаа их хуралд бэлэг баримаар санагдаад нойр хүрэхээ болив. Тэгээд төлөвлөгөөгөө нормоо давуулан биелүүлэхийн тулд ажлын дараа шөнө орой “илүү цагаар ажиллаж” намынхаа яруу алдрыг магтсан гурамсан өгүүлэл бичсэнийхээ сүүлчийнхийг өргөн барьж байна. Эхнийх нь “Хувьсгалт намаас ангич нам руу”, хоёр дахь нь “Тойрч бүслээд дарсан юм аа хө”, харин гурав дахь нь энэ урт нэртэй өгүүлэл. Өршөөгөөрэй МАХН-ын дарга нар аа, би сайхан нийтлэл бичиж чаддаггүй юм аа, уран сайхны төрөл зүйлээр бичих авъяас чадвар дутаад хэрүүл хараалтай өгүүлэл л халтартуулах юм. Гэхдээ юу чаднав түүгээрээ гэж нэг үг бий дээ. Гэхдээ сайн хараадаг юм шиг байгаа юм, лав л танай Засгийн газарт хоймор харж суудаг төвд овогтой хуланцын үеийн хувьтай боол намайг гүтгэлээ гэж уйлагнаад шийтгүүлэх гээд барахгүй л байна. ШУА-аас томилсон хэл бичгийн ухааны доктор шинжээчид энэ нөхөр гүтгээгүй байна, харин доромжилсон байна гэж үзжээ. Үр дүн нь “111-1”, тэгэхэд би тэр Лү овогтын үзэн яддаг байх ёстой Ленин багшийг ч бас л хараасан чухам алинд нь гомдоод байгаа юм бүү мэд.  

За энэ яахав. Санал шүүмжлэлдээ оръё. Эхлээд МАХН-ынхан “Тэрэлж”-ид архидаж байгаад нэрээ МАН гэж солих санаа олсноо зарласан. Бурхан минь, гүтгээгүй шүү, Тэрэлжид очвол заавал архиддагийг би мэднэ. Нэрнийх нь тухай эхний өгүүллээ бичсэн. Энэ нь ч харин баараггүй юм билээ. Харин үзэл баримтлалаа солих гэж байгааг нь хоёр дахь өгүүлэлдээ магтсан.  Уг нь тэр үед “Үндэсний ардчилсан үзэл”-тэй болно гэж сурталчилж байсан, гэтэл удалгүй согтуу нь гараад юун “Үндэсний ардчилсан үзэл” энэ тэр болоод явчихсан. МҮАН гэж нэг нам байсан, тэгэхээр энэ бол гарцаагүй барууны үзэл гэж МАХН-ын олонх бодсон юм шиг байна билээ. МАХН-ынхан агуулгад биш үгэнд ач холбогдол өгдөг, энэ тухай удахгүй өгүүлнэ. Хамгийн түрүүнд хуучин дарга Б.Даш-Ендон алдаагаа ухамсарлаж дуугарахаа болив. Гэхдээ хоосонгүй ээ, нөгөө Галилей “Уг нь дэлхий эргэдэг л юм даа” гэсэн шиг Даш-Ендон гуай “Уг нь манай нам зүүний нам гэхдээ бараг л барууны нам болчихсон” гэж нэг хэлээд үзсэн шүү, хөөрхий. Настай хүний хувьд том зориг л доо.

Харин намын суртал нэвтрүүлэгт МАН “Зүүн төвийн” нам байх болно гэж улиг болтол давтдаг болов. Гэтэл бас нэг гайхалтай юм болоод байна. Намын бас нэг хуучин дарга Н.Энхбаяр “Манай нам зүүн төвийн үзэлтэй байх ёстой” гэж хашгирсаар одоо бүр эцэж байх шиг байна. Харин Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нь “Манай нам зүүн төвийн үзэлтэй болох гэж байгаа” гэж мэдэгдэхдээ Н.Энхбаярыг эрс зэмлэн буруу шааж “Зүүний үзэлтэй болно гээд байвал чамд хариуцлага тооцоно” гэж байх юм. Та минь, үүнийг юу гэж ойлговол зохих вэ? Ер нь бодож бодож коммунист суртал нэвтрүүлэг дандаа л ойлгомжгүй байдаг тэр нь хэвээрээ байгаа юм байна гэж үзэхэд хүрэв. Эцэст нь юу гэж дүгнэсэн гэхээр “Хуучин дарга нарынх дандаа буруу шинэ дарга нарынх дандаа зөв” л гэх гээд байгаа юм уу даа.

