Зурагт асаалаа, нэг сайн хүн өөрийнхөө сайныг ярьж байна. Сувгаа солив. Бас нэг сайн хүн өөр муу хүнийхээ мууг ярьж байна. Дахиад солилоо, өөр нэг сайн гурав дахь хүнийхээ мууг дөрөвдөгч хүнээр яриулж харагдана. Сүүлчийн хүчээ шавхан шинэ суваг дээр тавилаа. Гэтэл тавдагч хүн дөрөвдөгчтэйгөө нийлээд гуравдагчдаа нэг дэх сайн хүнийг магтах бөлгөө. Сайн хүнээс зайлах газаргүй болжээ. Заримдаа ганц ч болов муу хүнийг өөрийг нь зурагтаар хальт ч болов харах юмсан гэж бодогдмоор.

Удахгүй болох сонгуулиар энэ олон олон сайн хүний зөвхөн 76-гийнх нь муу мэдэгдэж, бусад нь сайнаараа үлдэнэ. Хэзээ ч сонгогдохгүй бол үүрд сайнаараа үлдэнэ. Харин сонгогдвол муу нь мэдэгдэнэ. "Хүний сайн нь эмгэнэлийн бичиг дээрээс харагдана". Модун Шанью бээр нэр үл мэдэгдэх цэргийн некролог дээр дурдсан гэдэгсэн. Харин одоо хүний сайн нь сонгогдоогүй байхдаа мэдэгддэг болжээ. Энэ олон сайн хүнийг сайнаар нь үлдээе гэвэл нэгийг нь сонгохгүй байвал яасийм бэ гэсэн шүү юм санаанд орох ажээ.

Манай төр, засгийн удирдагчид гадагш айлчлахдаа мина булаад явдагт нь бид бүр дасчихжээ. Тэднийг Буян-Ухаагаас хөөрөнгүүт л улс төрийн ямар дэлбэрэлт хаана хаана болж, хэн хэн шонд биш юмаа гэхэд шооёонд явах бол хэмээн хардагсан. Гэтэл сая Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёулаа зэрэг гадаад явсан чинь энд ганц нохой ганхийсэнгүй өнгөрдөг байгаа. Хойшдоо төрийн төвшин амгаланг бодолцон энэ хэдийг явбал бөөнд нь явуулаад үгүй бол хамтад нь хориод сууж баймаар юм байна.

Хачин хачин юм их болж байна. Хонгор сумын иргэд хордлого авалгүйгэээр хордсон нь тодорхой болжээ. Эмгүй эмчилгээ гэж байдаг шиг хордоогүй хордлого гэж байна хэмээн анагаахынхан хэлж байна. Бас гадуур "Уул нь дээхнэ үед нам нь хүнээ хөөдөг байж, одоо харин хүн нь намаа хөөх болж" гэлцэж байна. Бас хажуугаар нь цуурхал ч их гарах болж. Тухайлбал, Хүрэлсүх, Бадамжунай, Занданшатар гурав Гүндалайн араас АН-д орох гээд өргөдлөө Элбэгээ даргаар цохуулж байхыг харлаа гэх хүн ч таарлаа. "Нээрээ үнэн" гэж ам шүд алдахын зэрэгцээгээр Ерөнхийлөгч Ардчилсан намд элсэн автоматаар Удирдах зөвлөлд орох гэж байгааг ярив. Яагаад гэхлээр ийм учиртай юм гэнэ. Ерөнхийлөгч нөгөө гурвыг "хаана ч байсан дээр нь байна" гэж андгайлсан юм байх.

Зарим нь болохоор манай улсын төрийн тэргүүн нь Ардчилсан намд шилжин явах цом гэнээ, зүгээр л шилжин ирдэг уламжлалтай. Анх Ж.Батмөнх гуай Ардчилсан холбоог дэмжин огцорсноос эхэлсан энэ уламжлал цаашдаа тасрахгүй. МАХН-аас Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга болсон П.Очирбат арчиллын хүн болсон. МАХН-аас гарсан Ерөнхийлөгч Н.Багабанди 2000-2004 онд "батлахгүй л болохоос Ардчилсан намын гишүүн" байв. Одоогийн Энхбаяр ч гэсэн энэ түүхээс гажихгүй. Ер нь дараагийн сонгуулиар Н.Энхбаяр Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай гэж ярих хүн ч гарч байна.

Дзлхийн судалгааны төвөөс саяхан АН-д ирүүлсэн зөвлөмжид"цаашид Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хүн дэвшүүлэхгүй байх"-ыг зөвлөсөн байна. Тэд танай оронд Ерөнхийлөгч нь тэртэй тэргүй Ардчилсан намдаа ордог уламжлалтай юм байна. Иймд аяндаа бүтчих зүйлд мөнгө зарсны хэрэг байхгүй. Хувьсгалт намаар мөнгийг нь даалгаж хүнийг нь гаргуулчихаад гарсан хойно нь өөрийн болгоод авчихаж бай. Тэнд хэмнэсэн мөнгөө парламентын сонгуульд зарцуулсан нь дээр гэсэн утгатай зөвлөгөө өгчээ.