Тэгээд марксист боловсрол дорой тул маргаад байгаа “Зүүн төв” гэгч үзэл санааг нь тодруулахаар хуучныхаас нь авахуулаад шинэ цагийнхийг хүртэл улстөрийн хэдэн ном шүүрдэж “Зүүн төв” гэгчийг нь хайлаа. Коммунист хядлагын жилүүдэд ийм томъёолсон нэртэй эсэргүү бүлэг байсныг Зөвлөлт-Монголын яруу алдарт чекистүүд илрүүлсэн байх юм. Тэр эсэргүүний үлдэгдэл нь илэрчихээд бут цохихоор бужигнаж эхэлжээ гэж бодлоо. Зарим талаар тийм “цэвэрлэгээний” шинж тэмдэг илрээд л байгаа юм. МАХН “баруунтнаа ч”, “зүүнтнээ” ч Хиагтад гаминг цавчиж байсан шиг чавчиж байсан түүх бий тул тэр нь давтагдаж байгаа байх нь гэж бодов.

Гэтэл сайн үзвэл нөгөө “Зүүн төв” гэгч бүлэглэл нь хүрэл сүхээр баруун зүүн талдаа байгаа хуучин нөхдөө цавчаад алангаа алдаж байгаа дүр зураг харагдаад байна. Бүр толгой эргэчихэж байгаа биз. Энэ нам бүр алингаа алдаж бужигнаж байна аа. Аз болоход Ардчилсан нийгэм учраас тэр цэвэрлэгээ нь “нам дотроо намын хүрээнд” болоод өнгөрөх нь гэж бодоход харин тайвширмаар ч юм шиг. Тэгээд “Намаа засаад төрөө зас” гэгчийн үлгэрээр дараа нь АН-ыг “засах“ аянд мордох үед хүрээ нь хоёр дахин тэлэх бололтой юм.

“Зүүн төв” үзлийн тухай

Ардчилсан хувьсгалын дараа хэт зүүний /коммунист/ үзэлт МАХН баруун ийшээ нүүжээ. Гэхдээ юу юугүй баруун зүгт нүүчихэлгүй “жаахан” баруунжиж “зүүн төв” гэгч нутагт тогтжээ.

1990 оны хувьсгалаар Монгол либерал нийгмийн тогтолцоонд шилжсэн. Социал демократ үзэл нь одоо эдний яриад байгаа шиг зүүний үзэл биш, барууны үзэл.  Либерал лагерь-Коммунист лагерийн хагас зуун жил үргэлжилсэн хүйтэн дайнд коммунистууд ялагдаад, Монголд барууны улстөрийн систем тогтжээ. Социал демократ үзэл баримтлал нь барууны үзэл дотроо зүүнийх.
 
Тэгэхээр бодоод үзье. МАХН Ардчилсан хувьсгалын дараа либерал нийгмийг хүлээн зөвшөөрөөгүй ба улстөрийн үзэл санааны хувьд шинэ нийгмээ хүлээн зөвшөөрөөгүйгээ илэрхийлж, шинэ нийгмийнхээ гадна үлдсэн болж таарах гээд байна. Чухам үүнээс л өнгөрсөн 20 жил тувт ухрах араандаа залгаад байсны учир гарч байна. Өөрөөр хэлбэл МАХН санаатайгаар “Социал демократ үзэл коммунист үзлийн тэхий дунд нь” гацчихсан хэрэг. Өөрсдөө ч ингэж л тайлбарладгийг нь давтсанаас санаанаасаа зохиогоогүй шүү.

Ингэж байж л “Зүүн Төв” гэгч нь гарч ирнэ. Коммунист үзэл нь зүүний зүүн, социал демократ нь зүүний баруун /МАХН-ынхаар шүү/, энэ хоёрын дунд нөгөө “Зүүн Төв” нь байх ёстой. Энэ бол таамаг. Өөрөөр хэлбэл “Зүүн төв” гэж ямар үзэл баримтлал вэ? гэж асуувал нэг иймэрхүү л юм төсөөлөгдөөд байгаа юм. Зүүн төвийг өөрөөр яаж ч томъёолж болохгүй юм. Өрнийнхөн цэцэн ухаантайгаа гайхдаг ч “Зүүн төв” гэгчийг тайлбарлаагүй байх юм.

Харин үүнийгээ МАХН тун зальжинаар “Бид туйлширсан хоёр үзэл коммунизм либерализмын голд байна”, энэ бол “Социал демократ үзэл”. Худлаа гэвэл бид Социнтернийн гишүүн гэдэг. Хэрэв энэ хувилбараар нь бодвол хүйтэн дайны жилүүдэд социал демократууд хаана байсан байж таарах вэ? Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, гуравдагч ертөнцөд үү? Нөгөө талаас нь бас л МАХН-ын улиглаж байсан тайлбарыг авч үзье. Фашизм бол коммунизм лугаа адил хэт барууны үзэл юм гэсэн. Хэрэв тэгж үзвэл АН либерал нам биш “Баруун төвийн” нам болох байжээ. Тэгээд яагаад ийм юм болсонгүй вэ? гэж асуувал Монгол коммунизмаас салсан болохоос фашизмаас салаагүй гэх нь.

Хэрэв МАХН либерализмын гадна үлдээд улс орноо наран ургах зүгт чангаасан бол АН социал демократ үзэл дээр тогтохоос аргагүй юм. Ингэж үзвэл АН либерал нийгэм дэх зүүний хүчин болж таарна. МАХН бас л Ардчилсан нийгмийн палианы гадна үлдэж байна. Ингэхээр МАХН-ын бас нэг хуучин дарга С.Баярын “Та нар зүүний үзэл дээр битгий шавар хаагаад бай л даа” гэж АН-ыг хажиглаж байгаа нь “гэрт могой ороод эзнийг нь хөөв” гэгчийн үлгэр болж байна.

Улстөрийн ямар ч “Зүүн төв” үзэл гэгч байхгүй. Энэ бол манай МАХН-ын суут онолчдын 20 жил боловсруулсан цоо шинэ нэр томъёо, үг. Ю.Цэдэнбал агсан “дэлхийн коммунист ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, суут онолч” гэж нэрлүүлэх дуртай байсан гэдэг. Тэртэй тэргүй коммунист онолоор зүтгэж байсан тэр ямар шинэ онол нээсэн юм бол? Уг нь ажилчны бус малчны хувьсгал хийсэн 1921-1924 онд “шинэ онол” гэгч бий болж болох л байсан. Гэвч Монгол онолгүйгээс В.И.Лениний “Ялсан пролетарийн орны тусламжтайгаар Перс, Афган, Хятад /үүн дотроо Монголыг оруулсан/ гэх мэт хоцрогдсон орны ард түмэн колонийн дарангуйллаас салж болох тухай” нэг өгүүлбэрт Монголын хувьсгалыг багтааж ойлгодог болсон. Энэ нь улам төгөлдөржөөд “Ялсан пролетарийн орны тусламжаар нийгэм алгасаж болно” гэсхийгээд зогссон.

Харин Хятадад тариачны хувьсгал, хотыг бүслэх тактикаараа биш хятадын үндсэрхэг үзлийг коммунизмтай уяснаараа Маоизм гарсан болохоос тариачны хувьсгалын онол гэгч нь баруунаас “Тариачны хаан” гэдэг шоглол, коммунистуудаас “ревизионист” гэгч цол олсноор дууссан шүү дээ.
 
Энэ “Зүүн төв” бол Ардчилсан хувьсгалын дараа МАХН шинэ нийгмээ ойлгоогүйгээс “Нагаржунайн төв үзлийн онол” гэгчийг дэвшүүлж үзээд дараа нь Гандан хийд маягийн ТББ болчихгүйн тулд зүүний үзэл баримтлалыг ухаан жолоогүй шүүрч авсны практик үр дүн. Ингэхдээ “Бид хэзээ ч буруу юм хийдэггүй” /Уг нь буруугийн бурууг хийснээс улс оронд хувьсгал гарсан/ гэсэн бие тоосон уламжлалдаа автаад либерал нийгэм дэх зүүний үзлийг авахаас нэрэлхсэн юм. Дэлхий дахинд коммунизм ялагдаа л биз, харин Монголд бол үгүй шүү...

Ядахдаа тэр үед зүүний үзэлт нам МСДН байсан хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл Ардчилсан хүчнийхэн улстөрийн бүх орон зайг дүүргэсэн байв. Эцэст нь Нагаржунай гуай улстөрч, улстөрийн онолч байгаагүйг ойлгов. Ингэж ойлгоход дэлхий дахин тусласан. Гадаад харилцаа тогтоох гэхээр дэлхийд “Нагаржунайист төвч” нам ганц ч байгаагүй хэрэг л дээ. Үхэж байсан Каддафи хүртэл урцанд хонодог ч Нагаржунайг танихгүй, харин европын онолчдыг таньдаг байв. Хөгшин Буддизм дахь мянган жилийн өмнөх шинэчлэлийг XXI зууны нам авч болох уу? Шашин улстөр хоёр адилхан уу? Зүүн Европын хуучин коммунист намуудыг татан буулгаж, тараасан, ЗХУКН цагаан ордны эргэлтийн дараа үнсээр хийсч, ЗХУ задрав. МАХН гол түшиг тулгуур уналаа. Коммунист Буддист ах дүү намууд. Социн байгаа биз? Одоо хаачихав? Бурхны хуруу авчирч үзлээ болдоггүй ээ. Уг нь Нагаржунайн хуруу авчирсан бол илүү дээр байсан юм.

Нийгэмд оршин байхын тулд МАХН зүүний үзэл рүү үхэн хатан дайрч зуурч авсан. Хэрэв консерватив нам болсон бол хуучинсагаараа дуудуулахын дээр МАХН-ын онолчдын үзэхээр “хэт баруун тийш” нүүчих гээд байсан бололтой. Ингээд Монгол хоёр зүүний намтай болсон ба “МСДН байнга либерал АН-тай эвсдэгээс зүүний үзэлт нам биш болжээ” гэх маягаар МАХН ховлодог болсон юм. Гэхдээ тэр үед ориг зүүний МСДН-аас ялгарахын тулд МАХН зальжинаар “зүүн төвийн” үзэл гэгчийг зарласан ба Нагаржунаизмаасаа “Төв” гэгч үгийг /үгийг шүү/ авч үлдсэн нь жинхэнэ Монгол феномен бий болгосон юм.

Дараа нь Р.Гончигдорж, С.Баярцогт нарын хуучин кадр ба экскомсомолчдын тусламжтайгаар МСДН-ыг устгасны дараа, одоо нэг юм либерал нийгэм дэх зүүний нам маягтай болж, түүнийг нь гадаад ертөнцөд ойлгодог болж Социнтернд элссэн юм. Гэхдээ хоёр нүүр гаргаж гадаадад болохоор зүүний нам гэж, дотоодод болохоор зүүн төвийн нам гэх болжээ. Н.Энхбаяр үүнд хайртай байхаас аргагүй. Тэр л Р.Гончигдоржийг өрөөндөө дуудаж удтал ятгадаг байсан, тэр үед Р.Гончигдоржийн хамгаалагчид нь хамгаалах ёстой УИХ-ын даргаа дөчөөд минут хайсны эцэст МАХН-ын бүлгийн даргын өрөөнд ороод цай ууж байсныг илрүүлж байсан. Н.Энхбаяр МАХН-ыг эрхбиш дэлхий дахинд зөвшөөрөгдсөн үзэл баримтлалтай болгохын тулд сайн муу юм их хийсэн, бүхэл бүтэн Ардчилсан социалист хөдөлгөөнд суурилсан нам устгасан, бас соцдекүүдээр зуучлуулж социнтернд элссэн. Гэхдээ л Монгол хэн нь МАХН-ыг соцдекүүд гэж нэрлэдэггүй л байхгүй юу.

Зүүн төвийн онош

Одоо МАХН-ын бүх удирдагчид дэлхийд байхгүй “Зүүн төв” гэгчээ чангаар хашгирдаг боллоо. Энэ бол хаана ч байхгүй үзэл. Цэвэр “Дорнын мэргэн санаа”

МАХН-ын яруу алдарт XVI их хуралд оролцогчид байхгүй үзэл санааг батлах гэж байгаа нь түүхэнд бас нэг шог үзэгдэл болох байх л даа. Социал демократ үзэл гэвэл бодат байдал, харин Зүүн төвийн үзэл гэвэл их л эргэлзээтэй болох нь.

Яахав батла л даа. Байлгая л гэвэл энэ байтугайг байлгаж болдог. Хий хоосон үзэл санаа гэгч юу юм бэ? Тиймээ. Авилга авахад онол хэрэггүй. МАХН-ын арай боловсролтой хэсэг нь Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар нар дундын хувилбар гаргаж “цэнхэртэх” гэж үзсэн юм билээ. Энэ нь Европт соёолж байгаа гуравдагч гэгддэг үзэл. Энэ бол социал демократ-либерал үзлийн холимог. Гэвч МАХН цэвэр ариун ёс суртахуунаа хадгалан, бэлгийн цөөнх болохыг хүсээгүй юм билээ.  

Тиймээс Зүүн төв байдгийг батлах хэрэгтэй. Хэрэв “Зүүн төв” гэж байдаг бол тэр нь “Дундадын коммунизм” л байх. Лав л либерал нийгэмд байж болшгүй томъёо. МАХН ХКН-тай илүү адилхан болоод байна гэдэг нь үүгээр батлагдана. Хятадууд өөрсдийгөө “Дэлхийн төв” дундад улс гэдэг. Нөгөө талаас Күнзийн суртал ба Нагаржунайн “Төв” үзэл хоёр хоёулаа дорнын гүн ухааны ойлголт юм. Үндэсний ардчилсан томъёолол ч коммунистуудад наалдахаараа яг ХКН болоод байсан, Зүүн төвийн үзэл нь ч бас тийшээ чангааж байна. Аргагүй шүү дээ. Угшил нэг юм. Бас нэг төстэй үзэл байдгийг “Чүчхе” гэдэг.